Найзын минь хөршийн хүүхдүүд өвлийн гурван сарыг гэртээ, эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр өнгөрөөж байна. 4-10 настай хоёр дүүгээ 13-тай эгч нь асарч, хамгаалаад болоод л байгаа гэнэ. Хөндлөнгөөс харахад тэр хүүхдүүд “ажрахгүй, дажгүй” байгаа ч яг үнэндээ бол орхигдсон, ганцаардсан, ганьхарсан мэдрэмж сэтгэл зүрхийг нь сэм сэмхэн ёворч байгаа нь мэдээж. Тэд бол гэр бүлийн хайр гэсэн хачин гоё халхавчтай, чимээгүй, далд хэлбэрийн хүчирхийлэлд өртсөнийг илтгэх гарцаагүй баримт мөн. Аав, ээж нь амьдардаг газраасаа нэлээд зайтай, гэхдээ хот дотроо жижиг дэлгүүр ажиллуулдаг бөгөөд олон сараар гэртээ ирэхгүй байгаа шалтгаанаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж хөл хорьсонтой холбон тайлбарладаг ажээ. Эхэндээ “Манай дэлгүүрээр коронавирусийн халдвартай нь батлагдсан нөгөөх жолооч Д-гийн ойрын хавьтлууд үйлчлүүлсэн юм байна. Хөл хорио тавигдахаар гэртээ харина” гэж байсан бол сүүлдээ “Ер нь гэр орондоо өвчин чирч очоод хүүхдүүдээ эрсдэлд оруулахаас айж байна” хэмээсээр өнөөдөртэй золгосон аж.
Энэ хугацаанд хөршүүд нь эгч, дүү гурвыг хааяахан “эргэж, тойрч” ямар байгааг өнөөх “болгоомж, сэрэмжтэй” аав, ээжид утсаар “илтгэдэг” болов. Хэдийгээр сэтгэл сайхан, зүтгэл сайн хөршүүд том охиных нь захиалгын дагуу дэлгүүрээс талх, боов зөөгөөд, “хараа хяналттай” байгаа гэх ч үнэндээ бол эцэг, эхийн орон зайг орлож чадахгүй нь ойлгомжтой. “Хоёр дүүгээ өдөр болгон халуун хоолоор тасалдаггүй тэр эгчийг магтахад сайн үг ч багадна” гэж найз минь ярив. Бас ид шилжилтийн үедээ яваа цэцэг шиг охин өдөр болгон аав, ээжийн үүрэгт нухлуулсаар наснаасаа эрт “авгай” болж, зан авир нь өөрчлөгдөж байгаад найз минь санаа зовж буйгаа хэлсэн юм. Охин үе үе галзуурчихав уу гэмээр муухай орилж, цурхиран уйлах нь орон сууцын нимгэн хананы цаанаас тод сонсогддог гэсэн. Нийслэл хотын нэгэн айлын амьдрал ийм дүр зурагтай үргэлжилсээр. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш “өнчирч” хоцорсон хүүхдүүд дахин хэдэн сар ийм байдалтай өдөр, хоногийг өнгөрөөх бол. Ядаж байхад яр гэгчээр цар тахлын хүрээ тэлсээр өдөрт 50, 60-аар нэмэгдэх болов. Ёжилбол, ёстой л цаашид хэрхэхийг “Корона гуай шийдэж” мэдэхээр байна.
