Төрөөс 11 250 орчим үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Тэдгээрээс 200 гаруйг нь өнгөрсөн оны аравдугаар сараас хойш цахимаар буюу “E Mongo¬lia” системээс авах боломж бүрдсэн. Харин энэ онд багтаан 592 үйлчилгээг уг системд нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Энэ нь цахим шилжилтийн дөнгөж эхлэл юм. Бүгд Найрамдах Эстони Улс шиг төрийн үйлчилгээнийхээ 99 хувийг цахимаар үзүүлдэг, мэдээллийн технологийн салбараасаа өндөр үр өгөөж хүртдэг орон болохын тулд бидэнд 7-8 жилийн хугацаа шаардлагатайг тооцсон байдаг. Гагцхүү аль улс төрийн хүчин засгийн эрхийг гартаа авснаас үл хамааран энэ ажлыг нураалгүй, бүх талаар дэмжиж чадвал дээрх хугацаанд “Цахим Монгол Улс” болох боломжтой.
Ингэснээр манай улсын хөгжлийг “түгжиж” байгаа авлига, хээл хахууль, төрийн албан хаагчдын хүнд суртал, авто замын түгжрэл, төсөв болон эдийн засгийн үргүй зардал зэргийг багасган, аялал жуулчлал, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд гээд салбар бүрт дижитал технологийн үр шимийг хүртэх учиртай. Гэвч энэ бол цахим шилжилтийн нэг талаас нь л харах дүр зураг. Нөгөө талд нь төрийн албан хаагчдын тоог багагүй хувиар цөөрүүлэх буюу ажлаас нь цомхотгох сорилттой нүүр тулна. 2019 онд манай улс 198 мянган төрийн албан хаагчтай байсан бол өдгөө 3.3 мянгаар нэмэгдсэн гэдэг. Цахим шилжилт хийснээр энэ тоог 30-40 хувиар бууруулна гэдгийг ЗГХЭГ-ын дэргэдэх Цахим бодлогын үндэсний хорооныхон судалгаандаа дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, 60 000-80 000 хүнийг хүссэн, хүсээгүй төрийн албанаас чөлөөлөх нь. Тэдний цалингаар дунджаар гурван хүн амьжиргаагаа тэтгэдэг гэж тооцвол 180 000-240 000 иргэний амьдрал яах вэ. Тэгвэл бусад улс цахим шилжилт хийхийн зэрэгцээ төрийн албан хаагчдаа дахин чадавхжуулах буюу мэдээллийн технологийн, ирээдүйд эрэлттэй байх мэргэжлээр сургаж, хувийн хэвшилд ажиллах боломжоор хангадаг байна. Гэхдээ манайхыг бодвол харьцангуй бага төрийн албан хаагчтай байсан учир дахин чадавхжуулах ажлыг хүндрэл багатай хийсэн гэсэн үг.
БНСУ-Д 50, ХАРИН МАНАЙД 16…
Манай улсын 16 иргэнд төрийн нэг албан хаагч ногддог. Энэ нь бусад оронтой харьцуулахад өндөр дүн юм. Тодруулбал, Канад Улс манайхаас 12 дахин их хүн амтай атал 287 мянган төрийн албан хаагчтай (төрийн нэг албан хаагчид 128 хүн ногддог) аж. АНУ-д гэхэд 42, Британид бүр 201 иргэнд төрийн нэг албан хаагч ногдож байх жишээтэй. Ази тивээс тухайлбал, БНСУ-ын төрийн нэг албан хаагчид 50 хүн ногддог гэнэ. Эдгээр нь төрийн албаны үр нөлөөний олон улсын индексээр эхний 10-т жагссан улсууд. Төрийн албандаа хүний нөөцийн менежмент хийж, цомхон, чадварлаг, нээлттэй, ил тод болгон, инновац, цахим технологи сайн нэвтрүүлж, үр өгөөжтэй ажиллуулж байгаа, эсэхээс нь хамаарч дээрх индексийг тооцдог. Манай улсыг уг индекст одоогоор хамруулаагүй ч төрийн албан хаагчдынхаа тоогоор бусад орноос хавьгүй илүү гэдэг нь тодорхой байна. Товчхондоо, төрийн алба данхайсан бүтэцтэй байна гэсэн үг. Монгол Улс төсвөөсөө 2019 онд сар бүр 180 орчим тэрбум, жилд 2.1 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалин, урамшуулалд зарцуулжээ. Өнгөрсөн онд гэхэд нэг сард дунджаар 200 орчим тэрбум төгрөгийг үүнд зориулсан нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.
