Цахимаар “Алдартай брэндүүдийн гутал, цүнх, хэтэвч, цув, алчуур зэргийг нэрийн дэлгүүрээс нь захиалан авах боломжтой” хэмээн зар тавьжээ. Үүнийг сонирхвол, байгуулагдаад 100 гаруй жил болсон “Louis vuitton”, “Hermes”, “Gucci”, “Zegna” зэрэг нэр хүнд бүхий үйлдвэр, компанийн бүтээгдэхүүнийг 100 000-аас дөрвөн сая хүртэлх төгрөгөөр үнэлэн борлуулж буй аж. Бараануудыг нь яг тухайн үйлдвэрийнх мөн, эсэхийг магадлах шаардлага алга. Учир нь дээр дурдсан брэндийн дэлгүүр, төлөөлөгчийн газар манай улсад байхгүй бөгөөд үйлдвэрийнх нь үнэ ханшаас харьцангуй хямд борлуулж буй тул “но-той” гэсэн хардлага төрүүлсэн юм. Тухайлбал, Италийн “Gucci” брэндээс бүсгүйчүүдэд зориулан гаргадаг, ердөө нэг төө хэрийн голдочтой жижиг цүнхний үнэ энэ улиралд 980 евро буюу 3.3 сая гаруй төгрөг байгаа бол том, дунд хэмжээтэй нь дээрхээс 2-4 дахин өндөр ханштай байна. Мөн тус брэндийн гар утасны гэр, хэтэвч, цамцны үнэлгээ 600 000-аас 2.5 сая орчим төгрөг байгаа юм. Тэгвэл манайд “Gucci”-гийн жижиг цүнхийг 50 000-300 000, гар утасны гэр болон хэтэвчийг 10 000-80 000 төгрөгөөр худалдан авч болох нь. Мөн “Louis vuitton”, “Hermes” нэрийн гар болон аяны цүнх, ботинк, гутал, хүрэмний үндсэн үнэ 1000 ам.доллароос дээш атал бидэнд мөн л хэдэн арав дахин хямд үнээр, хаанаас ч авах боломж байна. Ер нь олон жилийн түүхтэй, нэр хүндтэй үйлдвэр, компаниудын хийж буйтай адилхан барааны тэмдэг, өнгө, загвартай үнэртэй ус, энгэсэг, гоёл чимэглэлийн зүйлс, цүнх, нүдний шилийг манайд ямар ч хяналтгүй гэмээр борлуулдаг. Улмаар хуурамч бараануудыг жинхэнэтэй нь илүү дөхүүлж хийсэн буюу “A copy”, “B copy” гэх мэтээр эрэмбэлэн, хооронд нь адил биш үнээр зарж хэвшжээ. Мөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний баглаа боодол, барааны тэмдэгтийг төстэй хийх маягаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, зах зээлд шударга бус өрсөлдөх хандлага цөөнгүй. Ийм тохиолдолд хэрхэн хяналт тавьдаг, хуулийн ямар хариуцлага ногдуулж буйг сонирхлоо. Манай улсад Оюуны өмчийн болон Патентын тухай хуулиар барааны тэмдэгт, патентын эрхийг зөрчсөн бараа, бүтээгдэхүүн хийж, борлуулахтай Оюуны өмчийн газар тэмцдэг аж. Үүний хүрээнд 2012-2016 онд “Louis vuitton” нэрийн дэлгүүр нийслэлд үйл ажиллагаа явуулж байхад хамгийн олон гомдол ирсэн талаар тус газрын ажилтан дурдлаа. Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Гадаад, дотоодын үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнийг дуурайн хийсэн, тэмдэгтийг нь ашигласан болон адил төстэй загварыг борлуулсан талаарх гомдол сүүлийн гурван жилд жил бүр 150-160-ыг ирүүлжээ. Барааны тэмдэгт хуурамчаар ашигласан бол гурав, загварыг нь хулгайлсан тохиолдолд таван сая төгрөгөөр торгодог. Гэхдээ ийм гомдлыг тухайн барааны үйлдвэрлэгчдийн төлөөлөгчийн газар, итгэмжлэгч ирүүлэх эрхтэй. Дэлхийд нэр хүндтэй зарим брэндийн төлөөлөгчийн газар манайд байдаггүй нь шууд гомдол гаргах нөхцөл болдоггүй. Гэвч хуулийн фирмээр дамжуулах, итгэмжлэх авсан хэн ч гомдол мэдүүлж болно. Хэрэв ийм гомдол ирүүлбэл олон дэлгүүр, хувь хүн хуурамчаар борлуулж буй барааны ширхэг тутамд 3-5 сая төгрөгийн торгууль төлнө гэсэн үг. Өдгөө техник, технологи өндөр хөгжсөн учраас хаана