Ноён, хатан, ард зэрэг загварын гоёмсог малгайг ангын арьсаар захиалгаар урладаг танилын минь бизнес урьдын адил ашигтай хэвээр аж. “Цар тахлын үед иргэд малгай худалдан авах нь багассан уу. Намар бэлтгэл сайтар базааж, түүхий эдээ нэлээд нөөцөлсөн гэсэн. Мөнгөө дэмий “түгжчихэв” үү” гэж түүнээс асуухад “Өмнө нь ямар байсан, яг хэвээрээ, бараг илүү эрэлттэй болсон. Захиалгаар хийж, олноор нийлүүлдэг болохоор амар.
…Харин эхийн ачийг хариулна, өлгийдүүлнэ гэж даавуу хайж, хаалттай дэлгүүр онгойлгуулж гүйх мэтээр авирлавал өөрийгөө, өрөөлийг ч эрсдэлд оруулна. Үүнийг ойлгож, бодит амьдралынхаа үнэнтэй ухаалгаар эвлэрч, амгалан тайван байх л бидэнд өдгөө чухал. Өвчний, ер ямар ч аюулын эсрэг дархлаа бол хариуцлага, хандлага билээ…
Гагцхүү надаас аваад цааш нь борлуулдаг хүмүүс ашиг олж чадаж буй, эсэхийг мэдэхгүй. Энэ жил хүмүүс айлаар нэг их хэсэхгүй ч гэртээ шинэлэхдээ дээл, хувцсаа бүрэн солих учиртай гэж ярих болсон. Бумбын эринтэй золгож буй тул энэ удаа сайтар цагаалах ёстой ч гэх юм. Бузгай ганган сууцгаах бололтой дог оо. Надад бол ашигтай л байна” хэмээв. Ганц хүний амнаас сонссоноо “хөөсрүүлээд” яах вэ гэж бодсон тул нэлээд хэдэн хүнтэй яриа өрнүүлэв. Үнэхээр цөөнгүй хүн Цагаан сарыг нүнжигтэй тэмдэглэж, бумбын эринд хүндэтгэлтэйгээр хөл тавина гэж үзэж байгаа аж. Гэр бүлийн гишүүн бүрийнхээ хувцсыг шинэчилж, хоол унд элбэгтэйгээр шинийн 1-нийг угтахаар зэхэж буй юм байх. Үүнийг батлах гэсэн мэт ЭМЯ-наас 11.00 цагийн мэдээллээ шууд дамжуулах явцад үзэгчдийн сэтгэгдэл дунд “Ууц чанана. Б.Л” гэсэн зар харагдах жишээтэй. Иргэд хараахан бужигнаагүй ч сар шинийн баярын бэлтгэл хэдийн эхэлжээ. Зарын сайтуудад ууц чанах, гулууз мах авах, өгөх, орц, амт сайтай хэвийн боов, мөн бэлэг сэлтийн тухай мэдээлэл жин дарах болж.
Өнгөрсөн жил монголчууд Цагаан сараар гэр гэртээ шинэлж, цахимаар голдуу золгосон. Гэсэн ч энд тэнд хэсэг бүлгээрээ уван цуван айл хэссэн нь анхаарал татахын сацуу аль байдгаараа гангалсан хүмүүс огт сайхан харагдахгүй байлаа. Засгийн газрын шийдвэр, онцгой нөхцөл байдлын үед нийтээр дагаж мөрдвөл зохих журам, мөн гэр бүл, ахан дүүс, ураг төрлийнхний өмнө жудаг, ёс суртахуунтай байх үүргээ ч зөрчигсөд яаж аятай харагдах вэ. Харин энэ жил дээрх алдааг бүү давтаасай. Хорлонтой “хорхой”-д жилийн турш дэлхий дахинаараа нухчуулж, зүдэрлээ. Улс гүрнүүд хамтын хичээл зүтгэлээр зовлонгийн далайг гэтлэхийн наахна монгол ахан дүүс шинэлж, золгох гэж тэмүүлэн халдварыг зах хязгааргүй бүү хавтгайруулчихаасай. Засгийн газрын харьяа байгууллагууд чадах бүхнээ хийж буйг бүгд анзаарч байна. Зарим нь хорио, дэглэмийг хэлбэрдэлт, сүржигнэл, хийрхэл хэмээсээр. Ийнхүү ярьж, бусдыг турхирч буй хүмүүс өөрсдөө, эсвэл үр хүүхэд нь өвдвөл сая ойлгож, юу гэж дэмий цуурснаа ойлгох буй за. Тэднээс ч өвчин, зовлон холуур байг.
