Жендерийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “Би жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж буй. Төрийн бүхий л байгууллагууд тус нэгдсэнээ илэрхийлж, цахим хуудсандаа энэ тухай мэдээлэл байршуулжээ. Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, тэдгээрийн харьяа агентлагууд “Би жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг байна, та ч бас нэгдээрэй” гэх агуулгатай, үг үсгийн зөрүүгүй өнгө ижил мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан байна. "Браво" баяр хүргэе. Манай төрийн байгууллагынхан нэг нэгнээ эр, эм хэмээн ялгаварлан гадуурхахгүй, хүнд ажлыг эрэгтэй, хөнгөн ажлыг эмэгтэй хийнэ, чи эмэгтэй учраас сул дорой, тэр эрэгтэй учраас уйлах ёсгүй, чи хөөрхөн төрсөн учраас бэлгийн дарамт үзүүлж болно гэх мэт хэвшмэл ойлголтоосоо дуу нэгтэйгээр салж байгаа бололтой. Нэгдэж, нийлж, үйл ажиллагаагаа уялдуулж байна хэмээн ойлголоо.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 10-нд дэлхийн улс орнууд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг өрнүүлдэг. Ер нь уг аяныг 1991 оноос өнөөг хүртэл жил бүр зохион байгуулж ирсэн. Манай улс уг аянд 1997 онд нэгдэн орсон.
Оны өмнөх үйл явдлыг саная. 2020 оны арваннэгдүгээр сард Жендерийн үндэсний хорооноос охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээхээр "ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!" уриан дор 16 хоногийн аяныг эхлүүлсэн. Тухайн үед яг дээрхийн адил үйл явдал цахим орчинд өрнөсөн гэхэд болно. Байгууллага болгон хэн нь хэнээсээ хуулчихав аа гэмээр үг, үсгийн зөрүүгүй нэг мэдээллийг албаны цахим хуудсандаа байршуулж, "ЯГ ОДОО жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе!" хэмээн дуу нэгтэйгээр уриалсан удаатай. Гэхдээ төрийн байгууллагууд нэг утгатай мэдээллээ тавьсанаа эл аянд нэгдсэн, үүргээ биелүүлсэн гэж үзэх шиг болсон. Өөрөөр хэлбэл, аянд нэгдсэн талаарх мэдээлэл цахим хуудсандаа байршуулснаас өөр дорвитой ажил зохион байгуулаагүй. Жендерийн үндэсний хорооны тухайн үеийн дарга У.Хүрэлсүх 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд Засгийн газрын хуралдааны үеэр Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа мэдэгдээд "Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллах"-ыг уриалсан болохоор л төрийн байгууллагууд ийн бие биеэсээ өрсөж, тухайн аянд "нэгдсэн" билээ.
"Ковид-19" халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон үед аяныг өрнүүлж таарсан. Тухайн үед архины худалдааг зогсоосон тул согтууруулах ундаа шагийн үнэд орж, ахуйн хүрээний архидалт өсөж, хаалганы цаадах гэр хүчирхийлэл газар авч, хүүхэд бүсгүйчүүд уйлж, цагдаагийнхан толгой сэгсэрч, иргэний нийгмийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийлэл өдрөөс өдөрт өсөж буйг мэдээлж байсан юм. Одоо ч гэр бүлийн хүчирхийлэл буураагүй. Төрийн байгууллагууд өнөөдрийн аянд яг өмнөх шигээ хэлбэр төдий "оролцож" байна. Бүгд л “Би жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аянд нэгдсэн. Та ч бас нэгдээрэй... " хэмээн ам уралдан ярьж эхэллээ. ХЭҮК-оос өгсөн мэдээллээр төрийн байгууллагынхан өнөөдөр ч дээрээсээ доод түвшиндээ хүртлээ ихэнх нь жендерийн хэвшмэл ойлголттой бөгөөд тэнд жендерт суурилсан хүчирхийлэл нууц далд аргаар үйлдэгдсээр байгаа билээ. Тиймээс төрийн яамдын удирдлага, дарга нарт сануулахад яг одоо хэлбэрдэхээ зогсоож, аянд нэгдсэн бол бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангана гэдэг ганц Жендерийн үндэсний хорооны ажил биш юм.