Өнгөрсөн онд манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын дийлэнх буюу 96.2 хувийг чулуун нүүрс, зэсийн, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн болон цайрын хүдэр, боловсруулаагүй нефть бүрдүүлснийг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Төсвийн орлогынхоо дийлэнхийг манай улс уул уурхайн салбараас бүрдүүлж байгаа. Тэгвэл экспортын орлогод ихээхэн нөлөөтэй, 2020 оны эцэст эхэн үеийнхээсээ 26 хувиар өссөн зэсийн ханш цаашид хэрхэх бол? Тонн зэсийн ханш өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцсээр сүүлийн долоо гаруй жилд анх удаа 8000 ам.доллар давж өссөн. Энэ нь сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрсэн өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад даруй 80 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон билээ. Тэр үед “Goldman sachs” банкны Таваарын судалгааны хэлтсийн дарга Жефф Карри “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө “Зэсийн үнийн супер мөчлөг тохиох дохио ажиглагдаж байна” хэмээн дурдаж байв. “BlackRock” компанийнхан ч уг таваарын ханш түүхэн дээд түвшнээ шинэчилж магадгүй гэж байлаа.
Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын төсөөллийг үндэслэн тонн зэсийн ханш 6500 ам.доллар байна хэмээн төсөөлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тусгасан. Манай улс энэ жил зэсийн баяжмалын экспортоос 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Зах зээл дэх ханшид олон хүчин зүйл нөлөөлөх нь мэдээж. Коронавирусийн тархалт, улс орнууд иргэдээ хэрхэн вакцинжуулах, хөрөнгө оруулалтыг яаж эрчимжүүлэх, аж үйлдвэрлэл нэмэгдэх, эсэх зэрэг нь дэлхийн эдийн засагт нөлөөлөх нь дамжиггүй. Хэрэв олон улсын байгууллагуудын тооцоолсны дагуу дэлхийн эдийн засаг өсвөл зэс, газрын тос, төмрийн хүдэр зэрэг таваарын ханш дээшилнэ гэсэн таамаг бий. Гэвч сүүлийн өдрүүдэд уг таваарын ханш уруудсан талаар “Bloomberg”, “Reu¬ters” дамжуулж байна. Хэдий ийм ч 8000 ам.долларын “босго” (2011 оны наймдугаар сарын эхээр 9730 ам.долларт хүрч байснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон) давсан тонн зэсийн ханш өчигдөр 7983 “ногоон” байсан нь тийм ч их уруудаагүй дүн.
Монгол Улсын зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт 100 хувь
БНХАУ-д ногдож буй. Дэлхийн зэсийн хэрэглээний бараг тал хувь нь БНХАУ-д ногддог учраас ханшид нь тус улсын импорт, эрэлт, аж үйлдвэрлэл ихээхэн нөлөөлдөг. Өмнөд хөршид коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдсэн нь суурь металлын ханш буурахад одоогоор хамгийн их нөлөөлж байгаа гэхэд болох агаад эрэлт нь багасаж болзошгүй гэсэн таамаг бий болсныг шинжээчид дурджээ. Мөн Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нөөс хойш анх удаа дээшилж, 104 950 тоннд хүрээд байна. Хэдий ийм ч АНУ эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч магадгүй нь зэсийн ханшид эергээр нөлөөлөх төлөвтэйг дурдах хэрэгтэй. Дэлхийн хамгийн том эдийн засагтай тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жозеф Байден ногоон эрчим хүчинд ээлтэй бодлого баримтлах, улмаар зэсийн эрэлт нэмэгдэх хандлагатайг шинжээчид тэмдэглэж байгаа юм. Түүнчлэн ногоон технологийн эрэлт өсөхөөр байгаа нь зэсийнх нэмэгдэхэд
хүргэх төдийгүй уг таваарын хомсдол үүсэж магадгүй гэж эдийн засагчид тооцоолж буй аж. БНХАУ-ыг оролцуулахгүйгээр тооцвол дэлхийн зэсийн эрэлт 2021 онд нэг хувиар өснө гэж Олон улсын зэсийн судалгааны групп таамаглажээ. Дэлхийн банкны “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд БНХАУ-ын эдийн засаг 2020 онд төсөөлснөөс илүү хурдтай сэргэснийг тэмдэглэсэн. Тус банкныхан уг тайланд хөгжиж буй болон бага орлоготой орнуудын эдийн засаг ч 2021 онд өснө хэмээн таамагласан байв. Мөн урд хөршийн эдийн засгийг энэ жил 7.9, 2022 онд 5.2 хувиар өснө хэмээн төсөөлснөө дурдсан юм. “Reuters” агентлагийн таамаглаж буйгаар энэ онд БНХАУ-ын зэс, төмрийн хүдэр, газрын тос, алтны эрэлт нэмэгдэх төлөвтэй юм байна. Эдгээрээс зэсийн эрэлт бусдаасаа илүү өсөх нь. Барилга, цахилгаан шугам сүлжээ болон автомашин үйлдвэрлэл нэмэгдэхтэй энэ нь холбоотой аж.
