Засгийн газраас УИХ-д Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд удаагүй байна. Уг хуулийн гол зорилго нь мөнгө хүүлэхийг хянах. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны зээлийн үйл ажиллагааг зохицуулахгүй. Мөн иргэн нэгэндээ нэг удаагийн мөнгөн зээл олгох, ашиг олохын төлөөх бус зээлийн үйл ажиллагааг зохицуулахгүй гэж тусгажээ. Тэгэхээр эл хуулиар ломбард, ашиг олохын төлөө зээл олгодог хувь хүмүүсийг зохицуулах юм байна. Зах, худалдааны төвүүдийн худалдаачдад өндөр хүүтэй өдрийн зээл олгож, хүүг нь урьдчилан авч мөнгө хүүлж байна гэсэн гомдол гарах болсон. Сард 10-аас дээш хувийн хүүтэй зээл олгож буй нь яах аргагүй мөнгө хүүлэх үйл ажиллагаа билээ. Сард нэг сая төгрөгийг 10-аас дээш хувийн хүүтэй зээлбэл хүү нь 100 мянгаас их болно. Өндөр хүүтэй гэж байнга шүүмжлэлд өртдөг банк бус санхүүгийн байгууллагаас жилийн хугацаатай нэг сая төгрөг сарын гурван хувийн хүүтэй зээлбэл жилд 170 мянган төгрөгийн хүү төлнө. Үүнтэй харьцуулбал өдрийн зээл гэгч нь маш өндөр хүү тооцож, мөнгө хүүлэх арга байгаа биз.
Улаанбаатарт хаа сайгүй тааралдах ломбардууд эд хөрөнгө барьцаалан зээл олгодог. Ингэхдээ сард 8-10 хувийн хүү тооцно. Өдрийн зээлийг бодвол арай бага хүүтэй. Гэхдээ ломбарднаас жилийн хугацаатай нэг сая төгрөг зээллээ гэж бодвол хүүд нь төдий хэмжээний мөнгө төлнө. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүтэй харьцуулбал тав дахин өндөр. Тиймээс мөнгө хүүлж байгаа гэж үзэхээс өөр аргагүй.
Өмнөх парламентын үед АН-ын дарга асан С.Эрдэнэ нар мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл өргөн барьж, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох тухай хууль санаачилж байсан. Гэвч энэ хуулийг УИХ-ын гишүүд дэмжээгүй. Эл хууль нь ломбард, өдрийн зээлээс гадна банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны зээлийн хүүд дээд хязгаар тогтоох байв. Ингэхдээ банкны зээлийн хүүг дээд тал нь 18 хувьд хүргэж, өнөөгийн зах зээлийн жишгээс бууруулахаар санаархсан. Зээлийн хүүг бууруулж байгаа нь сайн хэрэг ч эдийн засгаа “эвдэх” байсан учраас олон нийт дэмжээгүй юм.
Харин ломбард, өдрийн зээлийг бусдаас нь ялгаж зохицуулах гэж буйг олон нийт дэмжинэ гэж найдаж байна. “Хархорин” захын
20 худалдаа эрхлэгчээс санал асуулга авахад тэдний найм нь өдрийн зээл авч байсан аж. Өдрийн зээл нь сарын 10-12 хувийн хүүтэй байдаг гэж тэд хариулжээ. Өдрийн зээлийн хүүг бодохдоо үндсэн зээл дээр сарын хүүг нэмээд 30, эсвэл 22 хоногт хуваан өдөр бүр төлөх мөнгөн дүнг гаргадаг байна. Хугацаандаа төлж чадахгүй бол зарим тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцдог гэнэ. Мөн гэрээ байгуулахдаа нотариатаар баталгаажуулан, зардлыг нь зээлдэгчээр төлүүлж, лангуу түрээсэлсэн бичгийг хавсаргадаг аж. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдэгчийг дарамтлах, нэр хүндийг нь гутаах зэргээр эрхэд нь халддаг гэж хариулжээ.
Нөгөөтээгүүр, сүүлийн 10 жилд зээлийн гэрээ байгуулан залилсан гэмт хэрэг 1700 орчим бүртгэгджээ. Ийм төрлийн гэмт хэрэг 2014 оноос хойш жилд 300 орчмоор нэмэгдэх болсон байна. Мөнгө хүүлэх сонирхлоор байнга зээлийн гэрээ байгуулан ажиллах нь өөрийгөө залилангийн гэмт хэргийн хохирогч болгох зам руу түлхэж буй хэрэг юм. Иймээс зохицуулах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж буй.
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсад 1000 орчим барьцаалан зээлэх газар буюу ломбард ажиллаж байгаа гэсэн судалгаа гаргажээ. Тэдгээрийн 872 нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа аж. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 294 ломбарднаас татвар авсан байна. Бусдаас нь татвар авч чадахгүй байгаа нь ломбардаар хэдэн төгрөгийн санхүүжилт эргэлдэж буйг тогтоох боломжгүйг харуулж байгаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтаар ломбардууд хүний эд хөрөнгийг 50-80 хувиар хямдруулан барьцаалдаг нь тогтоогджээ. Хэрэв зээлсэн мөнгөө төлж, барьцаалсан зүйлээ авч чадахгүй бол мөнөөхийг нь зах зээлийн үнээр борлуулан ихээхэн ашиг олдог юм байна. Ийм зөрчил, шударга бус байдал үүсэж буй учраас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хяналт тавих, зохицуулалт хийх шаардлагатай гэж үзжээ.
Хуулийн төсөлд аж ахуйн нэгж, иргэн нь аймаг, нийслэлийн засаг, захиргаанаас “Барьцаалан зээлдүүлэх газар” гэсэн тэмдэг авахыг тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авна гэсэн үг. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд барьцаалан зээлдүүлэх бодлогын зөвлөл байгуулахаар тусгасан байв. Бодлогын зөвлөл нь судалгааны үндсэн дээр жил бүр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэнэ. Мөн гэрээний маягтыг батлах, үйлчилгээний шимтгэлийн дээд хэмжээг тогтоох гэх мэт бодлогын шийдвэр гаргах үүрэг хүлээх аж. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зохицуулалтын тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх газрыг бүртгэх, гүйцэтгэх захирал, менежерт тавих шаардлага, барьцаа хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэр, нэг удаа олгох зээлийн дээд хэмжээ гэх мэт харилцааг зохицуулах юм.
Уг хуулийг баталснаар богино буюу сар, түүнээс бага хугацаатай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хүү буурах нь. Өөрөөр хэлбэл, иргэд богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд мөнгө хүүлэлтэд өртөхгүй гэсэн үг. Нөгөөтээгүүр, барьцаалан зээлдүүлэх газрууд төрийн хяналтад орж, эрх зүйн орчны дагуу тодорхой стандарт баримталж ажиллана. Улмаар санхүүгийн гэмт хэргийн тоо буурна гэж шинжээчид дүгнэж байгаа. Мөн ашиг олох зорилгоор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн тодорхой болно. Ингэснээр олсон ашгаасаа татвар төлөх нөхцөл бүрдэх юм. Хууль цаазгүй дураараа авирладаг байсан мөнгө хүүлэгчдийн хөлийг ийнхүү туших нь.