Манай улс амьсгалын замын халдварт өвчинд хэт анхаараад бусдыг нь орхигдуулах, иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл, зөвлөмж хомс түгээдэг. Тэр дундаа бага насны хүүхдэд зонхилон тохиолддог гэдэсний халдварт өвчний эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх ажил учир дутагдалтай байна. Бөөлжиж, суулгасан хүүхэд бүрийг бараг ийм шинж тэмдэгтэй ханиад гэж эцэг, эхэд нь итгүүлдэг болоод уджээ. Эмч нар ч түүнийг нь ялган оношилж чаддаггүй, халдвар илрүүлэх тестийг тэр бүр ашигладаггүй юм билээ. Үүнээс болж вирусийн гаралтай суулгалт өвчнийг эцэг, эхчүүд мэдэхгүй дур мэдэн эмчлэх, хүүхдээ эрдсийн дутагдалд оруулах нь элбэг аж.
Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд улирлын чанартай тархдаг хүүхдийн өвчин, эмгэг элбэг. Томчууд гэдэсний халдварт өвчнийг зөвхөн халуун, дулааны улиралд тархдаг гэж эндүүрдэг. Тэгвэл уг өвчнийг үүсгэгчдийн нэг ротавирус нь жилийн дөрвөн улиралд халдварлуулах чадвартай, хоруу чанар өндөртэйг мэргэжлийн хүмүүс хэллээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын дунд үеэс тавдугаар сар хүртэл уг вирус идэвхэждэг юм байна. Халдварын үе нь яг одоо тохиож буй гэсэн үг. Саяхан нэг танилын минь хүүхэд хоолой нь идээлсний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Гурав дахь хоногоосоо бөөлжиж, гүйлгэн сандаргасан тухай ээж нь хэлэв. Учрыг тодруултал “Эмнэлгээс л гэдэсний халдвар авсан байх. Эмч нар “Суулгадаг ханиад элбэг байгаа. Эндээс янз бүрийн өвчин авлаа гэж битгий хэл ам хийгээд байгаарай” гэсэн. Бид сар шахам эм ууж байж эдгэрсэн” гэлээ.
Хөл хорионы дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор амьсгалын замын халдварт өвчин харьцангуй “намжмал” байгааг ЭМЯ-ныхан мэдээлсэн. Өдгөө амбулаторийн нийт үзлэгийн 4.7 хувийг томуу төст өвчин эзэлж буй аж. Үүний дотор гэдэсний халдвар буюу суулгалт өвчний тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Дээр хэлсэнчлэн тав хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь ротавирус. Ихэнхдээ ханиад, томуутай давхцан тархдаг байна. Уг вирусийн халдвар нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд эмч нар гастроэнтерит хэмээн нэрлэдэг аж. Ротавирусээр үүсгэгдсэн гэдэсний халдвар бусад төрлийнхийг бодвол богино хугацаанд хүндэрдэг тул амь насанд аюултай.
Хатуу биетийн гадаргуу, гараар, мөн хүнээс хүнд халдварладаг уг вирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөр тогтоогч ханыг гэмтээснээр бие махбод шим тэжээл болон ашигтай бактериа алддагийг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан анхааруулсан. Халдвар авсан хүүхдийн олонх нь их хэмжээний ус, эрдсийн дутагдалд ордог гэнэ. Улмаар нарийн гэдэсний үрэвсэл, шарх үүсгэх шалтгаан болдог тул хайхрахгүй өнгөрч болохгүй. Уг өвчний үед бөөлжих, усархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Өтгөн нь хурц үнэртэй, хөөстэй, цайвар шаргал өнгөтэй байвал ротавирусийн халдвар гэж сэжиглэж болох нь. Мөн халуурах зэрэг хордлогын бусад шинж тэмдэг ч илэрдэг учраас цаг алдалгүй эмнэлэгт хандахыг албаныхан зөвлөв. Учир нь ротавирус нь 1-2 хоногийн дотор хүүхдийг шингэн алдуулж, шоконд оруулах эрсдэлтэй. Хүүхэд нэг удаа бөөлжихөд 10 удаа суулгасантай тэнцдэгийг эцэг, эхчүүд мэддэггүй, хугацаа алдах нь элбэг аж. Аюултай шинж тэмдэг нь шээс хаагдах, эсвэл шар хүрэн өнгөтэй болох, уйлахад нулимс гарахгүй байх, нүдний ухархай, зулай нь хонхойж, ам нь хатах, уруул омголтох юм байна. Тиймээс өвчнийг хүндрүүлэхгүй, бусдад халдвар тараахгүйн тулд эмчид яаралтай хандах, гэрийн нөхцөлд хүүхдийн живх, ахуйн хэрэглэлийг тусгаарлан ариутгах, гарын ариун цэврийг сахих шаардлагатай.
