Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ өгөв
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд идэр ес тачигнасан шөнөөр коронавирусийн халдвартай гэх шалтгаанаар нялх биетэй эх, нярайг мал, амьтан шиг ачиж явсан хүнлэг бус үйлдлийг нийгмээрээ жигшин, зэвүүцэж байна. Хөөрхий эхийг гэрийн хувцас, шаахайтай нь, ам, хамрыг нь дэрээр хаасан болоод, нохой шиг хөөгөөд гаргасан эмнэлгийн удирдлага, эмч, ажилтнуудад өрөвдөх сэтгэл өчүүхэн ч байсангүй. Хүйгээ хөндүүлээд удаагүй нярайг хөхөө өвлийн хүйтнээр нимгэн өлгийтэй эмнэлэг хооронд тээвэрлэсэн УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөнд ямхын төдий ч энэрэл харагдсангүй. Энэ бол төр, засгийнхан цар тахлаар далимдуулан хүний эрхийг уландаа гишгэж, ядарсан иргэдээ “ялласан” харгис үйлдэл мөнөөс мөн.
Хүүхэд төрүүлээгүй өсвөр насны охид хүртэл хүйтэн нойтонд даарснаас болж үе мөч нь өвдөн, умай нь цанхайж, хийгээр дүүрдэг. Гэтэл дөнгөж нярайлсан эхийг багадаа 40 хоног гам бариулах зөвлөмж бийг эрүүл мэндийн салбарынхан эрхбиш мэдмээр сэн. Эхний тав хоногт орноос нь босгохгүй хэвтүүлэхээс эхлээд сар гаруйн хугацаанд даарч хөрөх, хүйтэн усанд гар дүрэх, салхи авхуулахаас сэргийлдэг. Зуны халуунд ч гам алдах вий гэж болгоомжилдог шүү дээ. Гэтэл цар тахлын онцгой үед халдвартай эхийг амаржуулах, өвчтэй хүн эмчлэх, зөөвөрлөх журам, зааваргүйгээс нэгэн эх, хүүхэдтэйгээ золиослогдож, магадгүй насаараа хууч өвчтэй, сэтгэлийн шархтай хоцорлоо. Гэмтнийг хүртэл хорих анги руу тээвэрлэхдээ хүнлэг ёсоор хандаж, дулаан хувцас, бусад бэлтгэлийг нь хангадгийг энд дурдах нь зүйтэй.
Манай улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд коронавирустэй тэмцэх “жүжиг тоглосноос” өөрөөр цар тахалтай нүүр тулах ямар ч бэлтгэл хангаагүйг илтгэх жишээ олон. Цухас дурдахад, Архангай аймгаас эмнэлгийн тусламж авахаар ирсэн иргэн 22-ын товчооны цаана амьсгал хураасан. Тархиндаа цус харвасан 10 настай хүүхэд Сэлэнгэ аймгаас нийслэлд ирээд шинжилгээний хариугаа хүлээсээр эндэв. “Энхсаран” сувиллын булхайг илчилсэн иргэнд хариуцлага тохлоо. Гадаадаас эх орондоо ирээд гэрийнхэнтэйгээ уулзаж амжаагүй нас барсан тохиолдлууд, тусгай үүргийн нислэг хүлээсээр “цогцос бологсдын” өмнөөс хэн хариуцлага хүлээсэн бэ. Халдварын үед авах хариу арга хэмжээнүүдийн тодорхойгүй байдал, эрх баригчдын эргэж буцсан шийдвэрүүдээс болж эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг хэн барагдуулав. УОК, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагынхан энэ мэт хэзээ ч биелээгүй, амьдралгүй төлөвлөгөө, журам боловсруулсныхаа төлөө ажлаа өгсөн бил үү.
Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлд ч эдгээр асуудал хамаатай. Түүнээс хариуцлага нэхэх хангалттай шалтгаан бий. Тэрбээр ажлаа өгтлөө коронавирусээр бараг долоон сар “шоудаж”, ард иргэд, гадаад, дотоодын байгууллагуудаас хандив, тусламж цуглуулсан. Дотооддоо халдвар алдаагүй “баатар” болж жүжиглэн “Эмч нараа сургалаа. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангасан. Тусгаарлах өрөө, ор бэлдүүллээ” хэмээн өөрийгөө дөвийлгөсөөр суудлаасаа нэр цэвэр буусан. Өөрөөр хэлбэл, Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд байхдаа амьсгалын аппарат ч бүрэн оруулж ирээгүй. Эмч нарыг халдвараас сэргийлэх арга, техникт сургаагүй. Эмнэлэгт өвчин дэгдвэл хэрхэн ажиллахыг заасан нарийн төлөвлөгөө, журам ч боловсруулалгүй, хариуцлагаас бултчихсан. Энэ бүхнийх нь төлөө Монголын ард түмэн түүнээс хариуцлага нэхэх эрхтэй.
Одоогийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ч ялгаагүй. Улсын эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулах, өмнөх удирдлагын дутууг гүйцээх нь түүний үүрэг. Гэтэл хэрэгжилт нь хангалтгүй хэвээр. Дээр нь иргэд болон эрүүл мэндийн салбарынханд “Ковид-19”-ийн үед сандрахгүй байх, халдвар авсан тохиолдолд сэтгэл зүйгээ яаж удирдах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөөгүйгээс өдгөө асуудал үүссээр байна. “Өргөө” амаржих газарт болсон үйл явдал үүний нэг тод жишээ. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт нь халдвартай эх амаржсаныг сонссон удирдлага, эмч нар нь түргэн авч, ээж, хүүхдийг өмссөн хувцастай нь тэр даруй хөөж гаргасан хэрэг. Гэтэл олон улсад коронавирусийн үед эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээг хэрхэн хүргэх заавар, журам нь тодорхой. Халдвартай хүн эмнэлэгт ирвэл түүнийг хэрхэн тусгаарлан, эмчлэх дүрэм, заавар нь ч нээлттэй байна.
ХБНГУ-ын төрөх, эмэгтэйчүүдийн нэгэн эмнэлэгт ажилладаг монгол эмч О.Алтанзул “Ковид-19”-тэй жирэмсэн эмэгтэй нярайлсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авч буй талаарх олон улсын туршлагаас хуваалцав. Тэрбээр “Германы төрөх эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэн амаржсан тохиолдолд тухайн тасагт нь өрөө бэлдэн, тусгаарлаж байгаа. Эмч, сувилагч нар эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ халдварын дэглэм баримталж, нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээ өмсөөд өрөөнд нь ордог. Харин гарахдаа хувцсаа тайлан, ариутгал хийнэ. Эх, хүүхэд төрөх эмнэлэгт хүссэн хугацаагаараа буюу багадаа тав хоног шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авдаг. Улмаар эх, хүүхдийн биеийн байдал сайжирч, эдгэрснийх нь дараа эмнэлгээс гаргадаг жишиг бий. Өрөөг ариутгаж, халдваргүйжүүлсний дараа өвчтөн хүлээн авах зэргээр ажиллана. Манайх үйлчлүүлэгчдийг эмнэлэгт хэвтэхээс өмнө шинжилгээнд хамруулж, халдвар илэрвэл тусгай тасагт шилжүүлдэг. Үүнд зориулж эмнэлгийн бүхэл бүтэн тасаг чөлөөлж, бэлдсэн” гэв.
