Манай улс согтууруулах ундааны хэрэглээгээрээ тивдээ айргийн тавд “давхидаг”. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2015 онд 7.2 л байсан бол 2019 онд 8.5 л, шар айрагных 2015 онд 25.3 л байсан бол 2019 онд 28.8 л болж нэмэгдэн, Азид дөрөвдүгээрт бичигдсэн. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо ч хүн амынхаа тоотой харьцуулахад мөн л дээгүүр “жаална”. Улсын хэмжээнд 2020 оны эхний найман сард л гэхэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2910-ыг бүртгэсэн нь өмнөх оныхоос 14.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ билээ. Энэ нь нийт гэмт хэргийн 16.2 хувийг эзэлж буй бөгөөд өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсжээ. Түүнчлэн архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан, гэр бүлийн хүчирхийллийн 53.3 хувийг согтуугаар үйлдсэн гээд харамсаж, халаглам тоо олон.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд “Манай улсад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 1984-1992 оныхоос 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн” гэсэн бол Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд сурагч, өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн төдийгүй 12.9 хувь нь согттол хэрэглэж байсан, тэдний эцэг, эхчүүдийн 39.8 хувь нь архи уудаг хэмээсэн нь сэтгэл түгшээхээс аргагүй үзүүлэлт. Мөн тэнд оюутан, залуусын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубийн үйлчлүүлэгч гэсэн байв.
Архины хэрэглээний талаарх иргэдийн хандлагыг тодорхойлох судалгаанд хамрагдсан 15-24 насны хүүхэд, залуусын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн бол уг судалгаанд оролцсон иргэдийн 52 хувь нь монголчууд нэг доор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал нийлжээ. Энэ хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүнд ижил байсан нь монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг нийтээрээ хүлээн зөвшөөрч буйг илэрхийлсэн хэрэг.
Дээр дурдсан судалгааны дүн, тоо баримтууд архидалт, архинд донтох эмгэг монголчуудын хувьд ямар сэтгэл эмзэглүүлэм түвшинд хүрснийг бэлээхэн хэлээд өгнө. Тиймээс уг асуудалд анхаарал хандуулах шаардлага гарцаагүй тулгарсан төдийгүй архидан согтуурахтай тэмцэх, үүнээс үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй гэж судлаачид хэлж байна.
Монгол Улсын төр, засгийн зүгээс архидан согтуурахтай тэмцэх чиглэлд гар хумхидаггүй ч хийсэн ажил нь нэг л байгаа олдоггүй гэсэн шүүмжлэл олон. Парламент 20 гаруй жилийн өмнө Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль баталж, өнгөрсөн хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч энэ хугацаанд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо, архидалтын нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд өөрчлөлт гараагүй. Энэ бол уг хууль бодит байдалтай нийцээгүй, нийгмийн өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч чадаагүйнх гэж судлаачид дүгнэсэн.
Үүнтэй төр, засаг санал нэгдсэнийх үү, эсвэл олон улсын шахаас, захиас нөлөөлсөн үү, ямартай ч хэрэгтэй, хэрэггүй, хоорондоо уялдаа авцалдаа муутай нэмэлт, өөрчлөлт оруулсаар шүүрэн шанага шиг болж нооройсон Архидан согтуурахтай тэмцэх хуулиа шинэчилж, үндсээр нь өөрчлөхөөр болсон байна. Тогтвортой хөгжлийн зорилгын “Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих” гэсэн гуравдугаар зорилтынхоо хүрээнд мансууруулах бодис, архины хэрэглээг бууруулах даалгаврыг НҮБ улс орнуудад өгсөн. Манай улс НҮБ-ын гишүүний хувьд ядуурал, тэгш бус байдлыг халж, нийтээрээ сайхан амьдрах нийгмийг бүтээх эхний алхам болох уг зорилгыг биелүүлэхийн төлөө чадах зүйлээ хийх үүрэгтэй.
Тийм ч учраас Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” хэмээн заасан. Үүний хүрээнд архидан согтуурахтай хийх тэмцлийг эхлүүлж, хуулийн төсөл боловсруулжээ. Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлд ямар зохицуулалтууд байгааг тоймлон сонирхуулъя.
Уг төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэх, согтууруулах ундааны хууль бус эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архины хамааралтай хүнийг эрүүлжүүлж, эдгээх үндэсний тогтолцоог бий болгохтой холбоотой харилцааг цогц байдлаар тусгасан гэж хууль санаачлагчид нь хэлж буй. Төсөлд тусгаснаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг Засгийн газар, харьяа яам эдлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жил, экспортлох тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.
Согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавих шаардлагуудыг шинээр тодорхойлсон нь уг төслийн сонирхол татах хэсэг. Энд үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөөрөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн спиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох гэх мэт заалт шинээр оруулж буй.
Экспортлохоос бусад, дотоодод борлуулах согтууруулах ундаанд савлах хэмжээг тогтоох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үед согтууруулах ундаагаар үйлчлэх бол түр зөвшөөрөл олгох, спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг холбоо, мэдээллийн сүлжээ, өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан, эсвэл гар дээрээс борлуулах, хаягаар хүргэхийг хориглох, тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу зоогийн болон уушийн газрууд 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь худалдахыг хориглох зэрэг заалт нь зохистой хэрэглээг бий болгох зорилготой гэнэ. Мөн хямдрал, урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдах, бүтээгдэхүүний дээж, загварыг танилцуулах нэрээр үнэ төлбөргүй үйлчлэх, бусдыг дайлах, амталгаа зохион байгуулах, нэг тогтоосон үнээр хязгааргүй хэмжээгээр үйлчлэх, зээлээр худалдах гэхчлэн архидалтыг өдөөж, дэмжих олон хэлбэрийг хуулиар хориглох нь.
Түүнчлэн “архигүй өдөр”-ийн тоог нэмж, улс тунхагласан өдөр, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, сонгуулийн санал авахын өмнөх болон дараах өдөр согтууруулах ундаа худалдах, төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглохоор төсөлд тусгаад байна.
Архидан согтуурсан этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, донтох өвчний хор уршигтай тэмцэх Засгийн газрын сан байгуулна гэсэн нь төслийн анхаарал татах хэсэг. Уг сангийн хөрөнгийг согтууруулах ундаа үйлдвэрлэх болон импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлдвэрлэсэн, нийлүүлсэн бүтээгдэхүүнээс татвар авч, бүрдүүлэх гэнэ. Тодруулбал, 18-37 хүртэл хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаанд литр тутамд 200 төгрөг, 37 болон түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаанд 300 төгрөгөөр тооцон, онцгой албан татвар дээр нэмж төлүүлэх аж. Ийнхүү сан байгуулаад согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулна гэж хууль санаачлагчид үзэж байна.
Төсөл сөхөхөд ийм заалтууд байна. Архи уудаг хүний ухамсартай бус, архитай тэмцсээр үр дүнгүй төгсдөг гэсэн шүүмжлэлийг засаж чадах, эсэх нь төсөл хууль болж батлагдталаа хэрхэн өөрчлөгдөх, цаашлаад амьдрал дээр яаж хэрэгжихээс шалтгаалах биз ээ.
Бэлтгэсэн: А.Амина