Энэ он гараад хэдхэн хонож байхад Өвөрхангай аймгийн Уянга сумын малчин айлын гэр шатсаны улмаас хоёр настай бяцхан зүрх хорвоогоос явсан. Ийм гашуун мэдээний “мөр” балраагүй байхад өнгөрсөн нэгдүгээр сард бас л хүүхдийн амь, эрүүл мэндтэй холбоотой шуугиан нийгэмд тархсан. Нийслэлийн гэр хорооололд, дан гэрт 2-7 настай гурван хүүхэд хоол, ундгүй хоёр хоножээ. Архинд донтсон эцэг, эхийн буруугаас хөлдөж, өлсөж үхэхэд ойрхон байсан ч сайн хүмүүсийн буянаар тэд аюулаас аврагдсан байна. Хүүхэд гэр бүлийн орчинд санаатай болон санамсаргүй хүчирхийлэлд өртдөг энэ мэт жишээ манай нийгэмд өчнөөн. Хүчирхийлэл дундаас “анзаарагддаггүй” нь үл хайхрах хүчирхийлэл бөгөөд ийм хэлбэр нь Монголд хамгийн түгээмэл, бараг энгийн үзэгдэл шахам гэхэд хилсдэхгүй. Үл хайхрах хүчирхийллийн шалтгаалан, хүчин зүйл янз бүр. Үүнээс ажилгүйдэл, ядуурал, сонор сэрэмжгүй байдал голлох шалтгаан болж буйг мэргэжилтнүүд тайлбарладаг. Түүнчлэн хайрлаж байна гээд хэт зоргоор нь байлгах ч бас энэ төрлийн хүчирхийлэл юм гэсэн. Нөгөөтээгүүр, манай эртний уламжлалт аж амьдралын хэв маяг хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд байлгахад нөлөөтэй гэж зарим судлаач өгүүлж байна. Хамгийн эхний жишээнд дурдсан айлын хувьд яг ийм шалтгаантай байх магадлалтай. Хэдийгээр эцэг, эх нь үр хүүхдээ тэжээхийн тулд ажлын байраа хадгалахыг юу юунаас илүү чухалчилж байгаа гэх ч ирээдүйд хүүхдүүдэд нь учрах сэтгэл зүйн “ачааг” тооцоолсонгүй. Тэгэхийг ч хүсэхгүй байгаа нь хамгийн харамсалтай. Тэр гэрийн эзэн “Хүүхдүүдийг багаас нь хал үзүүлж, амьдралд сургахад гэмгүй. Охин хүүхэд онц сурахаас илүүтэй гэрийн ажилд сайн байхад болно. Монголчууд хүүхдээ ингэж л хүмүүжүүлж ирсэн” гэсэн хуучинсаг үзэлтэй нэгэн аж. Магадгүй түүн шиг үзэл бодолтой хүн цөөнгүй бий. Монголчууд нүүдэлчин ахуйдаа тохирсон, өвөрмөц хэв шинжит амьдралтай учраас хүүхдийг бага балчраас нь бие даалгахыг эрмэлзэж, хатуужилтай болгож өсгөн, хүмүүжүүлж ирсэн нь үнэн. Гэхдээ амьдралын орчин өөрчлөгдөж, суурин иргэншилтэй болсон өнөө цагийн монголчуудын хувьд энэ бол тэвчиж болшгүй зүйл. Нөгөөтээгүүр, гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дэлхий нийтээрээ илүү чанга дуугарах болсон энэ цаг үед бид аливааг “уламжлалт” арга, хүмүүжил гэж муйхарлах нь туйлын бүдүүлэг явдал.
Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байгааг илтгэх жишээ, тоо баримт өч төчнөөн бий. Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар жилд дунджаар 150 мянган дуудлага хүлээж авдаг. Үүнээс 30-аад хувийг хүүхдийн хамгаалал болон эрх нь зөрчигдсөн талаарх дуудлага эзэлдэг аж. Өнгөрсөн онд 64 хүүхэд зам, тээврийн ослоор нас барсны 20 гаруй хувь нь эцэг, эх, хамаатан садныхаа болгоомжгүйгээс болсон байна. Энэ он гарснаас хойш нэг сарын хугацаанд эл шалтгааны улмаас найман хүүхэд амиа алдсанаас тав нь чаргаар гулгаж байгаад машинд мөргүүлжээ. Ийм уйтай мэдээ хөвөрч, статистик тоочвол барагдахгүй. Гэхдээ тоо баримт дурдахаасаа урьтаж, хүүхэд үл анзаарагдах хүчирхийллийн золиос болох явдал нийгэмд түгээмэл байгаагийн “буруутныг” хайж үзье.
