Эх орныхоо өнцөг булан бүрээр шахам явж, зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношлон, эмнэлэгтээ авчран эмчилдэг Б.Болдсайхан эмчийг танихгүй хүн ховор болов уу. Түүний нэрийн хуудас болсон “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд “Улаанбаатар сонгдо” эмнэлгийнхэн 2020 онд гэхэд л 86 бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэжээ. Халуун сэтгэлт хүмүүсийн хандив, тусламжаар уг төслийг одоо ч үргэлжлүүлсээр буй. Уг нь Б.Болдсайхан эмч зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилж, харин хувь хүмүүс түүнийг нь санхүүжүүлэх албагүй. Энэ бол Монгол төрийн, тэр дундаа эрүүл мэндийн салбарынхны хийх ажил, гүйцэтгэх үүрэг нь. Гэтэл төр, засгийнхан нэг хувийн эмнэлэгт ирээдүйн иргэдийнхээ амь насыг ичих ч үгүй даатгачихаад хуруугаа ч хөдөлгөдөггүй, бүр энэ талаар дурсдаг ч үгүй нь хачирхалтай.
Олон гэр бүлийн амьдрах итгэл, аврал нь болсон Гавьяат эмч, доктор Б.Болдсайхан харамсалтай нь ходоодны хорт хавдар тусаж, БНСУ-ыг зорьсон нь саяхан. Азаар түүний мэс засал нь амжилттай болж, ходоодныхоо 65 хувийг тайруулсан тухайгаа цахим хуудсандаа бичжээ. Тэгвэл Монголын урдаа барьдаг Хавдар судлалын үндэсний төвийнхөн түүнийг харь улсыг зорихоос нь өмнө өргөөд авч чадсангүй. Тус төвийнхөн ходоод “тайрчих” хэмжээний чадамжгүй юү гэвэл үгүй. Магадгүй Б.Болдсайхан эмч эх орныхоо эмчилгээ, үйлчилгээнд итгээгүй болов уу. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ гэж үү. Ходоодны хортой, хоргүй хавдрын эмчилгээ, хагалгаа хийдэг, манай улсын тэргүүлэх хувийн эмнэлгийн эмч гадаад улсад эмчлүүлэхээр зорьсон нь иргэдэд ихийг бодогдуулж, бас шаналгав.
Эмч хүн эмнэлэгтээ, улсдаа итгэхгүй байхад жирийн иргэд бид хэнд найдах билээ. Нэг хүн нас барвал эмгэнэл, 1000 хүн эндвэл статистик болдог жамтай. Гэвч манай улс өвчлөлтэйгөө тэмцэж чадахгүй, жил бүр 4000 гаруй иргэнээ зөвхөн хорт хавдрын улмаас алдсаар байна. Энэ бол эрүүл мэндийн салбарын бодлогын маш том алдаа юм. Тодруулбал, эл салбарынхан дампуурлаасаа ангижрахгүй, улам л дордсоор байгаагийн бэлээхэн жишээ нь Б.Болдсайхан эмч юм. Өдгөө хавдар хэмээх аймшигт өвчин монголчуудыг аалзны тор шиг “хэрж”, өдөр бүр 10 гаруй хүн эндэж байхад уг тахлаас иргэдээ хамгаалах нэгдсэн бодлого, төлөвлөгөө эрх баригчдад алга. Урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийе гэхээр байр, тоног төхөөрөмж, бэлтгэгдсэн хүний нөөц байхгүй. Яг үнэндээ сайд, дарга нарын сурталчлаад байдаг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг нь умайн хүзүү, хөхний өмөнгийн эсийн шинжилгээнээс хэтэрдэггүй.
Сүүлийн 20 жилд манай улсад хортой, хоргүй хавдрын 67.7 мянган тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хортой нь 63 хувийг эзэлж, 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдон, ихдээ л 3-5 жил амьдарсан байна. Өөрөөр хэлбэл, төр, засгаас өнгөрсөн хугацаанд хавдрыг бууруулах дорвитой ямар ч арга хэмжээ аваагүйг эдгээр статистик батална. Улсын хамаг төсөв энэ төрлийн болон зүрх, судас, тархины харвалтын эмчилгээнд урссаар. Хавдраар нэг хүн өвдөхөд л ДНБ-д 22 мянган ам.долларын дарамт учруулдаг гэх олон улсын судалгаа бий. Ийм байхад эрүүл мэндийн салбарынхан авлига, хүнд сурталд гүнзгий автсаны дээр сүүлийн үед бүр улстөрждөг болов. Коронавирус хүн амын дунд тархаж, эрүүл мэндийн байгууллагууд халдварын голомт болчихоод байхад салбараараа талцаж, Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар үлдээхийг дэмжин, жагссан нь эл салбарын уналтын нэг л жишээ байлаа. Дэлхий нийтээр цар тахалтай энэ хүнд цаг үед манайхаас өөр ийм завтай улс алга.
Өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд “Ковид-19” туссан гурван өвчтөн нас барж, түүнээс ч олон хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй эндлээ. Эдгээр бурууг өөрсдөөсөө хайж, өөрчлөлт, шинэчлэлийг “тогооноосоо” эхлүүлэхийн оронд хэн нэгний сандал, суудлыг хамгаалахын төлөө улстөржиж буй нь эрүүл мэндийн салбарт байж болшгүй завхрал юм. Коронавирусийн голомтод үүрэг гүйцэтгээгүй хэрнээ ажлын байрандаа халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс өвчин тусаж, тархаасан эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч нарт хатуу арга хэмжээ авах ёстой байтал Т.Мөнхсайхан тэгээгүй. Харин ч коронавирусийн халдвар авсан эмч, сувилагч нарыг сайн ажилласан хэмээн “баяр хүргэж”, 3-5 сая төгрөгөөр урамшуулсан шүү дээ. Ийм сайдыгаа өмгөөлж, хамгаалсан эмч, ажилтнуудыг буруутгах ч аргагүй юм. Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүтэй байнга шахам санал зөрж ирсэн. Нэгнээ үгийн муухайгаар хэлж, маргалдаж буй бичлэг нь ч саяхан ил болов. Үүний цаана олон шалтгаан бий аж. ХӨСҮТ-ийнхөн коронавирустэй тэмцсэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд өчнөөн сорьц хольж, сольж хөлдөөсөн, тусгаарлалтын машиныхаа тос, тосол, дугуйг шинэчлээгүйгээс цөөнгүй осол гаргасан. Жолооч нараа “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулаагүй, эмч, ажилтнуудаа өөрсдийн буруугаас халдварт өртүүлсэн. Түүнчлэн улс даяар хөл хориотой байхад тус төвийнхөн ажлын байрандаа удаа дараа архидан согтуурч, хоорондоо зодолдож, танхайрсан зэрэг асуудлыг өнгөрсөн сарын 10-нд ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан цахим хурлаар авч хэлэлцсэн юм билээ. Түүнээс өмнө буюу коронавирус хүн амын дунд дэгдэх үеэс л тус хоёр байгууллагынхан бурууг өөрсдөөсөө бултуулах гэж түнжин муутай, уялдаа холбоогүй ажиллаж ирсэн гэнэ. Үүний балгаар сүүлийн үед өдөр бүр шахам коронавирусийн 30-40 орчим тохиолдол бүртгэгддэг болов. Амаржихаар төрөх эмнэлэгт очсон эхчүүд, орон нутаг зорих иргэдийн дундаас, сайн дураараа шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс, зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдээс гэхчлэн халдвар хаа сайгүй илэрч байна. “Ковид-19” өдгөө хяналтаас алдагдсаныг ЭМЯ-ны өдөр бүрийн хэвлэлийн хурлаар сануулах боллоо. Өмнөх сайд, дарга нарын албан тушаалын хэнээ, эмч, ажилтнуудын талцал, хуваагдал энэ бүхэнд буруутайг одоо хүлээн зөвшөөрч, үндсэн ажилдаа орцгооё, эрүүл мэндийн салбарынхаан. Энэ амаргүй цаг үед эрүүл мэндийн салбарынхан улстөржих завтай байна гэдэг нь үндсэндээ эмгэнэл юм.
Эрүүл мэндийн шинэ сайд С.Энхболдын эн тэргүүнд хийх ажил нь ч салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар цар тахлыг нэн даруй хумих явдал. Тэрбээр салбартаа 17 жил ажилласан туршлагатай эмч бөгөөд эмнэлгийн захирлаас Эрүүл мэндийн сайдад дэвшсэнээрээ Т.Мөнхсайхантай адил. Японд эрүүл мэндийн бодлого, удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, АНУ, БНСУ, Тайвань, Чех улсад мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Тиймдээ ч олон нийт С.Энхболдоос ихийг хүлээж, бас итгэл хүлээлгэж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ түүнийг сайдын тамгаа гардахад нь “Эрүүл мэнд бол монголчуудын хамгийн тулгамдсан салбар. Шат шатны байгууллагууд нь сайдынхаа бодлогыг хэрэгжүүлдэггүй, яамны газар, хэлтсийн дарга нар нь эсрэг, тэсрэг байр суурьтай өнөөг хүрсэн. Эрүүл мэндийн салбарын ажлын алдаанаас болж Засгийн газар огцорсныг хэзээ ч битгий мартаарай. Хэрэв танай салбарынхан сайдынхаа үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй талцан, хуваагдвал хатуу хариуцлага тооцно шүү” гэсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга ч шинэ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзах үеэрээ С.Энхболдод хандан “Салбарынх нь хүн сайдаар томилогдохоор нийтээрээ их зүйл хүлээдэг. Улстөрч хүн биш байгаа нь олзуурхууштай. Учир нь эрүүл мэндийн салбарынхан улстөржиж огт болохгүй. Салбар дундын зохион байгуулалтын алдаанаас болж коронавирусийг хүн амын дунд алдсан. Цаашид үүнийг онцгой анхаараарай. Вакцин оруулж ирэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцсэний дараа шийднэ. Арабын орнуудаас долоон сая орчим ам.долларын буцалтгүй тусламж олгосныг ЭМЯ-нд хүлээлгэн өгсөн. Цар тахалтай тэмцсэн өнгөрсөн хугацаанд ч их хэмжээний хандив, тусламжууд оруулж ирсэн. Тэдгээрийн зарцуулалтыг нэн даруй ил болгож, олон нийтэд мэдээл” хэмээн үүрэгдсэн. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн С.Энхболд ямар ч бэлтгэлгүй, сэтгэлгүй, хоцрогдсон салбарыг хариуцан авч буй тул түүнд хийх ажил, шийдэх асуудал өч төчнөөн бийг сануулах нь илүүц биз ээ.