хуурамч бараа зарж буйг төвөггүй олж, баталгаажуулах боломжтой. Тиймээс худалдаачид аль болох ийм бараа зарахгүй, иргэд ч авахаас татгалзах хэрэгтэй” гэсэн юм. Мөн Гаалийн ерөнхий газрынхан импортоор оруулж буй хуурамч барааг хураан авах эрхтэй аж. Ялангуяа Замын-Үүд боомтоор энэ төрлийн бараа олноор нь нэвтрүүлдэг бөгөөд оргинал биш гэдэг нь илт мэдэгдсэн тохиолдолд холбогдох хүнийг саатуулж, Оюуны өмчийн газарт мэдээлдэг гэлээ. Өнгөрсөн жил хуурамч бараа нэвтрүүлсэн зөрчил илрээгүй бол 2019 онд барааны тэмдэгтийг нь БШУЯ эзэмшдэг сурагчийн дүрэмт хувцас урд хөршөөс оруулахаар завдсан хоёр тохиолдол гарч, зохих арга хэмжээ авчээ. Харин иргэд хулхи бараа авсан бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандах боломжтой. Тус газрынхан итгэмжилж болох төлөөлөгчдийг нь тогтоон, холбогдох байгууллагад нь шилжүүлж, арга хэмжээ авхуулах юм байна. Одоогоор хэрэглэгчдээс тийм гомдол ирүүлээгүйг ШӨХТГ-ын мэргэжилтэн хэлсэн. Харин МУИС-ийн нэхэмжлэлийн дагуу МҮИС-ийг таван сая төгрөгөөр торгожээ. МУИС-д суралцах зорилгоор МҮИС-д элсэлтийн шалгалтын хураамж өгөн, томилолт авахдаа 50 000 төгрөг төлсөн хүүхдүүд орон нутагт цөөнгүй байсныг дурдахын зэрэгцээ МҮИС-ийн нэрийг солиулах магадлалтай, эсэх талаар хараахан мэдээлэл өгөх боломжгүйг тэмдэглэв.
Дэлхий нийтэд нэр нь түгсэн, алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнийг хуурамчаар цөөнгүй тоогоор үйлдвэрлэн, олон улсад нийлүүлдэг жижиг үйлдвэр, цехүүд БНХАУ, Вьетнам, БНСУ-д элбэг байдаг аж. Эдгээр оронд энэ төрлийн үйлдлийг эдийн засгийн гэмт хэрэгт тооцон, өргөн хүрээнд тэмцдэг бөгөөд үйлдвэрлэсэн хэмжээ, үнийн дүнгээс нь шалтгаалж хэдэн зуун мянган ам.доллароор торгож, үйлдвэрлэл явуулсан байрыг нь хураан, барааг нь устгаж, борлуулагчдад нь ч хариуцлага хүлээлгэдэг юм байна. 2018-2019 онд дэлхий дахинд нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнийг дуурайлган хийсэн, борлуулсан гэх зөрчилд гурван тэрбум ам.долларын торгууль ногдуулсан гэсэн албан бус тооцоо ч байна. Гэвч эл үйлдлийг аль болох далд хэлбэрээр явуулан, зах зээлээ алдахгүй, амь бөхтэй оршсоор байна.
Манай улсад хөдөлмөрийн хөлс бага. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд өнгөрсөн онд нийгмийн даатгал төлөгчдийн дундаж цалин 1.2 сая төгрөг буюу 440 орчим ам.доллар байжээ. Тиймээс зарим хүн цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй брэнд бараа худалдан авах нь нэг талаас боломжгүй, нөгөөтээгүүр, оргиналаас нь хямдавтар үнэтэйг хэрэглэх нь хуурамч гэдгийг илэрхийлж, бүдүүлэг харагдуулах талтай. Түүнчлэн иргэд хуурамч бараа худалдан авснаар хууль бусаар ашиг ологчдыг дэмжих, татвараас зайлсхийх боломж олгодог. Үүний зэрэгцээ хууль бус бараа үйлдвэрлэгчдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийг өөгшүүлэгчид гэж олон улсад тооцон, зах зээлдээ ийм бүтээгдэхүүнийг хяналт багатай нэвтрүүлж, өргөн хэрэглэдэг орнуудыг “саарал жагсаалт”-д оруулах нэг нөхцөл болгодгийг албаныхан дурддаг. Тиймээс импортлогч, хэрэглэгч аль аль тал хуурамч бүтээгдэхүүний наймаа хийхээс зайлсхийх, ийм асуудлаас болж хохирсон, хууртсан гэж үзвэл холбогдох газарт нь мэдээлэх, хариуцлага хүлээлгэхэд анхаарах хэрэгтэй байна.