Уг нь манайд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр гэж бий. Гэвч хүүхдийн эрхийг хөсөрдүүлсэн, зөрчсөн хэрэг буурахгүй байгаа нь хөтөлбөр дулимагийнх уу, ямартай ч үйл ажиллагаа нь төдийлөн өгөөжтэй байж чаддаг, эсэх нь эргэлзээтэй. Нөгөөтээгүүр, үүнд зөвхөн хөтөлбөрийг, үүнийг хэрэгжүүлдэг шат шатны байгууллага, ажилтнуудыг буруутгах нь бас өрөөсгөл. Хүүхэд гэр бүл, амьдардаг орчиндоо хүчирхийлэлд өртөж, “үл анзаарагдаж, хаягдаж” буй нь үнэндээ бол хүндээ ээлгүй, эзэнгүй нийгмийн үр дагавар юм. Үүнийг засах, хүүхдэд ээлтэй орчин, нийгэм бүтээхэд өгөөжтэй, цогц бодлого үгүйлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг Хүүхдийн эрхийн тухай хууль, хөтөлбөр төдийхнөөр бус, нийгмийн “ширхэг” бүрийг шинэчилснээр шийддэгийг олон улсын туршлагаас харж болно. Жишээ нь, Австрали, Герман зэрэг улсад нийгмийн хариуцлагатай барилгажилт гэсэн ойлголт бий. Барилгыг хэн дуртай нь, “олдсон” газартаа босгоно гэсэн ойлголт тэнд үгүй. Тухайлбал, нэг газарт орон сууцын барилга барихын тулд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөвлөсний дагуу эхлээд нийтийн эзэмшлийн зам, талбайн ажлыг заасан стандартын дагуу, нэг ч метрийн зөрүүгүй гүйцэтгэх ёстой. Үүний дараа талбайн үлдсэн хэсгийн хэдэн хувьд ногоон байгууламж байхыг мөн л стандартын дагуу батлаад, үүнийгээ ажил хэрэг болгож, мод, зүлгээ тарьж, ургуулсны хойно нөгөөх орон сууцаа барих талаар ярина. Ингээд болохгүй бас орон сууцын багтаамж, хүчин чадлаас хамаарч хэчнээн сургууль, цэцэрлэг байх ёстойг заадаг аж. Түүнчлэн хүүхдийн тоглож, наадах талбайн хэмжээг тусад нь тооцдог юм байна. Энэ дагуу хийхгүй бол барилга барих эрх авна гэж саналтгүй. Ингэж асуудлыг эхнээс нь цогц, цэгцтэй шийддэг жишгийг аль эрт тогтоож, хуульчлан мөрдүүлж, хэрэгжүүлдэг учраас хүүхдээ гэрээсээ хол цэцэрлэг, сургууль руу зөөх, тоглож байгаад зам тээврийн осолд орох вий гэж санаа зовохгүй амар тайван амьдардаг аж. Ерөөс иргэний хариуцлагатай барилгажилт гэдэг нь хүнээ дээдэлсэн стандарт гэдгийг Японд 20 гаруй жил амьдарч буй, барилгын мэргэжилтэй, монгол эмэгтэй онцлон өгүүлсэн юм.
Ингэж ая тух, аюулгүй орчныг нь бүрдүүлэхээс л хүүхэд хамгааллын ажил эхэлж, бүхэл бүтэн тогтолцоог хамруулдаг аж. Тодруулбал, ирээдүйг харж, угтан хамгаалдаг юм байна. Гэтэл бид хүүхэд осолд орлоо, хүчирхийлэлд өртлөө, гэртээ цоожлогдлоо гэхчлэн өнгөрсөн цагийн төлөвөөр ярьсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, урьдчилан нэг ч зүйл төлөвлөдөггүй, уулга алддаг тогтолцоотой учраас л хар мэдээ нийгэмд тасрахгүй байна. Нөгөөтээгүүр, мэргэжилтнүүд нь хүртэл хүүхэд хамгааллын талаар тулга тойрсон л юм ярьж, статистик тоочихоос хэтрэхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Арга ч үгүй биз, 2016 онд баталсан Хүүхдийн эрхийн тухай хуульд ч, Хүүхэд хамгааллын тухай хуульд ч нийгмийн бүтээн байгуулалт болгон хүүхдэд ээлтэй байх ёстойг заагаагүй учраас “хүрээндээ л хүүрнэхээс” цааш халихгүй байх нь.
Хүүхдийг үл хайхрахыг яагаад хүчирхийлэлд тооцдогийг олон улсын судлаачид тодорхой өгүүлжээ. Биеийг нь эрт даалгаж, багаас нь том хүн “болгох” нь нэг талаар сайн мэт боловч үнэндээ бол тухайн хүүхдийн сэтгэл, сэтгэцэд асар их бэртэл учирдаг гэнэ. Тиймээс л сэтгэл зүйн хүчирхийллийн хамгийн ноцтой хэлбэр гэж үздэг байна. Эл төрлийн хүчирхийлэл зөвхөн хүүхдэд тохиолддоггүй. Томчууд ч үүний хохирогч болдог. Монголчуудын хувьд төр, засагтаа үл хайхрагдах хүчирхийлэлд өртсөн гэж улс төр судлаач нэгэн ёгтолсон. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс хүүхдээс ялгаатай нь тийм хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэг, мэдэрдэг, дуугардаг. Харин хүүхэд ойлгодоггүй, “Эцэг, эх минь миний төлөө ингэж байна” гэж боддог. Эцэстээ ийм байдал нь хүчирхийлэл байсныг өсөж, том болоод ухаардаг нь таагүй дурсамжуудаар нь дамжин илэрдэг гэнэ.