Сингапурын DBS банкныхан 2021 онд дэлхийн зэсийн хэрэглээ, үйлдвэрлэл 3.4, 3.6 хувиар өснө хэмээн тооцоолжээ. Мөн зэсийн хомсдол үүсэх ч 2019, 2020 оныхтой харьцуулахад багасна хэмээн таамагласан гэнэ. Тодруулбал, энэ болон ирэх жил 243, 213 мянган тонн зэсийн хомсдол үүснэ гэж тэд тооцжээ. “Refinitiv” компанийн төсөөлснөөр зэсийн томоохон нийлүүлэгч болох Чили, Перугийн үйлдвэрлэл нэмэгдэх аж. Эдгээр улсад дэлхийн зэсийн олборлолтын 40 орчим хувь ногддог байна. Үнэ нь өсөхийг дагаад улс орнууд шинээр төсөл хэрэгжүүлэх, үүнд зориулж хөрөнгө оруулалт татахыг хичээх гэнэ. Таваарын судалгааны CRU компани урд хөршийн боловсруулсан зэсийн эрэлт 2021 онд хоёр хувиар нэмэгдэнэ хэмээн төсөөлжээ. Товчхондоо, улс орнуудын эдийн засаг энэ жил сэргэх тул зэсийн ханш төдийлөн буурахгүй гэж олонх эдийн засагч үзэж байна. Зэсийн ханшийг дэлхийн эдийн засгийн “хэмжүүр” гэж үздэг учраас тэр. “Goldman sachs” банк тонн зэсийн үнэ 2021 онд дунджаар 8625 ам.доллар байна хэмээн төсөөлснөө өнгөрсөн сард мэдээлж байв.
Тэгвэл “S&P global” уг таваарын ханш дунд болон урт хугацаанд дээшилнэ гэж таамагласнаа мэдэгдсэн юм. Японы томоохон зэс нийлүүлэгч “Pan Pacific copper” компанийнхан дээрхээс багаар буюу 6500-7000 “ногоон” байна хэмээн тооцжээ.
Манай улсын экспортын барааны бүтцийг харвал 2020 оны байдлаар 28 хувийг нь чулуун нүүрс, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 23.6, зэсийн баяжмал 23.5 хувийг эзэлж, эхний байруудад эрэмбэлэгджээ. Энэ хугацаанд Монгол Улс экспортод 7.57 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Үүнээс зэсийн баяжмалын экспортын орлогоос 1.7, нүүрснийхээс 2.12 тэрбум ам.доллар бүрдүүлсэн нь бусад бараа, бүтээгдэхүүнийхээс хамгийн өндөрт тооцогдож буй. Засгийн газар “Оюутолгой” төслийг зогсоохгүй гэж мэдэгдсэн тул экспортын бүтцэд эзлэх хувиар нүүрснийхтэй “зуузай холбож” буй зэсийн баяжмалынх цаашид “хар алт”-ныхыг гүйцэхийг ч үгүйсгэхгүй юм. Банк санхүүгийн байгууллагуудын таамагласнаар зэсийн үнэ төдийлөн буурахгүй бол Монгол Улсын экспортын орлогод зэсийн баяжмалынхаас олох мөнгөн дүн нүүрснийхийг давж, “зэрэг” нэмэх ч юм бил үү.