Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн сарын 28-нд баталлаа. Уг нэмэлт, өөрчлөлтөөр банкууд хувьцаат компани болох үүрэг хүлээв. Мөн нэг болон нэгдмэл сонирхолтой этгээд нийт гаргасан хувьцааных нь 20-иос дээш хувийг эзэмшихийг ч хориглов. Өөрөөр хэлбэл, банкуудыг олон хөрөнгө оруулагчийн хяналтад оруулж байна гэсэн үг. Ийм өөрчлөлт нь банкны хөрөнгө оруулалтын орчин, засаглалд шинэчлэл авчрах нь мэдээж. Манай улсад 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх хувьцааг 1-3 нэгдмэл сонирхолтой хөрөнгө оруулагч эзэмшдэг. Тэд сүүлийн жилүүдэд хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж буй давуу талаа ашиглан банкаа эрсдэлд оруулах, нийгэм, эдийн засагт шударга бус нөхцөл үүсэх үйл ажиллагаа явуулдаг нь илэрхий болсон гэж үздэг. Тиймээс сайн засаглалын зарчим нэвтрүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахаар ийм өөрчлөлт хийж буй гэж Төвбанкныхан тайлбарладаг.
ХААН 12.1, Худалдаа, хөгжлийн банк 8.1, “Голомт” 7.2, “Хас”, Төрийн банк 3.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Эдгээрийг системийн таван банк гэж нэрлэдэг. Тодруулбал, банкны системд дорвитой нөлөө үзүүлэх хэмжээний томоохон банкууд. Компанийн тухай хуульд нээлттэй болон хаалттай хувьцаат гэсэн компанийн хэлбэр байж болгохыг тусгасан. Системийн банкуудыг заавал нээлттэй хувьцаат компани болгохыг хуулийн өөрчлөлтөд заажээ. Тэгэхээр том банкууд хувьцааг нь хөрөнгийн биржээр чөлөөтэй хөрвүүлэн арилждаг компани болно гэсэн үг. “Капитрон” 1.1 их наяд, Тээвэр, хөгжлийн банк 360, “Чингис хаан” 326, “Кредит” 254, “Богд” 222, Үндэсний хөрөнгө оруулалтын банк 101, “Ариг” 61 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Эдгээр жижиг банканд нээлттэйгээс гадна хаалттай хувьцаат компани болох сонголт үлдээжээ. Хөрөнгө оруулагчид том банкуудын хувьцааг сонирхоод, жижгүүдийнхийг худалдаж авахгүй байх магадлал бий. Тиймээс тэдэнд хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй байх боломжийг үлдээсэн гэнэ.
Хуулийн дагуу банкууд ирэх жилийн зургадугаар сарын 30 гэхэд хувьцаат компанийн хэлбэртэй болсон байх шаардлагатай. Тэгэхээр 17 сарын хугацаанд 12 банк хувьцаагаа олон нийтэд арилжих нь. Манай банкууд олон улсын томоохон биржүүдэд хувьцаа арилжих гэвэл арай жижигдэнэ гэж шинжээчид дүгнэж буй. Банкууд бүгд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжих болов уу. “Богд” болон “Хас” банк Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийхээ зарлаад байна. Банкууд IPO хийсний дараа Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөх дүр зураг харагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэсэн.
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ одоогоор гурван их наяд төгрөгт хүрчээ. Банкууд IPO хийсний дараа буюу ирэх жилийн дунд гэхэд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ зургаан их наяд төгрөгт хүрч өсөх нь. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн тогоо томорно гэсэн үг. Банк бол Монголд хамгийн хурдан өсөлттэй яваа бизнес. Өнгөрсөн жил ХААН 164.6, Худалдаа, хөгжлийн банк 58.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Цэвэр ашгийн хэмжээгээр банкууд уул уурхайн компаниудын дараа орж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нь дамжиггүй. Монголын хөрөнгийн биржийн лангуу хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бараатай болох нь. Банкууд хувьцаат компани болж буй нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хэд хэдэн алхам урагшлуулах юм.
Банкуудын томоохон хувьцаа эзэмшигчид хувьцааных нь 20-иос ихгүй хувийг эзэмшихийг зөвшөөрсөн юм уу гэж зарим хүн асууж буй. УИХ хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх үеэр нэг ч хөрөнгө оруулагч эсэргүүцээгүйг анзаарсан уу. Эсэргүүцээгүй учраас зөвшөөрсөн гэсэн үг. Албан бус эх сурвалж Монголбанкныхан хуулийн төсөл боловсруулахдаа банкны хөрөнгө оруулагчдын саналыг авч, зөвшилцөлд хүрснийг дуулгасан юм.
