УИХ-ын намрын чуулганаар баталсан хамгийн анхаарал татахуйц хууль нь Шүүхийн тухай хууль. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх ёстой эрх зүйн баримт бичгүүдийн хамгийн эхэнд нэрлэгдсэн уг хуулийг хоёр парламент дамнан хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сард баталсан. Хэлэлцүүлгийн бүх шатанд асар олон санал, шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөсөн, парламент аль хэдийн батлаад, хууль хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхлээд байхад ч энэ нь үргэлжилсээр буй нь уг хуулийн ач холбогдол, олон нийтийн анхаарал татаж, хүлээлт үүсгэсэн байдлыг илтгэх нэг үзүүлэлт биз.
…Алдаа, дутагдал гаргасан шүүгчидтэй тулж ажиллах, тэдний зөв, бурууг дэнслэх онцгой эрхийг Шүүхийн сахилгын хороо хэмээх шинэ бүтэц байгуулан хариуцуулахаар болсон. Эл зохицуулалт хэрхэн амилах, шинэ бүтэц яаж бүрэлдэх, хэн хэн энэ хороонд орох нь хууль хэрэгжиж эхэлсэн эдгээр өдрүүдэд хамгийн ихээр анхаарал татаж байна…
Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, хариуцлага, сахилгыг дээшлүүлэхийг олон нийт хүсэж, үүнд нь уг хууль тусална хэмээн найдаж буй. Шүүгчийн сахилга, хариуцлага бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын үндсийн үндэс. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлсэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зорилтыг үр дүнтэй, амьтай байлгах гол зохицуулалт нь шүүгчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай хэсэг. Үүний хүрээнд шүүгч хариуцлага алдсан, ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг байх зарчмыг хуулиар нарийвчлан зохицуулсан. Хуульд тусгасан зарчмын томоохон өөрчлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, алдаа, дутагдал гаргасан, шударга бус хандсан шүүгчидтэй тулж ажиллах, тэдний зөв, бурууг дэнслэх онцгой эрхийг Шүүхийн сахилгын хороо хэмээх шинэ бүтэц байгуулан хариуцуулахаар хуульд тусгасан. Эл зохицуулалт хэрхэн амилах, шинэ бүтэц яаж бүрэлдэх, хэн хэн энэ хороонд орох нь хууль хэрэгжиж эхэлсэн эдгээр өдрүүдэд хамгийн ихээр анхаарал татаж байна.
Шүүхийн сахилгын хороо бол шүүгчид сахилга, хариуцлага хүлээлгэх ганц бүтэц. Монгол Улсад зөвхөн энэ хороо л шүүгчид хариуцлага хүлээлгэнэ, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын бусад шийтгэл ногдуулна. Тэгэхээр шүүгчдийг шүүх онцгой эрхтэй энэ хороо анхаарал татахаас ч аргагүй юм.
Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байхаар хуульд заасан. Есөн гишүүний дөрвийг шүүгчид дотроосоо сонгоно. Тодруулбал, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаас сонгох аж. Шүүхийн сахилгын хорооны үлдсэн таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилно. Хууль хэдийн батлагдаж, хүчин төгөлдөр болсон ч тодорхой заалтуудыг тойрсон хэлэлцүүлэг нийгэмд өрнөсөөр буй. Тухайлбал, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний тухайд “Хорооны бүрэлдэхүүнийг шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж ангилах нь буруу. Тэд бүгд орон тооны гишүүн тул ямар нэгэн ангилалгүйгээр хэрэг хуваарилах журмын дагуу маргааныг шийдвэрлэх ёстой” гэсэн байр суурь Ерөнхийлөгчийн зүгээс гарсан.
Харин нөгөө талд “Шүүгчийн төлөөлөл давамгай байвал мэргэжил нэгт нөхөд, системийнхнээ хамгаалах хандлага гаргах магадлалтай тул олон нийтийн төлөөлөл дийлэнх байхаар тусгасан. Тийм байж чадвал иргэдийн шүүхэд итгэх итгэлд эерэг нөлөөтэй.
Нөгөө талд, шүүгчийн сахилга, хариуцлагыг шүүгч биш хүмүүс шийдэх нь өрөөсгөл тул дөрвөн шүүгчийг Сахилгын хороонд оруулна. Хорооны шүүгч гишүүдийн тухайд 10-аас доошгүй жил шүүгчээр ажилласан, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, мэргэжил, туршлагын шаардлага хангасан шүүгч нарт бусад шүүгчийн хувь заяаг шийдэх эрхийг олгоно” хэмээн хамгаалсан байр суурь сонсогддог.
Шүүгч бус таван гишүүнд хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрхзүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэн байх шалгуур тавьсан нь мөн л зөв, буруу гэсэн талцал үүсгэсэн. Тодруулбал, “Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр эрхзүйч этгээд ажиллахаар хуульд тусгасан нь зүйд нийцэхгүй. Тус байгууллагуудад эрх зүйн байдлаараа адил биш, ялгамжтай бүрэлдэхүүн ажиллах нь зохимжгүй” хэмээн нэг хэсэг нь тайлбарлаж буй. Харин нөгөө хэсэг нь “Олон улсын жишигт Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн нь урьд өмнө шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж, шүүхийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэсэн шаардлага тавьсан. Шүүх ажиллагаанд ямар нэг байдлаар оролцож байсан бол хамаарал бүхий этгээд болно гэж үздэг” хэмээдэг.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг УИХ-аас томилох хуулийн заалтын тухайд “УИХ-ын даргын захирамжаар байгуулсан, УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгон, парламентаар хэлэлцүүлж томилохоор болсон нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга, хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах үндсийг бүрдүүлж байна” хэмээн шүүмжлэх хэсэг бий.
Эсрэг талд нь “Сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг УИХ-аас томилох нь Үндсэн хуульд харшлахгүй. УИХ бол Монгол Улсын ард түмний төлөөллийн дээд байгууллага. Энэ утгаараа ард түмэнд томилох эрхийг өгч буй хэрэг. Шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохыг улс төрийн шууд томилгоотой андуурч болохгүй. Нээлттэй сонгон шалгаруулалтад хүн бүр бие даан оролцож, олон нийтийн шалгуураар шүүлгэн гарч ирэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, өөрийгөө нэр дэвшүүлэх ч эрхтэй гэсэн үг. Хэрэв Ерөнхийлөгч, Засгийн газар нэр дэвшүүлэх эрх эдэлж, энэ томилгоонд оролцоод эхэлбэл хишиг хуваарилж буй мэт болж, нэр дэвшихийг хүссэн хүн тэдний үүдийг сахихаас аргагүйд хүрнэ. Шуудхан хэлэхэд, нэр дэвшүүлсэн хүнийхээ шууд нөлөөнд ордог өмнөх гашуун түүх давтагдана. Үүнээс гадна Шүүхийн сахилгын хорооны гишүүд зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдохоор хуульчилсан нь улиран сонгогдох гэж хэн нэгнээс царайчлахгүй, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой” хэмээн өмөөрөгчид бас бий.
Энэ мэтчилэн Шүүхийн сахилгын хороог тойрон эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлэгчид байсаар байна. Олон нийтэд ийм хүлээлт үүсгэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн Шүүхийн сахилгын хороо байгуулагдах сураг чимээ одоогоор алга.
Бэлтгэсэн: А.Амина