Манай улс “Ковид-19”-ийн халдварыг дотооддоо алдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч халдварыг хумих бус, тэлсэн өдрүүд яг одоо үргэлжилж буй. Цар тахлын дэгдэлт Улаанбаатар хотоос хальж, Сэлэнгэ, Дархан-уул, Ховд, Завхан аймаг руу халдвартай хүн хэд хэдээрээ явсан гэх сураг дуулдах болов. Дээдсүүд засаг бүрдүүлэхээр яаравчилсан өнгөрсөн өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхан цар тахлын талаарх мэдээллийг нууцалж, танхим бүрдсэн хойно сая нэг юм халдварын тоо өссөнийг бага сага цухуйлгаж эхлэв. Дотоодын нөхцөл байдлаа хүүрнэхээ түр азнаад өнгөрсөн жилийн өдийд урд хөршид ямар үйл явдал өрнөснийг эргээд нэг саная. БНХАУ-ын төр засаг өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, юу нь мэдэгдэхгүй өвчний шинж тэмдэг, шалтгаан нөхцөлийг тодруулах гэсээр байтал ковид улам бүр тархаж, хоногтоо зуу, зуун хүний толгойг залгиж, иргэд нь мянга мянгаараа өвчилж, жуулчдаар дамжин олон улс руу халдвар тарааж эхэлсэн. Тус улсад ковид тархсан гол шалтгааныг олон улсын шинжээчид ард түмэн нь сар шинийн баяр тэмдэглэж, айлчин, золгуут хийснээс үүдэлтэйг бат нот хэлсэн. Цагаан сарын дараахан хамгийн хүчирхэг эдийн засагтайд зүй ёсоор ордог Хятадын иргэдэд цар тахал хүнд “цохилт” болсон. Цагаан сарын баярын үеэр эрчимтэй тархсан коронавирусийн халдвар агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбарт илүү хүнд туссан гэдэг. Цар тахлын улмаас Хятад болон Азийн орнууд руу аялах жуулчдын тоо эрс буурч, хөрөнгө оруулагчид болгоомжилж, Америкийн болон бусад улсын агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж байсан нислэгээ цуцалсан. Түүнчлэн Цагаан сарын баярын үеэр долоо хоногийн дотор 70-80 мянган нислэг үйлдэж, 8-9 сая зорчигч тээвэрлэдэг Хятадын авиакомпаниуд хөл хорионы улмаас тоймгүй их алдагдалд орсныг олон улсын мэдээллийг агентлагууд жилийн өмнө өлгөн авч мэдээлж байлаа. Дэлхийн улсууд эхнээсээ хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй, зарим орнууд нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагаа өндөрсгөж, цөөн газарт учирсан хохирлоо тооцохын зэрэгцээ коронавирусийн тархалт удахгүй зогсоосой хэмээн залбирч байсан гэх. Өдгөө хятадаас голомтлон гарсан коронавирус өвчнөөр дэлхийн 102 993 805 хүн өвчилж, 1.5 гаруй иргэн амиа алдаад байна.
Манай төр засгийнхан өнгөрсөн жил Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсан удаатай. Хүндтэй хүмүүс, хөгшид буурай төр засгийнхний үгийг үл тоож, залуус хүний эрх ярьж тэмдэглэхдээ л нэг тэмдэглэнэ хэмээсээр Цагаан сарын баярыг тэмдэглэж байв. Азаар тухайн үед цар тахлыг дотооддоо алдаагүй байсан цаг. Одоо өвчлөлийн нөхцөл байдал өөр болсон. 1814 хүн халдвар авч, хавсарсан өвчтэй гэх хоёр, нийт дөрвөн иргэн ковидоор нас барсан. Мартаагүй бол хэд хоногийн өмнө Улсын онцгой комиссоос хатуу хөл хорионы дэглэмээ нэг шатлалаар бууруулахдаа Цагаан сарын баярыг улсаараа тэмдэглэхгүй байхыг уриалж “Хоёрдугаар сарын эхээр нийслэлд хатуу хөл хорио тогтоож, цагдаа, дотоодын цэргийнхний эргүүлийн тоог нэмнэ. Тиймээс баярын бэлтгэл базааж, гадуур дотуур явж, бөөгнөрөл битгий үүсгээрэй” хэмээсэн. Харамсалтай нь, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн анхааруулгыг манайхны олонх нь шөлтэйгээ холиод уучихсан бололтой. Мартаагүй нэг нь “Шинийн 3-наас хойш, хөл хорио цуцлахаар олны хөлд дарагдах байх. Хөгшин хүн хоосон царайлаад суултай биш. Таван буузаа хийж, тавгийн идээгээ заавал бэлдэнэ” хэмээцгээж байна. Улмаар өнгөрсөн амралтын өдрөөр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж гэдэг шиг олуулаа зах, худалдааны төв зорин бужигнаж, бөөгнөрөл, түгжрэл үүсгэв. “Хар хорин”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” чиглэлийн автобусууд хүнээр дүүрч, 1-1.5 метр зай барих дэглэм алдагдаж, халууцаж, бачимдсан нэг нь амны хаалтаа эрүүвчилж аахилж, уухилж явна. Одоо ч ашиг, орлого олчих санаатай хүмүүсийн олон нийтийн цахим сүлжээ, группт байршуулсан “Дээл, малгай зарна”, “Ууц, өвчүү худална”, “Бэлэг сэлт бөөндөнө” хэмээх зар хаа сайгүй хөвөрнө. Албан байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд ч бараа бүтээгдэхүүнээ аль хэдийн рекламдаад эхэлсэн. Өнгөрсөн жилийн өдийд цагдаа, мэргэжлийн хяналтынхан Цагаан сарын бэлэгний сурталчилгааны самбарыг буулгасан ч дэлгүүрийн эзэд бараа зарахаа, иргэд худалдан авахаа зогсоогоогүй. Үүнээс үүдэн хяналтаа улам сайжруулж, илүү чанга хөл хорио тогтооход гэмгүй гэж хэлэх хүмүүс ч байна.
Цагаан сараар золгож, мэндлэхдээ хайртай дотно хүмүүстээ “Ковидтой үнсэлт” илгээчиж магадгүйгээ манайхан хаа хаанаа төсөөлөхгүй байгаа биз. Амьсгалын замаар халдварладаг энгийн нэг ханиадыг анхаараагүйгээс хатгаа болж хүндрээд аминд нь хүрдэг гэмтэй. Гэтэл “Ковид-19” ханиад бус цар тахал. Амьсгалын замаар дамжиж хэдэн мянган хүнийг үхэлд хүргэсэн аюулт өвчин. Цагаан сарын баярыг хориглосны шалтгаан ердөө л энэ. Яг одоо Улсын онцгой комисс хуралдаж Цагаан сарын баяраар яг дэглэм тогтоох, хөл хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах асуудлыг ид хэлэлцэж байна. “Ковидтой үнсэлт” хүсээгүйгээс хойш өнөөдрөө биш өнө холоо харж, хурлаас гарах шийдвэрээ дагаж мөрдөөрэй гэж хүсье. Хол ойр хэсэж байж, “Ковидтой үнсэлт”-д өртчихвөл, хотлоороо зовлонд унахаа иргэд эрхбиш мэдэж буй гэж найдъя.