Банкууд IPO хийх маш хялбар гэж мэргэжилтнүүд ярьж байна. Итгэлцэл дээр тулгуурлаж, үйл ажиллагаа явуулдаг бизнес учраас Банкны тухай хуульд сайн засаглалын зарчмуудыг тусгаж өгсөн байдаг. Жишээ нь, банк санхүүгийн аудит хийлгэсэн тайлангаа улирал бүр мэдээлж байх үүрэг хүлээдэг. Төлөөлөн удирдах зөвлөлтэй, тэр нь хараат бус гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг гэх мэтээр сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог юм. Зарим талаараа засаглалын хувьд өдгөө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа компаниудаас илүү билээ. Тэгэхээр банкууд Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос IPO хийх зөвшөөрлийг богино хугацаанд авч чадна гэж тооцож буй. Хөрвөх чадварыг нь сайн байлгах үүднээс банкуудын хувьцааны 20-иос дээш хувийг нээлттэй арилжих шаардлагыг зохицуулах байгууллагаас тавих нь зүйтэй болов уу. Аж ахуйн нэгж, иргэдийн хадгаламж 18 их наяд төгрөгт хүрсэн. Их хэмжээний хадгаламжтай аж ахуйн нэгж, иргэн заримаар нь банкны хувьцаа худалдаж авах болов уу гэсэн төсөөлөл бий.
Банкууд хувьцаагаа арилжсаны дараа өөрийн хөрөнгө нь нэмэгдэнэ. Банкны хөрөнгө ихэснэ гэсэн үг. Хувьцаагаа хэн нь амжилттай борлуулж чадна тэр банк томрох бүрэн боломжтой. “Капитрон” банкаар жишээ авъя. Тус банкны өөрийн хөрөнгө 80 тэрбум төгрөг. Үүний 60 хувь буюу 48 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Тэрбээр хуулийн дагуу уг банкны хувьцааны 20-иос бага хувийг эзэмших үүрэг хүлээсэн. 48 тэрбум төгрөг энэ банкны хувьцааны 20 хувь гэж үзье. Тэгвэл өөрийн хөрөнгөө 240 тэрбум төгрөг хүртэл өсөх хэмжээний хувьцаа гаргах боломжтой. Ингэснээр банкныхаа нийт хөрөнгийг хоёр их наяд төгрөг хүртэл өсгөх нөхцөл бүрдэнэ.
Хувьцаа гаргасны дараа томоохон хөрөнгө оруулагчид банкнаас эзэмшиж буй хувьцаагаа 20 хувиас бага түвшинд хүргэх хэлцэл хийнэ. Өөрөөр хэлбэл, эзэмшиж буй хувьцаагаа арилжиж хэмжээг нь багасгана гэсэн үг. Тэд 2023 оны эцэс гэхэд хувьцаагаа 20 хувиас бага болгосон байх шаардлагатай. Том хөрөнгө оруулагчид хувьцаагаа гадаадынханд санал болгох болов уу. Нөлөөлөх эрхийн хэмжээ нь бага хувьцааг худалдаж авахыг хөрөнгө оруулагчид сонирхохгүй гэж зарим шинжээч үзэж буй. Хуулийн хугацаанд багтаан эзэмшлээ багасгахгүй бол тухайн этгээдийн 20 хувиас илүү гарсан хувьцааг банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцно. Ингэвэл хувьцаагаа зарж амжаагүй этгээд өөрийн хөрөнгөд оруулсан мөнгөө бэлнээр нь буцаан авна гэсэн үг. Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг өөрийн хөрөнгөд нь суурилан тооцдог. Банкны өөрийн хөрөнгө нийт хөрөнгийн 14 хувийг эзэлж байх ёстой. Тэгэхээр өөрийн хөрөнгө нь буурвал нийт хөрөнгөө багасгах шаардлагатай болно гэсэн үг.
Үүнээс гадна банкны хувьцааны таван хувийг худалдаж авч байгаа этгээд Төвбанкнаас зөвшөөрөл авах ёстой. Монголбанк тус банкны их хэмжээний хувьцааг хэн авах гэж буйг нягталж, хуульд нийцсэн тохиолдолд зөвшөөрөл өгөх нь. Хэрэв Төвбанкнаас зөвшөөрөл аваагүй бол банкны өөрийн хөрөнгөөс хасах юм байна. Энэ бол нэг хэнэггүй этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж банкны бусад хөрөнгө оруулагчдад дарамт учруулах заалт юм.
Уг хуулийг хэрэгжүүлснээр банкуудад гүйцэтгэх захирлын эрх мэдлийг өргөсгөх боломж нээгдэж байгаа аж. Тухайлбал, банкны ТУЗ-ийн хараат бус захирлуудыг гүйцэтгэх захирал санал болгоно. Хэрэв нөлөөний хүнээ томилуулчихвал банкны ТУЗ-өөс өөрт ашигтай шийдвэр гаргуулж, банкийг дураар удирдах магадлалтай аж. Хууль батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулагчдад үүсэх эрсдэлийг багасгах журам, дүрэм боловсруулах шаардлагатай гэж банкууд үзэж байгаа гэсэн.