Төрийн албан хаагчдын тоо 1996 онд 141 мянга байв. Түүнээс хойш 2000 онд л 139 мянга болгон цөөрүүлсэн бөгөөд бусад үед нь их, бага хэмжээгээр өссөөр өдий хүрчээ. Түүний дотор буюу 2013-2014 онд 13 832-оор нэмэгдсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.
ДАНХАР БҮТЦЭЭ УДАХГҮЙ ҮНЭЛНЭ
Ийнхүү 1996 оноос хойш төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж ирснээс биш, дээр дурдсанчлан олноор нь цөөрүүлэх тухайд манай улс тодорхой алхам хийж байгаагүй гэж хэлж болно. Уг нь төрийн захиргааны байгууллагуудыг цомхон, чадварлаг байлгахын тулд бүтэц, орон тооны давхардлыг нь судлах буюу чиг үүргийн шинжилгээ хийхийг хэд хэдэн удаа зорьсныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаанд дурджээ. Тухайлбал, анх 1996 онд УИХ-ын 38 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын үйл ажиллагааг ил тод болгох, бүтэц, орон тооных нь давхардлыг арилгах зорилготой чиг үүргийн шинжилгээ хийх байсан ч талаар болсон аж. 2008 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн судалгааны үндсэн дээр салбар тус бүрээр уг шинжилгээг хийх зөвлөмжийг манай улсад өгсөн ч хэрэгжүүлээгүй байна. Мөн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (тохируулагч агентлаг бөгөөд татан буугдсан)-ныхон төрийн захиргааны байгууллагуудад дээрх шинжилгээг хийх төлөвлөгөөг 2009 онд гаргасан ч үр дүнд хүрээгүй аж. Түүнчлэн ЗГХЭГ-ын даргын 2011 оны 102 дугаар тоот тушаалаар чиг үүргийн шинжилгээ хийхийг Удирдлагын академийн захиралд даалгасан ч тодорхойгүй үлджээ. Дараа нь Азийн хөгжлийн банкны төслөөр 2013 онд яам, агентлагуудад мөн шинжилгээ хийхээр төлөвлөсөн ч бүрэн бус, учир дутагдалтай болсон байна. Өдгөө Швейцарын хөгжлийн агентлагийн “Төвлөрлийг сааруулах бодлого” төслийн хүрээнд чиг үүргийн шинжилгээ хийх аргачлал боловсруулж, бүх яамыг хамруулсан судалгаа хийж буй гэнэ.
Дүгнэж хэлбэл, өнөөдрийг хүртэл манай улс төрийн албаныхаа бүтэц, орон тоог судалж, чиг үүргийн давхардал бий, эсэхийг тогтоож чадалгүй иржээ. Жил бүр улсын төсвийг хэлэлцэх үеэр энэ асуудлыг хөндөж, тоог нь цөөлөх тухай ярьдаг ч үнэн хэрэгтээ ажил хэрэг болгосон тохиолдол үгүй. Тухайлбал, төрийн бүтцийг данхайлгаж, орон тоог нь нэмэгдүүлэхгүй гэж 2012 онд шинэчлэлийн Засгийн газар амласан ч эцэст нь 6000-аар өссөн. 2015 онд шийдлийн гэх тодотголтой Засгийн газар төрийн албан хаагчдын тоог 20 мянгаар бууруулна гэсэн ч дараа жил нь 2500-гаар нэмэгдсэн түүхтэй. Энэ нь улс төрийн зорилготой байсныг ч үгүйсгэх аргагүй. Учир нь төрийн албыг улам өргөжүүлэн, олон ажлын байр бий болгож, эргээд сонгогчдын саналыг авах башир аргыг засгийн эрхийг барьж буй улс төрийн хүчнүүд хэрэглэдэг нь нууц биш. Улс төр, төрийн захиргааны чиглэлийн судалгаануудад ингэж дүгнэсэн байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд засгийн эрхийг барьж ирсэн улс төрийн хүчнүүд төрийн албыг цомхотгохыг зорьсонгүй. Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтийг идэвхтэй дэмжиж байгаа, төрийн албан хаагчдын тоог бууруулах ёстой гэдэгтэй санал нэгддэг. Тэрбээр удахгүй Ерөнхий сайд болж, Засгийн газраа эмхлэн байгуулна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод энэ ажлыг зориглож хийх үү. Аль эсвэл биелээгүй амлалт хэвээр нь үлдээх болов уу.