Аливаа вирус мал, амьтнаас хүнд, хүнээс хүнд, буцаад амьтанд халдварлахдаа гений дараалал нь мутацад орох буюу хувьсан өөрчлөгддөг аж. Тэгвэл мал, амьтнаас хүнд халдварласан долоо дахь нь болох шинэ төрлийн коронавирус эл зүй тогтлын дагуу дэлхийн ихэнх оронд тархахдаа тухайн бүс нутгийн уур амьсгал, иргэдийнх нь амьдралын хэв маяг, дархлааны түвшин зэргээс шалтгаалан өөрчлөгдөн хувьсаж буйг олон улсын эрдэмтэд тогтоогоод байна. Тодруулбал, коронавирусийн гений дараалал буюу уургийн сэртэн нь 2000 гаруй удаа өөрчлөгдөж, хувирчээ. Энгийнээр тайлбарлавал, зарим улсад уг вируст өртсөн хүмүүсийн дунд эндэгдэл өндөр, эсвэл хөнгөн хэлбэрээр өвчилсөн нь элбэг бол өөр нэгэн газарт шинж тэмдэггүй хувилбар нь зонхилох зэргээр харилцан адилгүй байгаа нь мутацтай холбоотой гэсэн үг. Тиймээс улс орнууд дотооддоо тархсан болон зөөвөрлөгдсөн халдваруудын мутацыг тодорхойлох шинжилгээг өргөн хүрээнд хийж, эмчилгээний арга, техникээ түүний дагуу өөрчилж, шинэчлэх шаардлагатай гэнэ. Гэтэл манай улс 2020 оны гуравдугаар сараас хойш өдий хүртэл гадаадаас зөөвөрлөгдсөн болон хүн амын дунд тархсан коронавирусийн омог, төрөл, гений дарааллыг тогтоогоогүй, мутацыг тодорхойлох судалгаа, шинжилгээ хийж буй гэх ч нууц хэвээр байна.
Шинжлэх ухаан, технологийн сангаас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан 2020” сэтгүүлд тус сангаас болон ДЭМБ, олон улсын бусад байгууллагынхны санхүүжилтээр хэрэгжүүлж буй, коронавирустэй холбоотой таван төрлийн судалгааны төслийн талаар онцолжээ. Тухайлбал, ХӨСҮТ, АШУҮИС, Биологийн хүрээлэн, “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачид коронавирусийн эсрэг биеийн урвалын оношлуур гарган авах, хүн амын дархлааны тогтолцоо, сүргийн дархлааг тодорхойлох судалгаа хийж байгаа гэсэн. Мөн Монголд бүртгэсэн коронавирусийн гений дарааллыг тогтоож, өөрийн орны онцлогт тохирсон тандалт, сэргийлэлтийн аргачлал боловсруулах, голомт үүсгэсэн халдварын геномын хэлхээ, эмнэл зүйн шинж тэмдгийг олон улсад идэвхтэй буюу эргэлтэд байгаа омгуудтай харьцуулах зэрэг судалгааг өргөн хүрээнд хийж буйг дурджээ. Эдгээр таван төслийн нийт санхүүжилт 4.5-5 орчим тэрбум төгрөг гэдгийг баттай эх сурвалж хэлсэн. Коронавирусийн гений дарааллыг тогтоох судалгаанд гэхэд л 600-800 орчим сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Үүнээс гадна ЗӨСҮТ-ийнхөн аливаа биетийн гадаргуу дээр коронавирус хэр удаан амьдрах чадвартайг 493, гэрийн тэжээвэр мал, амьтанд халдах, эсэхийг тогтоохоор 193 сая төгрөгийн өртөгтэй судалгаа хийж буй гэх.
Юмсын гадаргуу дээр коронавирус хэр удаан амьдрах чадвартайг, мөн гэрийн тэжээвэр амьтдад өвчин хэрхэн, ямар замаар халдварлаж байгааг олон улсад хэдийн тогтоосон. Гэтэл манай эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа Монголын урдаа барьдаг эрдэмтэн, судлаачид иймэрхүү байдлаар хэдэн зуун сая, тэрбумаар нь “мөнгө угааж” байхад дуугарч байгаа хүн нэгээхэн ч алга. Хамгийн чухал нь Монголд тархсан коронавирусийн гений дараалал, голомтын судалгааны үр дүн одоо болтол тодорхойгүй. Судалгааны явцын талаарх мэдээлэл ч хомс байна.
Эрдэмтэд жилийн өмнө БНХАУ-ын Ухань хотын далайн хүнсний захад ажилладаг 41 настай өвчтөний сорьцоос “Ковид-19” өвчин үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн “SARS-COV-2” геномыг анх тайлсан байдаг. Тухайн үед БНХАУ-д уг вирусээр халдварласан хүмүүсийн олонх нь “D-614” омгоор өвчилсөн нь хожим ил болсон. Тэгвэл коронавирус тус улсын хилийг “давж”, дэлхийн улс орнуудад тархахдаа мутацад орж, цөөнгүй хүн “G-614” омгоор халдварлаж эхэлжээ. Энэ нь “D-614”-өөс халдварлуулах чадвар өндөртэй, ам, хамар, хоолойд хурдан үрждэг тул олон сая хүнийг өвчлүүлж, амийг нь авч одсоор буйг Коронавирусийн дархлаа, эмчилгээний олон улсын консорциумын эрдэмтэд мэдээлсээр байна. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар хагасаас хойш коронавирусийн халдвар авсан хүмүүсийн олонх нь мутацад орсон хэлбэрээр нь өвчилсөн аж. Хэдийгээр энэ хоёр омог халдварлагсдын дунд давамгайлсан ч өвчин хүнээс хүнд дамжихдаа “зүсээ” хувилгасаар 2021 онтой золгожээ.