Аав, ээжийгээ гурван сарын турш гар утсан “дотор” харсан эгч, дүү гуравтай “эргэн уулзъя”. Тэд нэг бодлын жинхэнэ дураараа дургиж байна уу гэлтэй. “Хүүе хаая, хичээлээ хий, бос, суу” гэх хүнгүй зоргоороо тоглож, наадаж байна уу гэвэл үгүй. Хүүхдүүдээ гадаа байтугай орцондоо ч гарахыг хориглосон “зарлигийг” эгч нь чандлан мөрддөг гэсэн. Хэд хэдэн удаа хөрш эмэгтэй нь хамтдаа гадаа салхилахыг санал болгосон ч хүүхдүүд “Корона тусна” гээд татгалзжээ. Өөрөөр хэлбэл, тэд аав, ээжийн үл хайхрах хүчирхийллээс гадна сэтгэл зүйн дарамтад орсон нь илт. “Бидний төлөө гэртээ ч ирэх завгүй зүтгэж байгаа аав, ижийгээ зовоож болохгүй” гэсэн айдас 10, 13 настай охин, хөвгүүн хоёрын сэтгэлд хадаастай. Гурван настай балчир охин харин үүнийг мэдэхгүй ч мэддэг дүртэй “Гадаа гарч болохгүй” л гэнэ.
Ер нь үл “анзаарагдсаар” хүүхэд насаа үдсэн хүн бусдын төлөө сэтгэлгүй, хувиа бодсон, хариуцлагаас зугтамхай болох магадлал өндөр гэдгийг судлаачид тэмдэглэжээ. Эцэг, эхчүүд хүүхдээ хайрлаад л байна гэж боддог. Гэтэл үнэндээ хэт илчлэгтэй хоол, хүнс өгөх, эсвэл шим тэжээлгүй хооллох, шөнө болтол дураар нь тоглуулж унтаж, амрах цагаас нь хойш татах зэргээр эрүүл мэнд, цаашлаад амьдралын буруу зуршилтай болгох эхлэлийг тавих, халуун зуух, цахилгаан хэрэгслийн дэргэд байлгах, харилцан ярихгүй, тэр ч бүү хэл урмын үг хэлэхгүй байх нь үл хайхрах хүчирхийллийн том илрэл юм байна. Энэ бол гэмт хэрэг буюу өөрөө шийдвэрлэх, биеэ хамгаалах чадамжгүйг нь далимдуулан, эсвэл асран хамгаалж буй эрхээ хэтрүүлэн бусдын тулгуур эрхийг зөрчсөн үйлдэл юм.
Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх талаар Нидерланд онцгой анхаардаг аж. Үүний тулд хүүхэд асрах, өсгөх “дүрэм” баримталдаг гэнэ. Тухайлбал, хүүхдийг тогтсон цагийн хуваарийн дагуу унтуулж, босгох нь сэтгэл зүйн хувьд тогтвортой болж хүмүүждэгийг олон судалгаагаар нотолсон байна. Ингэж сурснаар амьдралд зөв хэвшил тогтдог гэж үздэг. Ингэхийн тулд эцэг, эхийн оролцоо юу юунаас илүү чухал буюу хүүхдийг анхаарлын гадна орхихгүй байхад их түлхэц болдог гэнэ. Мөн өглөөний ундны цэсэнд шоколад тогтсон хэмжээтэй заавал байх ёстой.
Энэ орны хүүхдүүд аавын үүрэг, халамжийг онцгой мэдэрч өсдөг нь мөн л өнөөх “дүрэмтэй” холбоотой. Улсаас нь аавуудыг долоо хоногт дөрвөн өдөр ажиллуулахаар зохицуулсан байдаг. Мөн долоо хоног бүрийн нэг өдрийг аавуудын “баяр” хэмээн онцолдог гэсэн. Үүнээс гадна нидерландчууд тун гэр бүлсэг учраас хүүхдийн хүмүүжилд өвөө, эмээгийн оролцоог чухалчидаг нь хайр халамжаар дутаахгүй гэсэн бас нэгэн бодлого. Тиймээс долоо хоногт нэг удаа эмээ нарын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ утгаараа гэр бүлийн асуудлыг бүх гишүүнд хамаатай гэж үзэн “бүх нийтийн” хурал хийж, хэлэлцэн шийдвэрлэдэг байна. Энэ нь угтаа бол хүүхдийн сэтгэлийг нээх том хөшүүрэг аж. Энэ мэтээр айл өрх бүр хүүхэд хүмүүжүүлэх дүрмийг баяжуулан, хөгжүүлснээр ирээдүйн иргэдээ бэлтгэдэг гэнэ. Гэтэл бид гэр бүлийн орчиндоо иргэн бэлтгэж байгаагаа ухамсарладаггүй “Миний хүүхэд” гэсэн хаагдмал өнцгөөр харж, үл хайхарсаар ирсэн. Одоо өөрчлөх цаг болжээ. Ингэхдээ нийгмийн бүтээн байгуулалт болгоныг, иргэн бүхнийг хүүхдийн төлөө “стандарттай” болгоход анхаараасай, шинэ Ерөнхий сайд минь. Шуудхан хэлэхэд, Монголын ирээдүй үл хайхрах хүчирхийлэл дунд “орхигдсон” хүүхдүүдийн ухаан дээр тогтоно шүү дээ.