БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Шинжлэх ухаан, технологийн санг байгуулсан цагаас хойш улс 184 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ мөнгөөр судалгаа шинжилгээний 5000 гаруй бүтээлийг санхүүжүүлжээ. Гэвд эдгээрийн хэдийг нь амьдралд хэрэгжүүлэв, хэчнээн нь Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлсөн бэ, шинжлэх ухаанд зарцуулж буй нэг төгрөг хэд болж өсөв гэдэгт хариулах хүн алга. Танил тал, эрх дархаараа сүлжилдсэн энэ сангийн үйл ажиллагааг 100 хувь өөрчлөх цаг нь болсон. Их, дээд сургууль, хүрээлэнгийн судлаач, багш нар нь тал тал тийш хараад суучихсан. Ямар ч эргэх холбоо, хамтран ажиллах эрмэлзэлгүй. Тэгсэн атлаа бүгд ижилхэн судалгаа хийгээд, хоорондоо өрсөлддөг” хэмээн мэдэгдсэн нь шинжлэх ухааны салбарынхныг унтууцуулав.
Шинэ сайд ийнхүү ярьснаараа Монголд шинжлэх ухаан шиг үр өгөөжгүй салбар, эрдэмтэн, судлаачид шиг “хэрэггүй” хүн үгүй мэтээр нийгэмд ташаа ойлголт төрүүллээ гэж тэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж эхлэв. “190 тэрбумаар 5000 гаруй судалгааг санхүүжүүлсэн гэх ч нэг нь ч үр өгөөжөө өгөөгүй” гэсэн нь дэндүү гэнэн, мэдрэмжгүй, үнэнээс хол дүгнэлт гэж салбарынхан үзэж байгаа аж.
Шинжлэх ухааны төсөл, судалгааг тендерээр хөгжүүлж, урагшлуулах нь буруу тогтолцоо. Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнгүүдэд суурь судалгаа хийх санхүүжилтийг нь хангалттай олгодоггүй учраас төслийн тендерээр амь зогоодог. Эрдэмтэн, судлаачдын ажил төслийн санхүүжилтээс бүрэн хараат байгаа тохиолдолд эдийн засгийн өндөр үр ашиг “нэхэх” нь учир дутагдалтай гэсэн нийтлэг байр суурийг тус салбарынхан илэрхийлж байна. ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид БШУ-ы сайдыг хариуцлагагүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйх ёстой хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Тэрбээр “Салбар бүрийн эрдэмтнээс бүрдсэн яамны зөвлөл шийдвэр гаргаад, сайд гарын үсэг зурж байж төсөл санхүүжүүлдэг тогтолцоотой. Лав 10 жил ийм байдлаар ажиллаж байна. Бүрэн мэдээлэлгүй байж, салбарынхныг бүхэлд нь харлуулах нь сайд хүний хувьд туйлын зохимжгүй. Их сургууль, хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай бүрэн танилцсаныхаа дараа дүгнэх нь зохимжтой. Салбарын хамтын ажиллагааг дэмжих ёстой атал ингэж хооронд нь талцуулах ямар шаардлага байна” хэмээн бухимдангуй бичжээ. Нэгэн хүрээлэнд удирдах тушаал хашдаг эрхэм “Шинжлэх ухаан хэмээх нэрийн доор бүх салбарыг хамааруулж, эдийн засгийн үр өгөөж нэхэх нь дэндүү өрөөсгөл. Их, дээд сургууль, хүрээлэнгүүд нэг чиглэлийн судалгааг тусдаа хийж, өрсөлдөх боломжгүй. Учир нь манай улс нэг хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоор дэлхийн жишгээс хэд дахин бага” гэв. “Сайд олны анхаарлыг татаж, сенсац дэгдээх зорилгоор тооны араас хөөцөлдсөн хуумгай мэдээллийг зориуд тараалаа” гэж хардах хүн ч олон байна. Ямартай ч сайдын ээлжит мэдэгдэл хүлцэнгүй, мөрөөрөө нь дэндсэн, төрийн тогтоол, шийдвэрийг хууль мэтээр хүлээж авдаг эрдэмтэн, судлаачдыг дуугарахад хүргэв. Шинжлэх ухааны салбарын алдаа завхрал, оновчгүй бодлого, тогтолцооны гажуудлыг өөрсдөөр нь илчлүүлэв. Сайн хэрэг. Харин одоо энэ бүх гажуудлын үндэс суурь болсон асуудлуудтай тулж ажиллах хариуцлагатай үүрэг танд ногдлоо, эрхэм сайд аа. Ядаж л судалгааны байгууллагуудынхаа урсгал зардал болон эрдэм шинжилгээний ажилд хуваарилдаг төсвийг хангалттай хэмжээгээр олгож, эрдэмтэн, судлаачдаа ус, цахилгаан, хогны төлбөр зэрэг аашар шаахар зүйлд санаа зоволгүй ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах хүндхэн даалгавар таны өмнө байна.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн нэгэн судлаач “Урсгал зардал жилээс жилд тогтмол өссөөр байхад үүнд хуваарилдаг төсөв улам багассаар буй. Төсвөө нэмүүлэх гээд хоёр жил хөөцөлдөөд бараагүй. Төлбөрөөс болоод усаа таслуулж, цахилгаанаа хязгаарлуулах нь энүүхэнд. Хөдөлмөр хамгаалал, интернэт, сонин сэтгүүл, утас, шуудан холбоонд зарцуулах байтугай заримдаа хог ачуулах ч мөнгөгүй болдог” хэмээн ярина билээ. Шинжлэх ухаан, технологи, инновацыг ирээдүйн хөгжлийн өнгөө хэмээн тодорхойлсон улсын судлаачаас ийм зовлон сонсоно гэдэг дэндүү ичгэвтэр биш гэж үү. Ийм байхад бид эдийн засгийн өгөөж, өндөр ашиг, инновац шингэсэн бүтээгдэхүүн гэсэн том зүйлийг мянгантаа яриад, судлаач, эрдэмтдээсээ үр дүн нэхээд яах билээ.
