…Холбогдох албаныхан цар тахлын эхэн үед теле хичээлийг богино хугацаанд боловсруулж, хүнд нөхцөлд “гал алдаагүйг” сайшаан тэмдэглүүштэй. Гэхдээ теле хичээлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил, дутагдлыг засаж, сайжруулах, бататгах ажлыг зохион байгуулах хугацаа хангалттай байсан. Харамсалтай нь, зайны сургалтын хөтөлбөр, агуулгыг одоо болтол шинэчлээгүй нь нийгэмд шүүмжлэл дагуулж буй хэрэг…
Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн эхний гурван сар орчмын танхимын сургалтыг эс тооцвол сурагчид үндсэндээ бүтэн хоёр жил шахам “гэртээ суув”. Тодруулбал, шинэ төрлийн коронавирус дэгдэхээс өмнө буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ноос хойш хүүхдүүд танхимын сургалтад хамрагдалгүйгээр 2020 оны хичээлийн жилийг дуусгасан. Тухайн жилийн сурагчдын өвлийн амралт тэгж таарснаас гадна ханиад, томуу их байсан учраас танхимын сургалтыг товлосон ёсоор нэгдүгээр сарын 10-нд эхлүүлэлгүй, сунгасан юм. Удалгүй “Ковид-19” хүн төрөлхтнийг нөмрөх хэмжээний аюултайг дэлхийд зарлаж, манай улс бүх шатны боловсролын байгууллагынхаа үйл ажиллагааг цахимаар эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, сурагчид 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш теле хичээлтэй нөхөрлөж, танхимын сургалтаа “мартсан” гэсэн үг.
Энэ хугацаанд салбарын сайд нь хоёронтоо солигдож, өдгөө гурав дахийнхаа нүүрийг үзэх гэж байна. 2019 оны хоёрдугаар сард Ц.Цогзолмаа БСШУС-ын сайдын тамгаа Ё.Баатарбилэгт гардуулснаас хойш засаг дахин солигдож, Л.Цэдэвсүрэн өдгөө албыг нь үргэлжлүүлэн хашиж буй. Гэвч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор Л.Цэдэвсүрэн бас л сайдын суудлаас буун, одоо түр орлон гүйцэтгэгч болчихсон. Гэх мэтчилэн жил бүр солигдож буй сайд нарын хөлд угийн “унтаж” байсан боловсролын салбар улам тогтворгүйтэж, “дампуурлаа зарлахад” хүрлээ.
Коронавирус хүн амын дунд тархаагүй өнгөрсөн жилийн 10 сарыг салбарын яамныхан хий дэмий өнгөрүүлж, хэт сүржигнэснээс бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт тасалдаж, хүүхдүүд дунд нь хохирч хоцров. Ялангуяа сурагчдад зориулсан теле хичээл нэртэй “бантан” тэднийг чанартай боловсрол эзэмших нөхцөлөөр хангаж чадахгүй байна. Тодруулбал, өнгөрсөн оны хичээлийн жилийн II хагаст дутуу гуцуу боловсруулсан теле хичээлийн агуулга нь сургалтын хөтөлбөр болон сурах бичигтэй зөрж, багш, сурагч, эцэг, эхчүүдийг нэлээд бухимдуулж, чирэгдүүлсэн. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сангийнхан ч баталж, теле хичээл танхимын сургалтаас чанаргүй, хангалтгүй дүн үзүүлснийг мэдээлсэн билээ. Тус сангийнхан эл судалгааны дүнгээ холбогдох байгууллагуудад уламжилж, теле хичээлийн чанар, агуулгыг сайжруулах зөвлөмж өгсөн боловч салбарын яамныхан өдий болтол нүдэн балай, чихэн дүлий байсаар.
Өнгөрсөн хугацаанд багш нар, эцэг, эхчүүдийг теле хичээлийн чанар муу, агуулга хангалтгүй байгааг шүүмжлэхээр БШУЯ-ныхан “Давтлага өг” гэж дарамталснаас өөр дорвитой ажил хийгээгүй. Энэ нь ч олигтой дэмжлэг аваагүй тул сурагчдын амралтад зориулсан цахим давтлага, теле хичээл болон зайны сургалтын хоцрогдлыг арилгах, бататгах контентууд бэлтгэн өдгөө цацаж буй. Эдгээр нь бас л шаардлага хангахгүй, шинээр боловсруулсан хөтөлбөр бараг үгүйг багш нар шүүмжилж байна. Давтлага хичээл үзэх, эсэх нь сурагчдын сонголт тул эцэг, эхчүүд ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа аж.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралт хэдхэн хоногийн дараа дуусна. БШУЯ-ныхан коронавирусийн халдварын тархалтыг харгалзан, танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс эхлүүлэх, эсэхэд олон нийтээс санал авсан ч судалгааны дүн нь одоо болтол гараагүй. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед хүүхдээ танхимаар хичээллүүлж, эрсдэлд оруулахыг эцэг, эхчүүдийн олонх нь хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, халдвар гараагүй байхад сургууль, цэцэрлэгүүдээ хаачихаад, өвчин дэгдсэний дараа танхимын сургалтыг эхлүүлэх талаар ярьсан нь бодит байдалд нийцэхгүй хувилбар юм. Тиймдээ ч салбарын яамныхан ерөнхий боловсролын танхимын сургалтыг ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналаа УОК-т хүргүүлсэн. Гэвч Засгийн газрын хуралдаанаар танхимын сургалтыг эхлүүлэх, үгүйг өдгөө хэлэлцэхтэй манатай.
