Орц, хонгил, цахилгаан шат, дэлгүүр, ажил, гэрийнхээ үүдэнд гээд хаана байхаас үл шалтгаалан зүс царай, овог нэр, албан тушаал, ажил мэргэжил, тэр ч бүү хэл, ар гэрийнхнийхээ хамт олон нийтийн “олз” болдог цагт бид амьдарч байна. Тодруулбал, иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилгоор суурилуулсан хяналтын камеруудын бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд ил болгодог байтал хэн дуртай нь задруулж, хүний эрхэд халдаж, хувийн нууцыг нь дэлгэн, дуулиан шуугиан тарьсан явдал сүүлийн үед цөөнгүй гарлаа. Хэдхэн хоногийн өмнө замын цагдаагийн энгэрийн камерын бичлэг олон нийтэд ил болсон.
Тодруулбал, биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт холбогдоод буй Б.Баасанцогт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарыг хөл хорионы үед автомашинаар зорчиж явахад нь замын цагдаа саатуулсан бичлэг олон нийтэд цацагдсан. Эл асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог.
Хэн энэ бичлэгийг “цацсан” талаар албан шалгалт хийж байна” гэж мэдэгдсэн.
Үүнээс сарын өмнө буюу хоёрдугаар сарын 20-нд Б.Баасанцогт, Х.Идэр болон хууль, шүүхийн нэр бүхий албан тушаалтнуудын ёс бус бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тэдэнтэй холбоотой хоёр ч бичлэг ойрхон хугацаанд задарсан нь хэн нэгний санаатай үйлдэл гэж үзэх хүн цөөнгүй байна. Хамгийн гол нь прокурорын зөвшөөрлөөр л ил болгох боломжтой бичлэгийг цахим орчинд байршуулж байгаа нь хэнд ч ийм зүйл тохиолдож болзошгүйг харуулав. Хөл хорионы үед олуулаа нэг доор цуглаж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэрэгт холбогдсон хууль, шүүхийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын увайгүй үйлдлийг илчилсэн нь сайшаалтай ч нөгөө талаар Үндсэн хуульд заасан хүний халдашгүй эрх гээч зүйл үгүй болов. Эл хэргийг цагдаагийн байгууллагынхан мөрдөж, шалгах байтал эхлээд олон нийтээр “шүүлгэдэг” явдал бий болж буйг зарим хуульч анхааруулсан юм.
Мөн өнгөрсөн амралтын өдөр эмэгтэйчүүд нэгнээ дээрэлхэж, зодож, гар, хөлөө үнсүүлж буй бичлэг цахим орчинд түгсэн.
Тэдгээр эмэгтэй иргэн Э-г дээрэлхэж буйг хуулийн байгууллагынхан тогтоосон бөгөөд хэргийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Харамсалтай нь, зодож, дарамталж буй эмэгтэйчүүд бус, хүчирхийлэлд өртсөн бүсгүйн нүүр царайг уг бичлэгт маш тод гаргасан байв. Энэ нь хохирогчийг хохироосон, түүний нэр, төрд халдсан хэрэг боллоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно гэжээ. Мөн Иргэний хуульд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах зохицуулалт бий. Тус хуулийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь нууцад халдсан үйлдэл. Энэ талаар хуульч О.Мөнхсайхан “Манай улсад хамгийн муу хамгаалагдсан эрх бол хувийн халдашгүй байдал. Үүнийг засаж сайжруулахын тулд нууцаар мөрдөн шалгах зэрэг эрхэд халдах үйлдлийг шүүхээр хянуулж, нарийн журамлаж, хуульчлах хэрэгтэй” гэв.
