Монгол, Канад Улс 1973 оны арваннэгдүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 48 жилийг үджээ. Өнгөрсөн жилүүдэд хоёр улсын Засгийн газар хоорондын түншлэл, гадаад харилцаа улам бүр өргөжин тэлж, уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт ихээхэн хөрөнгө оруулсан байна. Гэхдээ Канад Улсаас Монгол Улсад суугаа үе үеийн Элчин сайд дэмжлэг үзүүлсэн, хөрөнгө оруулсан, төсөл хэрэгжүүлснээ тэр бүр мэдээлдэггүй даруу зантай. Харин Сангийн яамнаас гаргасан олон улсын хөрөнгө оруулалтын судалгаатай танилцахад Монголд оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ Канад Улсын Засгийн газар, тус улсын хувийн хэвшлийнхэн дээгүүрт ордгийг харж болно. Энэ нь тэд тогтвортой хөгжлийг чимээгүйхэн түгээж буйн тод илрэл биз ээ.
Гадаадын улс орнууд Монголд цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэрхүү хэдэн мянган төсөл, хөтөлбөрөөс Монгол Улс дахь Канад Улсын ЭСЯ-ны дэргэдэх Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн зарим төсөлтэй танилцаж, юугаараа ялгаатай, бас давууг олж харах боломж тохиов.
Монгол дахь Канад сан 1997 оноос манайд үйл ажиллагаагаа эхлүүлж, жижиг, дунд хэмжээний 450 гаруй төсөл санхүүжүүлсэн. Тэдгээрийн дийлэнх нь Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд амьдардаг зорилтот бүлгүүд, 21 аймгийн иргэд рүү чиглэжээ. Канад сан нь аливаа төслийг олон улсад хэрэгжүүлж буй хөгжлийн туслалцаа, хандлагатай уялддаг тул үр дүн нь богино хугацаанд гарч, эерэг өөрчлөлт авчирдаг онцлогтой. Анзаараад байх нь ээ, Канад сан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, чадавхжуулах төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлдэг. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь зөвхөн ашгийн төлөө бус байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тус сангийн 2020-2022 онд хэрэгжүүлж буй нийт 14 төсөл, хөтөлбөрийн жагсаалт өмнө минь байна. Төслийн дийлэнх нь охид, бүсгүйчүүдийг чадавхжуулж, хүүхдийг хөгжүүлж, хамгаалахад чиглэжээ.
Нэн тэргүүнд “Хүчирхэг охид” төслийн талаар та бүхэнд танилцуулъя. Уг төслийн хүрээнд хотын найман асрах төвийн 14-18 насны зорилтот бүлгийн 60 охиныг чадавхжуулах юм. Өөрөөр хэлбэл, өсвөр насны 60 охин ирээдүйд мэргэжлээ зөв сонгож, нийгмийн харилцаанд бэлэн байж, хүний эрх, жендерийн тэгш байдлын талаар зохих мэдлэгтэй болж төлөвших нь. Тэд 18 нас хүрээд асрах төвөөс гарахдаа алзахгүй байх эхлэлийг Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулан Канад сан ийнхүү тавьж өгч буй.
Канад Улс боловсролыг дэмждэг орон. Тэр утгаараа Канад сангаас хүүхдүүд рүү чиглэсэн төслийг тогтмол дэмждэг. Хүүхдийн боловсролд чиглэсэн дараагийн төсөл нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын лаборатори I сургуульд хэрэгжүүлсэн Хүүхдийн хөгжих, сурах, нийгмийн ур чадварыг дэмжих төсөл юм. Уг төслийн хүрээнд I сургуульд хүүхэд хөгжлийн танхим байгуулж, бүрэн тохижуулжээ. Өдгөө уг танхим багш, сурагчдад үргэлж нээлттэй байдаг. Тэдний аль аль нь хичээлийн бус цагаараа шинээр тохижуулсан ангид ирэх дуртай гэсэн. Эл төслийг өнөө жил үргэлжлүүлж буй бөгөөд илүү олон багш, хүүхдэд үр өгөөжөө өгөх биз ээ.
