Учир мэдэх настайчууд юманд учир суманд гичир гэж сургадаг сан. Аливаа юманд учир шалтгаан бий гэсэн л санаа. Харин орчин цагийн монголчууд энэ үгийн утга учрыг нэг л тайлж ухахгүй байх шиг. Тодорхой хэлбэл, дэлхийн сая сая хүний амийг авч одсон цар тахалтай нүүр тулснаа манайхны зарим нь ойлгохгүй байгаа бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн нүүр номдоо “Хот руу орох хөдөлгөөн чөлөөтэй”, “Хотоос гарах асуудлыг удахгүй зохион байгуулна” гэх мэтээр Улсын онцгой комисс эцэслэн шийдээгүй мэдээллийг оруулж, олон хүнийг "хуурав". Уг нь тэд ард түмнийг төлөөлөн төрд гарсан, хариуцлагатай алба хашиж буй түшээд. Энэ утгаараа тэд олон нийтэд цацаж буй мэдээллээ нягтлах ёстой байлаа. Угаас худал мэдээлэл тараах эрх хэнд ч үгүй. Ялангуяа, хатуу хөл хорио тогтоосон эл хүндхэн цаг үед ард иргэдэд хий горьдлого төрүүлж, худал мэдээлэл тараах нь цар тахлыг улам өрдсөн хэрэг болох биз ээ. Үүнээс гадна Засгийн газрын гишүүд эвлэж нэгдэх ёстой атал, нэгнийхээ ажлыг өөнтөглөж, өмнүүр орж мэдээлэл цацсан тохиолдол ч гарав. Тодорхой хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Ковид-19” халдвар авсан тээврийн жолоочийн хавьтлын талаар салбарынх нь сайдаас түрүүлж мэдээлэл тараасан нь олныг дургүйцлийг хүргэсэн. Цөөнгүй хүн түүний бичсэнийг өлгөн авч “Улс төрийн соёлгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлнэ билээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг иргэд ч хариуцлагагүй үйлдэл гаргав. Хөл хорионоос дөнгөж гарсан иргэн олон нийтийн газраар явж, урлагийн тоглолт үзэв. Шанд нь эхнэрээ, ээжийгээ, хүүхдээ, дүүгээ гээд олон хүнийг эрсдэлд оруулсныг бид мэднэ.
Хатуу хөл хорио тогтоосон үе буюу энэ сарын 15-нд нэр бүхий иргэд нийслэлээс хулгайн замаар гарав. Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн тэднийг албаныхан Хэнтийн Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур явж, Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар орж, улмаар аймгийн төвөөс 70-аад км зайтай байх гэртээ очсон. Тэдгээр иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёрынх нь хариу эерэг гарсан. Азаар шинжилгээний эцсийн хариу сөрөг гарсныг албаныхан түрүүхэн мэдэгдэв. Ер нь иргэд цар тахлын сураг дуулдав уу, үгүй юү маргааш үхэх гэж буй аятай аяглаж, худалдааны төвүүдийн хүнсний хамаг барааг хуу хамсан билээ. Нөөцийн мах худалдаалж эхлэхэд бас л дээрхтэй адил авир гаргасан. Өнөөдөр Дархан-Уул аймгийн нэг иргэний шинжилгээний хариу эсрэг гарлаа. Тухайн иргэн бас л олны хөлийн газраар явж, төрсөн өдрөө тэмдэглээд амжиж. Орой Сэлэнгэ аймагт “Ковид-19”-ийн таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Үүнтэй зэрэгцээд халдвар авсан иргэд явсан чиглэлээ нууцалсан зэрэг мэдээлэл чих дэлсэв. Үүнээс гадна 17.00-18.00 цагийн хооронд нийслэлийн зарим замд автомашины түгжрэл үүсэв. Хатуу хөл хорионы үед иргэд гэртээ байх ёстой атал худал үнэн шалтаг хэлж гадуур явсаар байгааг Тээврийн цагдаагийн албаныхан дүрс бичлэгээр харуулав. Цар тахлын үед монголчууд ямар ч сахилга батгүй байгааг илтгэх жишээ энэ мэтээр мундахгүй. Хэчнээн уужуу тайван, хийморьлиг, дээд язгууртай ард түмэн байлаа ч, цар тахал тархсан хүнд хэцүү үед бид хуулиа дагах, мөрдөх учиртай. Учир нь цар тахал биднийг баян, ядуу, хөгшин, залуу, чадалтай, чадалгүйгээр нь ялгахгүй. Тэгээд ч бидний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хэдэн мянган төрийн алба хаагч гудамжинд “амьдарч” буй. Дээрээс нь дэлхий нийтээрээ тэмцээд бараагүй аймшигт тахал биднийг тойроогүй, дайраад ирчихсэн хоног хоногоор тоогоо ахиулан даналзаж байна. Гэтэл монголчууд хэнэггүйтсээр, тэнэсээр. Ёстой нөгөө Z үеийнхний хэлдгээр “Манайхан why ийм тэнэг юм бэ”.