Вирус нь бие даан өсөж, үржих боломжгүй, гений уургаа ашиглан амьд организмд нэвтрэн ДНХ, эсвэл РНХ-ийн системийг өөртөө тохируулан өөрчилж, уургаа шинээр “үйлдвэрлэдэг” гэх. Шинэ коронавирус нь хүний РНХ буюу рибонуклейн хүчилд тулгуурлан өсөж, үрждэгээрээ онцлогтой. Амьдрахын тулд халдварлах эсээ “онилсны” дараа өөрийн геномын мэдээллийг агуулсан утаслаг бүтэцтэй РНХ хэмээх молекулаа хүний биед тарьж буй мэт шахсанаар өвчлүүлж буйг эрдэмтэд тогтоосон. Өөрөөр хэлбэл, коронавирусийн хувьсал, хөгжил өдгөө улам нарийн төвөгтэй болсоор байгааг хамгийн сүүлд Өмнөд Африк, Британи, Япон зэрэг улсад бүртгэгдсэн шинэ мутацаас нь харж болно. Британид тархсан шинэ төрлийн геномын дарааллыг эрдэмтэд “VOC 202012/0” хэмээн кодолсныг хоёр хоногийн өмнө олон улсад зарлалаа. Тэгвэл манай хойд хөрш болох ОХУ-д коронавирусийн найман төрлийн мутац бүртгэгдсэнийг ДЭМБ шуурхай авч хэлэлцжээ. Тэдгээрээс “Уникальный вирус” гэж нэрлээд буй шинэ омог нь Өмнөд Африк, Британид бүртгэсэн мутацаас гений дараалал нь өөр, тэр байтугай илүү аюултай байж мэдэх тул эрдэмтэд “Сүргийн дархлааг хүлээх аргагүй боллоо” хэмээн сэрэмжлүүлэв. Тиймээс коронавирусийн омог, төрлүүдийг тогтоох шинжилгээг өвчтөн бүрт хийх шаардлага улс орнуудад тулгарчээ. Энэ нь эмчилгээг зөв хийх, өвчтөний эдгэрэх хугацааг богиносгох, вакцин худалдан авах зэрэгт чухал ач холбогдолтойг судлаачид зөвлөж байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Болдбаатар “РНХ агуулсан вирус маш хувирамтгай байдаг. Шинэ төрлийн коронавирусийн онцлог нь энэ. Өөрөөр хэлбэл, хүнээс хүнд, мал, амьтанд халдварлахдаа мутацад орох нь хурдан. Өдгөө дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн уургийн сэртэн 2000 гаруй удаа мутацад оржээ. Уг вирусийн гений дараалал A, U, G, D гэхчлэн 30 000 орчим “үсэгтэй” болохыг эрдэмтэд тогтоосон. Хувиралд орохоор энэ дараалал нь өөрчлөгддөг гэсэн үг. Уургийн ген нь вирусийг олшруулж, хүн, амьтны дархлааны эсийг дарангуйлах, цаашлаад зогсоох хүртэл олон үүрэг гүйцэтгэдэг. Вирусийн уургийн сэртэн нь вакцины дархлаа тогтоох гол зангилаа юм. Хэрэв уургийн сэртэн мутацад орж, өөрчлөгдвөл өмнөх омогт зориулж бүтээсэн вакцин үр дүнгүй болох талтай. Гэхдээ вирус мутацад орж, халдварлах чадвар нь нэмэгдэх тусам эсрэгээрээ өвчний шинж тэмдэг, хоруу чанар нь сулрах зүй тогтол бас бий. Тиймээс л Монголд зөөвөрлөгдсөн болон хүн амын дунд тархсан коронавирус ямар омог, хэлбэрээр мутацад орсныг тогтоох нь нэн чухал байгааг судлаач, эмч, мэргэжилтнүүд хэлдэг.
Жишээлбэл, Азийн улс орнуудаас ирсэн халдвартай хүмүүс “G-614” омгоор өвчилсөн байх өндөр магадлалтай. Энэ мэтээр мутацын хэлбэрүүдийг бүгдийг нь тодорхойлох хэрэгтэй. Уг нь ХӨСҮТ, АШУҮИС зэрэг байгууллагын эрдэмтэд коронавирусийн мутац тодорхойлох хоёр том төсөл хэрэгжүүлсэн. Үр дүнгээ танилцуулах хугацаа нь ч дууслаа. ХӨСҮТ-д вирусийн гений дараалал тогтоодог зориулалтын аппаратыг 2007 онд суурилуулсан. Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хүртэл энэ чиглэлээр манайханд сургалт явуулдаг. Тус аппаратаар гений дараалал тогтооход тусгай урвалж шаардлагатай. Үнэ ханш нь тийм ч өндөр биш. Өчнөөн тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа хэрнээ мутац таних урвалж авч чадахгүй байна гэж үгүй” хэмээн ярьсан юм.
Б.Болдбаатар эрхлэгчийн хэлсэнчлэн коронавирусийн Монголд тархсан мутацыг илрүүлэх хугацаа хэдийн өнгөрсөн ч албаныхан одоогоор тайлбар, мэдээлэл өгөөгүй л байна. Хүн амын дунд ямар омог нь тархсаныг тогтоогоогүй хэрнээ вакцин яаран захиалж, дархлаажуулах нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэйг холбогдох мэргэжлийнхэн анхаарна биз ээ.