Батлан даалттай байсан сэжигтэн дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол саяхан гарсан. Тодорхой хэлбэл, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдсэн хэргээр шалгуулж байсан этгээдийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайханы захирамжаар батлан даалтад гаргасан юм билээ. Харин сэжигтэн итгэл даасангүй, батлан даалтад байхдаа “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрыг дахин дээрэмдсэн байдаг. Нэг байгууллагыг хоёр удаа дээрэмдсэн гэсэн үг. Удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, хорихоос суллагдаад удаагүй, дээрээс нь дээрмийн хэргээр шалгуулж буй этгээдийг яагаад батлан даалтад гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийнхнээс тодрууллаа. Шүүхийнхний өгсөн тайлбараас урьтаж, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрыг дээрэмдсэн гэх М.Мөнх-Од ямар ямар хэрэг өдүүлснийг товч дурдъя. М.Мөнх-Од 2006 оны зургаадугаар сарын 13-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс хүн амь хөнөөсөн үйлдэлдээ 15 жил хорих ял шийтгүүлж байжээ. Улмаар сар хүрэхгүйн дараа буюу 2006 оны долдугаар сарын 7-нд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан. Тодруулбал, 14 жил таван сар 19 хоногийн ялыг биечлэн эдлээгүй, хугацаанаас өмнө хорихоос гарсан байна. Гэсэн ч гэмт этгээд засарсангүй. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, иргэдийг дээрэмдсэн, танхайрсан хэргээр 2010 оны арваннэгдүгээр сарын 9-нд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс ял шийтгүүлжээ. Ял шийтгүүлсэн М.Мөнх-Од нь Багануурын хорих ангиас оргож байсан аж. Түүний өдүүлсэн хэрэг үүгээр дууссангүй 2016 оны нэгдүгээр сарын 18-нд хүн хутгалж хүнд гэмтэл учруулсан хэргээр дөрөв дэх удаагаа ял сонссон аж. Улмаар өнгөрсөн оны есдүгээр сард хорих ангиас суллагдсан байна. Ингээд жил хүрэхгүй хугацааны дараа буюу өнгөрсөн гуравдугаар сард хорихын хамуудтайгаа бүлэглэн “Сайн” болон “Бан Бан” ломбардыг ухсан гэдэг. Цагдаагийнхан нэлээд эрэл сурал болж байж түүнийг саатуулсан гэсэн. Улмаар прокурорын байгууллагаас оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай хэмээн сэжигтний хувийн нөхцөл байдлыг танилцуулж, цагдан хорих хугацааг сунгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан аж. Харин шүүгч прокурорын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. Харин нийслэлийн прокуророос шүүгчийн гаргасан захирамжид гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүхэд хандсан байдаг. Ерөнхий шүүгч мөн л шүүгчийн захирамж үндэслэлтэй байна, эрүүл мэндийн шалтгаантай учраас батлан даалтад гаргах нь зөв гэж үзжээ. Ингээд цагдаагийнхны өдөр, шөнөгүй манаж байж барьсан, прокурорын 24 цагаар хяналт тавьж, хөөцөлдөж байж цагдан хориулсан гэмт хэрэгт сэжиглэгдэж буй, өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан этгээд ийн эрх чөлөөтэй болов. Өөрөөр хэлбэл, хүний амь хөнөөсөн зохион байгуулалттай дээрмийн хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгө сүйтгэсэн, хүнийг хутгалсан, зодсон этгээдийг уушги муутай гэх шалтгаанаар батлан даалтад гаргачихав. Үнэндээ урьдчилан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт ханиад, томуу, астма буюу гуурсан хоолойн багтраа, уушги зэрэг өвчнийг эмчлэх бүрэн боломжтой. Заавал батлан даалтад гаргах шаардлага байсан, эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ сэжигтнийг батлан даалтад гаргасан нь цагдаа, прокурорынхны ажил, хөдөлмөрийг талаар болгож, олон арван иргэнийг хохирогч болгож орхив. Батлан даалтад гарсан М.Мөнх-Од өмнө хорих ангид хамт ял эдэлж байсан хүмүүстэйгээ бүлэглэн “Сайн” ломбардыг дахин дээрэмдэхдээ 600 гаруй төгрөгийн хохирол учруулсан тухай яригдаж буй. М.Мөнх-Од өнгөрсөн сард дээрмийн хэрэг үйлдсэнийхээ дараа мөн л оргон зайлж, цагдаагийнхан хэд хоног эрэн сурвалжилсны эцэст саатуулж чадсан. Харамсалтай нь, сэжигтэн хэргээ хүлээхгүй, дээрэмдсэн эд зүйлээ гаргаж өгөхгүй гүрийсээр байгаа гэх. Өөрөөр хэлбэл, дээрэмчин илэрсэн ч дээрэмдсэн үнэт эд зүйлс нь олдоогүй байна. Тодруулбал, 2000 гаруй хүний ломбардад барьцаанд тавьсан эд зүйл тухайн барьцаат зээлийн газраас алдагдсан гэх. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сэжигтнийг яагаад батлан даалтад гаргасан талаар тодруулахад “Прокурорын гаргасан материалд М.Мөнх-Од нь дахин гэмт хэрэг үйлдэнэ гэх хангалттай баримт байгаагүй. Өөрөөр хэлбэл, гаргаж тавьсан үндэслэлээ прокурор нотолж чадаагүй, дээрээс нь сэжигтэн уушги муутай тул батлан даалтад гаргасан. Шүүхээс гэм буруутай гэсэн эцсийн шийдвэр гараагүй байхад хүнийг заавал хорьж байж асуудлыг шийднэ гэсэн ойлголт байхгүй. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтнийг батлан даалтад гаргасан” гэх хариултыг өгсөн юм. Харамсалтай нь, шүүгчийн дотоод итгэл үнэмшил энэ удаа “төөрсөн” бололтой, сул чөлөөтэй явсан сэжигтэн нь дахиад л гэмт хэрэгт орооцолдож орхив.