Садангийн хөгшин саявтар хүүхдүүдтэйгээ муудалцжээ. Тэрбээр бодож буйгаа хүү, бэрээрээ дэмжүүлэх гэтэл бүтээгүйд ихэд унтууцаж тэр оройдоо хоол идэхгүй гээд, маргааш нь дуу цөөнтэй өнжиж гэнэ. Эмээ “Одоо хоёр сая төгрөг ба түүнээс дээш хэмжээний цалин авдаг хүмүүсээс, бас том компаниудаас хөрөнгөд нь тохирсон хувиар татвар авч, УОК-д хандивлах хэрэгтэй. Тэд ажлаа дийлэхээ байлаа. Туслах хэрэгтэй. Зөв биз” гэж л дээ. Гэтэл хүүхдүүд нь санал нийлээгүй юм байна. “УОК төрийн байгууллага тул төсөв хөрөнгөтэй, мөн сайн дураар хандив өгсөн, өгч буй байгууллага, хувь хүн олон. Тэгээд ч бодлого, менежментээ сайжруулах замаар оновчтой үйл ажиллагаа явуулах юм бол ямар ч хүнд ажлыг хөнгөхөн зохион байгуулна. Ажил, үүрэг нь юм чинь” гэж хүү нь хэлж. Харин бэр нь “Вирусийн халдварыг тархаах уу, үгүй юү гэдэг нь хувь хүнээс ихээхэн хамаарахыг хүн бүр ойлгоод, дор бүрнээ хариуцлагатай, хамжааргатай байхад болох юм биш үү. Тэр байгууллагыг тэгж тэтгэх гэж хандив цуглуулж, мөнгө татаж байснаас иргэдийн ухамсрыг дээшлүүлэх ажил хийх нь үр дүнтэй байх аа” гэх зэргээр хариулж л дээ.
Тэгэхэд эмээ “Аль нь ч байсан тэднээс татвар авах хэрэгтэй. Өндөр цалин авч байгаа хүмүүс өгөх ёстой. Ямар замаар олдог нь хамаагүй олон сая төгрөг “эргэлдүүлдэг” хүмүүсийг дайчлах хэрэгтэй” гэхэд өнөөх хоёр нь “Хүмүүс хөдөлмөрлөж мөнгө олдог. Заавал өгөх албагүй” гэж тас зөрж. Тэр мөчид ээж нь “Ямар ч байсан авах л хэрэгтэй. Найзууд руугаа ярьж санал солилцоно. Та хоёроор дутахгүй” гээд таг болжээ. Настай хүнийг уурлуулаад яах вэ гэж бодсон бол хүү, бэр хоёр амыг нь дагуулаад “Харин тийм. Компаниудыг нь дайчлах хэрэгтэй, зүйтэй” гээд өнгөрөөх байсан биз. Гэсэн ч өөрсдийн үзэл бодлоо хэлсэн бөгөөд өмнөх нийгэмд төрд боломжийн ажил хийж явсан ээжийгээ ойлгох байх гэж үзэн чин сэтгэлээсээ хандсан нь эхийн ачийг үл хариулахтай агаар нэгэн явдал болжээ. Ээж нь дээд боловсролтой, хуучны сэхээтнүүдийн эгнээнд багтаж явсан ч өнөө бусдын адил хэн нэгнээс юухан хээхэн авч л байвал сэтгэл нь ханаж байдаг авахын хэнээтэй, донтой боллоо гэж дүгнэх гэхээр өөрөө авахгүй гээгүй, УОК-д өгүүлэх гээд байдаг. Хүү нь “Тэглээ гэхэд цуглуулсан мөнгө танд ирэхгүй шүү дээ. Яах гээд байгаа юм бэ” гэж уурлаж үзсэн байгаа юм. Гэсэн ч ээж нь “Авах л хэрэгтэй” гээд байж.