Харин манай улсад энэ бүхэн эсрэгээрээ. Эрүүл мэндийн салбарынхан нь хүртэл өвчтэй хүмүүсээс дөлж, ялгаварлан гадуурхаж, хүнлэг бус харилцсаар удлаа. “Ковид-19”-өөр өвчилсөн иргэдийн ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлахдаа гахай, нохойтой харилцаж байгаа мэт шөнө дүлээр ачиж явна. Тусгаарлах байранд аваачмагцаа хоол ундгүй, хүйтэн зэврүүн өрөөнд хорино. Тэгсэн хэрнээ иргэдийн эрх ашиг, нэр төрд халдаж байна гэж олон нийтийг зэмлэдэг. Үүний гол буруутнуудын нэг нь яах аргагүй Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон. Цар тахлын үед хүний эрх, эрх чөлөө, язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах ёстой тус байгууллага өнгөрсөн хугацаанд ямар ч чадамжгүйгээ нотлов. Эрүүл мэндийн байгууллагуудад хүний эрхийн талаар ямар ч ойлголтгүй эмч, мэргэжилтнүүд үүрэг гүйцэтгэж байгаа нь тэдний үнэн нүүр царай. УОК, ЭМЯ, ХӨСҮТ болон цагдаагийнхан коронавирусээр далимдуулан иргэдтэй хүнлэг бус харилцаж байхад тэд таг дуугүй л суусан. Угтаа бол цар тахлын онцгой үед ХЭҮК-ынхон “халуун” цэгүүдэд, газар дээр нь ажиллаж, холбогдох хүмүүсийг сурган, ядаж л хүний эрхийн наад захын ойлголтууд “суулгасан” бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэтэл дулаан өрөөндөө шигдэж суусан тэд ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр үйл явдал болоод өнгөрсний дараа буюу өчигдөр хуралдаж, мэдээлэл өгсөн. “Өргөө” амаржих газарт болсон явдлыг тодруулахаар гишүүд нь тэнд ажиллаж байгаа гэнэ. Нялх биетэй эх, нярайг өвлийн хүйтнээр нимгэн хувцастай тээвэрлэсэн асуудлын цаана хувь хүний буруутай үйлдэл байсан уу, эсвэл эрүүл мэндийн салбарын тогтолцооны алдаа юу гэдгийг тодруулж буй юм байх. Нэг иргэний эрхийг хамгаалахын тулд өөр олон хүнийхийг зөрчиж болохгүй гэсэн тайлбар ч өгөв.
Ямартай ч ХӨСҮТ рүү шилжүүлсэн эх, нярайг тухтай өрөөнд тусгаарлан, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж буйгаа албаныхан хэллээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал хойно арга ч үгүй биз. Хэрэв эх, хүүхдэд хоноцын сэтгэлээр хандсан эмнэлгийнхний бичлэгийг хэвлэлийнхэн олон нийтэд дэлгээгүй бол юу болох байсан бэ. ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар “Өргөө” амаржих газарт нярайлсан нэг эхээс халдвар илэрснийг зарлаж, бусад нь хөөрхийлсөөр хоцрох байлаа. Яг үүн шиг нийтэд ил болоогүй өч төчнөөн тохиолдол байхыг ч үгүйсгэхгүй. Иргэдийн эрх ашгийг энэ мэт уландаа гишгэсэн увайгүй, хариуцлагагүй үйлдлүүд гарах бүрт эрх баригчид уучлал гуйгаад өнгөрүүлдэг жишиг энэ удаад өөрчлөгдөв бололтой. Шадар сайд Я.Содбаатар уучлал гуйгаад, уснаас хуурай гарахыг оролдсон ч тусыг эс олов. Тэрбээр дээрх явдал болсон орой цахим хуудсандаа “Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харилцсанд УОК-ын даргын хувьд уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харилцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. УОК иргэдийн санал, бодлыг байнга сонсдог. Цаашид ч хамтран ажиллахаа илэрхийлье” хэмээн “нүхээ малтсан”. Харин иргэд УОК-ынхны урагшгүй шийдвэрүүдийг дахин тэвчиж, биелүүлэхийг хүсэхгүй байна. Үүнийгээ ч илэрхийлж, өчигдөр төв талбайд иргэд олноор цуглан, эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд иргэд голдуу улс төрийн зорилгоор, хэн нэгний дуудлагаар жагсаж, цуглаж байсан. Тэгвэл энэ удаад тэд хэний ч заавар, чиглэлгүйгээр өөрсдийнхөө төлөө гудамжинд “гарав”. Өчигдөр 10.00 цагийн үед тус тэмцлийг ганцаараа шахам эхлүүлсэн иргэн А.Отгонбаатарын давлагаа үдшийн 20.00 цаг гэхэд үргэлжилж л байв. Тэрбээр жагсаалд гэрийн хувцас, шаахайтайгаа ирж, эх, хүүхдэд харгис хандсан бүх шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг уриалсан нь тийнхүү олон хүнд хүрсэн. Улмаар жагсаалын хүрээ ч хэдэн зуу, мянгаараа тэлсэн юм. Жагсагчид “Иргэд коронавирусээс болж зүдрээгүй. Харин төр, засгийн явуургүй шийдвэрийн золиос болохыг цааш тэвчихгүй. Уучлаарай, одоо хангалттай. УОК огцор” зэрэг үг бичсэн лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэмцлийн гол шаардлага нь төрийн байгууллагуудын дээд, дунд, доод түвшинд хариуцлага алдсан албан тушаалтнууд болон УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг огцруулахыг шаардав.
