Компанийн үнэ цэнд өөрчлөлт оруулж болох бүх мэдээллийг ил тод, нээлттэй байлгах нь хөрөнгийн зах зээлийн гол онцлог. Хөрөнгийн биржид бүртгэлтэй сайн ч, муу ч мэдээллийг ялгалгүй түгээнэ гэсэн үг. Энэ нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг. Тухайн компанийн талаар зөвхөн сайн мэдээг нь ил тод нийтлээд байвал өрөөсгөл. Муу мэдээг нь ч нийтэлж байх шаардлагатай. Хөрөнгө оруулагч үнэн бодит мэдээлэл авах тусам зөв шийдвэр гаргаж, эрх ашгаа хамгаална. Нөгөөтээгүүр, мэдээллийн ил тод байдал нь тухайн салбарын хөгжлийг хурдасгадаг зүйл. Мэдээлэл ил тод болсноор алдаа мадаг нь тодорхой харагдаж, засаж сайжруулах боломж олгодог билээ.
Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг удаашралтай байна гэж мэргэжилтнүүд дүгнэх нь бий. Мэдээжийн хэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Түүний нэг нь чанаргүй бараа юм. Залуучууд Монголын хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах дургүй. Харин тэд Хонконг, Нью-Йоркийн гэх мэт гадаадын хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авдаг. Яагаад Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авах дургүй вэ гэвэл хөрвөх чадвар муутай, мэдээлэл нь хаалттай гэж тэд хариулна. Монголын хөрөнгийн зах зээл хувьцааны төвлөрөл ихтэй байдаг. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн “лангуу” барааны нийлүүлэлт муутай. Эрэлт хэчнээн их байлаа ч хувьцаагаа нийлүүлэхгүй учраас хөрөнгө оруулагч тоохоо болино. Хөрөнгийн биржийнхнийг “Хувьцааны төвлөрлийг багасга. Хөрөнгө оруулагчдыг зарим хувьцаагаа зар гэж шах” хэмээн шаардах боломжгүй. Ингэх нь ч зохисгүй хандлага. Харин бүртгэлтэй компаниудынхаа мэдээллийг ил тод болгох нь биржийнхний хийж чадах зүйл.
Хувьцааны төвлөрлийг сааруулж чаддаггүй юм гэхэд ядаж мэдээллийг нь ил тод болговол хөрөнгийн зах зээлийн хөгжилд тустай. Бодит мэдээллийг цаг тухайд авч чадах учраас хөрөнгө оруулагчдад үзээд алдъя гэсэн бодол төрнө. Харин тэд хэрхэх нь тодорхойгүй, бүрхэг зүйлийг төдийлөн сонирхохгүй нь дамжиггүй. Тиймээс хөрөнгийн биржийнхэн мэдээлэх үүргийн хэрэгжилтээ сайжруулах нь зүйтэй юм.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал 2017 онд Үнэт цаас гаргагчийн цахим хэлбэрээр мэдээлэл ирүүлэх зааврын шинэчилсэн найруулгыг баталсан. Уг зааврын дагуу хувьцаат компани 26 төрлийн мэдээлэл ирүүлэх үүрэгтэй. Үүнийг ерөнхий, санхүүгийн, үйл ажиллагааны, хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын, хууль тогтоомжид тусгасан бусад мэдээлэл гэж ангилжээ. Санхүү болон үйл ажиллагааныхаас бусад мэдээллээ компаниуд харьцангуй сайн ирүүлдэг аж. Гэхдээ бүрэн биш, 80 хувийн биелэлттэй гэж баримжаалж болно. Тухайлбал, хувьцаат компаниуд охин болон хараат компани, салбарынхаа талаарх мэдээллийг ирүүлдэггүй аж.
Компанийн санхүү, үйл ажиллагааны мэдээлэл нь хагас болон бүтэн жилийн тайлангаар хязгаарлагдаж байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд энэ мэдээллээ бүгд өгдөггүйг дурдах нь зүйтэй. Угтаа санхүүгийн мэдээлэл дотор компанийн хөрөнгө, өр төлбөр, хувьцаат капитал болон үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх гэрээ хэлцэл байгуулах, борлуулалтын орлогын 20 ба түүнээс дээш хувьд нөлөөлөх бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай байгуулсан гэрээ хэлцлийг цуцлах, дуусгавар болгох зэргийг мэдээлэх үүрэгтэй юм байна. Үүнээс гадна компанийн борлуулалтын орлогын 20 ба түүнээс дээш хувийг эзэлдэг үйл ажиллагаатай холбогдох аливаа тусгай зөвшөөрөл эзэмших болсон, эсвэл түүнийг хүчингүй болгосон, барьцаалсан, аливаа хэлбэрээр бусдад шилжүүлсэн, компанийн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгийн 10 ба түүнээс дээш хувьтай тэнцэх хөрөнгийг худалдах, барьцаалах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэх, битүүмжлэх, тусгаарлах тохиолдолд биржид мэдүүлэх үүрэгтэй юм байна.
