Боловсролын салбарт эмзэг сэдэв олон. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын хүрэлцээ дутмаг, сургалтын хөтөлбөрүүдийн чанар хангалтгүй, сурах бичгүүдийн залгамж холбоо тааруу гэхчлэн тоочоод дуусахгүй зовлонтой. Цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо өдгөө 33-48, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 31, дунд болон ахлах ангид 20 байна. Нэг ангид суух хүүхдийн тоо энэ мэт олон улсын стандартаас хэд дахин давсан нь боловсролын тэгш бус байдлыг “өрдөх” тэргүүн шалтгаан болж буй юм. Бүх шатны боловсролын байгууллагуудын хүрэлцээгүй, чанаргүй байдал нь эл салбарт хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирэх нөхцөл бүрдүүлсээр.
Тэглээ гээд төрийн үүрэг, ачааллыг хамтран үүрэлцэж буй хувийн сургуулиудыг “Дэмжиж болохгүй, байх ёсгүй” хэмээн адлах нь бас утгагүй. Гагцхүү төр, хувийн хэвшлийнхний түншлэлийг сайжруулах замаар боловсролын салбарыг жигд хөгжүүлэх нь зүйтэй болов уу. Гэвч боловсролын шинэ сайдууд “мэндлэх” бүртээ эл салбарын хамгийн эмзэг сэдвийг “барьж аван”, тоглолт хийдэг жишиг тогтоод удлаа. Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлнө л гэнэ. Харамсалтай нь, хэн нь ч энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Дараагийнх нь, хувийн сургуулиудад төрөөс олгодог хувьсах зардлыг танах “шоу”. Өөрөөр хэлбэл, үе үеийн сайд нарын “тодордог” сэдэв нь энэ. Гэсэн хэрнээ хэн нь ч үүнийг шийдэж чадаагүй. Чадаагүй гэхээсээ гарц, шийдлийг нь бодит байдалтай уялдуулаагүй гэвэл үнэнд дөхнө. Хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал олгохыг нийгмийн олонх нь өдий хүртэл эсэргүүцсээр ирсэн. Тиймээс өдгөө эл асуудалд ул суурьтай хандах нь чухал.
БШУ-ы шинэ сайд Л.Энх-Амгалан тамгаа гардав уу, үгүй юү жилд 10 ба түүнээс дээш сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохыг зогсоохоо мэдэгдсэн. Гэхдээ түүний эл шийдвэр нь одоогоор албан бус. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан сүржин мэдэгдэл хийсэн нь өдгөө олон нийтийн анхааралд өртөөд буй хэрэг. “Улсын хэмжээнд тав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй 106, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль байдаг. 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй нь найм бий. Хувийн сургуулиуд өнгөрсөн хоёр хичээлийн жилд танхимаар хичээллээгүй. Дээр нь төрөөс цахилгаан, дулааных нь үнийг хөнгөлж байгаа. Гэтэл улсын сургуульд явдаг 170 000 хүүхэд өдгөө хичээлээсээ хоцорсон. Мөн нийслэлд 30 000 гаруй хүүхэд цахилгаангүй, зурагтгүй, утас, компьютер, интернэтгүй орчинд амьдарч буй. Тиймээс хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломж тааруу, цахим болон теле хичээл үзэх боломжгүй хүүхдүүдэд зарцуулна” гэж тэрбээр мэдэгдсэн юм.
Түүний эл мэдэгдлээс харвал, жилийн 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман сургуулийн хувьсах зардлыг хасах нь. Энэ талаар БШУЯ-ныхнаас тодруулахад “Хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасах тухай албан ёсны шийдвэр, тушаал гараагүй. Өөрөөр хэлбэл, сайдын шийдвэр одоохондоо албан ёсных болоогүй учраас дарга нар, мэргэжилтнүүд үүнтэй холбоотой нэг ч тайлбар, мэдэгдэл хийхгүй” гэлээ.
