Гар дээрээс худалдаа эрхлэгч иргэн амны хаалтгүй, бас тамхи татангаа үйлчлүүлэгчтэй ярилцана. Түүний хажууд нэг метр гаруй зайд бас нэгэн худалдаа эрхлэгч зогсжээ. Тэдний хажуугаар иргэд зогсоо зайгүй зөрөн явах аж. Тавилга, хувцас, гутал, гэр ахуйн, гар утасны дагалдах хэрэгсэл зэрэг төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний лангууны ихэнх нь цөөнгүй үйлчлүүлэгчтэй, хоорондынх нь нарийн замаар хүмүүс багтаж ядан зөрнө. Нарийн замаар зөрөх иргэдийн дунд амны хаалтаа эрүүндээ зүүчихсэн, эсвэл зөвхөн амаа таглаад, хамраа гаргачихсан хүн ч харагдана. Амны хаалтаа түр авснаа нусаа нийх хүн ч байх. “Зарим айл Цагаан сараа нөхөж тэмдэглэж байгаа бололтой.
Бэлэг сэлт сонирхсон хүн цөөнгүй таарлаа” гэж нэгэн худалдагч ярив. Нийслэлийн хамгийн олон хүн холхидог, хэдэн зуун, зарим тохиолдолд мянгаар тоологдох хүн цуглардаг газруудын нэг “Нарантуул” худалдааны төвд өчигдөр очиход ийм дүр зураг угтав. Тэнд иргэдийг бүртгэх QR код байхгүй, халуун хэмжигч үгүй, халдвар хамгааллын дэглэм сахихыг сануулсан хүн ч алга. Иргэд ямар ч хяналтгүйгээр холхиж байв. Товчхондоо, халдвар тархвал ойрын хавьтлуудыг нь олоход тун бэрх. Улаанбаатар хотод энэ сарын 11-23-нд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор үйл ажиллагаагаа түр зогсоосон тус зах өчигдрөөс “амь орсон” нь энэ. Дотоодын халдварын тархалтыг хумих зорилгоор нийслэлд 12 хоногийн хөл хорио тогтоосон бөгөөд уржигдраас дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоогоод байна. Ингэснээр Улаанбаатар хот дахь аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудын 95 хувь нь хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Багагүй хугацаанд хаалттай байсан үсчин, фитнес, зоогийн газар, барааны зах гээд бүх төрлийн худалдаа, үйлчилгээ нээгдээд байгаа хэрэг. “Нарантуул” захад байрлах хэд хэдэн цайны газраар орж, үйлчлүүлэгч хэр олон байгаа болон халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж буйг тодруулахад “Хүн тун цөөн байна. Ер нь ойрын хугацаанд нэг их нэмэгдэхгүй бололтой. Хэдийгээр хөл хориог сулруулсан ч манай захыг арай эрт нээчихлээ. Одоохондоо олон хүн орж ирэхгүй байна. Халдвар хамгааллын дэглэм сахиж, ариутгал хийлгэсэн, ширээ хоорондын зайг хоёр метр болгосон” гэлээ. Худалдаа, үйлчилгээний газрууд цар тахлын үед хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газраас гаргасан түр журамд ийнхүү хоёр метр зайтай байх гэсэн шаардлага тавьжээ. Тус зах дахь “Баялаг ундраа” төвд ажилладаг үсчид ч “Үйлчлүүлэгч бараг алга. Хааяа ганц хүн ирж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш бараг ажил хийсэнгүй. Нэлээд хугацаанд амьжиргаагаа арайхийн залгууллаа. Тиймээс дахиад хөл хорионд орж, орлогоо алдахгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаа” гэсэн юм. Уг төв дэх үсчний газрууд суудал бүрээ тусгай хаалттай болгож тоноглосон байв. Харин үс засахын тулд үйлчлүүлэгчийн амны хаалтыг заавал авахаас өөр аргагүйг учирласан. Үсчид үйлчлүүлэгчидтэй ойрын зайнаас харилцдаг, маш эрсдэлтэй учраас заавал амны хаалттай байхыг холбогдох мэргэжлийн байгууллагынхан уг нь анхааруулж буй билээ. Бас дээр дурдсан түр журамд ч үйлчлүүлэгч заавал амны хаалттай байх ёстой гэжээ.
Хөл хорионы хугацаанд нийслэлд “Нэг хаалга, нэг шинжилгээ” аян зохион байгуулж, бүх өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулсан. Дотоодын халдвар хэр олон хүн хамарсан, илрүүлж чадаагүй нууц голомтууд бий, эсэхийг тодруулахаар уг арга хэмжээг зохион байгуулсныг албаныхан онцолсон билээ. Ямартай ч уг аяны явцад 442 303 иргэнийг шинжилгээнд хамруулж, хяналтад ороогүй, олон нийтийн дунд ажиллаж, амьдарч байсан 131 иргэнээс коронавирус илрүүлэв. Улмаар нуугдмал байсан 10 голомтыг тогтоож, 1000 хүн халдвар авах эрсдэлээс сэргийлж чадсан гэж албаныхан аяныг дүгнээд байна.
