Монгол Улс Үндсэн хуульдаа “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн тунхагласан. Тиймээс малчдын нийгэмд оруулж буй хувь нэмрийг харамгүй үнэлж, урамшуулсаар ирсэн билээ. Улсын төсвөөс өчнөөн сая төгрөг төсөвлөн байж, цалин цагаан мөнгөөр бүрсэн таван хошуу малын дүрс бүхий цомоос эхлээд цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, хадаг, тууз зэрэг хүндлэл, бэлгэдлийн үй олон эд зүйлийг өргөн барьж, шагнал гардуулах үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж, улсын аварга малчныг зуу, зуугаар өргөмжилдөг нь үүний нотолгоо. Улс, эх орон яаж ч хямарсан, нийгэм, эдийн засгийн байдал хэчнээн уруудлаа ч энэ “кампанит ажил” тасалдаж, төсвийн мухардалд орсон түүх үгүйг албаныхан онцолно лээ. Монголын төр малчин олныхоо хөдөлмөр зүтгэлийг хэзээд эрхэмлэн, хүндэлж ирсний бодитой жишээ энэ юм.
Улсын аварга малчин шалгаруулахад тодорхой шалгуур бий. Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, үүлдэр, чанар, сүргийн зохистой бүтэц, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байдал, маллагааны арга барил, мал эмнэлгийн дүгнэлт, бэлчээр, ус ашиглалт зэрэг 75 үзүүлэлтээр аварга малчныг шинждэг байв. Харин өнгөрсөн жилээс улсын хошой аварга болон аварга малчныг өргөмжлөхдөө өрхөөр нь шагналд тодорхойлох шийдвэр Засгийн газар гаргасан. Зөвхөн гэрийн эзнийг онцлох бус, бусад гишүүн, ялангуяа эзэгтэйн хөдөлмөр, оролцоог бодитой, ижил тэгш үнэлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн юм. Харин энэ сарын 6-нд Засгийн газар бас нэг чухал шийдвэр танилцууллаа. Жилд шалгаруулах аварга малчин өрхийн тоог 2.5 дахин бууруулж, дээд хязгаарыг нь 60 болгов. Харин хошой аваргын цолыг таваар бууруулж, ихдээ найман өрхөд олгохоор тогтжээ. Ингэхдээ байгальд ээлтэй гэсэн гол үзүүлэлтийг үндэслэн шалгаруулахаар болсон юм.
Шинэчилсэн журамд “Малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж, ашиг шимийг нэмсэн, мал эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулсан, бэлчээрийн доройтлыг бууруулахад орлогынхоо тодорхой хувийг зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандын эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож, ядууралтай тэмцэхэд хувь нэмэр оруулсныг чухалчилж аварга малчин өрхийг өргөмжилнө” гэж тусгасан байна. Бэлчээр, ус зэрэг байгалийн баялгийг хэр зэрэг зохистой ашиглаж, хамгаалж буй нь хамгийн гол шалгуур гэж онцлон дурджээ. Эл журмын өөрчлөлтөд байгаль орчны болон хөдөө аж ахуйн салбарынхан ам сайтай. Хэрэгжүүлж, мөрдөж чадвал малчид малынхаа тоонд бус, чанарт ач холбогдол өгч, тэр хэрээр хүрээлэн буй орчинд учруулах дарамт буурна гэж тэд үзэж буй.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр БОАЖЯ, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлдэг “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийнхөн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, унаган төрхөөр нь хадгалахад чухал нөлөө үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа” хэмээн сайшаав. Тус төслийн үндэсний зохицуулагч Б.Эрдэнэбилэг “Бэлчээр талхлагдаж, доройтох үйл явц нь уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн хэт өсөлт, сүргийн бүтцийн алдагдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан тасралтгүй нэмэгдэж байна. Энэ үед бэлчээрийн даацад нөлөөлж буй дарамт, бэрхшээлийг бууруулж, шийдэх арга хэмжээ даруй авах шаардлагатай. Малынхаа тоо толгойг бууруул гэж хатуу шахалт үзүүлж, хянах боломжгүй. Харин малын чанар, ашиг шимд анхаарснаар өрхийн орлогоо багасгахгүйгээр малынхаа тоо толгойг бууруулах боломжтой гэдгийг малчдад ойлгуулах нь чухал. Манай хөтөлбөрт хамрагдсан, Архангай аймгийн Өлзийт сумын малчны 28 бүлэг өрхийн орлогоо багасгахгүйгээр малынхаа тоо толгойг өнгөрсөн онд 21.4 хувиар бууруулж, зорилгоо давуулан биелүүлсэн. Бид энэ туршлага, сургамжаа холбогдох яамдын мэргэжилтнүүдтэй хуваалцаж, хамтран ажилладаг тул байгаль орчинд ээлтэй мал аж ахуй эрхэлж буй малчин өрхийг шагнаж урамшуулах Засгийн газрын шийдвэрт тодорхой нөлөө үзүүлсэн гэж найдаж байна” хэмээсэн юм.
