Гэр хорооллын нэгэн айлын хашааны хажууд халтирч унасан настан “Мөнгөгүй, ядуу юм чинь яаж сайхан амьдрах юм бэ гэсэн бодол, сэтгэлтэй хүнд авдар дүүрэн алт өгөөд ч дэвжиж, дээшилдэггүй номтой” гэж ихэд уурсав. “Гар, хөл нь хугарчихаагүй байгаа” хэмээгээд өвгөнийг болгоомжтой татаж босгосон бүсгүй “Өвөө, халтирч унахад авдартай алт ямар хамаатай юм бэ” гэж гайхахад “Хашаандаа асгасан угаадас, ус нь гадагш хальж, мөстөөд халтиргаа гулгаа үүсгэснийг энэ айлынхан мэдэж л байгаа.
Орчноо бохирдуулж, бусдын хөдөлгөөнд саад учруулж, гай болж байгаагаа юман чинээ тоохгүй байна гэдэг чинь анхиагүй, арчаагүйн шинж. Чи хашааны завсраар хар даа. Гэрийнх нь бүрээс хир даг, гадаа хог нь хөглөрчихөж. Энэ айлын хүмүүс сэтгэлээр ядуу учраас л ингэж амьдарч байгаа юм” гэж тун дурамжхан хариулав.
Үүнтэй төстэй явдал хэд хоногийн өмнө Хан-Уул дүүргийн XI хорооны байрны гадаа болсон юм. Яг үүдэн хэсэгт нь тогтсон мөсөн дээр хоёр ч иргэнд халтирч унах шахлаа. Дотогш нэвтрээд нэг ажилтанд нь хэрэг зорилгоо хэлэхийн зэрэгцээ гадаах мөсөө арилгаж, цэвэрлэхийг хүстэл гайхсан янзтай харав. Бараг нэг цаг хүлээсний эцэст хорооны тодорхойлолт хэмээх “цаас” аваад гарахдаа ч мөсний тухай дахин сануулаад “Төрийн албан хаагчид ингэ, тэг гэж тушаасан” хэрэгт унах шахсан юм. Угтаа бол хэн нэгний “тушаал”-ыг хүлээлгүй өөрсдийн санаачилга, сэтгэлээр ажлынхаа орчин тойрныг цэвэрлэх үүрэгтэйг төрийн албан хаагч тэр нэгэн эмэгтэйд сануулахад илүүдэхгүй буй за.
Айлын угаадастай мөсөн дээр халтирч унасан өвгөний хэлсэнчлэн сэтгэл, сэтгэлгээ нь ядуурчихсан энэ мэт хүнээс болж төрийн албаныхан ажил муутай гэсэн “шошго” зүүж байгаа нь нууц биш. Ер нь төрд ажилладаг хүмүүсийн ажлыг дүгнэж, хэмждэг шалгуур, үзүүлэлтийг шинэчилж, бодит байдалд тулгуурладаг болгохгүй бол ааштай, сэхүүн, хойрго, хөшүүн байдал нь засрахгүй нь лавтай. Түүнчлэн төрийн албан хаагчийг, ялангуяа түмэн олонтой байнга харилцаж, асуудлыг нь шийддэг анхан шатны байгууллагад ажиллах боловсон хүчнийг шалгаруулахдаа зан авир, хандлага, санал санаачилгатай, эсэхийг нь танадаж, таних ямар нэгэн шалгуур баймаар санагддаг. Ташрамд дуулгахад, бид муу хэлээд л үзээд байдаг солонгос кинонуудад төрийнхнийг туршдаг “хөөрхөн шипи” олон л харагддаг шүү. Цаашлаад төрийн байгууллагууд болон албан хаагчдын ажлыг дүгнэдэг уламжлалт аргаа өөрчлөн, шинэчлэхгүй бол хүнд суртал, харилцан уялдаагүй, ажил хийтүүлдэг, залгамж халаагүй байдал хэзээ ч засрахгүй. Хамгийн гол нь ажилдаа бус, цалин, хангамждаа дулдуйддаг “амьгүй” албат олшрох аюултай.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны өдий үед бүс нутгийн захирагч болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг 20 үзүүлэлт бүхий шинэ шалгуураар үнэлэх зарлиг гаргажээ. Тэрбээр юуны түрүүнд, эрх баригчдад итгэх иргэдийн итгэл үнэмшлийг дээшлүүлэхийн тулд бүс нутгийн үндэсний хөгжлийн зорилтын биелэлтийн явц, үр дүнг олон нийтээр үнэлүүлэх тогтолцоо бий болгохыг чухалчилснаа журмын нэгдүгээрт жагсаажээ. Тухайн бүс нутгийн удирдагч, түүний баг хамт олны ажлыг иргэдийнх нь аз жаргалын индексээр хэмжинэ. Өөрөөр хэлбэл, ядуурлын түвшин, спортоор тогтмол хичээллэдэг болон сайн дурын ажил хийдэг оршин суугчийн эзлэх хувь, боловсролын