“Олон улсын практикаас харахад манай хөрөнгийн биржээс бусад нь хувьцаат компани байдаг. Бирж хувьцаат компани байхын давуу тал олон. Жишээ нь, төрийн өмчит байснаараа Монголын хөрөнгийн бирж зөвхөн арилжааны шимтгэлээс орлого олж байна. Тэгвэл бусад орны бирж арилжааны шимтгэлээс гадна мэдээллээ борлуулах, клирингийн буюу төлбөр тооцооны шимтгэлээс орлого бүрдүүлдэг. Би Монголын хөрөнгийн биржийг хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах нь зүйтэй гэж үздэг” хэмээн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай ярьж байна. Тэрбээр тус биржийн гүйцэтгэх захирлаар 2011-2014 онд ажилласан. Улмаар 2016 онд өмнөх албан тушаалдаа дахин томилогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа билээ. Х.Алтай уг албан тушаалд хоёр дахь удаагаа томилогдсоноос хойш Монголын хөрөнгийн биржийг хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулах нь зөв гэсэн байр суурийг олон удаа илэрхийлж буй юм.
…Хөрөнгийн биржийн хувьцааг арилжих хэрэгтэй. Ингэвэл Монголын санхүүгийн зах зээл бүхэлдээ либералчлагдаж, олон талын оролцоог хангасан, сайн засаглалтай болно. Том зургаар нь харвал засаглал сайтай, тогтвортой, чанартай үйлчилгээ хүргэдэг санхүүгийн байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй…
Хөрөнгийн зах зээлийн туршлагатай мэргэжилтнүүд ч түүнтэй байр суурь нэг байдаг. Түүнийгээ ч илэрхийлдэг. Гэвч төр, засгаас хөрөнгийн биржийг хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулах талаар дорвитой алхам хийдэггүй. Учир шалтгаан нь ч тодорхойгүй байдаг. Төрийн өндөрлөгүүд ихэнх тохиолдолд “Ашиггүй ажиллаж байгаа учраас үнэд хүрэхгүй” гэсэн шалтгаан хэлж төрийн өмчийг хувьчлахаас цааргалах нь бий. Монголын хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж байна. Алдагдал нь 2.2 их наяд төгрөгт хүрсэн тохиолдол ч бий. Лондоны хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” арилжааны систем ашигласныхаа төлөө жилд доод тал нь нэг тэрбум гаруй төгрөгийн төлбөр төлдөг нь алдагдалхүлээх шалтгаан болж буй. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд биржийн алдагдлаас илүү байшин нь хувьчлахад тээг болдог гэж ярьдаг. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн баруун урд үзүүр дэх хуучнаар Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кинотеатрын байшин нь газартайгаа хөрөнгө оруулагчдын өмчлөлд шилжинэ гэж төр, засгийнхан болгоомжилдог бололтой.
Төрийн ордны зүүн талын хуучнаар Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн газар дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгийн үнэ хүрсэн. Хотын төвд байрлах биржийн газар, байшин ч үнэтэй. Тиймээс хувьцааных нь үнийг тогтоохдоо газрынх нь үнэлгээг өндөр тогтооход л болно. Өөрөөр хэлбэл, төр өмчөө хохиролгүй, зах зээлийн үнээр борлуулна гэсэн үг. Биржийн байшинг нураагаад, өндөр цамхаг барьж, үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилнө гэж болгоомжилж байвал төр алтан хувьцаа эзэмших замаар хориг тавих боломж бүрэн бий. Монголын хөрөнгийн биржийг хуучнаар “Арилжааны төлбөр тооцоо”, одоогийн нэршлээр Монголын үнэт цаасны клирингийн төвийн хамт хувьцааг нь арилжих замаар хувьчлах саналыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргаж байсан. Гэвч дэмжээгүй. Төр, засаг хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэсэн байдлаар ханддаг юм шиг ээ. Уг нь хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэрийг УИХ гаргах учиртай.
УИХ-аас банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжих реформ хийх шийдвэр гаргалаа. Ирэх жилийн долдугаар сар гэхэд арилжааны таван том банк нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээсэн. Хөрөнгийн зах зээлд нэр хүндтэй, иргэдийн итгэлийг дааж ажилладаг аж ахуйн нэгжийн хувьцаа гарна гэсэн үг. Хувьцаат компани болсноор банканд итгэх иргэдийн итгэл улам нэмэгдэнэ. Хүмүүс харилцдаг, үйлчилгээ авдаг банкныхаа хувьцаа эзэмшигч болно гэж харж байна. Тэгвэл хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэлийг хэрхэн дээшлүүлэх вэ. Үүнд хөрөнгийн бирж хамгийн чухал үүрэгтэй.
