Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 300 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд тэдгээрийн 70-аас илүү хувь нь өвчнөө хүндрүүлж, бүрэн эдгэрэх боломжгүй үедээ эмнэлэгт хандсан гэсэн судалгаа бий. Хүндээр өвдсөн хүмүүсийн олонх нь эрүүл мэндийн үзлэгт эрт хамрагдах учиртай байсан талаараа дурддаг. Баянгол дүүргийн “Шар дэгд” өрхийн эмнэлэгт 2019, 2020 онд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал зохих иргэдийн 70 орчим хувь нь л товлолт өдрөө ирж үйлчлүүлсэн байна. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн дүн боловч 10 хүний гурав нь буюу дээрх эмнэлгээр үйлчлүүлэх ёстой иргэдийн 30 хувь нь цаг хугацаандаа ирээгүй, улмаар зарим нь өвчнөө үгдрүүлэн амь насаа алдах эрсдэлд орсон байх магадлалтай гэсэн үг.
Иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломж бүрдүүлэн, ийм үзлэгийн давтамжийг нэмэхэд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр улс орнуудын хүн ам нь эрүүл, урт наслах нөхцөл бүрддэг аж. Тухайлбал, Канад Улс сүүлийн таван жилд эрүүл мэндийн салбарт ногдох төсвийнхөө 5.9 хувийг зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийхэд зарцуулсан дүнгээр тэргүүлснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолжээ. Ингэснээр нэг иргэнд ногдох хорт хавдар болон бусад хүнд өвчлөл, нас баралтын тоо хамгийн багатай улсуудын тоонд орсон аж. Удаах байрт ИБУИНХУ 3.7, ХБНГУ, АНУ 2.9 хувийг нь зарцуулсан үзүүлэлтээр багтжээ. Хөгжингүй орнуудын дийлэнх нь сүүлийн таван жилд эрүүл мэндийн салбарын төсвийнхөө 2.4 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулсан гэсэн тооцоо гаргасан байх юм. Хэрэв бүх улс эрүүл мэндийн салбарынхаа төсвөөс багадаа 2-3 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулж, иргэдээ тодорхой хугацаанд хамруулж чадвал нэг жилд 100 000 хүний амийг аварч болно гэсэн тооцоог 2019 онд НҮБ-аас гарган, ийм үзлэгийн хамрах хүрээг нэмэхийг уриалсан аж. Харин манай улсад эрүүл мэндийн салбарт төсөвлөдөг хөрөнгийн хэдэн хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулдаг талаарх судалгаа байхгүйг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Гэхдээ эрүүл мэндийн даатгал төлөгчид хувийн эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх боломжийг нэмж байгаа гэсэн юм.
Үүнээс гадна хүн амын аливаа өвчлөлд өртөх эрсдэлийг бууруулахад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв дадалд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, сургалт зохион байгуулах нь үр дүнтэйг олон улсад хүлээн зөвшөөрчээ. Ийм ажилд зарцуулах хөрөнгийг өсгөх шаардлагатайг ч эрүүл мэндийн байгууллагууд дурдаж байна. Тодруулбал, 2020 онд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд зөв дадалд уриалсан дүрс бичлэг, ном, товхимол гаргах болон нийтийн биеийн тамир хийх орчин нөхцөл буюу гүйлтийн зам, цэцэрлэгт хүрээлэн, олон хүн хамрагдах боломжтой хямд үнэтэй спорт танхимууд, ахмадуудын өдөр өнжүүлэх төв зэргийг барихад нэг ам.доллар зарцуулбал эмчилгээний зардлыг 30 “ногоон”-оор бууруулах боломжтой хэмээн тооцжээ. Тус улс эл ажлуудыг хийх болон урьдчилан сэргийлэх үзлэгт 2019-2020 онд 82 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд жил бүр багадаа 80 тэрбум “ногоон” зориулснаар дараах 10 жилд нь зүрх, судас, хорт хавдар, чихрийн шижин зэргээр өвчлөгсдийн тоог 30 хүртэлх хувиар бууруулж, эмчилгээний зардал хэд дахин багасна хэмээн тооцож, олон улсад сайн жишиг болгох боломжтойг мэдээлсэн байна. Тэгвэл манай улсад дээр дурдсан ажлуудад нэг жилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, олон байгууллагын дүгнэлтээр гарч болохыг ЭМЯ-ныхан дурдав. Түүнчлэн нэг саяас дээш хүн амтай томоохон хотуудад нэг хүнд ногдох ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хэмжээ 15-18 ам метр, дугуйн замын урт авто замынхтай нь ойролцоо бөгөөд өргөн нь 1.5-7 метр байдгийг мэдэж болно. Тэгвэл эдгээр дүн манай улсад 5-6 дахин бага байгаа нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх талаар хангалтгүй ажиллаж буйн баталгаа гэдгийг олон эх сурвалж онцлов.