Харин Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гишүүн, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Э.Бат-Өлзий “Олон улсын жишгийг харахад, фермер бүр байгалийн аливаа нөөцийг төлбөртэй ашигладаг. Дээр нь орлогоосоо татвар төлдөг. Харин Монголд бүх зүйл үнэгүй. Хэн дуртай нь байгалийн нөөцийг хүссэн хэмжээгээрээ үнэ төлбөргүй ашигладаг. Малын хөлийн татвар төлнө, төлөхгүй гэж талцан хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ. Бэлчээрийг амрааж, сэлгэлгүй ашиглаж, доройтуулсан малчидтай хариуцлага тооцох тогтолцоо ч үгүй. Харин ч мянгат, аварга гэх зэрэг цол гуншин олгож, урамшуулах гажууд бодлого баримталдаг. Энэ шагналыг дэмждэггүй хүн хөдөө аж ахуйн салбарт маш олон. Засгийн газар энэ оноос малын хөлийн татварыг сэргээж, шагнал урамшууллыг танасан нь зүйтэй алхам гэж үзэж байгаа. Тухайн малчин өрх мал маллагаандаа ямар хөсөг ашиглаж байгааг бас нэг төрлийн шалгуур болгох хэрэгтэй. Цаашид улам хяналттай, чамбай болгох шаардлагатай” хэмээн санал бодлоо хуваалцлаа.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос “Бэлчээрийн менежментийг сайжруулахад малын тоо толгойн албан татварын нөлөө” сэдэвт цахим хэлэлцүүлгийг энэ сарын 13-нд зохион байгуулжээ. Энэ үеэр мэргэжилтэн, судлаачдын хөндсөн гол асуудал нь малчдыг шагнаж, урамшуулах тогтолцоотой холбоотой байв. Шинэчилсэн журмын дагуу жил бүр 70 орчим өрхөд улсын хошой аварга, аварга малчин цол оноох болсон нь ч “ахадсан” тоо гэдгийг тэд онцоллоо. Эл шагналд төсөвлөж зарцуулдаг хөрөнгийг малчдад мэдлэг, мэдээлэл олгоход, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд, бэлчээр, усаа хамгаалахад зарцуулбал илүү үнэ цэнтэй гэсэн санал зарим нь дэвшүүлж байв.
Мянгат, улсын аварга малчин цол олгохтой холбоотой шүүмжлэл тасардаггүй. “Малчдын хөдөлмөрийг үнэлэх нэрийдлээр хэт бөөцийлсөн, халамжийн бодлого баримталж байна”, “Шагналыг хэт хавтгайруулж, үнэ цэнгүй болголоо”, “Малчид сум, орон нутагтаа хэдэн мал хандивлаад л аварга цол төвөггүй авдаг”, “Аварга малчин шалгаруулах журам, түүнд тусгасан үзүүлэлтүүд амьдралд хэрэгждэггүй” гэх зэргээр шүүмжлэх хүн олон. Тэгвэл шинэчилсэн журам энэ бүхнийг цэгцлэх зорилготой гэдгийг ХХААХҮЯ-ныхан онцолжээ.
Сайн хууль, журам байгаад хэрэгжүүлж чадахгүй бол боловсруулж, баталсны хэрэг гарахгүй. Улсын хошой аварга, аварга малчин өрх шалгаруулах шинэчилсэн журмын хэрэгжилтэд ямар шугамаар хэрхэн хяналт тавих вэ гэсэн асуултад хариулт авахаар ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнтэй холбогдов. Тэд “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээн учирласан бөгөөд ямартай ч эл журам хөдөө аж ахуйн салбарт малчдыг үнэлэх шинэ жишиг, өөрчлөлт авчирна гэж итгэж буйгаа хэлсэн юм.