Аливаа судалгаа шинжилгээний бүтээлийг бойжуулж, эцсийн бүтээгдэхүүн болгох үйл явц ажиллагаа, зардал ихтэй. 100 судалгаа гараанаас зэрэг хөдлөхөд 1-2 нь л барианд хүрэх тохиолдол бий. Тиймээс эрдэм шинжилгээний бүтээлийн үр ашгийг магадлалын онолоор тооцдог жишиг олон улсад бий. Гэтэл манай улс шинжлэх ухааны салбартаа эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчим баримталсаар өнөөдөртэй золгосон. Азийн орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулдаг бол манайх үүнээс 10 дахин багыг төсөвлөсөөр ирсэн. 2016-2019 онд салбарын төсөв тодорхой хувиар нэмэгдсэн ч 2020 онд цар тахал дэгдсэнээр энэ үзүүлэлт газарт унасан юм. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой төсөв танах шуурганд эрдэм шинжилгээний байгууллагууд хамгийн түрүүнд өртдөгөөс төсөл, хөтөлбөрүүд “царцах”, санаа төдий зүйл болж хувирах нь бишгүй.
Бас нэг тулгамдсан асуудал нь боловсон хүчний нөөц. Шинжлэх ухааны салбарынхан 800-950 мянган төгрөгийн цалинтай. Энэ нь дэлхийн дунджаас сураггүй хойно хоцрогдсон үзүүлэлт. Цалин бол ажилтнуудыг татах, тогтоон барих хамгийн чухал хөшүүрэг. Энэ хөшүүрэг үүргээ гүйцэтгэж чадахгүй тохиолдолд ямар ч салбар боловсон хүчний гачигдалд орно. Эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулалгүй энэ хэвээр үлдээвэл шинжлэх ухааны салбар ирээдүйд эзэнгүй айл шиг ханхайж болзошгүйг эрдэмтэд анхааруулсаар байна. Тэр үед улс хэчнээн залуусыг тэтгэлгээр сургаад, хэдэн арван тэрбумаар төсөв хуваарилаад нэмэргүй. Тиймээс салбарын хөгжлийн тушаа, гажуудлын үндэс суурь болсон эдгээр асуудлыг нэн түрүүнд цэгцлэх хэрэгтэй байна, Л.Энх-Амгалан сайд аа. Төслийн үнэ цэнийг тоогоор бус, үр дүнгээр нь хэмжье. Судлаач, эрдэмтэд ажлаа хийхгүй байна гэж яаран мэдэгдэл хийхээсээ урьтаад, ямар зовлон, бэрхшээл нуруундаа үүрч явааг нь сонсъё.
Шинжлэх ухаанд төсөвлөсөн хөрөнгийг өчүүхэн хувиар нэмэгдүүлэхэд л Монголын эрдэмтэн, судлаачид өмнөхөөс хэд дахин илүү үр бүтээлтэй ажилласан жишээ бий. 2018 онд гэхэд эрдэм шинжилгээний 718 өгүүлэл, технологийн есөн заавар, 12 стандарт, 23 аргачлал, ТЭЗҮ, ашигтай загвар хоёрыг “нийлүүлжээ”. Салбарын орлого (зөвхөн хүрээлэнгүүдийн) өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдэж, 3.7 тэрбумд хүрсэн байна. ШУА-ийн 14 хүрээлэн төсөвт ийм орлого төвлөрүүлсэн гэсэн үг. Төсвийн хуваарилалт өсөхийн хэрээр шинжлэх ухааны салбарын үр ашиг нэмэгддэгийн бодит жишээ нь энэ буюу.