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас “Сургууль эмнэлэг биш” төсөл хэрэгжүүлж буй. Канад сангийн санхүүжилтийн ачаар өсвөр насны охид, хөвгүүдийг эрүүл мэндийн талаарх суурь мэдлэгтэй болгохоос гадна тэдэнд тохиолдож болох элдэв зүйлд оюун санааг нь бэлдэж, даван туулах аргыг зааж эхэлжээ. Уг төслийг хэрэгжүүлж буй нь нүдээ олсон явдал хэмээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас сайшаан тодотгосон удаатай.
Дахиад л эмэгтэйчүүд, охидоо онцолъё. Канад сангийн онилсон дараагийн төсөл бол Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл. Уг төслийг хоёр жилийн турш хэрэгжүүлнэ. Цар тахал дэгдсэн, хүндхэн жилүүдтэй давхацсан ч Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төвөөс дээрх төслийг боломжийн хэмжээнд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ тэд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн тасгийнхантай хамтран ажиллаж буй. Улмаар тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, цахим бүртгэлийн ажилтнуудад хүний хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хүний эрхийн талаар мэдээлэл өгч, эерэг хандлагын сургалт зохион байгуулсан аж.
Аливаа зүйлийн талаар хүүхдүүдэд багаас нь зөв мэдээлэл олгох нь их чухал. Тиймээс зарим сургуулийн сурагчдад судлаач, экологийн мэргэжилтэн байх боломжийг “Ардын лаборатори” НҮТББ-аар дамжуулан Канад сан олгож буй. Өдгөө нийслэлийн ерөнхий боловсролын 33, 65 дугаар сургууль, “Байгаль” лицей цогцолборын сурагчид агаарын чанарын тухай боловсрол олгох сургалтад хамрагдаж, судлаач, шинжээчдийн “үүрэг гүйцэтгэж” явна. Сурагчид агаарын бохирдол бидэнд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэн, багш нарын дэмжлэгтэйгээр судалж, мэдээллээ задлан шинжилж, ярилцаж байна.
Монголын Аутизмын холбоо Дорнод аймагт хүүхдийн хөгжлийг дэмжсэн нэгэн төслийг саяхан хэрэгжүүлж дуусжээ. Тодруулбал, Дорнод аймгийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээт бүлгийн үйл ажиллагааг дэмжиж олон улсын жишгээр суралцах орчныг бүрдүүлсэн аж. Төслийн хүрээнд цогц байдлаар олон үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлжээ.
Цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үеэр Канад сангийн санхүүжилтээр “Вэлүү сан”-гийнхан Сонгинохайрхан дүүргийн 24, 26, 41 дүгээр хорооны 100 гаруй өрхөд дөрвөн долоо хоногийн турш хүнс, түлш тараасан юм. Өвлийн хүйтэн, цар тахлын хүнд хэцүү үед тус сангийн дэргэдэх “Нарны хүүхдүүд” цэцэрлэгээр дамжуулан айл өрхүүд дээрх тусламжид хамрагджээ.
“MGL 88.3” радиогийн “Би ч гэсэн эмэгтэй хүн” олны анхаарч, сонсдог нэвтрүүлэг болж чадсан. Алдартай дуучид, сэтгэлзүйчид, эмч нар уг нэвтрүүлэгт урилгаар оролцон эмэгтэйчүүдэд тохиолддог жаргал, зовлонгийн талаар ярьж, зөвлөж, хэрэгтэй мэдээ, мэдээлэл түгээдэг. “Би ч гэсэн эмэгтэй хүн” нэвтрүүлгийн хоёрдугаар сарын 17-ны дугаарт Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Катрин Ивкоф оролцож, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар мэдээлэл өгч амжсан.
Монгол Улс дахь Канад сан техник, эдийн засаг, байгаль орчин, боловсрол, соёл, урлаг болон нийгмийн хөгжлийг дэмжихэд туслалцаа болохуйц төслүүдэд санхүүжилт олгодог. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд хүн, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд түлхүү санхүүжилт олгосон нь дээрх мэдээллээс тодорхой харагдаж буй биз ээ.
Бэлтгэсэн: Д.Мягмар