Одоогоос арван сар орчмын өмнө Дэлхийн банк “Ковид-19”-ийн уршгаар сургуулиудыг хааснаас болж “сурч болзошгүй” хэмээн томьёолсон, эзэмшвэл зохих эрдэм мэдлэгийн алдагдал болоод үүнтэй харгалзах эдийн засгийн үзүүлэлтийн талаарх анхны тооцоог гаргасан. Ингэхдээ улс орнуудын тухайн үеийн орлогын түвшин, ДНБ-ий төсөөлөл, 2020 оны зургадугаар сарын байдлаар өөрчлөгдсөн багц хэмжигдэхүүнүүдэд тулгуурласан хэмээн мэдээлсэн юм. Тэрхүү тооцооллоор хичээлийн жилийг дунджаар 0.6 жилээр бууруулж, ирээдүйн орлогод өнөөгийн үнэ цэнээр үзүүлэх нөлөөллийг харгалзан үзвэл 10 их наяд орчим ам.доллар алдах дүр зураг харагдсан гэх. Зүүн Ази, Номхон далайн улс орнуудын хувьд хичээлийн жилийн хагасыг танахад хуримтлагдсан орлогын алдагдал 3.8 их наяд доллар болно гэж дурдсан байв. Мөн тус бүс нутаг нь өнөөгийн үнэ цэнээр боловсролын хувийн салбарт 2.3-5 их наядын орлого алдана гэсэн тооцоог ч урьдчилан гаргажээ.
…Тухайн анги жирийн хөтөлбөрийн дагуу танхимаар хичээллэлээ. Өнөөх хоцорсон хүүхдүүд ойлгохгүй үлдэнэ. Тэр үед дэмжигч багш сурагчидтай нэмэлт цагаар ажиллаж, ойлгоогүйг нь тайлбарлаж, богино хугацаанд хичээлээ хийхэд нь тусална. БШУЯ ийм дэмжигч багш нарыг олноор бэлтгэхийн тулд хүний нөөц, тодруулбал, мэргэжилтэй багш нарын судалгаа явуулан, сургалтад хамруулж орон нутаг руу илгээх аж…
Цар тахлын өнөөгийн нөхцөл байдалд бид хүүхдүүдээ өдөр тутам хичээлээ хийхэд нь тусалж, заримдаа “Гуравдугаар ангийн жаалынхаа бодлогыг ойлгохгүй юм” хэмээн унтууцаж буйгаа найздаа үе үе ядарч ярин, үглэх зуур боловсрол хэмээх организмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар улс орон, бүс нутаг, дэлхий дахинд эдийн засаг хэрхэн уруудаж байгааг дээрх тооцоо хэлээд өгөв. Бодит байдалд ч хүүхдүүд боловсролд маш хайнга хандаж буй нь анзаарагдсан. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахим хичээлдээ бүрэн хамрагддаггүй нь харагдлаа. Ангийн 40 гаруй сурагчийн 25 орчим нь дэлгэцийнхээ өмнө тогтмол сууж, багшийн хичээлийг эхнээс нь дуустал сонсож, бичиж тэмдэглэн, асуултад нь хариулдаг. Харин бусад нь харагдахгүй, дуудахад ч сонсохгүй байсаар тухайн цагийг өнгөрөөдөг тухай багш нар ярив. Гэрт нь шаардлага тавих хүнгүй айлын хүүхдүүд хичээлдээ ийнхүү хариуцлагагүй ханддаг аж. Хөтөлбөрийн дагуу хичээлээ хийхгүй бол сурах ёстойгоо мэдэхгүй өнгөрнө. Ахуй амьдрал, алсын зай гээд янз бүрийн шалтгаанаар теле болон цахим хичээлийн аль алинд ч хамрагдаж чадалгүй, сургууль завсардахтай адилаар хичээлээс хоцорсон 174 мянган сурагчийн тухай тусад нь авч үзэх ёстой. Харин бүхий л боломжоор хангалуун хэрнээ гэнэн, хэнэггүй байдлаасаа үүдэн цахим хичээл таслах “том толгойтой” сурагчид ч нэг ёсондоо сургууль завсардсантай адил гэхээр. Цар тахлын үеийн хичээл, сургууль, сурагчдын өнөөгийн байдал энэ мэтчилэн алаг цоог байна. БШУЯ уг байдалд дүгнэлт хийж, үнэлсэн бөгөөд Бага, дунд боловсролын газар нь хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөний төсөл боловсруулж буй ажээ. 2021-2023 онд хэрэгжүүлэх уг төслийг удахгүй яам, Засгийн газарт танилцуулах юм гэсэн.