Монголын хөрөнгийн биржийг чанартай бүтээгдэхүүнтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг дээдэлдэг, үнэт цаасны мэдээллийг нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй хүргэдэг болгомоор байна. Чанартай бүтээгдэхүүнтэй гэдэг нь үйл ажиллагаа сайтай, өгөөжтэй үнэт цаас арилждаг, тэр нь хөрвөх чадвартай байхыг хэлж буй юм. Ингэж сайжруулахын тулд хувьцааг нь арилжиж, олон талын оролцогчтой болгох хэрэгтэй. Тэгснээр хөрөнгийн биржийн засаглал сайжирна. Засаглал сайжрахаар үйл ажиллагаа нь идэвхэжнэ. Дэлхийд жишиг болсон стандарт, арга аргачлал нэвтрүүлнэ. Одоогоор Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хөшүүн байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Хөрөнгийн биржийн хувьцааг арилжихдаа ямар бодлого баримтлах вэ гэсэн асуулт гарах байх. Түүхэн улбааг нь авч үзвэл төр хөрөнгийн биржийг анх байгуулаагүй. Брокеруудад хоорондоо үнэт цаасаа борлуулах дэд бүтэц хэрэгтэй болсон. Ингээд брокерууд нийлж анхны биржийг байгуулсан. Тиймээс ч хөрөнгийн биржийн чухал гишүүн нь брокер, дилерийн компаниуд байдаг. Тэгэхээр брокерууд хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч байх ёстой. Тэд саналын эрхтэй хувьцаа эзэмшигч байж, биржийн талаарх бодол санаагаа хэлж байх нь зөв. Үүнээс гадна стратегийн хөрөнгө оруулагчдад хувьцааг санал болгох нь зүйтэй болов уу. Тэр нь олон жилийн түүхтэй, туршлагатай хөрөнгийн бирж байх нь хэрэгтэй. Мөнөөх стратегийн хөрөнгө оруулагч нь биржийн менежментийг хэрэгжүүлбэл бүр сайн. Туршлагаа Монголд нутагшуулах нь дамжиггүй. Үнэн хэрэгтээ хөрөнгийн биржийг хөгжүүлэх дэлхийн түвшний мэргэжилтэн Монголд алга. Төр хувьцааных нь 34 хувийг эзэмшиж болно. Үүнээс илүүг эзэмшүүлбэл “муу зан”-гаа гаргаад хөгжилд нь тушаа болж мэдэх юм. Өөр сонирхсон хэн дуртай нь хөрөнгийн биржийн хувьцааг эзэмшдэг байвал ямар вэ. Ингэхдээ Монголын үнэт цаасны клирингийн төвийг хөрөнгийн биржийн охин компани хэлбэрээр зохион байгуулж, хамтад нь хувьчлах нь зүйтэй гэдэг саналыг мэргэжилтнүүд гаргадаг. Олон улсын жишигт бол бирж болон төлбөр тооцооных нь байгууллага нэг толгойтой байж, ажлаа уялдуулж явдаг юм билээ. Одоо манайхан хоёр тусдаа компани байгуулчихаад байгаа юм.
Банкууд зээлийн хүүгээ нэг оронтой тоонд оруулж бууруулснаар иргэд хадгалсан мөнгөөрөө үнэт цаас худалдаж авах сонирхолтой болж байна. Энэ бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх том хөшүүрэг. Банкууд хувьцаагаа арилжиж, том компаниуд бонд гаргаж эхэлснээр Монголын хөрөнгийн бирж чанартай бүтээгдэхүүнтэй болох нь. Үүнийг дагаад арилжааных нь дүн нэмэгдэнэ. Хөрөнгийн бирж ашигтай ажиллах нөхцөл нэгэнт үүсэв. Өөрөөр хэлбэл, бизнесийн үнэлгээ нь нэмэгдэж, хувьцаа нь үнэд хүрэх боломжтой болсон гэсэн үг. Банкууд IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ долоон их наяд төгрөгт хүрч, арилжааных нь идэвх хоёр дахин сайжирна гэж төсөөлж буй. Үүний дараа хөрөнгийн биржийн хувьцааг арилжих хэрэгтэй. Ингэвэл Монголын санхүүгийн зах зээл бүхэлдээ либералчлагдаж, олон талын оролцоог хангасан, сайн засаглалтай болно. Том зургаар нь харвал засаглал сайтай, тогтвортой, чанартай үйлчилгээ хүргэдэг санхүүгийн байгууллагууд Монголын эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах нь дамжиггүй.
Хөрөнгийн биржийг Монголын үнэт цаасны клирингийн төвтэй хамтатган хувьчилбал Х.Алтай захирлын хэлснээр арилжааны төлбөр тооцооны шимтгэлээс орлого олно. Бирж лангуун дээрээ сонирхол татах бүтээгдэхүүн дэлгэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна. Тэр үед Монголын хөрөнгийн бирж “Bloomberg”, “Reuters” гэх мэт агентлагт мэдээллээ худалдаж орлого олно. Орлого нэмэх тухай яриа нь жижиг асуудал мэт сонсогдож магадгүй. Гэхдээ эндээс л хөрөнгийн биржийн хувьцааг борлуулж, бусадтай эн тэнцүү ажиллаж, дэлхийн жишиг рүү тэмүүлэх хэрэгтэй гэсэн санаа “ургаж” буй юм.