Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” өвчин манай улсад дэгдсэн нь олон хүний амьдралд сөргөөр нөлөөлж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоосноор ажилтнууд нь цалингүй, орлогогүй болсон. Хоногийн хоолоо хэцүүхэн залгуулж буй айл ч олширсон. Гэтэл цар тахлыг далимдуулж, хариуцлагаас зугтагсад ч байна. Тодруулбал, эрүүгийн хэрэгт холбогдсон олон хүн хөл хорьсныг ашиглаж, мөрдөн шалгах, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, шүүхээр хянан шийдвэрлэхээр товлосон эрүүгийн хэргийн хурлууд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нараас шалтгаалж хойшилсоор байгаа юм. Нийслэл дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд ганцхан долоо хоногт товлосон хурлуудын 50-иас дээш хувь нь оролцогчдын хэн нэгнээс шалтгаалж хойшилж байна.
Өчигдөр л гэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр зарласан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Цогжаргал, тус газрын ажилтан Г.Идэрчулуун, Г.Батцэрэн, Х.Саруул нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 2-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. Эл шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь нэг шүүгдэгчийн өмгөөлөгчийн амьдардаг хороонд “Ковид-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрч, тэр хүн нь ойролцоох дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн учраас өөрийгөө тусгаарлан гэртээ ажиглаж байгаа гэсэн хүсэлт шүүхэд хүргүүлснийг үндэслэн хурлыг хойшлуулаад байгаа юм. Энэ бол зөвхөн нэг жишээ. Үүнтэй адилаар шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товлосон, 21 холбогдогчтой, гэр бүлийн хүмүүс нийлж мансууруулах бодис борлуулдаг, тэднээс барааг нь авч хэрэглэдэг “Мотив” хамтлагийн дуучин “Жижгээ” хэмээх Б.Эрдэнэбаяр, “Ландага” гэх Ё.Батцэнгэл тэргүүтэй хүмүүсийг шүүх хурлыг цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай Цагаан эрэг гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр гянтболд олборлож, түүнийгээ хяналт шалгалтаас гадуур байлгахын тулд цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудад хахууль өгсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлд элсүүлсэн хэрэгт холбогдсон “Белон” компанийн захирал Р.Баатархүү, УЕПГ, Хууль зүйн яаманд өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг ч бас цар тахалтай холбоотойгоор хойшлуулсаар байгаа. Үүгээр ч зогсохгүй уг хэргийн зарим холбогдогч өмнөх хурлуудын үеэр орон нутагт хөл хорьсон гэх шалтгаар далимдуулан Сэлэнгэ, Дорноговиос ирээгүй билээ. Энэ сарын 18-нд хэлэлцэхээр товлоод буй уг хэргийн шүүх хурлыг мөн л хойшлуулах нь дамжиггүй болоод байна
ЦАГДААГИЙН МӨРДӨГЧДИЙН АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДЭВ
Цар тахлын халдвар дотоодод тархсантай холбоотойгоор цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагынхан өндөржүүлсэн бэлэн байдалд, онцгой нөхцөлд ажиллаж, хууль сахиулах байгууллагынхан гудамж, талбайд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэх болсон. Хэдийгээр гэмт хэрэг гарах гол шалтгаан болдог согтууруулах ундаа худалдахыг хориглож, хууль сахиулагчид эргүүл хийснээр хэрэг зөрчил буурсан ч гэлээ өмнө нь шалгаж байсан хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, хохирсон иргэд шүүхийн шийдвэр гарахыг хүлээсээр нүдээ чилээж байна. Гэтэл мөрдөгч нар цар тахалтай холбоотойгоор гудамж, талбайд үүрэг гүйцэтгэж, хэрэг шалгах ажлаа хойш тавьснаар удаашрах, хохирогчдыг бухимдуулах болов. Эргүүлд гараагүй цагтаа амжуулан холбогдогчоос тайлбар авахаар дуудахад ирэхгүй, “Хөл хориотой байна, мэдүүлэг өгөх гэж очоод халдвар авчихвал яах юм бэ” гэчихээд утсаа таслах нь хэвийн үзэгдэл болсон гэнэ. Хэргийн холбогдогч ч, өмгөөлөгч нар нь ч ийм байдлаар мөрдөгчдийн ажилд саад учруулж, хохирогч нар нь шаардсаар байгаа нь харамсалтай. Уг нь зарим хэрэг, зөрчлийн холбогдогчоос цахим хэлбэрээр тайлбар аваад шүүх, прокурорт хүргүүлдэг ч нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн гэж үзэхгүй байх тохиолдол нэг бус гарсан учраас заавал дуудаж, биечлэн уулзах шаардлагатай болдог нь эрсдэлтэйгээс гадна гудамж, талбайд эргүүлд гарч буй мөрдөгчдийн ачааллыг нэмж байна. Тиймээс цагдаагийн байгууллагын удирдлага нь мөрдөгчдөө ээлжээр ажиллуулах, прокурор, шүүхтэй хамтран түр журам ч болтугай боловсруулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхгүй бол хохирсон иргэд хууль сахиулах байгууллагынхны ажилд “муу” дүн тавихад хүрлээ.