Жил ирэх тусам ерөнхий боловсролын сургуульд элсэгчийн тоо нэмэгдсээр байна. Эрх баригчид бүх шатны боловсролд хүүхдүүдийг тэгш хамруулж хүчрэхээ больсныг илтгэх статистик ч гарчээ. Үндэсний статистикийн хорооныхны энэ оны эхний нэг сарын дүн мэдээгээр 2019-2020 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны 15 100, 11-14 насны 13 800 хүүхэд сургуульд орж чадаагүй байна. Бага, дунд ангийн 30 орчим мянган сурагч сургуульгүй, боловсрол эзэмшиж чадаагүй гэсэн үг.
Тэгвэл улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 680 837 сурагч ерөнхий боловсролын 839 сургуульд суралцаж буй. Үүний 672 нь төрийн өмчийнх бол 167 нь хувийн хэвшлийнх аж. Сүүлийн дөрвөн жилийн дунджийг харвал, жилд 42 500 орчим сурагч хувийн сургуульд боловсрол эзэмшиж байна. Тодруулбал, 2017 онд хувийн сургуулиудад 35 012 хүүхэд суралцаж байсан бол өнгөрсөн онд эл тоо 48 338 болж нэмэгджээ. Тэр хэрээр хувьсах зардлын санхүүжилт өсөж буй. Хэдийгээр хувийн сургуулиуд төр, засгийн ачааллыг үүрэлцэж, дэм болж байгаа ч хувьсах зардлыг хавтгайруулах бус, чанартай нь уялдуулан олгох цаг хэдийн болсон. Өндөр төлбөртэй сургууль бүхэн сайн сургалттай байдаггүй учраас тэр. Жилийн 40, 50 сая төгрөгийн төлбөртэй сургуульд хүүхдээ сургадаг эцэг, эхчүүд төрөөс хувьсах зардал авахааргүй хэмжээний орлоготой нь мэдээж. Харин олон улсын сургалтын хөтөлбөртэй, дундаж төлбөртэй хувийн сургуулиудыг дэмжих нь буруу биш болов уу.
Төрөөс нэг сурагчид жилд дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл хувийн сургуулиудад хувьсах зардал олгохдоо нэг хүүхдийн жилийн сургалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор 270-450 мянган төгрөг төсөвлөдөг юм байна. 2019-2020 оны хичээлийн жилд гэхэд л хувийн сургуулиудад 18.8 тэрбум төгрөгийн хувьсах зардал олгожээ.
Жил бүр хувьсах зардалтай холбоотой маргаан дэгдэхэд хувийн сургуулиуд эсэргүүцэж, эцэг, эхчүүдэд сонголт хийх боломж олгосонгүй хэмээдэг. Харин энэ удаад тэд асуудалд арай өөрөөр ханджээ. Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн мэдэгдлийн дараа Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос албан ёсоор тайлбар хийв. Тэд “Манай холбоо 1999 онд байгуулагдсан. Жилийн 10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг танах сайдын албан бус мэдээллийн дараа холбооны ТУЗ-ийн гишүүд, сургуулиудын удирдлага цахимаар хуралдаж, дараах шийдвэрт хүрсэн. Хэдийгээр Л.Энх-Амгалан сайдын мэдэгдэл талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангаагүй ч холбооны гишүүд жилийн 10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг зогсоох шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, сайдын шийдвэр ажил хэрэг болж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш хувийн сургуулиуд хувьсах зардал авахаас татгалзана. Боловсролын салбарын цаашдын шинэчлэл, хөгжилд хувийн хэвшлийнхэн чадах чинээгээрээ хамтарч ажиллахад бэлэн” гэв.
Монгол Улсын хүн ам жилд дунджаар 1.9 хувиар өсөх тооцоо гарсан. Үүний дагуу 2025 он гэхэд бага, дунд боловсрол эзэмшигчийн тоо 32-46, 2030 он гэхэд 71 хувиар нэмэгдэх төлөвтэй. Боловсролын салбар эл эрэлтийг хангахын тулд одоогийнхоос 2-3 дахин тэлэх шаардлагатайг судлаачид хэлсэн. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, боловсролд тэгш хамруулахын тулд бид хүссэн, хүсээгүй хувийн хэвшлийнхэнтэй хамтарч таарна. Олон улсад ч төр, хувийн хэвшлийнхэн нь зэрэгцэн хөгжиж, ачааллаа хамтран үүрэлцсээр буй.