Говь-Алтай аймгийн Цээл сумын малчин Г-гийнх жил бүр 350 орчим ямаа самнан, хаварт дунджаар 100 гаруй кг ноолуур бэлтгэдэг болоод таван оныг үдэж байна. Өнгөрсөн онд 110 кг-ыг бэлтгэсэн тэднийх таван сая гаруй төгрөгийн ашиг олсон аж. Тэгвэл гэрийн эзэгтэй болон Улаанбаатарт ажил эрхэлж буй охин нь ноолууран цамц, өмд, хүрэм зэргийг худалдан авахад дөрвөн сая төгрөг зарцуулсан гэнэ. 100 гаруй кг түүхий эд бэлтгэхийн тулд жилийн дөрвөн улиралд мал ахуйтайгаа “зууралдан”, чамгүй хөдөлмөр зарцуулсан ч ноолууран бүтээгдэхүүнээс 3-4 ширхгийг л худалдан авахуйц мөнгө олсондоо нэг талаар гонсойх, нөгөөтээгүүр ноолууран эдлэл ийм өндөр үнэтэй, хувцас хийгээд зарвал илүү ашиг хүртэх нь гэсэн бодол төрснөө малчин Г хуваалцсан юм.
Улмаар ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх сум дундын үйлдвэр байгуулж болох, эсэх талаар хэдэн хүнтэй хамт судлан, хамгийн багадаа хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй гэсэн хариулт аваад мухарджээ. Ядаж л ноолуур угаах, самнах үйлдвэр хэдэн сумын дунд байгуулбал ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн орлогыг цөөнгүй хүн хүртэх боломжтойг ойлгосон ч одоогоор ажил хэрэг болсонгүй. Түүхий эдээ аймгийн төвд очиж зарах, эсвэл явуулын ченжүүдэд борлуулсан хэвээр байна.
Нэг кг түүхий ноолуур зарснаас түүгээр эцсийн бүтээгдэхүүн хийсэн нь 5-6 дахин өндөр ашиг олдог гэсэн судалгаа бий. Тиймээс ч ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг улсын хэмжээнд өсгөхийн зэрэгцээ угаахаас илүүтэй (экспортын 70 орчим хувь нь угаасан ноолуур) самнаж экспортлохыг эрмэлзэж байгаа юм. Зөвхөн самнасан болон түүнээс илүү технологиор боловсруулсан ноолуур гадаад зах зээлд нийлүүлнэ гэж журамлаж болох, эсэх талаар салбарын яамнаас тодрууллаа. Ийм шийдвэр гаргах боломжтой ч самнасан ноолуурын томоохон худалдан авагч БНХАУ импортын хэмжээгээ танах, эсвэл бүр авахаас татгалзах ч магадлалтайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан хэлж байна. Тэгвэл дотоодод багагүй хөрөнгө заран байгуулах боловсруулах үйлдвэр ашиг олохгүй, гаргах таваар нь үнэгүйдэх магадлалтай гэнэ. Нөгөө талаас сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрийн хүчин чадлаа огцом нэмж, эцсийн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах боломж бий ч яаран шийдэх, хөрөнгө мөнгө хамаагүй зарах асуудал биш юм байна. Учир нь манай үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжүүд эрэлтийн төлөв, захиалгын хэмжээндээ нийцүүлж бараагаа гаргадаг ба өнгөрсөн жил хөл хорионы улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж ноос, ноолууран эдлэлийн борлуулалт 2019 оныхоос 40 орчим хувиар буурсан аж. Гадаад зах зээлд худалдан авалт ийнхүү багассан хэвээр байвал заавал эцсийн бүтээгдэхүүн хийж борлуулахыг эрмэлзэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх шаардлага байхгүйг салбарын яамныхан хэлж байна.