Ямартай ч ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээлийг ирэх сарын 1-нээс теле болон цахимаар эхлүүлэх болсныг Засгийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Коронавирусийн тархалт буураагүй, халдварын голомт өдөр бүр нэмэгдсээр байгаа тул ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ хичээлийн жилд I-XII ангийнханд зориулсан 4800 орчим цагийн теле хичээлийг нийт сурагчийн 70 орчим хувь нь үзсэн гэж байгаа. Тэгвэл өнгөрсөн хичээлийн жилд 640 мянган сурагчийн 16 хувь нь теле хичээл үзэх боломжгүй нөхцөлд амьдарчээ. Тодруулбал, цөөнгүй хүүхэд тухайн жилийн теле хичээлийг үзээгүй, сургалтын хөтөлбөрөөс хоцорсон гэсэн үг. Дээрх шийдвэрийн дагуу хүүхдүүд ирэх сарын 1-нээс зайнаас суралцах тул теле хичээлийг зурагт, гар утас зэрэг төхөөрөмжөөс гадна технологийн бусад дэвшил ашиглан хүргэх, сургалтын арга барилд хэвлэмэл материал ашиглах, багш, сурагчдыг интернэт шаардахгүйгээр ажиллах боломжоор хангах зэрэг шаардлага тулгарсныг албаныхан хэлж байна.
Халдварын нөхцөл байдал намжихгүй, голомтууд хүрээ тэлсээр байвал сурагчид магадгүй зуны амралт эхлэх хүртэл теле хичээлээр аргацаасаар, анги дэвшиж таарна. БШУ-ы сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэн теле хичээлийн бэлтгэл бүрэн хангагдсан, үргэлжлүүлэхэд асуудалгүй гэж мэдэгдсэн ч агуулга, чанар талаас нь засаж, сайжруулах зүйл энэ мэт олон бий. Шинээр томилогдох сайдын анхаарах тэргүүний асуудал нь ч энэ байх болно. Дэлхий дахинд цахим хэрэглээ хүч түрэн нэвтэрч буй энэ үед болон цаашид ч бид аливаа эрсдэлтэй тулгарахад зайны сургалтаас “зайлах” аргагүй. Энх цагт ч хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд танхимын болон цахим сургалтыг хослуулахаас өөр замгүй. Тэгэхээр боловсролын салбарт “Ковид-19”-ийн үеийн мэдлэггүйн “шинэ арми” төрүүлэхгүйн тулд одооноос хичээх хэрэгтэй боллоо.
Хэрэв теле хичээлийг энэ хэвээр нь үргэлжлүүлбэл боловсролын тэгш бус байдал улам гаарна. Цаашлаад сургууль завсардах хүүхдийн тоо олширч, хуучин нийгмийн тогтолцоо руугаа уруудаж болзошгүйг судлаачид анхааруулсан. Түүнчлэн дунд, ахлах ангийнхан сурлагаараа бусдаасаа хоцорч, их, дээд сургуульд элсэж чадахгүй байх вий гэсэн сэтгэл зүйн дарамт, айдаст хэдийн автаад эхэлсэн талаарх судалгаа ч бий.
Холбогдох албаныхан цар тахлын эхэн үед теле хичээлийг богино хугацаанд боловсруулж, хүнд нөхцөлд “гал алдаагүйг” сайшаан тэмдэглүүштэй. Гэхдээ теле хичээлтэй холбоотой өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил, дутагдлыг засаж, сайжруулах, бататгах ажлыг зохион байгуулах хугацаа хангалттай байсан. Харамсалтай нь, зайны сургалтын хөтөлбөр, агуулгыг одоо болтол шинэчлээгүй нь нийгэмд шүүмжлэл дагуулж буй хэрэг.
Хэдийгээр манай улсын цахим, зайны сургалт, заасан хичээлийн цаг, цар хүрээ нь өргөн мэт харагдаж, олон улсад сайн туршлага болсон ч энэ нь өнгөц ойлголт юм. Теле хичээл бол цахим сургалтын нэг л хэлбэр. Хүүхдүүдийн сурах эрх, хүсэл сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн зайны сургалтын хөтөлбөрийг нэн даруй шинэчлэхгүй бол танхимаар ч олгож чаддаггүй боловсролыг цахимаар эзэмшүүлнэ гэвэл том эндүүрэл болно.