Манай улсын эрүүл мэндийн даатгалын системийн “хатуу бодлого” хоёр зууныг дамжин амь бөхтэй оршиж, мөнгөтэй нь амьдар, үгүй бол… гэсэн тогтолцоо руу хөтөлсөөр өнөөдөртэй золгов. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас хуримтлуулдаг даатгалын сангийн мөнгийг эрх баригчид өнгөрсөн хугацаанд оновчгүй, үр ашиггүй зарцуулж ирсний балгаар эрүүл мэндийн салбарын хөгжил өмнөх нийгэмд гацсан. Эмчид итгэх иргэдийн итгэл ч алдарч, улсын эмнэлгүүдээ одоо болтол голж, шилсэн хэвээр. Тэгвэл эрүүл мэндийн салбарыг уг үндсээр нь өөрчилж, шинэчлэх зорилгоор Эрүүл мэндийн, Эм, эмнэлгийн хэрэгслийн, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмж оруулсан заалтуудыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ. Эдгээрээс хамгийн анхаарал татаж буй нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтүүд. Уг нь үүнийг хэрэгжүүлж чадвал Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг одоогийнхоос оновчтой зарцуулж, иргэд үр шимийг нь хүртэхэд ойрхон байна.
Эрүүл мэндийн салбар энэ оноос эмнэлгийг биш, үйлчлүүлэгчийг дагасан, эм, тариа, эмчийн цалинг бус, эмчилгээний чанар, эдгэрсэн хүний тоонд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжинэ гэдгийг эрх баригчид бардам хэлж буй. Иргэд даатгалын үр шимийг шударгаар хүртсэнээр шимтгэл төлөх нь нэмэгдэж, улсын эмнэлгүүд үйлчлүүлэгчээ татахын тулд чанар, стандартаараа өрсөлдөх аж. Учир нь энэ жилээс иргэд өмчийн хэлбэр хамаарахгүйгээр бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас даатгалаараа тусламж, үйлчилгээ авна. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын олонх нь тав тухтай орчинд чанартай тусламж үзүүлдэг учраас улсын эмнэлгүүдэд тэр хэрээр үйлчлүүлэгчээ алдах эрсдэл нүүрлэж буй юм. Тиймээс хүссэн хүсээгүй орчин, нөхцөлөө сайжруулж, сүүлийн үеийн чанар, стандартуудыг ханган, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, боловсон үйлчилгээ нэвтрүүлэх шаардлага улсын эмнэлгүүдэд тулгарч байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дэд дарга Г.Гийхнаран “Өнгөрсөн оны наймдугаар сард баталсан багц хуульд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулахуйц заалтууд оруулсан. Ингэснээр эмнэлгүүд гүйцэтгэлээрээ буюу нэг худалдан авагчийн санхүүжилтийн тогтолцоонд шилжих нөхцөл бүрдлээ. Өмнө нь төрөөс хариуцдаг тусламж, үйлчилгээг зардлын зүйл ангиар нь, харин Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой үйлчилгээнүүдийг санхүүжүүлдэг байсан. Хувийн эмнэлгүүд өнгөрсөн хугацаанд зардлыг нь төрөөс хариуцдаг хүүхэд, гэмтэл, хавдар, төрөх, яаралтай тусламж зэрэг үйлчилгээг төлбөртэй үзүүлж ирсэн. Харин одооноос өмчийн хэлбэрээс үл хамаараад бүх эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ төрөл, тоогоор санхүүжилт авдаг болж байгаа. Үүнд төсвөөс болон даатгалын сангаас зардлыг нь хариуцдаг бүх тусламж, үйлчилгээ багтана. Уг системийн шинэчлэлийн гол зорилго нь иргэдэд дараалал, төвөг чирэгдэл учруулахгүй үйлчлэх, цаашлаад эмнэлгүүдийн хооронд чөлөөт өрсөлдөөн бий болж, даатгалын сангийн зардал багасан, санхүүжилтийн хуваагдмал байдал арилах давуу талтай” хэмээн ярив.
