Мэдээлэл, технологийн асар хурдтай эринд хөгжил нь өмнөх нийгмээс өсөж, өндийдөггүй нэг салбар манайд байгаа нь боловсролынх гэдэгтэй маргах хүн ховор буй за. Үе үеийн сайд, дарга нар, улстөрчид боловсролын системийн агуулга, хөтөлбөр лүү удаа дараа “гар дүрж”, хүссэнээрээ тоглодог хэрэгсэл болгосон нь үнэн. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг тогтвортой мөрдөхөөс өгсүүлээд эл салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсээд удаж байна. Ингэж хэлсний учир нь сүүлийн 20 орчим жил сургуулийн өмнөх болон ерөнхий, дээд боловсролын хуульд дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийгээгүй. Харин 2019 оноос салбарын хэмжээнд “хувьсгал” хийхүйц эдгээр багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай ярьж эхэлсэн нь энэ Засгийн газрын үед биеллээ олох бололтой.
Дээр дурдсанчлан боловсролын багц хуулийг 2002 онд баталсан бөгөөд шинэчлэлийг цаг үетэй нийцүүлэхээс гадна “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”, “Алсын хараа 2050” зэрэг хөтөлбөртэй уялдуулан хийж байгаа аж. Тодруулбал, эдгээр хөтөлбөрт хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүртээх, хувь хүний хөгжил, амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцах боломжоор хангах зорилтыг биелүүлэхийн тулд хуулийг шинэчлэхээс өөр аргагүйд хүрчээ. Шинэчилсэн найруулга гэдэг нь хуулийн агуулга, нэр томьёо, үйлчлэх хүрээнд 50-иас дээш хувийн өөрчлөлт оруулахыг хэлдэг. Энэ талаар БШУЯ-ныхнаас тодруулахад “Бүх шатны боловсролын байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслүүдэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн улсын хэмжээнд санал авч, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Ингэхдээ боловсролын сургалтын болон мэргэжлийн, төрийн бус байгууллага, багш, ажилтан, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан, цахимаар 24 381, албан бичгээр 5319 хүн санал ирүүлсэн” гэв.
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГЫГ ӨӨРЧИЛЖЭЭ
Боловсролын багц хуулийн гол гол өөрчлөлт, амин сүнс нь юу байх талаар сийрүүлье. Нэн тэргүүнд, боловсролын зорилго өөрчлөгдөж буй юм байна. Тодруулбал, “Төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан, эрүүл, хариуцлагатай иргэнийг бэлтгэнэ” гэж томьёолжээ. Энэ нь хурдтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдрах монгол хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, мэдлэг, чадвар, хөгжил ямар байхыг хуульчилсан гэсэн үг. Эдүгээ дэлхийн боловсролын системд зөвхөн багш танхимд хичээл зааж, суралцагч мэдлэг эзэмшдэг арга барил хоцрогдсон. Тиймээс манай улс ч гэсэн танхимын болон танхимын бус сургалтын хэлбэрийг хослуулан, зөвхөн ерөнхий боловсролыг 12, их, дээд сургуульд 4-6 жил сургана гэсэн хэвшмэл ойлголтыг халж, иргэдийг насан туршдаа мэдлэг, чадвар, хандлагатай болгон төлөвшүүлэхэд чиглэх гэнэ. Ингэхийн тулд боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжилд нийцүүлэн өөрчлөх болжээ.
