Хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн алдартнууд, тэдний ар гэрийнхэн энэ сарын 8-нд төв талбайд баяраа тэмдэглэн, тэврэлдэж, үнсэлцэж нэлээд хөл хөдөлгөөн болов. ДЭМБ-аас гаргасан, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, шаардлагатай тохиолдолд хүн хооронд 1-1.5 метрийн зай барих зөвлөмж төрийн шагналтнууд, тэдний гэр бүлийнхэнд үйлчилсэнгүй. Коронавирус тархаагүй, хорио цээрийн дэглэм тогтоогоогүй жирийн үеийнх шиг л байлаа. Нэг ийм явдал болж байхад нөгөө талд Эрүүл мэндийн яам, УОК, нийслэлийн Онцгой комиссоос “Цагаан сар тэмдэглэж болохгүй. Золгохоор гэрээс гарвал хариуцлага хүлээлгэнэ. Ахмад настнуудтайгаа золгох нэрээр өвчин аваачиж өгөх хэрэггүй” хэмээн анхааруулж, сэрэмжлүүлж байна.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү коронавирусийг “хүний хэл мэддэг” гэж хошигносон нь оргүй биш бололтой. Яагаад гэж үү. Эл вирус эрх мэдэлтнүүдэд огт халдахгүй мэт үйлдлийг манай дарга нар байсхийгээд л гаргах болов. УИХ-ын өнгөрсөн жилийн сонгуулиар, бас үндэсний их баяр наадмаар сайд, дарга нар коронавирустэй “үгсчихсэн” мэт амны хаалтгүйгээр “зугаалж”, зай барих дэглэмийг ч үл тоосон. УОК-ынхны жил гаруйн хугацаанд гаргасан шийдвэрүүд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг харсан ч манайхан коронавирустэй “үгссэн” юм шиг л байна. Жишээлбэл, “Ковид-19” төрийн дээд цол, одон, медалиар шагнуулсан хүмүүст, амны хаалт зүүгээгүй Ерөнхийлөгчид огт халдахгүй бололтой.
Өөрөөр хэлбэл, жирийн иргэд олныг хамарсан баяр, наадам тэмдэглэвэл коронавирус тусаад, төрийн түшээдтэй холбоотой сонгууль, шагнал гардуулах зэрэг үйл ажиллагааны үеэр халдвар нуугдчих хэрэг үү. Коронавирус хүн амын дунд тархсанаас хойш манай улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд гурав дахиа шилжих гэж байна. Өвчний тархалт өдөр бүр 40, 50-иараа нэмэгдэж байгаа энэ эрсдэлтэй цаг үед сар шинийн баярын өдрүүд тохиож буйгаараа онцлогтой. Тиймээс халдварын голомтуудыг цомхотгох, тархалтыг хумихын тулд нийслэлд 12 хоногийн хөл хорио тогтоож буй. Тодруулбал, иргэд маргааш 06.00 цагаас эхлэн энэ сарын 23 хүртэл эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр орохоос бусад тохиолдолд гэрээс гарахгүй, гаргахгүй гэсэн үг. Хэрэв эл дэглэмийг мөрдөхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлагад татагдана.
Иргэдээ энэ мэтээр “дарамталж” буй хэрнээ өөрсдөө халдвар, хамгааллын дэглэм баримтлахгүй байгааг юу гэж ойлгох вэ. ЭМЯ-ны өдөр бүрийн хэвлэлийн хурлаар албаныхан “Гэртээ хүн бүү урь, сар шинийн өдрүүдэд айл бүү хэс. Олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, хүн хооронд зай барих дэглэмээ ягштал баримтлахыг ард иргэдээсээ хүсье” хэмээн тоть шиг давтсаар буй. Гэвч иргэд биш, сайд, дарга нар л халдвар, хамгааллын дэглэмээ огт баримтлахгүй байна. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарыг тохиолдуулан салбартаа манлайлагч нарт төрийн дээд цол, одон гардуулсан. Энэ үеэр Ерөнхийлөгч болон шагнал авч буй хүмүүс бүгд амны хаалтгүй байсны дээр Төрийн тэргүүнтэйгээ гар барьж, тэврэлдэх шахам зургаа татууллаа. Нөгөө айхавтар коронавирус яав, хөл хорионы дэглэм хэнд нь үйлчлээд байна вэ.
