ЖИШЭЭ-1
Чингүүн, Дөлгөөн нар өнгөрсөн оны сүүлчээр анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Залуу хос хүүхдэдээ нэр өгөх гэж гэр бүлийнхнээ бүгдийг нь “хөдөлгөж”, хэрэндээ л ажил болов. Ингээд тэдний хүсэн хүлээсэн өдөр нь ирж, бяцхан үрээ Монгол Улсын иргэн хэмээн данслуулахаар хорооныхоо иргэний бүртгэлийн ажилтанд хандаж. Холбогдох хууль, журамд тусгасны дагуу шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлж, зохих хугацаанд нь очсон аж. Иргэний бүртгэлийн ажилтан тэднээр өргөдөл бичүүлэн, бүрдүүлсэн материалуудыг нь хураан авч, баахан “байцааж”, компьютер шагайсны эцэст “Ийм нэр Монголд алга. Танай хүүхдийн нэр цор ганц юм байна. Тиймээс гэрчилгээг шууд олгох боломжгүй. Шинээр бүртгэл үүсгэх гэж нэлээд ажил болно. Долоо хоногийн дараа ирээрэй” гэв. Бүртгэлийн ажилтан “хариу мэдэгдэнэ” хэмээн тэдний утасны дугаарыг авсан ч холбоо бариагүй учир залуус хэлсэн хугацаанд нь очжээ.
Мэргэжилтэн бүсгүй “Бүртгэлийн системд доголдол гарсан учраас дахиад хэд хоногоор хойшилж таарах нь. Долоо хоногийн дараа ирэхэд болно” гээд тэднийг үүднээсээ буцаасан байна. Дараагийн удаа ирэхэд бүртгэлийн ажилтны суудал эзэнгүй байв. Ажлынх нь хүмүүс “Ар гэрт нь асуудал гарсан. Өнөөдөр ажилдаа ирээгүй” гэж учирлажээ. Залуус түүнтэй холбогдож, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хэзээ авч болохыг асуухад “Би өдөрт хэдэн арван хүнтэй харилцдаг. Мэдэхгүй, санахгүй байна” гээд утсаа тасалсан гэнэ. Аргаа барсан залуус УБЕГ, нийслэлийн Улсын бүртгэлийн газарт гомдол мэдүүлж, энэ талаар лавлахад хүүхдийнх нь бүртгэлийг хэдийн хийчихсэн, мэдээлэл нь цахим системд баталгаажсан гэжээ. Тэднийг анх бүртгүүлэхээр очсоноос хойших долоо дахь хоногт л хүүгийн төрсний гэрчилгээ бэлэн болсон байна. Гэтэл иргэний бүртгэлийн ажилтан, “Бүх нийтийн хөл хорионы үе таараад, жаахан удаачихлаа” хэмээн гэмээ хаацайлж, 20- иод хоногийн дараа хүүхдийнх нь төрсний гэрчилгээг олгосон байна.
ЖИШЭЭ-2
Жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэл нь олгодог 40 мянган төгрөгийн тэтгэмж авахын тулд Учрал нэлээд зүдрэв. Төрийн бүх үйлчилгээг нэг доор нэгтгэсэн гэх e-mongolia цахим хуудсаар дамжуулан тэтгэмжид хамрагдах хүсэлтээ илгээж, холбогдох бичиг баримтуудаа ч бүрдүүлсэн байна. Гэвч хороо хориноо зорьж очин, хөөцөлдсөнөөс ч илүү ажил уджээ. Тэтгэмж авах эрх үүссэн, баталгаажсан, эсэх нь тодорхойгүй нэлээд олон хоногийг барсан учраас мэдээлэл авах гэж өчнөөн хүнтэй холбогдсон байна. Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд “Ачаалал их байна. Гэрээсээ ажиллаж буй учраас ажил удаашралтай байгаа” гэх зэргээр зовлон тоочсон гэнэ. Төрөх хугацаа нь юу юугүй дөхсөн бүсгүй “Удахгүй декритээ авна. 31-32 дахь долоо хоногтоо амжиж, материалаа бүрдүүлэн, бүртгүүлэх ёстой. Хоцорч болохгүй. Цахимаар бүртгүүлэхээр дахиад ийм асуудал үүсэх вий гэж эмээж байна. Тодорхой чиглэл, мэдээлэл алга. Энэ төрийн байгууллагынхан чинь ажлаа хийхээ больсон юм биш үү” хэмээн ярьсан юм.
ЖИШЭЭ-3
Цагаан сараас өмнө хотхоныхоо хогийг ачуулах гэсэн иргэд байрныхаа СӨХ-нд удаа дараа хандсан ч “Ачилтын машин ирэх хуваарь өөрчлөгдсөн учраас яах ч аргагүй” гэж тайлбарлажээ. Улмаар оршин суугчид дүүргийнхээ Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийнхэнтэй холбогдоход “Хөл хорионы улмаас ачаалал ихэссэн. Тээвэрлэж хүчрэхгүй байна” гэжээ. Хог ачих гэрээтэй хувийн аж ахуйн нэгж тээвэрлэлт хийх үед олон нийтийн байцаагч, дүүрэг, хорооны тохижилтын ажилтнуудын төлөөлөл бүхий нэг хүн төрийн байгууллагыг төлөөлж, зайлшгүй хяналт тавих ёстой гэнэ. Харин сүүлийн үед энэ журам алдагдсанаар барахгүй хог ачдаг машинууд нь ч “олдохоо” байжээ. Хотын ерөнхий менежер ч “Дүүрэг, хорооны удирдлагууд улам хариуцлагагүй, сэтгэлгүй болоод байна уу даа. Энд тэндгүй овоолсон хог” хэмээн шогширсон байна билээ.