Уг хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын туршлагагуудаас Америк, Английнхад анхаарлаа хандуулж буй юм байна. Хоцрогдол нөхөх, суралцахуйг дэмжих тогтолцоог ерөнхий дэмжлэг үзүүлэх буюу сайжруулсан сургалтын хөтөлбөрөөр явуулах, нэмэлт дэмжлэг буюу боловсрол нөхөн олгох хөтөлбөр баримтлах, мөн тусгай дэмжлэг үзүүлэх гэсэн гурван хэсгээс бүрдүүлэхээр бэлтгэж буй гэнэ. Английн туршлагад тулгуурласан стратегийг сонирхлоо. Үүнийг 3R хэмээн товчилсон бөгөөд залгах (reconnectoin), нөхөх (recovery), арилгах (resilinse) гэсэн дараалал бүхий шатлалтай юм байна. Тухайлбал, хичээлийн хоцрогдлыг нөхөх тухайд хэрхэн ажиллах вэ. Дээр дурдсанчлан улсын хэмжээнд 174 мянган сурагч теле болон цахим хичээлд хамрагдалгүй нэг ёсондоо сургууль завсардсан. Тэд 1-12 дугаар ангийнхан юм. Сумын сургуулийн хэд хэдэн ангийнхнаас магадгүй нэг, хоёр нь янз бүрийн нөхцөл, шалтгаанаас болж хичээлээс хоцорсон байлаа гэж бодъё. Тэдэнд тусгайлан бэлтгэсэн багш нар тусална. Жишээлбэл, нэг, тав, наймдугаар ангийн сурагчдад нэг юм уу, хоёр л дэмжигч багш тусална. Тухайн анги жирийн хөтөлбөрийн дагуу танхимаар хичээллэлээ. Өнөөх хоцорсон хүүхдүүд ойлгохгүй үлдэнэ. Тэр үед дэмжигч багш сурагчидтай нэмэлт цагаар ажиллаж, ойлгоогүйг нь тайлбарлаж, богино хугацаанд хичээлээ хийхэд нь тусална. БШУЯ ийм дэмжигч багш нарыг олноор бэлтгэхийн тулд хүний нөөц, тодруулбал, мэргэжилтэй багш нарын судалгаа явуулан, сургалтад хамруулж орон нутаг руу илгээх аж. Төсөл ёсоор төлөвлөгөө ийм байна. Тэтгэвэрт гарсан ахмадууд, багш мэргэжилтэй ч өөр салбарт ажиллаж буй хүмүүс, багш бэлтгэх сургуулийн төгсөх курсийн болон дадлагын оюутнуудыг энэ ажилд хамруулж болох аж. Хэрвээ энэ төлөвлөгөөг баталбал ирэх намраас тусгай томилолт өвөрлөсөн дэмжигч багш нар орон нутагт ажиллахаар өөр өөрийн “богц”-ыг үүрээд шуурхайлан хөдөлнө. Богц гэдэг нь учиртай. Тухайн цүнхэнд 1-12 дугаар ангийн сурагчдад хичээл заахад шаардагдах бүхий л “мэдлэг”-ийг багтаагаад авч явна.
Хэлж ирээгүй хөнөөлт өвчний уршгаар салбар бүрт асуудал, бэрхшээл ихээхэн хуримтлагдсан. Түүний дотор гарт баригдаж, нүдэнд харагдахаар тааруу, алсдаа хувь хүний болон улс орны хөгжилд садаа болох боловсролгүй, мэргэжилгүй иргэдтэй болох аюулыг тойрохын тулд өнөөдөр зохих арга хэмжээг цаг алдалгүй авах нь төр, засаг, яамны бодлогын гол болж байна. Үүнд цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардагдах нь ойлгомжтой. Гэсэн ч гаргах л, зарцуулах л болно. Үгүй аваас хүн ам, нийгэм, эдийн засаг уялдаа холбоондоо доройтсоор байхыг нийтлэлийн эхэнд дурдсан судалгаа бэлхнээ хэлж байна. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад орон нутагт дэмжигч багш нар тусалдаг юм байж. Түрүүнд дурдсанчлан цахим хичээлийг санаатай тасалсан, цалгардуулсан хүүхдүүдэд ч цаашид хөтөлбөрөө гүйцэж суралцахад хүндрэл гарах нь ойлгомжтой. Энэ асуудал мөн шийдэл хүлээж буй бөгөөд эцэг, эхийн оролцоо, хандлага, хариуцлага чухал үүрэгтэй хэвээр байх болов уу. Сурах үйлсдээ хайхрамжгүй хандсан хүүхэд зан төлөвийн таагүй зуршилтай болдог нь сурган хүмүүжүүлэх ухаанаар нотлогдсон байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ тавиад туучихгүйн тулд сургууль, багш, эцэг, эх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, үүнээс ухаалгаар үр дүн гаргах чухал ирээдүй өмнө байна.
БШУЯ сурагчдын амралтын хугацаанд теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байснаа цуцлав. Хүүхдүүд өнөөдрөөс дэлгэцээс түр холдож байна. Амралтын хугацаанд хичээллүүлэхээр шийдвэрлэсний учир нь судалгаа, саналд үндэслэсэн хоцрогдлыг нөхөхийг хичээсэн арга байж. Гэтэл багш, сурагчдын байдал, эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзаж, мөн орон нутагт халдварын голомтууд үүссэнтэй холбоотойгоор тушаал, шийдвэрээ өөрчилсөн аж. Уг нь бол сургуулиудын өмнө нэг өдөр, нэг цагийн ч өмнө болов үүссэн хоцрогдлыг нөхөх сорилт тулгараад буй.
Ирэх сарын 5-наас теле болон цахим хичээлийг үргэлжлүүлнэ. Боловсрол дахь бэрхшээлийг зовлон гэж харахыг урьтал болголгүй, эсрэгээр нь боломж болгон, багш нараа дэмжиж, хэн хэнгүй суралцаж, мэдлэгээ бататгаж, үр хүүхэд, ач, зээдээ үргэлжлүүлэн тусалъя.