түвшин, хүүхэд, залуучуудын авьяас, чадвар, хөгжлийг тодорхойлох үр дүнтэй байдал, нийгмийн хариуцлагатай хувь хүнийг төлөвшүүлэх нөхцөл, иргэдийг урлаг, соёл, гэгээрлийн арга хэмжээнд оролцуулсан байдал, амьдрах нөхцөлөө сайжруулсан гэр бүлийн тоо, орон сууцын барилга, түүний орчин дахь ногоон байгууламжийн хэмжээ, орчны чанар, авто замын сүлжээний эзлэх хувь гэхчлэн хүндээ хэр ээлтэй, өрхийн орлого болон иргэдийн сарын дундаж бодит цалин, орлогын өсөлт, жижиг, дунд, хувиараа бизнес эрхэлдэг оршин суугч хэд байгаагаар нь дүгнэх болжээ. Үүнээс гадна эрүүл мэнд, боловсрол, барилга, тээврийн салбарын төрийн байгууллагуудын төлөвшил, цахимжсан байдал буюу иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл бүрэлдүүлсэн, эсэх нь төрийн гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийн нэг хэсэг болж байна. Эдгээр шалгуурыг давснаар төрийнхний хөшүүн, хашин сэтгэлгээ, сэтгэлгээнд салхи оруулна гэж хойд хөршийн удирдагч үзжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн шалгуурыг шинэчилснээр иргэдийн ахуй, амьжиргаа, хөгжлийн түвшин сайжрахын зэрэгцээ удирдах ажилтнуудын, намын боловсон хүчний чадвар, чансаа, сэтгэлгээ, итгэл өөрчлөгдөнө гэдгийг тэрбээр онцолсон байна.
Уг шинэчлэлийн хүрээнд “Шинэ үеийн шинэ давлагаа” арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал бий болсон аж. Энэ нь шилдэг 10 захирагчийг нэрлэж, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд иргэдийн итгэлийг хүлээсэн эерэг удирдагчийг төрүүлэх боловсон хүчний бодлого гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Энэхүү шалгаруулалтад мөн л тухайн бүс нутгийн оршин суугчдын санал хамгийн чухал. “Шинэ үеийн шинэ давлагаа” анхдугаар шалгаруулалтын үеэр иргэдийн санаа, бодлыг тоймлон дүгнэхэд “Засаг даргын хамгийн чухал дүр төрх нь олон нийттэй ойр байх” гэжээ. Мөн сэтгэл хөдлөлийн хувьд ойлгомжтой, харилцааны зөв хэв маягтай, бүс нутгийн асуудлуудыг шийдвэрлэх чадвар, ажлын туршлага удирдагч хүнд байх ёстой гэсэн байна.
Тэгвэл урд хөршийн удирдагч Си Зиньпин “Хятад улс ядуурлын эсрэг тэмцэлд бүрэн ялалт байгууллаа” гэж энэ сарын эхээр мэдэгдсэн. Бараг 99 сая хүнийг ядуурлаас гаргасан энэ амжилтын нууц нь төр, ард түмний хамтын хүчин чармайлт гэдгийг тэрбээр онцолсон юм.
Дэлхийн банкны мэдээлснээр, 21 жилийн өмнө Хятадад ядуурлын түвшин 50 хувь байсан бол өдгөө 0.6 хувь болжээ. НҮБ-ын шинжээчдийн онцолсноор, Хятад улс асуудалд системтэй хандсан. Боловсролыг дэмжиж, тосгонд зам тавьж, дэд бүтэц хөгжүүлснээр хүмүүсийн харилцаа холбоог сайжруулсан нь эдийн засгийг нь дэмжих хөшүүрэг болжээ. БНХАУ-ын дарга “Дундаж чинээлэг нийгмийг төгс цогцлоон байгуулахын тулд “Нэгийг ч үлдээж, хоцроож болохгүй” гэсэн зарчим баримталсан талаараа өгүүлжээ. Үүний тулд төрийн байгууллагууд, яам, Тамгын газрын захирагч, удирдагч, дарга нарын хариуцлагыг дээшлүүлж, иргэдийнхээ дунд орж ажиллаж, амьдрахыг онцгойлон сануулж ирсэн аж. Хятадын төрийн байгууллагын ажлын үр дүнг мөн л иргэдийн саналд тулгуурлаж гаргадаг юм байна. Энэ бол дэлхийн жишиг. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш маань ажил, амжилтын үнэлгээгээ гадаад, дотоодын аль нэг байгууллага, дарга, сайдаар бус, төрийн үйлчилгээ авч, мэдэрдэг иргэдээрээ хийлгэж байна.
