Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх ёстой гэж улстөрчид ярих дуртай. Тэднээс “Яаж хөгжүүлэх вэ, та ямар хувь нэмэр оруулж чадах вэ” гэж асуумаар санагддаг. Үнэн хэрэгтээ жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг олон улсын жишигт хүргэх, санхүүжилтийн механизмыг үр ашигтай болгох талаар улстөрчид дорвитой судалгаа хийж, бодлого боловсруулсан удаагүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх агентлаг, сан байгуулсан нь сайн хэрэг. Гэвч үр өгөөжтэй бодлогыг тогтвортой баримтлаагүй нь жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаанд бодитой дэвшил гараагүйгээс харагдана.
…Жижиг, дунд үйлдвэрээ дэмжих 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож чадахгүй байна гэдэг бол ичгэвтэр хэрэг. Томхон компанийн жилийн цэвэр ашигтай л тэнцэх хэмжээний мөнгө шүү дээ. Зээлээ төлсөн хүмүүстэй зууралдаж, 12 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийлгэж чадаагүй бол 22.9 тэрбумын зээл гаргаж чадахгүй байсан гэнэ…
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх нь эдийн засаг, нийгэмд ихээхэн тустай гэдгийг улстөрчид мэднэ. Харин жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй санхүүжилт эдийн засаг, нийгэмд ямар тустай вэ гэдгээс өмнө надад, миний ойр дотнын хүмүүст ямар ашигтай вэ гэж хардаг нь гол алдаа юм. УИХ болон Засгийн газрын олон гишүүн улс төрийн зохион байгуулалттайгаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тус бүр 700-900 сая төгрөгийн зээл авсан нь 2019 онд илэрсэн нь өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллуулахыг эрмэлздэгийнх нь сонгодог жишээ болсон. Зарим улстөрч Жижиг, дунд үйлдвэрийн сангаас бага хүүтэй зээл авч, банк бус санхүүгийн байгууллагад байршуулан өндөр ашиг олсон нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан иргэдийн боломжийг хулгайлсан гутамшигт хэрэг байлаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг байгуулах үеэр УИХ-ын олон гишүүн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж ярив. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Жижиг, дунд үйлдвэрийн газарт жил бүр улсын төсвөөс 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байя гэсэн санал гаргасан. Тэгвэл Сангийн сайдаар томилогдсон Б.Жавхлан “Жижиг, дунд үйлдвэрийн газарт улсын төсвөөс санхүүжилт олгодог бодлогыг халах хэрэгтэй. Үүнээс гадна зээлийг арилжааны банкаар дамжуулдаг болох нь зүйтэй. Казахстаны жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн загвар бий. Түүнээс авч ашиглах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлэв. Энэ мэтээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх олон санаачилга улстөрчдөөс цаашдаа ч гарах биз. Гэвч манай төр “Энэ муугаа тэгж дэмжих юм сан, үүнийг нь ингээд засчих юм сан” гэж ярьдаг ч хувцсыг нь солиод, хоолыг нь нэмээд өгчихдөггүй шоовдор хүүхэдтэй айл шиг л байдаг. Харин өнөөх “шоовдор хүүхэд”-ээ өөрийнхөө төлөө зарцлахдаа гаргууд.
Хятад, Япон, Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь жижиг, дунд үйлдвэр байдаг аж. Харин манайд 70 хувь нь жижиг, дунд үйлдвэр байдаг гэсэн судалгаа бий. Жижиг, дунд үйлдвэр маш олон ажлын байр бий болгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл, улсын хөгжлийн хар ажлыг гүйцэтгэдэг салбар юм. Хар ажлын салбараа хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн эрүүл тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Манайд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санхүүжилтийн тогтолцоо нь доголдолтой, хүрэлцээ муу байна. Эрх мэдэлтнүүдэд их хэмжээний зээл өгсөн нь эрүүл бус үзэгдэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Жижиг, дунд үйлдвэрийн газар 1100 гаруй зээлдэгчид зээл олгожээ. Үүнийх нь 360 нь зээлийнхээ эргэн төлөлтийг 90 хоног хийгээгүй гэнэ. Тэгэхээр санхүүжилтийн эрүүл бус тогтолцооны гажиг гарч байна гэж дүгнэхээс өөр аргагүй.
Тийм учраас жижиг, дунд үйлдвэрийн зээлийг банкаар дамжуулах хэрэгтэй гэж үздэг. Банк зээлийн эрсдэлээс хамгаалахын тулд өндөр шалгуур тавих нь дамжиггүй. Зээлийн эрсдэл буурч, санхүүгийн тогтолцоо эрүүлжинэ гэсэн үг. Гэтэл ингэх нь хоёр том сөрөг талтай байдаг. Нэгдүгээрт, банкны зээлийн шалгуурыг хангах төсөл цөөн байдаг талтай. Хоёрдугаарт, зээлийн хүү өсдөг. Цөөн төсөлд өндөр хүүтэй санхүүжилт олгоно гэсэн үг. Тиймээс
Жижиг, дунд үйлдвэрийн газар өөрсдөө зээл олгох нь зөв бодлого гэж хардаг. Гэтэл энэ нь улстөрийн нөлөө орно гэсэн хардлага байнга дагуулна.