Жагсаал эрчээ авч, олон хүнийг хамрахаас өмнө ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Өргөө” амаржих газрын талаар мэдээлэхдээ бурууг өөрсдөөсөө бултуулж, эмч, ажилтнууд алдаа гаргасан гэж бардам хэлсэн. Тэгвэл Т.Мөнхсайхан сайд нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын дарга Л.Төмөрбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нарт хариуцлага тооцуулах саналаа Хотын дарга Д.Сумъяабазарт хүргүүлж нэг үзэв. Амаржих газрууд НЭМГ-т харьяалагддаг учраас хариуцлага алдсан ажилтан, албан тушаалтанд тус газрын дарга Л.Төмөрбаатар арга хэмжээ авах болсон. Энэ мэтчилэн нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэгчийн үлгэрээр сайд, дарга нар хариуцлагаас бултаж, булзааруулах түмэн арга сүвэгчилсэн ч тусыг эс оллоо. Тодруулбал, төр, засгийн алдаатай шийдвэрүүдийг бүтэн жил хүлцэнгүй дагасан иргэдийн уур бухимдал туйлдаа хүрч, тэсэрснийг өчигдрийн жагсаал бэлээхэн гэрчлэв. Улс төрийн зарим намынхан нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар урвуулахыг оролдон, талбай дээр цугласан ч иргэдэд “хөөгдөөд” буцлаа. Жирэмсэн эмэгтэй, бас нэг залуу нүцгэлэн байж үзэл бодлоо илэрхийлсэн нь ч утга учиргүй байсангүй.
Тэмцэгчдийн дуу хоолой Төрийн ордонд ч нүргэлж, Засгийн газрын тэргүүнийг хүртэл барьц алдуулсан нь хавьд байгаагүй сонин үзэгдэл болов. Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмууд бүгд “цусаар бичигдсэн” гэлцдэг. Хүний амь нас, эрүүл мэнд хохирсон жишээн дээр тэдгээр дүрэм, журмыг боловсруулсан байдаг учраас тийнхүү нэрлэдэг юм билээ. Тэгвэл УОК-ын дарга Я.Содбаатар, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын үүрэгт ажлаасаа огцрох хүсэлт өгөх хүртэл (өчигдөр 19.00 цагт) өчнөөн хүний нулимс урсаж, гэмгүй хүмүүсийн амь эрсэдсэн юм шүү. Харамсалтай нь, тэд үүнийгээ ухамсарлаагүй бололтой. Төрийн ордноос мэдээлэл хийхдээ “Стратегийн том алдаа гаргаагүй, эрүүл мэндийн салбарт бугшсан бүхнийг арилгах гэж хоёргүй сэтгэлээр зүтгэлээ” хэмээгээд хээвнэг алхаж одов. Хүсэлтийг нь Ерөнхий сайд хүлээн авсан, эсэх нь тодорхойгүй. Одоогоор ямар ч үр дүн гараагүй гэсэн үг. Дунд шатанд алдаа гаргасан нийслэлийн Засаг дарга болон НЭМГ-ын дарга, “Өргөө” амаржих газрынхныг хэрхэх нь ч асуултын тэмдэгтэй үлдэв. Хамгийн гол нь эдгээр хүмүүс хариуцлагаа жинхэнэ утгаар нь хүлээчихвэл дараагийн ээлжийн удирдлагад нь жишиг, сургамж болох учиртай.