“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс силвер ресурс” Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хармагтайн бүлэг ордын дүүрэгт 53 тонн алтны нөөц илрүүлсэн. Монголчууд “Эрдэнэс силвер ресурс”-ийг Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг, 900 тэрбум төгрөгийн бонд гаргаж, ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн компани гэдгээр нь мэднэ. Тус компани хувийн хэвшлийнхэн олон жил хайгуул хийсэн ч олигтой үр дүнд хүрээгүй талбайд өрөм тавьж нөөц тогтоожээ.
Хойд бүргэд гэж нэрлээд буй уг орд мэргэжлийн хэллэгээр Хармагтайн алт, зэсийн дүүргийн нэг хэсэг юм. Хармагтай гэж нэрлэдэг зэс, алтны ордыг “Занаду майнз” компани эзэмшдэг. “Эрдэнэс силвер ресурс”-ийн ордыг “Занаду майнз”-ынхтай олон нийт андуурч байна. Хойд бүргэдийн орд нь “Занаду майнз” компанийн Хармагтайн ордоос 10 км зайд оршдог. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн зүгт 50 км зайтай аж.
“Эрдэнэс силвер ресурс” компани Хармагтайн бүлэг ордын дүүрэгт 22 мянган га талбайд лиценз эзэмшдэг. Тэгэхээр цаашид ордын нөөц нэмэгдэх боломжтой юм байна. Эхний ээлжид Хойд бүргэдийн ордод нэмэлт хайгуул хийж нөөцийг нь өсгөх боломжтой гэнэ. Хойд бүргэдээс гадна хайгуул хийх талбайгаа Төв бүргэд, Өмнөд бүргэд гэж хуваажээ. Төв болон Өмнөд бүргэдэд ирээдүйд хайгуул хийхээр төлөвлөсөн аж. Шинэ орд нээгдэх нь дамжиггүй гэж “Эрдэнэс силвер ресурс” компанийнхан үзэж буй. Ирээдүйд хийх хайгуулын үр дүнд зэсийн орд илрэх магадлал өндөр гэнэ.
Ордыг ил уурхайн хэлбэрээр ашиглахаар төлөвлөж буй. Уурхайн 150 метрийн гүнтэй ам нээхэд эдийн засгийн үр ашигтай нөөцийг нь олборлож чадна гэж төсөөлж байна. Ирээдүйд уурхайн амыг улам гүнзгийрүүлэх зардал багатай технологи нээгдвэл гүнийг нь 250 метр хүргэх боломжтой аж. “Эрдэнэс силвер ресурс” компанийнхан хүдрийн 15 тонн дээж авч, үйлдвэрлэлийн туршилт хийхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Туршилтаа хийсний дараа баяжуулах үйлдвэрийнхээ технологийг сонгох гэнэ. Металл авалт сайтай буюу хүдэр дэх алтыг хаягдалгүй, бүгдийг нь авах технологи сонгох юм байна.
Хойд бүргэд бол алтны үндсэн орд. Энгийнээр хэлбэл, алт нь газрын гүний чулуулагтай холилдсон гэсэн үг. Тэгэхээр олборлосон хүдрээ баяжуулж алтыг нь ялгаж авна. Одоогоор уурхай нээх нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй. Мэдээжийн хэрэг нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулсны дараа хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болно.
Урьдчилсан ТЭЗҮ-ээр уурхай нээж, баяжуулах үйлдвэр барихад 313 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Ил уурхайд 63.4, баяжуулах үйлдвэрт 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна гэж тооцсон байна. Хөрөнгө оруулалтыг тооцоолсноос 20-30 хувиар өсөх магадлалтай гэж нэмж төлөвлөжээ. “Эрдэнэс силвер ресурс”-ийн уурхайг нээх бүтээн байгуулалтыг ирэх хавраас эхлүүлэх гэнэ. Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр “Алтны үндсэн ордын төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг өөрийн санхүүгийн урсгалаас гаргана. Зээл авахгүйгээр санхүүжүүлнэ” гэж ярив. Тус компани Салхитын мөнгөний ордыг ашиглаж байгаа. Мөнгө борлуулж олсон орлогоосоо төслийг санхүүжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй бололтой.
Манай улс сүүлийн жилүүдэд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай мега төсөл хэрэгжүүлдэг болсон. “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл, төмөр замын бүтээн байгуулалттай харьцуулбал Хойд бүргэдийн уурхай нь жижиг төсөл юм. Уурхайг ашиглах хугацаанд 7.1 сая шоо метр хөрс хуулж, 21.1 сая тонн хүдэр боловсруулах нь. Баяжуулах үйлдвэр нь нуруулдан уусгах технологитой байх аж. Бидний мэдэх “Бороо гоулд”-ын уурхайтай адил технологи гэсэн үг. Монголчууд уул уурхай, тэр дундаа алт олборлох 30 орчим жилийн туршлагатай болсон. Тиймээс алт баяжуулах үйлдвэр барих нь түүртээд байхаар ажил биш болжээ.
Сэлэнгэ аймгийн нутаг дахь Бороогийн уурхай 40 тонн алтны нөөцтэй байсан. Тиймээс Бороогийн уурхайнхтай ойролцоо хүчин чадалтай үйлдвэр барих аж. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хийхдээ унци алтны үнэ дэлхийн зах зээлд дунджаар 1770 ам.доллар байхаар тооцсон байна. Магадгүй арай өөдрөгөөр төсөөлсөн үнэ байж мэднэ. Гэхдээ “Эрдэнэс силвер ресурс” компанийнхан сүүлийн 51 жилийн алтны бодит үнийг харгалзан дүн шинжилгээ хийсэн гэж тайлбарлаж байна.
Ордын талбайд 1960 оноос хойш геологийн судалгаа хийжээ. Эхний үе буюу 1960-1985 онд Монгол-Зөвлөлт, Чех, Унгар зэрэг Зүүн Европын оронтой хамтарсан геологийн судалгаа хийжээ. 1976-1977 онд Зөвлөлтийн геологийн экспедиц өмнөд говийн зэс агуулсан бүсэд геологи, геофизикийн эрэл, шалгалтын ажил явуулж Хармагтай, Овоот хяр, Дөчин хурал, Хан худаг зэрэг газарт порфирын төрөл, турмалинтай холбоотой алтны хүдэржилт байгааг анх тогтоосон байна. Хоёрдугаар үе буюу 1991-1994 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) сансрын зургийн тандан судалгааны үндсэн дээр талбайн эрэл, шалгалтын ажлаар цөөн тооны сорьцод лабораторийн шинжилгээ хийлгэсэн гэнэ. 1995-1996 онд Канадын хөрөнгө оруулалттай QGX компани хайгуул судалгааны ажил гүйцэтгэсэн байна. Гуравдугаар үе буюу 2002-2014 он хүртэл “Уул саран” компани Овоот хяр талбайд геологийн нарийвчилсан зураглал, геофизикийн судалгаа, геохимийн анхдагч, хоёрдогч сарнилын хүрээний сорьцлолтын судалгааг гүйцэтгэжээ. Уг ордыг эртнээс судалж байсан ч хожим орд нээж, алтны нөөцийг нь тогтоосон нь энэ.