Монгол улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдээд нэг жил болжээ. Энэ хугацаанд засгийн газраас халдварын эсрэг хийж хэрэгжүүлсэн дорвитой ажил байна уу гэхэд хуруу дарам цөөхөн. Учир нь дотооддоо халдвар тархаагүй байхад, жилийн өмнөөс сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгжүүдийнхээ үүд хаалгыг, халдвар тархах эрсдэлтэй хэмээн хаасан. Халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй хэмээн айлдагч, хууль дүрэм баталж гаргадаг эрхмүүд өөрсдийн гаргасан хууль дүрмээ мөрдсөн зүйл үгүй. УИХ-ын сонгууль гэж бөөн бужигнаан болоод өнгөрсөн.
Харин одоо нөхцөл байдал хүндэрч байгааг албаныхан өдөр болгон мэдээлж буй. Өдөрт илэрч байгаа халдварын тоо 100-аас буурахгүй байна. Эдгээрийн дунд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдлууд олноор илэрч байгаа юм. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр иргэд хаанаас ч халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн үг.
Гэтэл УОК болон ЭМЯ, засгийн газраас халдварт өвчний эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлууд нь хоорондоо уялдаагүй. Яг аль нь үнэн бодиттой мэдээлэл өгч байгаад иргэд эргэлзэж, дунд нь төөрөгдөлд оров. Яах нь мэдэгдэхгүй зөрүүтэй мэдээлэл өгөөд байж байх хооронд нь ногоон бүс хэмээн зарлаж байсан Архангай, Завхан, Төв аймагт халдвар бүртгэгдэж эхлэв. Өөрөөр хэлбэл, Халдвартай хүн шинжилгээнийх нь хариу гараагүй байхад хотоос гараад сум орон нутагт очиж хүндрэл, эрсдэл үүсгэв. Ийм тохиолдол хэд хэд гарлаа. Тэр орон нутаг руугаа явж байгаа хүмүүсийг буруутгах ч яахав. Хамгийн гол нь хотоос хөдөө орон нутаг руу гаргадаг товчооны хяналт шалгалтаа чангатгамаар байна. Ер нь товчоод дээрх хяналт шалгалт ямар байсан талаар хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэдээс тодруулахад “Хүний шинжилгээний хариу эсвэл бүр өмнөх хариугаа үзүүлээд гарсан ч болохоор байсан. Ядаж биеийн байцаалтыг нь нүүр царай, шинжилгээний бичиг, он сартай нь тулгаад хардаггүй юм байна лээ. Уг нь хотоос гарах цэгүүдээ маш сайн хараа хяналттай, өндөр зохион байгуулалттай ажиллуулбал ийм эрсдэл гарахгүйсэн. Ерөнхийдөө бол утаснаас сөрөг гэсэн бичиг хальт харуулахад л болчих нь тэр” гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ингэхээр чинь өөрсдийгөө халдваргүй гэж бат итгэсэн хүмүүс сиймхийг нь ашиглаад гарахыг зэхэх нь тодорхой. Уг нь халдвартай бүсээс гарч байгаа иргэдэд хяналт шалгалтаа сайн хийх үүрэг хүлээсэн ажилчид яагаад ажлаа хийхгүй байна вэ. Энэ бүгдэд холбогдох албаны хүмүүс нь давхар хяналт тавих хэрэгтэй баймаарсан.
Ингэж нэг прецессийг дутуу дулимаг гүйцэтгэсний улмаас дээрх орон нутагт нэлээдгүй хүндрэл чирэгдэл болж буй. Юу гэхээр бүтэн жил сургуулийнхаа барааг хараагүй хүүхдүүдэд хичээл нь танхимаар дөнгөж орж эхлээд удаагүй байхад, урагшгүй албадын ажилдаа хайнга хандаж байгаа байдлаас болж түр хугацаанд хойшлогдов.
Цаашлаад хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад хэцүүхэн л нөхцөл байдал үүсэж байна. Цахимаар хичээл орж байгаа хэдий ч эцэг, эхчүүд ямар ч үр дүнгүй байгааг шүүмжилж буй. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг “маш муу байна” гэдгийг энэ ковидийн үед эцэг эхчүүд ихээхэн анзаарчээ. Тодруулбал, “Арваннэгдүгээр ангийн эрүүл мэндийн хичээл дээр үр хөндөлтийн арга зааж байх юм. Ийм хичээл орох нь ямар үр дүнтэй юм бол оо. Ядаж үр хөндүүлэхэд үүсэх сөрөг үр дагаврын тухай байсан бол за нэг удаадаа хэлээ хазаж, нүдээ анихсан. Бэлгийн боловсролын тухай хичээл орох гэж байгаа юм бол гэр бүл төлөвлөлтийн тухай хичээл боловсруулж болдоггүй юм байх даа” гэдгийг эцэг, эхчүүд шүүмжлэв. Гэр бүл салалт ихсэж байгаа нэг шалтгаан нь хүүхдэд багаас нь гэр бүлийн суурь боловсрол муу өгснөөс үүдэлтэйг салбарын мэргэжилтнүүд нь мань мэтээр хэлүүлэлтгүй мэдмээр л юм. Үүнийхээ оронд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдээлэл өгч болдоггүй юм уу гэж эцэг эхчүүд эмзэглэж ярьж байна. Бас “зайг олон тоон дээр батарей” гэнэ гэж наймдугаар ангийн сурагчдад зааж байх юм.
Ийм хөтөлбөр боловсруулаад батлаад сууж байдаг албан тушаалтан нар юу боддог бол. Үнэхээр хийж чадахгүй байгаа бол чаддаг нэгэнд нь зайгаа тавьж өгөх хэрэгтэй.
Энэ мэт урагшгүй албадаас болж төрийн ажил дээшилж, дэвшин зүйлгүй хэр удах вэ. Дээд албан тушаалтнууд иргэдэд хэрэгтэй шийдвэр гаргасан ч дунд, доод шатанд гүйцэтгэл муу байвал ямар ч ажил үр дүнгүй. Ядаж л халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед иргэддээ хүндрэл чирэгдэл үүсгэхгүй, нэг бодлого зохион байгуулалттайгаар халдварын эсрэг арга хэмжээгээ авмаар байна УОК-оо.