Олны анхаарал татсан, Шүүхийн тухай хуулийн төслийн парламентын хэлэлцүүлгээс Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан төслөө татан авлаа. Тэрбээр эл төслөө дахин өргөн барихгүй. Гэхдээ хориг тавих, Үндсэн хууль зөрчсөн хууль тогтоомжийн талаар Цэцэд хүсэлт гаргаж хянуулах маягаар ажиллахаа мэдэгдсэн юм. Ингэснээр өнгөрсөн хавар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийг л УИХ хэлэлцэхээр болж байна.
...ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болохоор хуульчилснаа эргэж харах ёстой. Хуулийн төслийг нь боловсруулж, өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “Амаргүй нөхцөлд гарсан энэ хууль туйлын зөв биш байж болох ч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй, Монголын төрийн арга ядсан арга хэмжээ байсан” хэмээн байр сууриа илэрхийлчихлээ шүү дээ. УИХ-ын нэр бүхий гишүүд үүнийг засах хуулийн төсөл боловсруулснаа дуулгаж, УИХ-д өргөн барих гэж буйгаа ч уламжилсан...
Төрийн тэргүүн эл хуулийн төслийг Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хамт боловсруулж, энэ оны дөрөвдүгээр сард буюу Засгийн газрынхаас өмнө өргөн бариад байв. Тэрбээр төслүүдээ хамтад нь татан авсан бөгөөд эдгээрийг парламент буцаахаас урьтаж ийм алхам хийж буй. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хуулийн төслийг өргөн барьсан даруйд нь буюу өнгөрсөн хавар Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн, дэмжээгүй. Ер нь УИХ дахь олонхын бүлгийнхэн Ерөнхийлөгчийн эл төслийг буцаах нь зүйтэй гэдэгт санал нэгдчихээд байсан юм. Ингээд өнгөрсөн сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хорооны дэмжээгүй саналыг баталгаажуулах, эсэхээ шийдэх байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ. Улмаар завсарлагын хугацаа дуусаж, өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар төслийг нь хэлэлцэхийн өмнө Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэн, татсан нь энэ. Уг нь хууль санаачлах эрх бүхий субъектүүд нэгэн ижил төсөл санаачилсан бол УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн хэлэлцэх хуулийн зохицуулалт бий. Гэлээ ч өнгөрсөн хийгээд өнөөгийн УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ынхан үүнийг зөвшөөрөлгүй, Төрийн тэргүүнийг төслөө татахад хүргэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байгуулах зэрэг тодорхой гурван зохицуулалт тусгалаа олж, баталгаажсан. Тодруулбал, Үндсэн хуулийн 48.1-т “Шүүхий н үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно”, 49.6-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн гурван заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Одоо үүнд нийцүүлэн Шүүхийн багц хуулиа шинэчлэх үүрэг УИХ, эрх баригч МАН-ынханд ирлээ.
Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болохоор хуульчилснаа эргэж харах ёстой. Хуулийн төслийг нь боловсруулж, өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл “Амаргүй нөхцөлд гарсан энэ хууль туйлын зөв биш байж болох ч тухайн цаг үедээ гаргахаас өөр аргагүй, Монголын төрийн арга ядсан арга хэмжээ байсан” хэмээн байр сууриа илэрхийлчихлээ шүү дээ. УИХ-ын нэр бүхий гишүүд үүнийг засах хуулийн төсөл боловсруулснаа дуулгаж, УИХ-д өргөн барих гэж буйгаа ч уламжилсан. Юутай ч Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Үндсэн хуулиас давсан ямар ч зөвлөмж байх учиргүй. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг болсон явдлыг Шүүхийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд засна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.
Тэгвэл үлдсэн хувилбар буюу Засгийн газрын боловсруулсан Шүүхийн багц хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгасан бол. Мэдээж Ерөнхийлөгч уг төсөлд туйлын шүүмжлэлтэй хандаж байгаа. Одоо үйлчилж буй хуулийн ололт, дэвшилттэй зарим зохицуулалтыг хассан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгын эсрэг, нэг ёсондоо ухралт хийсэн, “... шударга ёс, өөрчлөлт, шинэчлэлтийг хүсэн хүлээж байгаа иргэд, олон нийтийн итгэл найдварыг бүрмөсөн бөхөөх хэмжээний”, нэн хариуцлагагүй төсөл гэж Төрийн тэргүүн дүгнэсэн. Үнэндээ өмнөх Засгийн газрын үед сайд Ц.Нямдоржийн өргөн барьсан эл төсөлд шүүмжлэлтэй хандах гишүүн олонхын бүлэгт ч байсан. Тиймдээ ч энэ удаагийн ээлжит чуулганы эхэнд өмнөх парламентын үед өргөн барьсан зарим төслийг буцаах, эсэхийг хөндөж, жагсаалт гаргахад Засгийн газрын санаачилсан Шүүхийн багц хуулийн төсөл багтаж байсан юм. Юутай ч өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан төслийн үзэл баримтлалын хүрээнд Шүүхийн багц хуулиа шинэчлэх бололтой.
Засгийн газрын санаачилсан төсөлд Шүүгчдийн зөвлөл гэх бүтэц бий болгохоор тусгасан. Бүрэлдэхүүнд нь Улсын дээд шүүхийн нийт шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг сонгож оруулна. Уг зөвлөл нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг сонгох, Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах эрхтэй байхаар тусгажээ. Өдгөө Шүүхийн ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэж байгаа. Бүрэлдэхүүнийг анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүнийг санал болгосноор Ерөнхийлөгч томилж буй. Харин Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг Хуульчдын холбооноос санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө байгуулж ирсэн билээ. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг орон тооны, тавыг нь орон тооны бус нөхцөлөөр ажиллуулах талаар тунаж үлдсэн хуулийн төсөлд бий. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гурван гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилох эрхийг Хууль зүйн байнгын хороо хэрэгжүүлэхээр байгаа юм.
Засгийн газрын төсөлд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг дотроосоо сонгодог байх зохицуулалтыг тусгажээ. Энэ эрхийг одоо Шүүхийн ерөнхий зөвлөл эдэлж, нэрсийг нь Ерөнхийлөгчид санал болгосноор томилж буй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид томилуулахаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилж байх үүрэг хүлээх зохицуулалт туссаныг тодотгоё.
Мөн өнгөрсөн хугацаанд шүүгчид хариуцлага тооцох чиг үүргийг Шүүхийн ёс зүйн хороо (орон тооны бус зарчмаар ажилладаг) хэрэгжүүлж ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хороо гэх бүтэц үүнийг хэрэгжүүлэх учиртай. Засгийн газрын төсөлд уг хороог есөн гишүүнтэй, тэдгээрийн гурав нь орон тооны, бусад нь орон тооны бус нөхцөлөөр ажиллахаар тусгасан байна.