Бид ч ийм замаар явах ёстой. Дүүргийнхээ, орон нутгийнхаа иргэдэд тусламж, үйлчилгээг хэрхэн уялдаатай, үр дүнтэй хүргэж байгаагаар нь, хэчнээн ажлын байр бий болгосон, үүний тулд аж ахуй эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлсэн байдал зэргээр нь засаг, захиргааны нэгжүүдийн удирдлагыг дүгнэдэг болъё. Тэд ч шат шатандаа ийм л стандартаар ажиллаж, шаардлагаа тавьдаг болбол хэн хэндээ чирэгдэлгүй байх нь мэдээж. Тухайлбал, дүүргийн Засаг дарга хороодын дарга нарынхаа ажлыг ногоон орчин, оршин суугчдын ажилгүйдлийн түвшин, иргэдийн амрах, хөгжих орчны нөхцөл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, хэдэн хүний санал, гомдлыг барагдуулан, шийдвэрлэсэн бодит баримт зэргээр хэмжиж, өөрөө ч дээд байгууллагадаа эл үзүүлэлтүүдээр “байцаагдан” дүгнүүлдэг болох ёстой. Орон нутгийн хувьд мал сүргийн таваарлаг чанарыг сайжруулах, өвс тэжээлээ хэрхэн базаасан, малын ашиг шимийн хүртээмж, авто замын сүлжээ зэрэг үзүүлэлт байж болох юм. Хятад улс ядуурлыг бууруулахын тулд хот, хөдөөгийн хөгжлийг зэрэг авч явсан аж. Хөдөөд ажлын байр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн гэнэ. Үүнийг ч бодох хэрэгтэй. Гэтэл манайд өнөөдөр үүнээс эсрэгээрээ найр, наадам зохион байгуулсан байдал, төсвөөс оногдсон хэдэн “борыг” хэрхэн үр дүнтэй зарцуулсан гэхчлэн аахар шаахар зүйлээр л дарга нарт дүн тавьж байна. Бас болоогүй, улс төрийн нам “тогтолцоотой” учраас намын мөрийн хөтөлбөр гэсэн “хоосон” жагсаалтын хийтэй “гүйцэтгэлээр” төрийн байгууллага, албан хаагчдын ажлын биелэлтийг дүгнэдэг гажиг тогтолцоо манайд байгааг халах ёстой. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журмаас ч ийм байдал “үнэртдэг”. Жишээ нь, 4.3-т “Сум, дүүрэг дэх босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн тайланг үнэлэхдээ тухайн шатны ЗДТГ-ын даргын баталгаажуулснаар харьяалах дээд шатны байгууллагын үнэлгээний баг үнэлнэ” гэсэн байна. Дарга, эсвэл даргын томилсон хэсэг хүн тухайн албан хаагчийн ажлыг дүгнэнэ гэсэн үг. Үүнийг л засаж, олон нийтээр үнэлүүлдэг тогтолцоонд шилжвэл төрийн ажлын гүйцэтгэл зөв голдиролдоо орж, чанар нь сайжрах буй за.
Тухайлбал, дээр дурдсан хорооны дарга, ажилтанд загнуулах, “зануулахын” хооронд байж авсан нөгөөх тодорхойлолт үнэндээ хэрэг болоогүй. Ажил, албаа алдан байж нэг цаг хүлээж авсан тэр “цаас” бол оршин суугаа газрын тодорхойлолт байсан юм. Гэтэл иргэний үнэмлэх дээр хаяг байхад тийм тодорхойлолт хэрэггүй гэдгийг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтан хэлсэн. Хэрэв үүнийг хорооны ажилтнууд мэддэг байсан бол иргэдийг чирэгдүүлэхгүй. Энэ бол төрийн албаныхны ажлын уялдаа холбоо, хандлага, хариуцлагыг илтгэх ганцхан жишээ. Хэрэв тэр хүмүүсийн ажлыг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэж, оноо цуглуулдаг байсан бол энэ мэт чирэгдэл, үл ойлголцол, назгайрал гарахгүй.
Энэ ташрамд, тухайн хорооны даргад үг дайхад, хэнд ч зовлон, ажил явдал тохиолдож болно. Гэхдээ албаны ажлаа тухай бүрт нь зохицуулж, доод шатныхандаа даатгаад явах зарчимтай. Бас төрийн албан хаагч бол иргэдийн үйлчлэгч учраас ажлын шаардлагаар утас цохиход ундууцаж, “Хэн миний утасны дугаарыг өгөв” гэж цамнах эрхгүй. Нөгөөтээгүүр, хорооны ажилтнууд удирдлагад нь гачигдал тохиолдсоныг мэдсээр байж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээндээ урьдчилан бэлтгэх, дутуу баримт бичгээ базаах ёстой байсныг хүнээр хэлүүлэлтгүй мэдэх ёстой. Энэ бол та бүхний үүрэг, хариуцлага. Үүнийхээ төлөө татвар төлөгчдөөс цалингаа авдаг гэдгийг санахад илүүдэхгүй буй за. Төрийн албан хаагчдыг иргэдээр үнэлүүлдэг системтэй байсан бол та бүхэн ажилгүй болох байлаа. Уучлаарай, хувийн араншин, сэтгэл хөдлөлөөр төрийн ажлыг хийдэггүй юм. Танай хамт олон гадаах мөсөө нарны илчээр бус, ухамсар, сэтгэлээрээ цэвэрлэх ёстойг сануулъя.