Засгийн газар, УОК-оос дэглэмийн зэрэглэлийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхдээ ард иргэдэд Цагаан сарын бэлтгэл хийхгүй байхыг онцолж анхааруулсан. Засгийн газрын тогтоол ч гарсан. Гэтэл бодит байдалд дээр дурдсанчлан жирийн он жилүүд мэт байх төлөвтэй. Түрүү жилийн өдийд “Энэ удаа гэр гэртээ шинэлье” гэж бичихдээ татсан нэгэн жишээг давтъя. БНХАУ болон Европын зарим оронд халдвар хурдацтай тархаж байсан үед гадаадын сурвалжлагч Сингапурын нэгэн иргэнээс “Та нар яагаад ийм тайван байгаа юм бэ” гэж асуухад “Бид Засгийн газрынхаа шийдвэрийг хүлээж байна. Засгийн газар юу гэж хэлнэ, бид тэр даруйд дагаж мөрдөх болно” гэж хариулсан. Тус улс өдгөө өвчинд бага нэрвэгдсэн орнуудын жагсаалтад буй нь иргэдийн ухамсрын түвшнийг харуулах мэт. Гэтэл эсрэгээрээ төр, засаг нь арга хэмжээ аваад байхад иргэд нь ухаан жолоогүй мэт бужигнасан орнууд хамгийн их хохирол амссаныг бүгд мэднэ. Манай улсад өвчлөл эхлэл төдий байгаа энэ үед бидний ирээдүй иргэдийн ухамсар, сахилга, хамгийн гол нь хандлагаас хамаарахаар байна. Засгийн газар, УОК, ЭМЯ-ны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хувьдаа, гэр бүлдээ зохих дэглэм тогтоож, хариуцлагатай байх аваас бэрхшээлийн ард хохиролгүй гарах боломжтой. Харин дээр хэлсэнчлэн их мэдэгчид болж хийрхэн, бусдыг өдөөн хатгасаар, Засгийн газрын бодлогыг олноор эсэргүүцэж, эмх замбараагүй байх аваас хохирол ихээр амссан улс орнууд шиг зүдрэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн талаар мэдээлэхдээ Цагаан сарын өдрүүдээр хөл хорио тогтоож, хязгаарлалт хийнэ гэж мэдэгдсэн тул золгож, шинэлэх хүмүүс хаа сайгүй явахгүй биз хэмээн найдна.
Энэ ташрамд, зарим хүн аливаад арай л “мухар”, “сохроор” хандаад байгааг хөндье. Манайд “гучин гуравны мөчлөг” хэмээх юм энэ жил гэнэт газар авчээ. Энэ нь 33 настай залуус эхээс дахин төрөх мэтээр зан үйл гүйцэлдүүлэх бөгөөд үүнийг сайтар хийх аваас хожмын амьдрал нь тэгш байхыг “зурсан” хууль, дүрэмтэй юм байх. Зан үйл нь ямар вэ. 33 настай залуус эхээрээ өлгийдүүлнэ. Шинэ, өөртөө таалагдсан бөс даавуу авч очиход ээж нь өлгийдөж, бараг л хөхүүлэх бололтой юм. Эх нь “нялх” үрээ духан дээр нь үнсэн, өлгийг задлаад, сайн сайхан үгс хэлж, ерөөл тавьснаар тухайн залуугийн хожмын амьдралд бартаа саад гэж байхгүй болох гэнэ. Мөн энэ насныхан эцэг, эхийн ачийг хариулах жил аж. Ачийг нь хариулахдаа аав, ээжийгээ шинээр бүрэн хувцаслаж баярлуулах. Мөчлөгийг монгол цаглавраар тооцдог тул 33 настнууд сар шинэ болохоос өмнө энэхүү “зан үйл”-ийг амжуулах ёстой болжээ. Тиймээс энэ сард өлгийн даавуу, эцэг, эхдээ барих хувцас хайсан залуус танилын дэлгүүрийг нууцаар онгойлгуулахаас авхуулаад үнэмшмээргүй үйлдлүүд хийж байгаа аж. Дээд сургууль төгссөн, хэдийн эцэг, эх болж, айл гэр авч яваа залуус ийнхүү хөөрцөглөж буйг сонсох, харахад гутрам. XXI зууны Монголын ид насны залуус ингэж авирлаж, хандах нь юу дутсаных вэ. Чухам ийм санаа бодол, ойлголт, хандлагатай нь сар шинийн баярыг гэртээ тэмдэглэн өөрт болон өрөөлд хал балгүй өнгөрөөх оюуны, ухааны, хариуцлагын ч тэнхэлгүй мэт санагдахад бачуурмаар. Аливаад голч, шинжлэх ухаанч хандах дадал, хэвшил жил ирэх тусам хумигдсаар байгаа нь үндэстний аюул мэт.
Мөн Цагаан сарыг элбэг баян тэмдэглэснээр бумбын эрин гээчид аятай, тухтай амьдарна гэж хэн хэлсэн юм бол. Од гаргийн орчил хөдөлгөөн судлаачид энэхүү эриний мөн чанарыг тайлбарлахдаа хүн төрөлхтөн цэвэр ухамсрын ертөнц рүү хөл тавина. Аргаар гэхээс илүү билгээр амьдарна. Бие махбодын зугаа цэнгэлээр амьдрагсдын эрин ард хоцорч байна. Нийгмийг оюун санааны лидерүүд удирдах болно гэх зэргээр тайлбарласан байх юм билээ. Гэтэл монголчууд энэ мэтийг болхи ухаандаа “мушгиж”, бумбын эринийг хоол унд сайтай, хувцас хунар шинэтэй угтах ёстой гэж ойлгоод, шинэлнэ, золгоно, ах, дүүгээ гомдоохгүй гээд зүтгэх юм биш биз гэсэн хар төрж байна.
Од гарагс эргэдгээрээ эргэж, орчлон хорвоо байдгаараа байх он жилүүд айсуй. Хөнөөлт өвчний аюулаас хариуцлага, хандлага, ухамсар л хамгаална. Харин эхийн ачийг хариулна, өлгийдүүлнэ гэж даавуу хайж, хаалттай дэлгүүр онгойлгуулж гүйх мэтээр авирлавал өөрийгөө, өрөөлийг ч эрсдэлд оруулна. Үүнийг ойлгож, бодит амьдралынхаа үнэнтэй ухаалгаар эвлэрч, амгалан тайван байх л бидэнд өдгөө чухал. Өвчний, ер ямар ч аюулын эсрэг дархлаа бол хариуцлага, хандлага билээ.