Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын босгон дээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г монголчуудад танилцууллаа. Засгийн газар, Монголбанк хамтран хөнгөлөлттэй зээл олгох, ипотекийн санхүүжилтийг нэмэх, уул уурхайн бус жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах, томоохон төслүүдийг хөдөлгөх замаар ирэх гурван жилд зах зээлд 10 их наяд төгрөг нийлүүлэх бодлого боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, хямарсан эдийн засгийнхаа идэвхжилийг сэргээх амин дэм “шахна” гэсэн үг. Засгийн газар эхлээд иргэдээ коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцинд хамруулах нь. Үүнтэй зэрэгцүүлээд эдийн засагтаа мөнгөний вакцин хийж эхлэх юм байна.
Манай улсын эдийн засаг өнгөрсөн оны эцсийн байдлаар зургаан хувиар агшсан үзүүлэлттэй гарч буйг Засгийн газрын тэргүүн дуулгасан. Энэ бол Монгол Улсын эдийн засаг 1990 оноос хойш хамгийн өндөр дүнгээр агшсан үзүүлэлт.
Өөрөөр хэлбэл, бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хамгийн гүнзгий хямралтай нүүр тулаад байна. Хувинтай ус ууршаад дундарвал нэмж байж дүүргэнэ. Үүнтэй адил агшсан эдийн засагт мөнгө нийлүүлж байж өснө. Эдийн засагт мөнгө нийлүүлэх нь зүйтэй. Нийлүүлэх мөнгөний ихдэх, багадах нь дараагийн асуудал.
Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлого баримтлахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэнийг Ерөнхий сайдын танилцуулгаас “уншив”. Уламжлалт бус мөнгөний бодлого баримтална гэхээр төгрөг хэвлэх нь гэж ойлгодог. Төвбанкны тухай хуульд төгрөг хэвлэж, эдийн засагт нийлүүлэхийг хориглох заалт тусгасан. Тэгэхээр төгрөг шууд хэвлэхгүй, Төвбанк Засгийн газар, компанийн бонд худалдан авах замаар санхүүжилт хийх болов уу. Уламжлал бус бодлого эдийн засгийн тодорхой салбар, муудсан хэсгийг нь дэмжих замаар өсөлтөд нөлөөлдөг арга. АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ аргыг хэрэглэж, 2008 оны эдийн засгийн хямралыг давсан удаатай. Энэ бодлогыг америкчууд нисдэг тэргээр мөнгө тараахтай зүйрлэдэг. Нисдэг тэргэнд мөнгө ачаад эдийн засаг дээгүүр ниснэ. Тэгээд аль болохгүй байгаа салбарт нь мөнгөө буулгаж “эмчилнэ”. Ингээд эдийн засаг өсдөг гэсэн агуулгатай зүйрлэл.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 10 их наяд төгрөгийн нийлүүлэлт хийснээр эдийн засаг огцом өсөх боломжтой гэж ярьсан. Тийм ээ, гурван жилд 10 их наяд төгрөг нийлүүлбэл эдийн засаг огцом өсөх нь гарцаагүй. Тэрбээр ийнхүү мөнгөний уламжлалт бус бодлогоор эдийн засгийг “Огцом хөөргөх” сонголт хийжээ. Манай Засгийн газарт эдийн засгийн хямралаас гарах хоёр сонголт байдаг. Олон улсын валютын сантай хамтарсан зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж болно. Нөгөөх нь мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлэх. Манай улсад өмнө нь мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлж байсан туршлага бий. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2013-2016 онд хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд долоон их наяд төгрөг зах зээлд нийлүүлж байв. Уг хөтөлбөр нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасны улмаас үүсэх хямралыг сөрөх арга байсан. Тиймээс үүнийгээ “Зөөлөн газардуулах бодлого” гэж томьёолж байлаа.
Засгийн газар “Эрдэнэс силвер ресурс” компанийн Хармагтайн ордоос олборлох алтыг барьцаалж, Монголбанкнаас нэг их наяд төгрөг зээлэх нь. Мөн тэг хувийн хүүтэй, нэг их наяд төгрөгийн бонд гаргаж, Төвбанканд худалдах нь. Ийн босгосон хоёр их наяд төгрөгөө банкаар дамжуулан, жилийн гурван хувийн хүү, гурван жилийн хугацаатай зээлэх гэнэ. Үүнээс гадна Монголбанк ипотекийн зээлийг гурван их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. Жилд нэг их наяд орчим төгрөгийн санхүүжилт гаргана гэсэн үг. Ийм хэмжээний санхүүжилт гаргавал барилгын салбар хурдтай идэвхжих нь тодорхой. Ипотекийн зээл 30 жилийн хугацаатай байгаа нь маш их хөнгөлөлт. Дээр нь хүүг нь бууруулах шаардлага бий. Нөгөө талаас нь Засгийн газар хямд орон сууц нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх юм билээ. Банкуудад жилд дунджаар нийт 700 тэрбум төгрөгийн орон сууцын зээл авах хүсэлт ирдэг гэсэн судалгаа бий. Ийм хэмжээний зээл олгоод байхад л барилгын салбар хурдтай өсөж, ажлын олон байр бий болгоно.