Энэ тохиолдолд гол баатар өндөр настан. Бусдаас авах гэсэн бодолтой хөгшид гэлтгүй, дундаж насныхан, залуус, хүүхдүүд ч хаа сайгүй байх болжээ. Цөөн хүн амтай улсын минь иргэдийн хэдэн хувь нь ийм, авч, идэж л байвал дур ханах мэт бодол, үзэлд автаа вэ. Гараа хумхиж, хөлөө хөдөлгөхгүй суугаа хэрнээ ядарлаа, зүдэрлээ, сүүлдээ бүр хоолгүй хонох нь гэж хүнс зөөлгөхдөө тулсан гуйланч сэтгэлгээг газар авхуулалгүй, одоо л хазаарлахгүй бол нийгэм дийлдэхээ байтлаа доройтох бус уу. Өнөөх олон төрлийн халамж, дээрээс нь сайхан сэтгэлт, өрөвч хүмүүсийн хандив, аян нийлээд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон иргэдийг гааруулж байх шиг.
Манай улс гуравхан сая гаруй л хүнтэй. Тэднээс хэд нь хүүхэд, хэд нь өндөр настан билээ. Хөдөлмөрийн насны хэрнээ хөгжлийн бэрхшээлтэй нь 100 гаруй мянга. Эдгээрээс гадна төрийн зүгээс халамжилбал зохих маш олон иргэн байдаг аж. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар эрүүл мэнд нь доройтсон, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг төрөөс эрхэлдэг ажгуу. Хэвтэрт буй эцэг, эхээ асарч буйн төлөө хүртэл мөнгө өгдөг. Төрийн халамж ер дутаагүй. Харин ч халамжийг хязгаарлая гэх хүн олон. Зарим талаар дэмжүүштэй санал ч дэвшүүлдэг. Гэр бүлийн гишүүдээс нь тэтгэвэр авдаг, мөн дээр дурдсан халамжуудад хамрагддаг хүнтэй айл багцаагаар тооцоход улсын нийт өрхийн гуравны хоёрыг лав эзлэх байх. Монголчуудын хооллох, ундлах соёл өртөг, зардал багатай болохоор тухайн гэр бүлд ажилгүй гишүүн нэг бус ч хэн нэгнийхээ, эсвэл хоёроос гурван хүнийхээ тэтгэвэр болон халамжийн мөнгөөр хоногийн хоолоо аргацаагаад сурчихсан. Бас болоогүй наргих, цэнгэхээ ч хойш тавихгүй. Эмээ, өвөө нь тэтгэвэр авч, хүүхдүүд, ач, зээ нь үрэн таран хийдэг, үүнд хэн нь ч санаа зовдоггүй, ажил хийх талаар боддоггүй амьдрал хэвийн үзэгдэл болсон. Ийм хүмүүс хаа нэгтэйгээс мөнгө, зээл, ямар нэгэн байдлаар авах тухай сураг сонсвол улаан туг хийсгэх мэт дайрчихна. Олон нийтийн дунд ийм сэтгэлгээ давамгайлах хандлагатай болсныг эрх баригчид андахгүй, аль болох тэдэнд таалагдах замаар асуудалд хандаж, шийдвэр гаргах ч талтай. Ийм дорой байдалд цэг тавих цаг болжээ. Хавтгайрсан халамж, хандив, элдэв аян ийм сэтгэхүйтэй иргэдийг улам мунхгийн харанхуй руу түлхэж байна.
