Иргэд Засгийн газрын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, болж өгвөл алхам бүрийг нь хянахыг хичээж байх шиг. Тэр нь ч зөв байх. Сүүлийн үед олон нийтийн зүгээс УОК-т, бас сэргээн байгуулсан хэмээж буй Хүүхдийн төлөө фонд зэрэгт хаяглан чамгүй хандив өгсөн. Цугларсан хөрөнгийг зохистой, үр дүнтэй зарцуулж буй, эсэхийг мэдэхийг хүсэн, асууж, сурагладаг. Ялангуяа нэхэж, хөөцөлдөх гол асуудлуудын нэг бол Хүүхдийн төлөө фондод иргэдээс өгсөн хандивын мөнгө юм.
Тэртээ 1972 онд байгуулж, тухайн үеийн Төрийн тэргүүн байсан Ю.Цэдэнбалын гэргийгээр ахлуулан ажиллуулж байсан Хүүхдийн төлөө фондыг өнөө цагт буюу 2021 он гарахаас өмнөхөн сэргээн байгуулж, түүгээр дамжуулан хүүхэд, багачуудын сайн сайхны төлөө төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажил ч явуулах болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаар баяртай мэдэгдэж, алх цохисон билээ.
Мөн тэрбээр тус фондын буюу сангийн хөрөнгийн суурь болгож улсын төсвөөс 10 тэрбум төгрөг дансанд нь суулгах шийдвэр гаргаснаа ч мэдэгдэж байв. Засгийн газрын гишүүд алга ташиж хүлээж авсан. Ер нь бол тус фондын хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил голдуу өрнүүлэх бөгөөд эхний ээлжид Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан бүхий Хүүхдийн соёл урлагийн цогцолбор барихаар төлөвлөжээ. Хэрэгжүүлэгч нь Соёлын яам. Хэдийгээр яам бодлогын байгууллага ч барилга байшин барина, бариулна гэж буй.
Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулсан тухай ард иргэдэд мэдэгдэх, эл санд олон нийтээс хандив хуримтлуулах зорилгоор “Монгол соёл, монгол хүүхэд” нэвтрүүлгийг МҮОНТ болон бусад телевизээр цацсан. Тэр үед иргэд, аж ахуйн нэгжүүдээс мөнгө болон хэрэгцээт бараа, материал, ажил үйлчилгээ гэх зэрэг хэлбэрийн хандив чамгүй цугласныг уншигч, үзэгчид мартаагүй. Шууд нэвтрүүлэг дуусах үед дэлгэцэд харагдаж байснаар дөрвөн банкны дансанд нийт хоёр тэрбум төгрөг орсон тухай мэдээлэл дурайж байлаа. Хөтлөгчид ч мөнгөний тоо өсөх бүрт уухайлан, хурайлах шахам баяртайгаар уншсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны үдэш ийм явдал болсон. Харин түүний маргаашаас цөвүүн цагт ард иргэдийн халаас руу өнгийлөө, хууль бус ажиллагаа явууллаа гэсэн шүүмжлэл цуварч эхэлсэн билээ. Хүүхдийн төлөө фонд гээч нь Засгийн газрын дэргэдэх байгууллага уу, эсвэл Соёлын яаманд харьяалагддаг уу, статус нь тодорхойгүй байна. Таван нөхөр нийлж ийм нэрээр төрийн бус байгууллага байгуулан, тамга тэмдэг авсан байна, тийм атал засгаас юун түргэн санхүүжүүлдэг юм бэ гэх зэргээр ам өрсөн шүүмжилж, асууж байлаа. Төр, засаг нь олон нийтийн эрх ашгийн төлөө явуулах үйл ажиллагаагаа төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж, улмаар санхүүжүүлж болдог. Гагцхүү Хүүхдийн төлөө фондын хувьд Засгийн газар, Соёлын яам маш шуурхай шийдэн, санхүүжилтийн суурийг тавьж, улмаар юу юугүй олон нийтээс хандив цуглуулж эхэлсэнд иргэдийн зарим нь дургүйцсэн шиг. Энэ удаа фонд яагаад байгуулав, хуулийн дагуу юу, үгүй юү гэж асуух гэсэнгүй. Харин фондын ажилд амжилт хүсэж шилжүүлсэн иргэдийн мөнгө хаачсан талаар хөндөж байгаа юм.