Хэдий тийм боловч нийслэлд эрсдэл буураагүй тул халдвар хамгааллын дэглэмийг тогтмол, өндөр түвшинд сахихыг Эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох мэргэжлийн байгууллагынхан өдөр бүр олон нийтэд сануулж байгаа. Гэсэн ч бодит байдалд халдвар хамгааллын дэглэм нүд хуурсан төдий, нөгөө талаас иргэд ч хариуцлагагүй байгааг наад захын худалдаа, үйлчилгээний газраас харж болно. Бас хөл хорио дууссан цагаас эхлээд л Цагаан сарыг нөхөн тэмдэглэхээр айл хэсэж, авто замд түгжрэл үүсгэж, хямдралтай худалдаа зарласан дэлгүүрийн үүдэнд олноороо дугаарлаж, зай барих дэглэмийг ор тас мартсан иргэд ч үүнийг гэрчилнэ. “Хөл хорионы хугацаанд автомашины хөдөлгөөн 90, зам, тээврийн ослын тоо 2020 оны мөн үеийнхтэй харьцуулахад 90 хувиар буурсан. Харин хөл хориог сулруулснаар хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын түгжрэл үүсэж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулсан нэг өдрийн дотор зам, тээврийн ослын 152 дуудлага ирсэн. Уг тоо нь хөл хорио тогтоосон 12 хоногийн дуудлагыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний үзүүлэлт” гэж ТЦА-ны ахлах мэргэжилтэн, ахмад Г.Отгонтамир хэлсэн юм.
Коронавирусийн халдвар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод тархсанаас хойш нийслэлд гурав дахь удаагаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоосон. Энэ нь иргэд, бизнес эрхлэгчид, улмаар улсын эдийн засгийг ч туйлдуулах болсон билээ. Тиймээс цаашид хөл хорио тогтоох бус, “Ковид-19”-тэй зэрэгцэн амьдрах ёстой гэж цөөнгүй иргэн, бизнес эрхлэгч хэлж байгаа. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ч энэ талаар байн байн дурдах болсон юм. Ийнхүү зэрэгцэн амьдрахын тулд энгийн гуравхан дэглэмийг л бид сахих ёстойг мэргэжилтнүүд сануулж байна. Тодруулбал, амны хаалт зүүх, гараа сайн угаах, зай барих гэсэн гурван зөвлөмж. Амны хаалт зүүх зөвлөмжийг нийслэлийн иргэд сайн мөрддөг болсон. Хамраа гаргасан, эрүүндээ зүүчихсэн, эсвэл нэг чихэндээ өлгөчихсөн хүн хааяа нэг тааралддагийг эс тооцвол эл зөвлөмжийг бид баримтлаад сурчихсан. Гар угаах ч ялгаагүй. Харин яагаад ч хэвшүүлж чадахгүй байгаа нэг зүйл нь зай барих. Уг дэглэмийг хэрэгжүүлэхэд тун хүндрэлтэй байгааг “Нарантуул” захын худалдагч, үйлчлүүлэгч хэлж байв. “Зах дөнгөж өнөөдөр нээгдсэн болохоор үйлчлүүлэгч бага байна. Тэгсэн хэрнээ л зай барих боломжгүй байгаа биз. Талбай багатай болохоор аргагүй. Зай барина гээд зарим хүний лангууг гаргаж хаялтай биш. Энэ хэвээрээ л үйл ажиллагаа явуулах биз. Тэгээд ч бид гадаа ажилладаг учраас эрсдэл багатай гэж бодож байна” гэж хувцасны тасгийн худалдагч Х.Баяр хэлсэн юм. Тэгвэл бусад улсад үүнийг хэрхэн зохицуулж байна вэ. Энэ талаар тодруулахаар БНСУ-д амьдарч байгаа монгол иргэнтэй холбогдлоо. Тус улсад коронавирус дэгдсэн цагаас л хатуу хөл хорио тогтоогоогүй бөгөөд иргэд нь бидний хэлдэгчлэн коронавирустэй зэрэгцэн амьдарч хэвшиж байгаа юм. Тэрбээр “Амны хаалт байнга зүүх ёстой. Худалдаа, үйлчилгээний газруудад ороход заавал халуун хэмждэг. Ихэнх газар нь автомат хэмжигчтэй. Бас орсон газар бүртээ QR код уншуулна. Хэрэв тухайн газарт байсан хүн коронавирусээр халдварласан бол үйлчлүүлэгчдэд шинжилгээнд хамрагдахыг гар утасны аппликэйшнээр дамжуулж зөвлөж байна. Зоогийн газруудад заавал ширээ алгасаж суулгадаг. Бас ширээнүүд нь тус бүртээ хаалттай” гэсэн юм.
Ямартай ч бид цар тахал намжтал, эсвэл дархлаажуулалт дуустал халдвар хамгааллын дэглэм сахих ёстой нь маргаангүй. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр “Иргэд халдвар авахгүй юм шиг гадуур олноор явж, айл хэсэж, золгож, амны хаалт зүүхгүй байна. Эрсдэл арилаагүй, дэлхийн аль ч улс цар тахлыг устгаагүй. Тиймээс хүн бүр анхаарал болгоомжтой байхыг хүсье” гэснийг энд давтан уламжилъя.
Бэлтгэсэн: М.Оч