Улсын хэмжээнд 2010-2019 онд жилд дунджаар гэдэсний халдварын 9600 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэжээ. Уг өвчин нь нийт халдварын 20-25 хувийг эзэлсэн байна. Хүүхдийн гэдэсний халдварт өвчнийг нийгмийн байдлаар авч үзвэл сургууль, цэцэрлэгт явдаг багачуудаас гэртээ байдаг нь илүү өвчилдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Нийт өвчлөгсдийн 30-45 хувь нь гэртээ байхдаа ямар нэгэн байдлаар халдвар авсан аж. Дамжсан зам нь ихэвчлэн нян тээгч, бохирдсон ус, хүнсний бүтээгдэхүүн байдгийг тогтоосон байна.
Хүн ам төвлөрсөн хот, суурин газруудад гэдэсний халдварт өвчин хамгийн их бүртгэгддэг. Тухайлбал, нийслэлд өнгөрсөн онд гэхэд 7085 хүн уг өвчинд өртжээ. ДЭМБ, ХӨСҮТ-ийнхөн ротавирусийн халдвар авсан хүүхдүүдийн өтгөнд нарийн шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод уг өвчний 7-10 төрлийн үүсгэгч байгааг тогтоосон аж. Ихэвчлэн хоёр хүртэлх насныханд аюул дагуулж буй нь ч судалгаагаар нотлогдож. Насанд хүрэгчдийг бодвол хүүхэд гэдэсний өвчний улмаас эрдсийн дутагдалд амархан ордог учраас эмч нар үүсгэгчийг лабораторийн шинжилгээгээр заавал тогтоож, түүний эсрэг эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Ротавирусийн халдварын үед шингэн алдалтыг нэн даруй нөхөх, ингэхдээ шээсийг цайвар шар, тунгалаг болтол ажигладаг аж. Харин эцэг, эхчүүд эмнэлэгт хандах хүртэл гэрийн нөхцөлд бэлдсэн давс, чихрийн уусмал, шингэнийг ойр ойрхон, бага багаар уулгах хэрэгтэй. Хүүхдэд бөөлжиж, суулгах бүрт тэр хэмжээгээр нь шингэн нөхөхийг эмч нар зөвлөдөг. Эс тэгвээс шоконд орох аюултай гэлээ.
Ротавирусийн халдвар дэлхийн бараг бүх оронд тархсан байдаг аж. Гэхдээ хөгжилтэй орны хүүхдүүд эл өвчинд төлийлөн нэрвэгддэггүй юм байна. Шалтгаан нь вакцинтай холбоотой. Эдийн засаг, эрүүл мэндийн үйлчилгээ сайтай улс орнууд тав хүртэлх насны хүүхдүүдийг ротавирусийн вакцинд хамруулснаар уг өвчнөөс ангижирсан жишээ олон. Дэлхийд эл өвчний эсрэг хоёр төрлийн вакцин байдаг бөгөөд халдварын идэвхжлийг угтуулж, хоёр, гурван удаагийн тунг тодорхой давтамжтайгаар тарьдаг байна.
Манай улс одоогоор ротавирусийн вакциныг товлолын дархлаажуулалтад оруулаагүй. Харин хувийн цөөн эмнэлэгт эл вакциныг хийдэг юм билээ. Улс албан ёсоор оруулж ирээгүй, эмнэлгүүд цөөн тоогоор импортолдог учраас үнэ өртөг нь ч өндөр. Гэдэсний халдварт өвчинд өртсөн хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой учраас хувийн эмнэлэгт 100-150 мянган төгрөг төлөөд вакцин хийлгэх боломж хомс. Үүнээс болж олонх нь дур мэдэн антибиотик уулгах нь цөөнгүй. Тэгвэл ротавирусийн халдварын үед ийм найрлагатай эмийг дэлхийд хориглодог. Учир нь таваас доош насныхны эндэгдлийн тэргүүн шалтгаануудын нэг нь суулгалт өвчин юм.
Гэдэсний халдварт өвчин архаг болон цочмог хэлбэрээр явагддаг. Цочмог нь 14 хүртэлх хоног бөөлжиж, суулгадаг бол архаг нь үүнээс олон хоног үргэлжилдэг байна. Ротавирусийн халдварын нууц үе нь 1-3 хоног. Насанд хүрэгчид уг өвчний гол тээгч тул вирусийн идэвхжлийн улиралд бага насны хүүхэдтэй харилцахдаа гараа тогтмол угааж, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Учир нь томчууд уг вирусийг хэдэн сараар ч ялгаруулдаг аж. Хүний өтгөнд долоон сар хүртэл амьдрах чадвартай гээд бод доо. Тэгвэл вирусээр бохирдсон гадаргууд 10, органик нэгдэлд 16, жимс, жимсгэнэд 30 хоног тэсвэртэйг тэмдэглэх нь зүйтэй. Хлор агуулсан бодист устдаг учраас ийм найрлагатай ахуйн шингэнээр гар, гэр орноо ариутгахыг мэргэжлийнхэн зөвлөлөө.