Олон нийтийн шүүмжлэл ширүүсэхтэй зэрэг тус фондоос мэдэгдэл гаргасан л даа. Үүнд дурдсанаас эш татахад “Цахим тоглолтын үеэр 1900-1950 оператороор дамжуулан амласан цахим мөнгө болох “6.556 onecoin зоос буюу нэг тэрбум төгрөгтэй тэнцэх хандивыг Монгол Улсын одоогийн хууль тогтоомжийн хүрээнд хүлээн авч, бүртгэн зарцуулах эрх зүйн орчин байхгүй тул дээрх хандивыг хүлээн авах боломжгүй бөгөөд цаашид ч ийм хэлбэрийн хандивыг хүлээн авахгүй” гэжээ. Эрх зүйн орчны хувьд хандивын мөнгийг хүлээж авах боломжгүй гэсэн байх аж. Тэгэхээр цар тахалтай холбоотойгоор өмнө нь яг ийм байдлаар зохион байгуулсан “Хурд”, “Хү” хамтлагийн гэх зэрэг хэд хэдэн хандивын тоглолтоор цугласан мөнгө ч гэсэн хаягласан эздэдээ хүрээгүй гэсэн үг үү. Тийм бол “Хурд”-ын цуглуулсан 200 гаруй, “Хү”-гийн бүрдүүлсэн 53 сая төгрөг хаана байгаа вэ.
Үүнтэй адил Хүүхдийн төлөө фондын, уг мэдэгдэлд дурдсанаар бол нэг тэрбум төгрөг мөн хаана байна вэ. Дансны дугаар нь дэлгэцэд бичээстэй байсан арилжааны дөрвөн банканд хадгалагдаж байгаа юу. Бас яагаад нэг тэрбум гэж бичив гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Телевизүүдээр шууд явуулсан хандивын тоглолтыг дуусгах үед мөнгөн дүнгээр хоёр тэрбум төгрөг боллоо гэж хэлж байсан билээ. Дэлгэцэд харагдаж ч байлаа. Хүүхдийн төлөө фондынхон мэдэгдэлдээ мөнгөн дүнгийн 50 хувийг дурдсан нь ямар учиртай вэ. Гэх мэтчилэн олон асуулт хариу хүлээж байгаа бөгөөд сураг сонсох нь ээ өдгөө фондын хаягаар цугласан мөнгийг авах тухай ярилцаж байгаа аж. Гэхдээ эрх зүйн орчныг бүрдүүлж байж авах юм байх. Тэгэхээр асуудлыг явж явж УИХ хэлэлцэх бололтой юм. УИХ эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхгүй бол цугласан мөнгийг яах вэ, илгээсэн хүн болгон руу буцааж шилжүүлэх үү. Ийм маягаар гацсан нь зөвхөн Хүүхдийн төлөө фондын мөнгө үү, өөр хөрөнгө бас байна уу гэдэг нь одоогоор тодорхой бус.
“Монгол соёл, монгол хүүхэд” хандивын тоглолтын үеэр бэлэн мөнгөнөөс гадна байгууллагууд, ялангуяа барилгын материал, үйлдвэрлэлийн чиглэлийн компаниуд цементээс авхуулаад мөнгөн дүнгээр тооцоход үлэмж хэмжээний бараа, ажил, үйлчилгээ амласан. Хандив цуглуулагсад тэдгээрийг эрхбиш сайтар бүртгэн авч, хэрэгцээт зүйлсийг шаардлагатай зүйлд зарцуулах байх. Энэ ч гэсэн олон нийтийн сэтгэл, тусламж тул хүлээж авсан байдал болон зарцуулалтын талаар тайлагнах л учиртай.
Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан бүхий Хүүхдийн соёл урлагийн цогцолборыг барилгүй яах вэ. Ялангуяа хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэх шаардлага хүүхдийн хүмүүжил, төлөвшилтэй холбоотойгоор нэн тэргүүнд тавигдана. Засгийн газар, Соёлын яамны зүтгүүлж буй уг бүтээн байгуулалтын ажлыг нийслэлээс дэмжиж газар олгосон. Энэ тухай батламж дээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархалт монгол өв соёлыг хөгжүүлж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн соёлын барилга, байгууламжуудыг барьж ашиглалтад оруулна” гэсэн зорилтын хүрээнд хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 11 000 ам метр талбай бүхий газрын асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээжүүлэх батламж олгов” хэмээн дурайж буй. Гагцхүү санхүүжилтийг бүрдүүлэхдээ, зарцуулахдаа ч ил тод, ойлгомжтой, хариуцлагатай ажиллахыг цаг үе, нийтийн эрх ашиг шаардаж буйг сануулах гэлээ.
Дэлхийн соёлт үндэстнүүд, улс орнууд дайн байлдаан, өвчин тахалтай үед ч соёл, гэгээрлийн ажлаа зэрэг зэрэг урагшлуулж байсан туршлага бий. Тийм улс орнууд алсуураа хожиж ирсэн байдаг. Манайх ч гэсэн тэр замаар явахыг эрмэлзэж буй нь лавтай.