Манай улс 2010 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээлээр гудамж, зам, талбай, олон нийтийн газарт теле хяналтын системийг үе шаттайгаар суурилуулжээ. Энэ хугацаанд нийт 6686 хяналтын камер суурилуулсны 3311 нь нийслэлийн “нүд, чих” болдог. Энэ нь цагдаагийн байгууллага нийслэлийн суурьшлын бүсийн 17.8 хувийг хяналтдаа авсан гэсэн үг аж. Гэхдээ дээрх 6686 хяналтын камерын 1251 нь дүрсний шаардлага хангахгүй, 2470 нь огт ажилладаггүйг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Тухайн хяналтын камерыг арчилж тордох “эзэн” байдаггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүйгээс эвдэрч, ашиглах боломжгүй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод хяналтын камер нэртэй ч нэдэр дээрээ ажилладаггүй “хог” олон болжээ. Уг нь хулгайч, дээрэмчин, гэмт этгээдийг хяналтын камераар илрүүлэх ёстой. Гэтэл бодит байдалд олон нийтэд дуулиан шуугиан тарьсан, хэн задруулсан нь үл мэдэгдэх бичлэгүүд ар араасаа хөвөрсөөр. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний буруутай үйлдлийг илчилж, түүнийг нь дүрс бичлэгээр гарцаагүй нотолж, хариуцлага хүлээлгэж буй нь сайшаалтай ч энэ нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улсад хүнлэг бус байдлыг дэвэргэсэн нэг хэлбэр хэмээн хуульчид хэлж байна. Хэрэв ямар нэгэн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал цагдаа, шүүх, хяналтын байгууллагынхан л мөрдөж мөшгөх, шалгах үүрэгтэйг тодотгосон. Орцонд хог хаясан эмэгтэйн бичлэгийг ч түмэнд түгээж орхих. Энэ мэдээж буруу үйлдэл. Гэхдээ эхлээд өөрт нь анхааруулж, хэлэхээсээ өмнө олон нийтийн “эрүү шүүлт”-д оруулж, цахим орчинд “барьж идэх” нь бахтай сайхан байдаг бололтой. Бүр
шүүх, хяналтын байгууллагынхнаас урьтаад яллаж, гэмт хэрэгтэн болгочихдог гажуудал үүсээд удлаа. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд “…хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно” гэж заасан байдаг.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дэвшилт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэхээр болсон. Олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилгоор гудамж, талбай, автобусны буудал, авто зам зэрэгт теле камерын хяналтын цэгийг нэмэгдүүлэх зорилго тавиад буй. Өөрөөр хэлбэл, улсыг нийтэд нь тольдохын тулд суурьшлын бүсийн 5008 цэгт 20 032, аймгийн төвүүдэд 13 356 камер нэмж суурилуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргасан билээ. Ингэхдээ иргэдийг царай, үйл хөдлөлөөр нь таньдаг “ухаалаг” камер суурилуулна гэж байв. Үүнийг хүний эрхийн чиглэлээр ажилладаг хуульч, мэргэжилтнүүд эсэргүүцсэн бөгөөд хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалах хэрэгтэй гэж байлаа. Хэдийгээр царай таних төхөөрөмж суурилуулахгүй гэж холбогдох байгууллагын албан тушаалтнууд мэдэгдсэн ч “дэвшилт технологи” гэж чухам юуг хэлж буй нь одоогоор тодорхой бус хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдгөө камерын бичлэгүүдийг хэн дуртай нь задруулж, хүний халдашгүй эрхэд халдсаар байхад ухаалаг “нүд”-нүүдтэй болчихвол гэмт этгээдтэй төстэй царай, үйлдэл гаргасан гэмгүй нэгнийг хохироох вий гэсэн хардлага дагуулж буй нь нууц биш. Тиймээс теле камерын үйл ажиллагаа, арчилгааг хэн хянах, хэрхэн санхүүжүүлэх талаар Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон байна. Монгол Улсыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу бол дөрвөн жилийн дараа гэхэд нийслэл, орон нутаг нийт 30 гаруй мянган камертай болох нь. Тэр хэрээр хүний халдашгүй эрх, хувь хүний нууцыг хамгаалах хууль зүйн орчноо сайтар бэлдэнэ гэж найдъя.