Төрөөс хуулиар олгоно гээд заачихсан тэтгэвэр, тэтгэмж, халамж, ногдол ашиг, татварын буцаан олголт гэх зэрэг ч яах вэ, авдаг л юм байгаа биз. Гэхдээ олуулаа санаа нэгдвэл ногдол ашгийг нийлүүлж байгаад ганц эмнэлэг ч болтугай баривал нийтэд, нийгэмд тустай. Гэтэл өнөөх авах, идэхийн донтой болсон хүмүүс дансанд нь хэдхэн төгрөг орж л байвал насаараа идэх хөрөнгөтэй болсон мэт баярлана. Авах, идэхийн дон шүглэсэн иргэдийн сэтгэхүйд дөрөөлж, санаа бодлыг нь өөртөө татах гэсэн мэт хэмээн хардахаар авир улсын Ерөнхийлөгч ч цухалзуулав. Улс эдийн засгийн боломж тааруу байгааг мэдсээр атал өрх бүрт нэг сая төгрөг олгоё гэсэн. Үүнийг оноо биш, алдаа гэж харав. Түүн лүгээ адил үг яриа гаргаж, олон нийтийн дунд сэдэв болгохыг хичээх улстөрчид, тэднийг даган баясагчид, нам, хүчнүүд бишгүй. Ажил хий, тэгвэл ам тосодно гэж хэлэхийн оронд аваад бай, авах арга нь энэ гэх лүгээ адил элдэв бурангуй “арга” сэдэж, зааж өгөх нь авах, идэхийн донтой иргэдээс ялгаагүй ядуу сэтгэлгээтэйнх бус уу.
Улс орон ядрахын цагт хэн туслах ёстой юм. Ард иргэд нь биш гэж үү. Монгол Улс өнөөдөр дэлхийн эдийн засгийн хямрал, дотоодын нөхцөл байдал зэргээс үүдэлтэйгээр өрийн дарамтад байна. Улсын сан хөмрөг хоосон шахуу л байгаа болов уу. Төр, засгаас үнэнийг ард түмэндээ хэлэх, эсэхээс үл хамааран бүгд гадарлаж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд төрөөс, эсвэл хэн нэгнээс авах гэж алга тосож, амаа билүүдэж суухын оронд дор бүрнээ ажилтай, арчаатай амьдарвал их тус хэмээн бодном. Бид БНСУ-ын ард иргэд улс орон нь эдийн засгаар хүнд байдалд ороход Засгийн газартаа яаж тусалж байсан түүхийг мэддэг. Засгийн газар нь үүссэн нөхцөл байдлын талаар ард түмэндээ танилцуулж, олон улсын байгууллагаас их хэмжээний зээл авах гэж байгаа тухай дуулгахад иргэд нь боломж, чинээгээрээ хөрөнгө гарган, нийлүүлж Засгийн газраа асар их хэмжээний зээл авах эрсдэлээс хамгаалсан гэдэг шүү дээ. Гэртээ байсан алтан эдлэл, тэр дундаа айлуудын олонход нь байдаг алтан гахай, ээмгийг ч тушаах гэж дугаарлан зогссон. Ингэж нийтээрээ хөдөлж нийгмээ хамгаалж, хайрлаж байв. Одоо энэ улс орны хөгжил ямар билээ. Эвт шаазгай буга барьсан.
Энэ өнцгөөс харахад нийтлэлийн эхэнд дурдсан эмээгийн санаа зөв гэлтэй. Иргэд нийтээр хүлээн зөвшөөрөх аваас хөрөнгө цуглуулж УОК-д өгөх биш, харин Засгийн газарт аль нэг өрөө дарчих, тэгээд урагшил хэмээн өргөн баривал улс орныхоо төлөө хийх алхам болох буй за. УОК гэдэг бол улс орон хэмээх олонлог дахь нэгэн жижиг элемент төдий л юм. Засгийн газарт туслах хүртэл эвлэлдэн нэгдэж чадахгүй юм гэхэд ядаж авах, идэхийн донгоо татвал нийтэд, нийгмийн хөгжилд тустай сан.
Учир мэдэх хүмүүс нь оршин буй газар бүртээ авах, идэхийн дон хэмээх өвчнөөр зүдэрч буй иргэддээ хэлж, зөвлөж, оюун сэтгэлгээг нь “агааржуулбал” нэмэртэй болов уу.