Түүнчлэн цар тахал дэгдэхээс өмнө 2019 оноос мал, амьтан буюу амьд биетээс гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний эрэлт өмнөх жилүүдийнхээсээ буурч, хөвөн болон таримлаар хийсэн хувцас, эдлэлийн үйлдвэрлэл, худалдааг дэмжсэн цөөнгүй кампанит ажил дэлхий даяар өрнөснийг Монголын ноос, ноолуурын холбоо тэмдэглэв. Тиймээс ч тус холбооныхон ноолуур бэлтгэлийн явц нь малыг зовоогоогүй, байгаль, цаг уурт сөрөг нөлөөгүй, уламжлалт аж ахуйн зарчмаар хөгжиж буйг нотолсон сурталчилгаа, мэдээллийг дэлхий нийтэд өгөхийг зорьж буй гэнэ. Мөн ноолуур бэлтгэлийн тогтвортой тогтолцоо бүрдүүлж, малчдын орлогын чухал хэсэг нь ноос, ноолуур, арьс, шир гэдгийг томоохон худалдан авагчид, нэр хүнд бүхий брэндүүд үйлдвэрлэгчдэд таниулах ажлыг түлхүү хийж буйгаа дурдлаа. Монгол Улс байгальд ээлтэй аргаар бэлтгэсэн ноолуурын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд экологийн гаралтай бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч гэдгийг илүү таниулж, сурталчлан, брэнд үүсгэж чадвал гадаад захиалга өсөх, улмаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэн, түүхий эдийг шат шатанд боловсруулагчид, малчдын орлого ихэснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уг гинжин холбоонд оролцогч бүрийн өгөөж өснө гэдгийг хаана хаанаа бодолцох учиртайг онцлов. Үүний тулд ч ХААН ширхэгт тохирлын тэмдгийг аж ахуйн нэгжүүдэд олгон, олон улсад таниулах ажлыг хийж буйн зэрэгцээ төр, хувийн хэвшлийнхний идэвх зүтгэлээр ноолуурын салбарын нийт орлого 2020 оноос өмнөх гурван жилд дараалан 20-30 хувиар өссөн тухай дээрх холбооныхон хэллээ.
Манай улс жилд 9400-9700 тонн түүхий ноолуур бэлтгэдэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы дараа дэлхийд хоёрдугаарт орох үзүүлэлт. Гэхдээ хоёр улсын ноолуурын чанар өөр гэж тооцогддог. Манай ноолуур Хятадынхаас урт хэмжээтэй нь олзуурхууштай ч бүдүүвтэр ширхэглэгтэй, олон өнгө холилдсон байдаг нь өндөр үнэд хүрэх шалтгаан болдоггүй талтай. Харин ӨМӨЗО-д малчин, фермерүүд нь хэт их биш тоотой, ашиг шимтэй ямаа үржүүлж, үржил селекц хийхдээ онцгой анхаарч, гол төлөв цагаан ноолуур бэлтгэдэг юм байна. Мөн ноолуурын томоохон үйлдвэрүүдийн бүстэй ойролцоо нутагт амьдарч, хамтарч ажиллан, чанар сайтай бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар хамгийн их өртөг шингээсэн тансаг зэрэглэлийн хувцас, эдлэлийг дэлхийд нийлүүлэхэд оролцдог байх нь. Гэтэл манай улсад сүүлийн таван жилд жил бүр 25-27 сая ямаа тоолуулсан нь тооны хувьд олон ч авсан ноолуур болон үнэ цэнтэй цагаан өнгөтэйнх нь хэмжээ бага байжээ. Цаашид малчид, мал бүхий иргэд бэлчээрийг ихээр сүйтгэдэг ямааны тоог бус, чанарыг чухалчлах, ноолуурын чиглэлийнхийг дагнан үржүүлэх, түүхий эд бэлтгэлийн төв байгуулан, хоршин ажиллах хэрэгтэй аж. Эндээс харахад ноолуураас олох орлогыг өсгөхийн тулд малчид, үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод болон төрийн албаныхны хамтын оролцоо чухал бөгөөд дэлхийн зах зээлийн төлөвийг мэдрэх, урт хугацаанд тогтвортой ашиг өгөх тогтолцоо хөгжүүлэх, ноолуурын кластер үүсгэх, бүтээгдэхүүнийхээ нэрийг олон улсад тасралтгүй сурталчлах ажлыг эрчимжүүлэх шаардлага бий.
2021 оны хувьд үйлдвэрүүдэд нэг жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй 200 тэрбум төгрөгийн зээлийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан олгох юм. Энэ нь ноолуурыг кг тутамд нь 70 000-80 000 төгрөгөөр үнэлэн, аж ахуйн нэгжүүд нийт 3500-3800 тонн түүхий эд бэлтгэхээр тооцсон дүн аж. Ташрамд дурдахад, дэлхийн зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн түүхий ноолуурыг 10 гаруй улс нийлүүлдэг бөгөөд уг зах зээлд жил бүр 1.7 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн борлуулж, худалдан авдаг байна.