Засгийн газар нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж буй. Хот суурин газрыг дахин төлөвлөх, хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чимээг тухайн үед гэр хорооллынхон маш баяртайгаар хүлээж авсан. Төр оролцож, үүнийгээ гурван талт гэрээгээр баталгаажуулсан учраас иргэд итгэж, өмчилсөн газраа хувийн хэвшлийнхэнд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг илүү төгс болгохын тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв хэмээн дэмжиж, сайшаасан юм. Гэхдээ дахин төлөвлөлт нэрийн дор мянга мянган иргэнээ гэрээс нь боловсон гэгч хөөж гаргаснаа Монголын төр, тэр дундаа Улаанбаатарын хотын удирдлага мартсан бололтой. Төсөл хэрэгжүүлээд арваад жил болсон ч дахин төлөвлөлттэй холбоотой саар зүйлүүд гарсаар, давтагдсаар байна. Тиймээс “Монголын Эмнести интернэшнл” олон улсын байгууллага болон “Дахин төлөвлөлт-иргэний оролцоо” эвсэл хамтран “Дахин төлөвлөлт-Орхигдсон иргэд-хотын хөгжил” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2013 онд дахин төлөвлөлтийн хүрээнд маш олон иргэн гэрээ орхин явсан. Заримыг нь гэрээс нь хөөж, тууж, нэг хэсгийнх нь байр, байшинг эзгүй хойгуур нь нураасан байсан гэдэг. Бүр гэгээн цагаан өдрөөр гэр лүү нь дайрч орж, хөөж гаргаад байшинг нь нураасан тохиолдол ч бий. Тэдгээр иргэдийн зарим нь өнөөдөр ч өөрийн гэсэн орон гэргүй, нэгээс нөгөө рүү хэдэнтээ нүүдэллэж, хүн хүн царайчилж, айл айлаар хэсэж явна. Төрөөс дахин төлөвлөлт хийх компанийг сонгон шалгаруулдаг. Ингэхдээ нийт оршин суугчдын 80 хувь нь тухайн компанийг дэмжсэн байх ёстой. 80 хувь нь дэмжсэн юм чинь бусад нь хамаагүй гэх байдлаар үлдсэн айл өрх, хүмүүсийнх нь эрхийг ноцтой зорчих тохиолдол гардаг байна. Тэдгээр иргэний төлөөлөл П.Давааням уг хэлэлцүүлэгт оролцож, өөрт тохиолдсон явдлаа олон нийттэй хуваалцсан юм.
Нийслэлийн Засаг даргын захирамж, НМХГ-ын дүгнэлтээр Баянгол дүүргийн I хороонд байрлах давхрын 10 дугаар байрыг нураахаар болжээ. Тус газарт “Тэргүүн чансаа” компанийнхан төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч тус компанийнхан “Бууч гранд” хамгаалалтын компанийнхныг дайчлан, төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин П.Даваанямын гэрт дайран орж, бага насны хүүхдүүдийнх нь нүдэн дээр байрыг нь нураасан гэдэг. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл зүй, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлснийг сэтгэлзүйчид тогтоосон байдаг. Энэ бол ганц л жишээ. Хүний хувийн өмчид халдсан энэ үйлдлийг одоо хүртэл хууль шүүхийн байгууллага шалгаж дуусаагүй, харин ч өөрийг нь гэрт нь дайрч ороход нь хийсэн бичлэгээр нь буруутган Зөрчлийн хуулиар торгосон гэх.
Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенцын дагуу төрөөс иргэдээ шаардлагад нийцсэн орон байраар хангах ёстой. Энэ ч утгаараа 2013 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшин болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 27 байршлын 86 хэсэг болон ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарч, төсөл хэрэгжээд арваад жил болж байна. Үр дүнд нь олон айл өрх тав тухтай орон сууцад орж, ая тухтай амьдрах орчноо бүрдүүлсэн. Гэвч дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтой зөрчих тохиолдол гарч буйг “Монголын Эмнести интернэшнл” байгууллагаас хийсэн судалгаа харуулдаг. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн хүрээнд 1899 айл өрх газраа чөлөөлсөн байна. Тодорхой хэлбэл, 2020 оны хагас жилийн байдлаар орон сууцанд орсон 1443 айл бий гэнэ. Харин түрээсийн байранд 243, түр орон сууцанд 182, орон сууц худалдаж авсан 38, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн 164 өрх айл байна. “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвслийн тэргүүлэгч байгууллага “Газрын эзэн баян зүрх нөхөрлөл”-ийн захирал Б.Нямжав “Баянзүрх дүүргийн IV хороонд гэхэд дахин төлөвлөлт эхэлснээс хойш 15 хүн нас барсан. Түүвэр судалгаанаас харахад дахин төлөвлөлтөд орсон ч байрандаа орж чадаагүй айл өрхүүд түрээсийн төлбөрт дунджаар 19.5 сая төгрөг, тавилга эд хогшил хохиролд 5.8 сая, сургууль цэцэрлэгийн зардалд 6.5 сая төгрөг зарцуулсан” гэлээ. Харин “Монголын Эмнести Интернэшнл”-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, хуульч, өмгөөлөгч, судлаач П.Очирбал “Төрийн захиргааны байгууллага, хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд ч нэг зүг рүү харж, хандлагын өөрчлөлт гаргах учиртай. Үл ойлголцол юунаас үүсэв гэдгийг судалсан. Мэдээллийн солилцоо тэгш бус байгаа газарт үл ойлголцол гарч буй. Мэдээлэл засаг дээр илүү төвлөрч байна. Мөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нарт мэдээлэл түрүүлж хүрч буй. Харин иргэд мэдээллийн гадна үлддэг. Цогц мэдээлэл олж авах, боловсруулалт хийх боломж алга. Тиймээс мэдээллийг ил тод тэгш шударга болгох хэрэгтэй. Иргэд мэдлэгтэй, тэр хэрээрээ орон байртай байх эрхийнхээ төлөө тэмцэж, дахин төлөвлөлтөд оролцоотой, зүтгэлтэй байгаасай. Бүгдийг бусдад найдаж үлдээлгүй, эрхээ илүү мэдэж, дуугардаг, түүнийхээ төлөө явдаг байгаасай гэсэндээ энэхүү хэлэлцүүлгийг хийсэн гэж найдаж байна” хэмээн онцолсон.
Ийнхүү судлаач, хуульчид дахин төлөвлөлтийн ажилд төрөөс онцгойлон анхаарч, дээрх алдаа дутагдлыг засах ёстойг чухалчиллаа. Хамгийн гол нь энэ чиглэлээр олон хууль тогтоомж, дүрэм журам баталсан ч бодит байдал дээр хэрэгжилт нь хангалтгүй байгааг шүүмжилсэн билээ. Товчхондоо, дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээсээ хөөгдөгсөд өнөөдөр ч зутарсан хэвээр байна.