Төрөөс иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ болон хүрээлэн буй орчны таатай нөхцөлөөс гадна эрүүл амьдрахад тустай чухал үзүүлэлт бол хувь хүний дадал зуршил. Япон, БНХАУ, БНСУ зэрэг хүн амын дундаж наслалт өндөртэй, хөдөлмөрийн чадвартай, эрүүл чийрэг, 60-аас дээш насныхан олонтой улсад дараах зарчмуудыг олонх иргэн нь баримталдаг гэнэ. Үүнд тогтмол 00.05-00.06 цагт босож, өглөөний цай ууна. 12.00-13.00 цагт үдийн хоол идэж, 14.00 цагийн үед нэг цаг хүртэлх хугацаагаар унтан, 22.00 цагаас хэтрэлгүй амарна. Мэдээж согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бага байж, дугуй унах, алхах, бүжиг болон зөөлөн иог, амьсгалын дасгал хийхэд долоо хоногт таван цаг зарцуулж хэвших хэрэгтэй гэнэ. Мөн бага хэмжээгээр өдөрт 4-5 удаа хооллох, өдөр бүр усанд орох нь зүйтэй аж. Ялангуяа дэлхий нийтэд дундаж наслалтаараа хамгийн өндөрт тооцогддог япончууд өдөрт багадаа 10 000 алхан, боломж бүрдвэл халуун рашаанд орж хэвшсэн нь урт наслах нэг нөхцөл нь болдог гэжээ. Мөн иргэд нэг сарын орлогынхоо 20 хувийг усанд сэлэх, ямар нэгэн спортоор хичээллэхэд зарцуулбал өвчлөлд өртөх эрсдэлийг нь тэр хэмжээгээр бууруулдаг талаар мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээрээс харахад хүн амын эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлд өртөх эрсдэл, эмчилгээнд зарцуулах хөрөнгийг багасгахад төрийн болон олон нийтийн байгууллага, иргэдийн хамтын оролцоо чухал байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулах хөрөнгийг тодорхой болгох, иргэд дор бүрнээ эрүүл амьдралын хэв маягт суралцах учиртай байх нь. Энд нэг жишээ дурдахад, Хан-Уул дүүргийн XVIII хорооны иргэн 66 настай Г.Гомбожав гуай 21-тэйдээ одоогийн Санхүү, эдийн засгийн их сургуулиас ажлын гараагаа эхлүүлсэн гэнэ. Нягтлан бодогч, санхүүч мэргэжлээр гурван байгууллагад 41 жил ажиллахдаа сар бүрийн цалингийнхаа 30 гаруй хувийг хадгаламжид хийсээр тэтгэвэрт гарахдаа 140 гаруй сая төгрөг хуримтлуулж чаджээ. Сахилга баттайгаар ийнхүү хадгалсан мөнгө нь 2018 онд урд хөршид хийлгэсэн элэг солиулах мэс заслынх нь зардлын гуравны нэг орчим хувийг бүрдүүлсэн аж. Үлдсэнийг нь орон сууцаа зарж, хамаатан садан, нэг нутгийнхан, хамт ажиллаж байсан хүмүүсээс хандив тусламжаар олжээ. Тэрбээр “Ажиллах хүч чадалтай байхдаа хурааж хуримтлуулсан бүхнээ тэтгэвэрт гарангуутаа биеэ эрүүлжүүлэхэд зарцуулаад дууссан. Орон сууц, хэдэн төгрөгтэй байсан тулдаа төдийлөн цаг алдалгүй мэс засал хийлгэжээ. Өвдсөнөөсөө хойш эмч нарын хэлсэн үг бүрийг дагаж, хэзээ, юу ууж, идэх болон хэдэн цагт унтах, сэрэх, амрах цагийн хуваарийг ягштал мөрддөг болсон. Хэрвээ залуу наснаасаа ингэж биедээ анхаарч, эсвэл 2-3 жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдан, спортоор хичээллэдэг, ядаж алхдаг байсан бол жингээ хэт нэмж, бие дэх сахарын хэмжээгээ ихэсгэн улмаар хүнд өвдөхгүй байсан болов уу” хэмээв. Энэ бол 50-иас дээш насны эрчүүдэд зонхилон тохиолддог элэгний хатуурал, хорт хавдраар өвдөн, эмчлүүлсэн хүмүүсийн нэгээхэн жишээ. Эмчлүүлж эдгэрээд ийн ярьж суугаа нэгэн байхад өвчин нь хүндэрсэн, хөрөнгө мөнгө багатайчууд нь хатуухан хэлэхэд үхэж дуусна. Тиймээс дээр дурдсан зөв дадлыг хэвшүүлэх, төрийн зүгээс ч иргэд амьдрах таатай орчин бүрдүүлэн, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж, төсөвлөх хөрөнгөө нэмэх нь хүн амын эмчилгээнд зарцуулах зардлыг бууруулж, урт наслахад түлхэц болох юм. Ташрамд дурдахад, манай хүн амын дундаж наслалт 2020 онд 70.1 байсан нь хөгжингүй орнуудынхаас 8-9, Японыхоос 15 жилээр бага дүн юм. Мөн 2018, 2019 онд эрхтэн шилжүүлэх, зүрх, судасны эмгэг, мэдрэлийн мэс засал хийлгэхээр Монголоос 200 гаруй хүн гадаадад эмчлүүлэхэд 12 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.