Гэхдээ энд нэг зүйлийг тодруулахад, төр болон хувийн эмнэлгийн үзүүлсэн бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-аас санхүүжүүлэх боломжгүйг тэрбээр онцолсон. Учир нь даатгалын сангийн нөөц хязгаарлагдмал тул нэн тэргүүнд санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээний жагсаалтыг гаргаж, үнэ өртгийг нь тооцож буй юм байна. Өртгийг тооцохдоо одоо ажиллаж буй улсын болон хувийн хэвшлийн 76 эмнэлгийн тогтмол болон урсгал зардлын тайланд үндэслэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, хэрэгсэл, эмчийн цалин, байр, дулаан, цахилгаан, захиргааны зардал зэргийг бүгдийг нь шингээх аж. Улсын эмнэлгийн тогтмол буюу байр, цахилгаан, дулааны зардлыг тусад нь санхүүжүүлдэг тогтолцоо ийнхүү үгүй болжээ. Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн өртгийн хэмжээ улс, хувийн эмнэлгүүдэд ижил, тэгш байхаар холбогдох хуулиудад заасан бөгөөд уг ажил өдгөө дуусах шатандаа яваа гэнэ. Төрийн өмчийн болон хувийн эмнэлэгт үзүүлэх тусламж, үйлчилгээний даатгалаас санхүүжүүлэх багцыг сонгохдоо иргэнд зайлшгүй шаардлагатай, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар тооцжээ. Эдгээр үйлчилгээг даатгуулагчдад чанартай, хямд үнээр үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг ЭМДЕГ-ынхан тун удахгүй сонгон шалгаруулж, гэрээ байгуулах гэнэ. Үүнийгээ эрүүл мэндийн салбарынхан стратегийн худалдан авалт гэж нэрлэх болсон аж.
ЭМДЕГ-ын гол зорилго нь иргэн, даатгуулагчийг эмнэлгийн тусламж авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалж, чанартай үйлчилгээг хүргэх үйл явцыг зохицуулах юм. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл насаараа төлсөн, төлж буй иргэн шаардлагатай тусламж, үйлчилгээ авахдаа төлбөр төлөхгүй, аль болох бага мөнгө зарцуулах нь эрүүл тогтолцоо. Тэр ч утгаараа нэг иргэнд тухайн жилд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаар хоёр сая төгрөг байсныг энэ жилээс болиулжээ. Эл шалтгааныг ЭМДЕГ-ынхнаас тодруулахад “Энэ оноос тухайн даатгуулагч эмчийн заавар, эмнэл зүйн удирдамжийн дагуу шаардлагатай эмчилгээ, өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг ямар нэгэн төлбөрийн хязгаарлалтгүйгээр авах боломж бүрдсэн. Иргэдийн эмчилгээ, үйлчилгээний зардалд төрөөс хязгаар тавих нь тухайн даатгуулагчийг эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй. Эсрэгээрээ олон жил шимтгэл төлсөн иргэн даатгалаа нэг ч удаа ашиглаагүй байлаа гэж бодъё. Гэнэт нэг өдөр зүрхний хагалгаанд орох шаардлага гарахад Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн даатгуулагчид 10 сая төгрөг гаргаад өгчихдөг чадавхтай болгох тогтолцоо руу “явж” байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн даатгуулагчид жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалтыг хэвээр үлдээвэл зүрхний хагалгаанд орсон иргэн найман сая төгрөг хувиасаа нэмж төлнө. Насаараа даатгал төлсний үр ашиг гарахгүй байна гэх иргэдийн гомдлуудын нэг нь энэ” гэсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаас өмнө нь 20-иод төрлийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг байсан. Харин энэ жилээс эмнэлгийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг төсвөөс бус, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болжээ. Үүнд жирэмслэх болон амаржих хугацааны, сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ багтжээ. Улс орнууд нөөц, боломждоо тааруулан даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцаа тодорхойлдог. Даатгалын сангийн нөөц нэмэгдэх тусам тусламж, үйлчилгээнийхээ тоо, төрлийг нь өсгөх зарчмаар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, тансаг үйлчилгээг бус, стандарт эмчилгээ, өрөөг санхүүжүүлдэг жишиг бий. Манай улс ч гэсэн эл загварын дагуу ажиллах гэнэ.