Төрийн байгууллага дахь хүнд суртал, албан хаагчдынх нь ажилдаа ялархсан, хайнга, сэтгэлгүй байдлаас болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах зэрэг олон эрх зөрчигдөж, тэр хэрээр хүндрэл чирэгдэл учруулах нь түгээмэл. Төрийн шат шатны байгууллагад үүрлэсэн энэ бугшмал тогтолцоог өөрчлөх, халах талаар төр, засаг бодлогын түвшинд анхаарч, асуудал дэвшүүлсээр ирсэн ч амь бөхтэй зууралдсаар өдий хүрсэн. Цар тахлын аюул дэлхий нийтийг нөмөрсөн, улс орны нийгэм, эдийн засгийн байдал холбирсон энэ үед төрийн байгууллагынхан урьд урьдынхаас ч хариуцлагатай, сэтгэлтэй байж, ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Гэвч дүүрэг, хорооноос эхлээд улс, нийслэлийн шат шатны байгууллагын албан хаагчид цар тахлаар далимдуулан ажлаа энэ мэтээр цалгардуулах явдал улам гаарлаа. Дээрх түүхүүд үүний бодит жишээ бөгөөд өдөр бүр гардаг тохиолдлуудын өчүүхэн хэсэг нь юм.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ, ДЭМБ-аас ажлын байрны уян хатан нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг улс орнуудад өгч буй. Манай улс ч энэ жишгээр ажилтан, албан хаагчдыг цахимаар ажиллуулах түр журам, заавар боловсруулан баталсан. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 30 хүртэлх хувийг нь ажлын байранд, үлдсэнийг нь гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн хугацаанд мөрдүүлсэн. Одоо ч зарим байгууллагынхан халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс ажилтнуудаа ээлжээр, цахимаар ажиллуулж буй. Гэвч энэ шийдвэрийг зарим албан хаагчид цалинтай чөлөө, ээлжийн амралт болгон “хувиргаж”, ажил үүргээ умартаж байгааг иргэд олон нийтийн сүлжээнд илчлэн шүүмжилсээр байна. “Гэрээсээ, цахимаар ажиллаж буй учраас…” гэсэн оршил бүхий аль болохгүй, бүтэхгүй бэлэн тайлбар, шалтгааныг төрийн байгууллагынхан иргэдэд өгөх нь олширчээ.
Ажлын байрандаа цуглан ажиллаж буй зарим нь ч хийх, хэлэхээ олж ядан, хоол хош эргүүлэн, утсаа “маажин” суух нь түгээмэл. Нэгэн иргэний “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газрын ажилтнуудын үнэн царайг хараарай. Нэгийнхээ чихийг цэвэрлээд сууж байна. Нөгөө их бүрдүүлдэг материал сэлтүүд газарт хөглөрнө. Асуултад хариулах ч үгүй. Эргэж ч харахгүй. Гомдмоор юм аа” хэмээх сэтгэгдлийг олон хүн өөрт тохиолдсон явдлаар баяжуулан, цахим сүлжээнд түгээсэн нь цар тахлын үеийн Монголын нийгэм, тэр дундаа төрийн байгууллагынхны “унтаа”, урагшгүй байдлыг бүрнээ илчилсэн юм.
Төрийн байгууллагынхны энэ “унтаа”, амралтын горим иргэдэд төвөг чирэгдэл учруулаад зогсохгүй мэдэх эрхийг нь хязгаарлаж, ил тод бус, хаалттай байдлыг “өөгшүүлэх” болов. Яам, тамгын газрын албан тушаалтнуудаас мэдээлэл авна гэдэг хүндхэн “сорилт” болов. Нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэгчээр элдэв дарга, мэргэжилтнүүдийн нэр, дугаар өгч, хэдэн тийш залгуулсны эцэст “Цахимаар ажиллаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Яг одоо онлайн хурал, зөвлөгөөнтэй байна. Албан ёсны баримт бичгийг нь харахгүй болохоор….” гэх зэрэг тайлбараар аргацааж, мэдээлэл өгөхөөс татгалзах нь жирийн үзэгдэл болов. Ямар сайндаа нэгэн сэтгүүлч “Коронавирус төрийн албан хаагчдад урт хугацааны амралт олгожээ” гэж хошигнох вэ дээ. Бодит байдал ийм л байна.
УИХ-ын чуулган цахимаар хуралдах үед зарим гишүүн “зурагт самбар”-ыг бие төлөөлөгчөөрөө оролцуулж, Монголын ард түмнийг хууран мэхэлснээ “Олон улсад ийм арга ашиглахыг хүлээн зөвшөөрдөг” хэмээн зөвтгөсөн. Харин төрийн үйлчилгээг иргэдэд төвөг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх үүрэг хүлээсэн албан хаагчид цар тахлаар далимдуулан цахим сүлжээнд “амралтаа эдэлсээр” байна. Тэд ингэснийхээ хариуд та, бидний татварын мөнгөөр сар тутам цалинжиж буй. Хэдий цар тахал нийгмийг айдаст автуулж, иргэдийн чөлөөтэй ажиллаж, амьдрах эрхийг хязгаарласан ч төрийн ажил тасралтгүй, хэвийн үргэлжилж, жинхэнэ эздэдээ буюу зорилтот бүлэгтээ саадгүй хүрэх ёстойг тэдэнд нэг сайн ойлгуулах юм сан.