ДҮРС ХАРЖ ЯРИН МЭДҮҮЛЭГ АВАХ ЗААЛТ ХУУЛЬД ОРУУЛБАЛ ЯМАР ВЭ
Цар тахлын хөл хорио албан тушаалаа урвуулсан цагаан захтнуудад л ашигтай байгаа бололтой. АТГ-ынхан ч гаднаас хүн нэвтрүүлэхгүй, ганц, хоёр хэргийн холбогдогчийг дуудахаар “Коронавирусийн цар тахлаас шалтгаалж гэрээсээ гарч болохгүй байна. Автомашин QR кодгүй учраас очиж чадахгүй нь” гэх зэргээр мөрдөгчдийг дуудахаар ирэхгүй байгаа юм билээ. Тухайлбал, “Капитал” банк дампуурч, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө үрэгдэж болзошгүй хэргийн холбогдогч, гэрч, шинжээчдийг дуудаж тайлбар, мэдүүлэг авах гэхээр дээрх байдлаар ирдэггүй нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажилд саад учруулж байгаа аж. Дуудсан зарим хүнийг “Зөвшөөрөлгүй гадуур явж байна, болохгүй” хэмээн цагдаа нар буцаасан тохиолдол ч цөөнгүй гарсан аж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа газар нь очиж тайлбар, мэдүүлэг авахаар хуульчилсан ч өмгөөлөгч нар нь QR кодгүйгээс явж чадахгүй нь, халдвар авчихвал хэн хариуцах вэ гэх байдлаар ирдэггүй нь хууль сахиулагчдын ажилд саад учруулж байна. Жишээлбэл, “Монгол драй милк” компани Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээлийг шаардлага хангаагүй баримт бүрдүүлж аваад өнөөг хүртэл төлөөгүй хэрэгт “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ болон тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг шалгаж буй. Тодруулбал, Хөгжлийн банканд барьцаалсан, “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа нь тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэмээн шалгах үндэслэл болсон. Цар тахлаас шалтгаалж нэр бүхий дээрх яллагдагч нар болон бусад холбогдогчоос мэдүүлэг авч чадахгүй
байгаагаас болж татвар төлөгчдийн хөрөнгийг шамшигдуулсан хэргийг шийдвэрлэх ажиллагаа удаашрахад хүрэв.
Мөн “Ковид-19” өвчин дэгдсэн учраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй тус аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийн шалгалт гацаад буй гэнэ.
Энэ мэтээр олон хэргийн мөрдөн шалгалтад саад учрах болсныг мөрдөгч, прокурор, шүүх, цаашлаад хууль тогтоох байгууллагын олон хүн хэлж байна. Тиймээс АТГ, цагдаа, тагнуул, прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дүрс харж ярих боломжтой холбоо мэдээллийг хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авдаг болох зохицуулалт хийхээр холбогдох байгууллагад нь саналаа уламжилсан гэнэ. Хэрэв ийм зохицуулалт хуульд оруулбал яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй чуулганы хуралдааных нь үеэр ч холбогдож прокурорын тогтоолыг танилцуулах боломж бүрдэх бололтой. Тэрбээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон билээ. Улмаар НПГ-аас яллагдагчаар татах тогтоол батлан нэн даруй түүнд танилцуулахыг даалгасан ч танилцахгүй, гарын үсэг зуралгүй өдий хүрсэн юм. Тэгэхээр мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед түүнийг ашиглах нь мөрдөн шалгах ажиллагаанд үр дүнтэй санагдана.
Бэлтгэсэн: Г.Равжаа