Засгийн газар, ЭМЯ 2018 оноос эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт иргэдийг насны дөрвөн ангиллаар хамруулж эхэлсэн. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг шинэчилж буй юм. Тухайлбал, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хавдрын эрт илрүүлэх багцыг урьдчилан сэргийлэх үзлэгт нэмж байгаа аж. Түүнчлэн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар өнгөрсөн онд санхүүжилтийг нь хоёр дахин нэмсэн. Гэсэн ч сум, тосгоны Өрхийн эрүүл мэндийн төвүүд харилцан адилгүй тусламж, үйлчилгээ үзүүлсэн хэвээр байгаа тул гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх замаар II, III шатлалын эмнэлгүүдийн төвлөрлийг сааруулах гэнэ. Учир нь иргэдийн эрүүл мэндийг хамгийн үр дүнтэй, бага зардлаар тогтмол хянахад өрхийн эмнэлгүүдийн үүрэг маш чухал. Өндөр хөгжилтэй улс орнуудад ч иргэд нь өрхийн эмнэлгээр дамжилгүй, II, III шатлалд хандах боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны хаалга баригчийн үүрэг эрүүл мэндийн салбарт чухал нөлөөтэй гэсэн үг.
Олон улсын жишигт эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Засгийн газар, шимтгэл төлөгч иргэн, ажил олгогч болон эмнэлгийн төлөөллөөс бүрдсэн бүтэцтэй байдаг юм билээ. Харин манай эрүүл мэндийн даатгалын засаглалыг сайжруулах, шийдвэр гаргах үйл явцыг холбогдох хуульд тодорхой заагаагүйгээс зарим сөрөг үр дагавар гарч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн. Тодруулбал, ЭМДЕГ-ын бүтэц, дүрмийг хэрхэн батлахыг Монгол Улсын Засгийн газрын болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хоёр янзаар тусгасан байдаг учраас үүнийг нэг мөр болгох хуулийн төслийг Т.Мөнхсайхан сайд энэ сарын 8-нд УИХ-д өргөн барив. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, төлөөллийг нарийн тусгаж, даатгалын багцад оруулах тусламж, үйлчилгээний шалгуур, аргачлал, журмыг гаргах, ЭМДЕГ-ын бүтэц, дүрмийг батлах эрх бүхий этгээдийг тодорхой болгох зэрэг өөрчлөлтийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмж, тусгах санал гаргажээ. Ингэснээр ЭМДЕГ-ын бүрэн эрх хангагдаж, хүний нөөцөө нэмэх, аймаг, дүүргийн хэмжээнд 2-3 хүнтэй ажилладаг хэлтсүүдээ газар болгон өргөтгөх замаар бие даан ажиллах боломж бүрдэх юм байна.
Манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо эв санааны зарчимд тулгуурладаг. Залуу нь хөгшнийхөө, боломжийн амьдралтай нь бага орлоготой иргэдийн, эрүүл нь өвдсөн нэгнийхээ эмчилгээний зардлыг хуваалцаж төлдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Би эрүүл, даатгалаа ашиглаагүй” гээд урамшуулал нэхэх нь сангийн зарчимд харшлах гэнэ. Харин хэзээ нэг өдөр өвдөөд хэвтэхэд даатгалын үр шимийг одоогийнхоос шударгаар хүртэнэ гэдгийг ЭМДЕГ-ынхан хэлсэн. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдэл мөнгийг төрийн санд байршуулж, цаашид хэн нэгэн дураар ашиглах, хууль бусаар завших боломжийг хязгаарлаж байгаа. Даатгалаар үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл олширсонтой холбоотойгоор гэрээт байгууллагуудын чанар, төлбөрийн зарцуулалтыг олон улсын цахим платформ ашиглан хянах аж.