Үүний нэг илрэл нь багц хуульд цахим, зайн сургалтыг хэрхэн явуулах талаар анх удаа тусгасан нь онцлог байлаа. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор улс, үндэстнүүд хүссэн, хүсээгүй цахим сургалтын арга барилд шилжсэн. Монгол Улс ч үүнээс хоцроогүй. Цаашид болзошгүй эрсдэл тохиох болон цаг үетэй хөл нийлүүлэн хөгжихөд бүх шатны сургалтын агуулга, хөтөлбөрийг цахим хэлбэрт шилжүүлсэн байхаар хуулийн төсөлд оруулжээ. Түүнчлэн боловсролын байгууллагуудын ангилал, хэв шинжийг шинэчлэн тогтоох гэж буй нь шинэ хуулийн бас нэгэн онцлог аж. Тухайлбал, сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хуулийн төсөлд цэцэрлэгүүд салбар болон 24 цагаар үйл ажиллагаа явуулах бүлэгтэй байна. Тухайн хүүхдийн бие, махбодын хөгжил, сэтгэхүйн онцлогоос хамаарч заавал зургаан настайд нь сургуульд оруулах гэж хүчлэхгүй бөгөөд хүсвэл долоонтойгоос нь ерөнхий боловсрол эзэмшүүлэх уян хатан бодлого баримтлах гэнэ.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫГ ЭЦЭГ, ЭХ ХУВААЛЦАНА
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийн тогтолцоонд мөн өөрчлөлт оруулах юм байна. Эх үүсвэрийг улсын, орон нутгийн төсөв, туслах үйл ажиллагааны орлого, эцэг, эх, асран хамгаалагчаас хариуцах зардлыг хуульчилснаар цаашид төлбөрийн маргаан, түүнийг тойрсон асуудал үүсэхгүй гэж үзжээ. Тодруулбал, цэцэрлэгийн хүүхдийн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээс нь гаргуулах аж. Улмаар ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах гэж ангилах бөгөөд цэцэрлэгтэй бага сургуулийн цогцолбор, бие даасан, бага, дунд болон ахлах ангитай сургууль гэж бүтцийг нь шинэчилнэ.
Боловсролын удирдлагын тогтолцоог өөрчлөх зорилгоор салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын эрхийг ч хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн ЗДТГ орон нутгийнхаа өмчийн цэцэрлэг, сургуулийн үйлчилгээний чанар, үр дүнг хариуцахаар бүрэн эрхэд нь анх удаа тусгажээ. Тэд удирдах албан тушаалтныг нь томилохдоо ил тод, шударга зарчим баримтлахаас гадна орон нутагт ерөнхий болон их, дээд сургууль, цэцэрлэг байгуулах, татан буулгах эрх мөн эдэлнэ. Гэхдээ уг эрхийг дагалдан орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байрны ашиглалт, тоног төхөөрөмж, их засварын зардлаа өөрсдөө хариуцах аж.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ТӨРӨЛЖҮҮЛЭН, ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Шинэ хуулийг одоогийн ярьж буй хувилбараар нь баталбал, дээд боловсролын сургалтын байгууллагыг судалгааны, коллеж, технологийнх гэх мэтээр ангилж, хөгжүүлэх юм байна. Эдгээр статусыг олон улсад мөрддөг бөгөөд боловсролын байгууллагуудыг төрөлжүүлэх үр дүнтэй аргад тооцогддог. Цаашлаад дээд боловсролын байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, олон улсад өрсөлдөх мэдлэг, ур чадвартай, оюунлаг иргэн бэлдэх зорилгоор нэгдсэн удирдах зөвлөлтэй болгож, үүрэг, хариуцлагыг нь нэмж томьёолжээ. Үүний тулд судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарч буйгаа албаныхан хэлсэн.
Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын орчин, чанарыг сайжруулахын тулд дан ганц хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоод асуудал шийдэгдэхгүй нь мэдээж. Эл салбарт нэн тулгамдаж буй асуудлуудын нэг нь мэргэшсэн, ёс зүйтэй, чадварлаг багшийн эрэлт, хэрэгцээ юм. Багц хуульд багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрх, үүргийг өмнөхөөс илүү тодорхойлж, нийгмийн асуудал, эзлэх байр суурь, нэр хүндийг нь өргөх, цалин хөлсний асуудалд нь онцгой анхаарсан нь илт байв. Мөн боловсролыг хүртээмжтэй, тэгш эзэмшүүлэх зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн эрхийг хангах олон заалт тусгасныг дурдах нь зүйтэй.
Ямартай ч ирэх жилүүдэд боловсролын зорилго, зорилт өөрчлөгдөж, мэдлэгээс илүү ур чадвар, хувь хүний хүмүүжил, төлөвшил рүү чиглэсэн сургалтын хөтөлбөр, агуулгыг тогтвортой мөрдөх юм байна. Түүнчлэн ном, сурах бичгийн хэвлэлтийн чанарыг сайжруулж, сургалтын орчны стандарт баримтлах, боловсролын байгууллагуудын удирдлагыг томилох тогтолцоог шинэчилнэ гэхчлэн өөдрөг төсөөлөл цөөнгүй. Салбарын хэмжээнд боловсон хүчний тэтгэврийн насыг богиносгох, туслах багшийн орон тоог тэр дундаа цэцэрлэг, бага ангид нэмэх, их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх зэргээр хэрэгжүүлж чадвал боловсролын салбарт боломж нээгдэх нь гарцаагүй.