Хөрөнгийн биржийнхэн энэ мэдээллийг хүлээж аваад, олон нийтэд хүргэх үүрэгтэй. Зөвхөн биржийнхэн мэдээд бусдад хүртээлгүй бол ийм мэдээлэл нэхэх шаардлага юун. Хөрөнгийн биржийн цахим хуудсаар бүртгэлтэй компаниудынх нь дээрхтэй холбоотой мэдээллүүд олон нийтэд хүрч байсан нь үгүй. Тэгэхээр биржийнхэн мэдээллийг нь нэхэж авдаггүй юм байна гэж ойлгохоос өөр арга алга. Монголын хөрөнгийн биржид “Төмрийн завод” гэж компани бүртгэлтэй. Тэнд ажиллаж байсан хүмүүс одоогийн “Нарны хороолол”-ыг “Төмрийн завод”-ын эзэмшил байсан газар дээр барьсан гэж ярьдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Би “Нарны хороолол”-ыг барьсан газрыг 11 сая ам.доллароор худалдаж авсан” гэж ярьсан удаатай. Хувьцаат компанийн хөрөнгийг хяналтын багцыг нь эзэмшигчид “хулгайлдаг”-ийн тод жишээ энэ. “Улсын их дэлгүүр”-тэй “Номин холдинг” компани ямар гэрээ хийдгийг олон нийт мэдэхгүй. Ямартай ч жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирсоор олон жилийн нүүр үзэж буй. Ямар гэрээ хийдэг талаарх мэдээллийг хөрөнгийн биржийнхэн яагаад шахаж шаардаж, мэдээлдэггүй юм бэ.
Үйл ажиллагааны мэдээлэл дотор нь компанийн бизнесийн үйл ажиллагааны зарим хэсгийг охин, хараат компанид болон бусад этгээдэд шилжүүлэх, эсвэл хязгаарлах болсныг зарлах заавартай. Мөн компани үйл ажиллагаандаа шинэ техник, технологи нэвтрүүлэх, хувьцааны ханшид нөлөөлөхүйц шинэ бүтээгдэхүүн зах зээлд танилцуулахыг мэдээлэх үүрэгтэй. Монголын хөрөнгийн бирж цахим хуудсаараа дамжуулан компаниудын дээрх үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг түгээж байсан нь ховор. Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэсэн “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани хэрэгжүүлж буй төслийнхөө геологи, хайгуулын үр дүнгийн мэдээллийг байнга гаргаж байна. Канадын хөрөнгийн биржид бүртгэл тус компани манай хөрөнгийн зах зээлд шинэ соёл авчирч буй нь энэ. Хөрөнгийн биржийнхэн бүртгэлтэй компаниудаа шахаж, шаардаж “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” шиг нээлттэй мэдээлдэг болгож болохгүй гэж үү.
Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй компаниудынхаа дунд хийсэн мэдээлэх үүргийн хэрэгжилтийн судалгаа бий. Тэднийх мэдээлэх үүргийн 10 шаардлагыг хангасан, эсэхийг нь харгалзан судалгаа гаргадаг. Дээрх 26 мэдээллийг нарийвчлаагүй, ерөнхийд нь 10 болгон багцалж судалгаа хийдэг гэж хэлж болно. Өнгөрсөн жилийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэлтэй 31 компани мэдээлэх үүргийн 10 шаардлагыг хангаж, бүтэн оноо авчээ. Тэгвэл 28 компани ес, 15 нь найм, 12 нь долоо, 19 нь зургаан оноо авчээ. Нийт 174 компаниас 116 нь мэдээлэх үүргээ 50 хувиас дээш биелүүлсэн байв. Биржид бүртгэлтэй 19 компани мэдээлэх үүргээ огт хэрэгжүүлээгүй гэсэн дүн гаргасан байлаа. Хувьцаат компаниудынхаа бодит мэдээллийг олон нийтэд хүргэхгүй бол хөрөнгийн зах зээл хөгжинө гэж үү. Монголын хөрөнгийн биржийнхэн яагаад энэ тал дээр анхаарахгүй байна вэ. Зах зээлээ хөгжүүлэхийн тулд компаниудын мэдээлэх үүргийг сайжруулах хэрэгтэй бус уу.