Түүнчлэн Монголбанкны репо санхүүжилтийн хэмжээг хоёр их наяд төгрөгт хүргэхээр болжээ. Энэ төрлийн санхүүжилтийн зээл нь 10.5 хувийн хүүтэй байгаа. Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэрлэгчид өмнө нь авсан зээлээ бага хүүтэй мөнгөөр дахин санхүүжүүлэх боломж нэмэгдлээ. Үүгээр зогсохгүй шинээр бага хүүтэй зээл авч болно. Ингэвэл жижиг, дунд үйлдвэрлэгчид дунджаар таван хувийн хүүгийн хөнгөлөлт эдэлнэ.
Засгийн газар зээл авч, бонд гаргаж хоёр их наяд төгрөг босгох бол “Эрдэнэс Тавантолгой” компанид бүтээн байгуулалтаа хийх төдий хэмжээний мөнгө татан төвлөрүүлэх үүрэг ногдуулжээ. Үүгээр зогсохгүй Засгийн газар стратегийн ач холбогдолтой найман төслийг тэргүүн ээлжинд хөдөлгөх гэнэ. Мөн энэ ондоо багтаан эдийн засагт үр өгөөжтэй 100 төслийг эхлүүлэх зорилт тавьжээ. Тэгснээр нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилттэй төлөвлөгөө хэрэгжих юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани хоёр их наяд төгрөгийн бонд гаргах юм байна. Хөрвүүлбэл, 700 орчим сая ам.долларын бонд гаргана гэсэн үг. Валютын орлоготой энэ компани бондоо гадаадын зах зээлд гаргах хэрэгтэй. Тэгвэл “10 их наядын төлөвлөгөө”-ний эрсдэлийг бууруулахад тустай. Аливаа зүйл эерэг, сөрөг үр дагавартай байдаг. Алс хэтдээ эерэг тал нь давамгайлах уу, сөрөг илүү байх нь уу гэдгийг дэнсэлж байж бодлогын сонголт хийх нь дамжиггүй. “10 их наядын төлөвлөгөө” эдийн засгийг идэвхжүүлэх эерэг талтай бол инфляц, валютын ханшийг өсгөх гэмтэй. “Эрдэнэс Тавантолгой” компани гадаад зах зээлд бонд гаргавал валютын орох урсгалыг нэмэгдүүлж, ханшийг нь тогтворжуулахад дэмтэй юм.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн Н.Золжаргалыг валютын ханшийг хөөрөгдсөн “эдийн засгийн алуурчин” гэж цоллодог. “10 их наядын төлөвлөгөө”-ний автор болж буй Л.Оюун-Эрдэнэ ч ийм нэр зүүж мэднэ. Тэрбээр “Давс мэт гашуун ч хийхээс аргагүй зүйлийг хийнэ” гэж хэлсэн нь алсаа бодсон ч үг байж магадгүй. Эдийн засагчид энэ төлөвлөгөөний талаар эерэг, сөрөг байр суурь илэрхийлж байна. АН-ын гишүүн эдийн засагчид угаасаа автоматаар буруушаах нь ойлгомжтой. Өрсөлдөгчийнхөө бодлогыг зөв байсан ч харлуулах нь манай улстөрчдийн гажиг билээ. Зарим эдийн засагч зээл авахын төлөөх уралдаан үүсэж, төлөөгүй нь хожих гажуудал үүснэ. Үр дүнд нь инфляц гаарч, валютын ханш хаданд гаран, макро үзүүлэлтүүд муудаж, ард түмэн нийтээрээ хохирно гэж үзэж байна. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал “Мэдээж хэрэг эрсдэлүүд бий. Дэмжлэг хэтрэх, багадах эрсдэлийн аль нэгийг л сонгоно. Дэмжлэг хэтрэх эрсдэлийг засах хэрэгсэл олон тул хялбар. Харин дэмжлэг багадах эрсдэлийг засах боломж байхгүй” гэж байр сууриа илэрхийлжээ. Тэгэхээр багадуулж байхаар, илүүдүүлээд хэрэгжүүлэх явцдаа засаад явах нь зөв юм байна. “Огцом хөөргөх бодлого”-ыг дэмжээд, зам зуурт нь засаад явсан нь дээр биз ээ.