Уг нь банкны шаардлага хангасан үр ашигтай төсөлд зээл олгох нь зүй ёсны хэрэг. Нөгөөтээгүүр, Жижиг, дунд үйлдвэрийн газар банкны шалгуур хангахгүй, үр ашиг муутай зээлд санхүүжилт олгодог гэсэн логик гарч байна. Банк өндөр дүнтэй барьцаа хөрөнгө нэхдэг л гэсэн яриа бий. Зээл хүсэж буй төсөл нь эрсдэл ихтэй учраас барьцаа хөрөнгийн шалгуураа өндөрсгөж байгаа болов уу.
Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрт олгох банкны зээлийн хүүг бууруулах, төслүүдийг шалгуур хангуулах бодлого баримтлах хэрэгтэй болох нь. Казахстаны жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх бодлого дээрх хоёр асуудлыг шийдвэрлэж чадсан учраас дэлхийд жишиг болжээ. Тэдний загвар нь Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан байгууллага нь зөвхөн төсвийн санхүүжилтийг хардаггүй. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас маш хөнгөлөлттэй санхүүжилт татаж, түүнийгээ банкаар дамжуулан бага хүүтэй зээлдэг. Мэдээж хэрэг банк нь зээл олгох төслийнхөө эрсдэлийг үнэлж таарна. Тиймээс жижиг, дунд үйлдвэр хариуцсан байгууллага нь зээлийн шалгуур хангасан үр ашигтай төсөл боловсруулах зөвлөгөө өгдөг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид сайн төсөл боловсруулах зөвлөгөө өгөх нь. Өнөөх нь сургалтад хамрагдаад маш сайн төсөл боловсруулж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл хүснэ. Банк эрсдэлийг нь үнэлээд зээл олгоно. Сайн төслөөс өндөр барьцаа хөрөнгө нэхэх шаардлагагүй. Жижиг, дунд үйлдвэрийн сан бага хүүтэй олгох санхүүжилтийг банканд байршуулна. Тэр нь олон улсын санхүүгийн байгууллагуудын хөрөнгө байна. Казахстанчууд ийм загвар бүрдүүлжээ.
Манай Жижиг, дунд үйлдвэрийн газар БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамтай хамтран ажиллах болсон. 50 гаруй сая хүн амтай, өндөр хөгжилтэй тус улс жижиг, дунд үйлдвэрийн бодлогоо тусгай яамны түвшинд боловсруулдаг аж. Уг яам нь бизнесийн хөгжлийн судалгаа хийдэг “Жижиг бизнесийн институт”, жижиг, дунд үйлдвэрийн болон венчур компаниудын өсөлтийг дэмждэг “Венчур хөрөнгө оруулалтын корпорац”, сургалт, хөгжүүлэлтийн “Бизнес эрхлэлтийн институт”, Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн батлан даалтын сан гэх мэт 11 байгууллагыг доороо ажиллуулдаг байна. Манайх ч тэдний сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Казахстаны сайн жишгээр бол манайх Жижиг, дунд үйлдвэрийн газрынхаа доор бизнесийн сургалт, хөгжүүлэлтийн төв байгуулах шаардлагатай аж. Үүнтэй зэрэгцүүлээд хөнгөлөлттэй зээлийг банкаар дамжуулан хүргэх механизмыг бүрдүүлэх нь чухал. Ингэхийн тулд санхүүжилтийн анхдагч эх үүсвэрийн зардлыг маш бага байлгах шаардлагатай юм.
Монголын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын “царай” ямар байгааг хамгийн сүүлийн үзүүлэлтэд тулгуурлан харуулъя. Жижиг, дунд үйлдвэрийн сангийн санхүүжилтийг эрх мэдэлтнүүд хувааж хүртсэн явдлаас хойш төсвөөс мөнгө өгөөгүй. Энэ онд 90 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн нэг ч төгрөг төсөвлөсөнгүй. Өнгөрсөн жил Жижиг, дунд үйлдвэрийн 1579 төсөлд зориулан 238.4 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт ирүүлжээ. Үүнээс орон нутаг буюу 21 аймгаас 78 тэрбум төгрөгийн зээл хүссэн 810 төсөл ирүүлсэн байна. Бусад нь Улаанбаатар дахь үйлдвэрлэл эрхлэгчдээс ирүүлсэн төсөл аж. Тэдгээрээс 249 төсөлд, 22.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. “ЖАЙКА-II үе шаттай төсөл”-ийн хүрээнд зургаан төсөлд 3.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт хүсэлтийн 10 хувьд нь л зээл олгосон гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрээ дэмжих 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож чадахгүй байна гэдэг бол ичгэвтэр хэрэг. Томхон компанийн жилийн цэвэр ашигтай л тэнцэх хэмжээний мөнгө шүү дээ. Зээлээ төлсөн хүмүүстэй зууралдаж, 12 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж чадаагүй бол 22.9 тэрбумын зээл гаргаж чадахгүй байсан гэнэ.
Жижиг, дунд үйлдвэрийн газар 39 ажилтантай. Тэдний зургаа нь зээл хүссэн төслүүдийг шалгаж, эрсдэлийг нь үнэлдэг. Хуулийн дагуу газар дээр нь очиж шалгах ёстой. Үйлдвэрлэгч оны эхэнд зээлийн хүсэлт гаргаад бүтэн жил хүлээж байна. Дээрх газарт ийм цөөн хүн ажиллаж байхад бүтэн жил хүлээлгэхээс яах билээ. Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүний нөөцийг нэмэхээс эхлээд хийх ажил өчнөөн бий. Гэтэл улстөрчид хоосон ярьсаар л байна. Ийм нөхцөлд Жижиг, дунд үйлдвэрийн газрыг шоовдор хүүхэдтэй зүйрлэхээс өөр яах вэ.