Төрийн дээд цол, шагнал хүртээхийг буруу гэсэнгүй. Гагцхүү халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хүн хоорондын зайгаа бариад, талбай дээр олон хүн цуглуулахгүй, баярын арга хэмжээг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг Ерөнхийлөгч яагаад өгсөнгүй вэ. Ард иргэддээ яагаад үлгэрлэсэнгүй вэ. Төрийн ордонд шагнуулахаар орсон, тэднийг дагалдан очиж, гадаа нь хүлээсэн хүмүүсийн дунд халдвартай хүн байхыг үгүйсгэхгүй. Талбай дээр цэцэг, мэндчилгээ болсон тэр олон хүн халдварт өртвөл хариуцлагыг хэн хүлээх вэ. Төрийн тэргүүн нь хүртэл энэ мэт хөл хорионы дэглэмээ зөрчөөд байхад иргэд яагаад хүлцэнгүй дагах ёстой гэж. Өмнөх Засгийн газар огцроход хүрсэн жагсаалын үеэр ч иргэд ийм замбараагүй байгаагүй юм шүү.
Түүнчлэн төрийн байгууллагууд “Цагаан сараар ахмадуудаа эрсдэлд бүү оруулаач” хэмээн уриалах авч 100-гаас дээш настнуудад Ерөнхийлөгчийн гарын бэлгийг тараах нэрийдлээр гэрт нь очиж, зургаа татуулаад явааг юу гэж ойлгох вэ. Тэгсэн хэрнээ иргэдийг “Төрсөн өдөр тэмдэглэлээ, нэгнийхээ байрны найранд зочилсон, хүүхдийн сэвлэг үргээх ёслолд оролцсон” гэх мэтээр цоллодог. Харин эрх мэдэлтнүүд гамшгаас хамгаалах болон цар тахлын эсрэг хууль зөрчсөн ч хамаагүй, нүдэн балай чихэн дүлий суусаар. УИХ-ын дарга нь хүртэл орон нутагт өвс тарааж явах жишээтэй. Хэдий болтол иргэд хөл хорионд, түшээд хууль, дүрмийн гадна амьдрах вэ. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг. Гэтэл манайд тэгш эрх хаачив.
Эрхэм хүндэт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүртэл төрийн дээд цол, одон гардуулах ёслолын үеэр шагнал авагсдын дунд амны хаалтгүй зогсож, зургаа татуулсан шигээ явж харагдсан. Сайд болсноосоо хойш халдварыг дарах зоригтой мэдэгдэл, дорвитой шийдвэр ч гаргаагүй тэрбээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх шаардлага тавихын оронд ийнхүү олны дунд орчихсон явна. Дэлхийн улс орнууд өдгөө иргэдээ “гэрлийн хурдаар” вакцинжуулахыг илүүд үзэж, түмэн арга сүвэгчилж, түүгээрээ ч өрсөлдөх боллоо. Цөөнгүй улс орон хүн амаа дархлаажуулаад эхэлчихсэн. Гэтэл манайд хэзээ вакцин оруулж ирэх, хэчнээн хүн/тунг нийлүүлэх зэрэг нь одоо болтол тодорхойгүй. Өмнөх Засгийн газрын үед хийсэн энэ талаарх гэрээ, хэлцэл ч бүрхэг тийшээ хандаж буй сурагтай. Энэ мэтчилэн С.Энхболд сайдад нэг тийш болгох асуудал, шийдэх ажил олон баймаар сан.