Улс орнуудын одоо баримталж буй тэргүүн зарчим нь коронавирусийн тархалтыг хумьж, өвчилснийг эмчлэх. Гэвч үүний хажуугаар эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээ хумигдаж, иргэдийн тогтмол хийлгэдэг эмчилгээ, хагалгаа тасалдаад буйг ДЭМБ мэдээлсээр байна. Манай улс ч гэсэн айдастайгаа нүүр тулсан. Үүнийг дагаад халдварт болон халдварт бус өвчтэй иргэдийн эмчилгээ, үйлчилгээг цаашид хэрхэх бол. Байнга эм уудаг, түүнгүйгээр амьдрахгүй хүмүүсээ “гал алдуулчих” вий гэсэн болгоомжлол, түгшүүр нийгэмд хэдийн үүсжээ. Тэр дундаа хөнгөлөлттэй эм тойрсон, тодорхойгүй асуултуудад иргэд тайлбар нэхэж байна.
Улсын хэмжээнд энэ сарын 1-нээс 1600 гаруй эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шинэ төрлийн коронавирусийг хүн амын дунд тархсаныг албан ёсоор зарлах хүртэл олон нийт эл сэдвээр л “амьсгалж” байлаа. Жишээлбэл, хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдсэн, олон эм хасагдсан, заримыг нь өрх, дүүргийн эмч нар бичих эрхгүй болсон зэрэг мэдээллийг иргэд одоо ч төдийлөн сайн мэдэхгүй, эмээ авч амжаагүй хүн ч цөөнгүй байгаа гэнэ. Тиймээс хөнгөлөлттэй үнээр олгох эмийн тоог цөөлсөн шалтгаан, аль эмнэлэгт ямар эмийн жор бичиж байгаа талаар тодрууллаа.
Хөнгөлөлттэй эмийн жорыг өмчийн хэлбэрээс үл хамааран бүх шатны эмнэлгийн эмч харьяалал харгалзахгүй бичнэ гэсэн ч одоогоор үүнийг мөрдөхгүй байгаа аж. Хувийн болон дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд цахимаар жор бичих бэлтгэлээ заасан хугацаанд хангаагүйгээс ийм асуудал үүсгэжээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийлмэл найрлагатай болон зарим эмийн жорыг бичихээ больсноос иргэд өмнөхөөсөө ч их бухимдаж, хэл ам хийж буй гэнэ. Өвчний оношийн дагуу бичсэн зарим эм цахимд шивэгдэхгүй байгаагаас өрхийн эмч нар хүртэл самгардсанаа нуугаагүй. Гэтэл тэдний тодорхой нэр, төрлийн эмийн жор бичих эрхийг нь хаасан байжээ. Эдгээр зохицуулалт нь зайлшгүй шаардлагатай эмийн шинэ жагсаалтын дагуу баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр, төрөл, дээд хязгаар, хөнгөлсөн хэмжээтэй холбоотой болж таарав.
Эрүүл мэндийн салбарт эмчилгээний олон улсын стандарт, эмнэл зүйн удирдамж, программ хангамжийг нэвтрүүлж, баримтлах тухай хууль, эрх зүйн орчныг саяхан бүрдүүлсэн. Үүний хүрээнд дэлхийн 191 улсын долоон сая гаруй эмчийн баримталж, дагаж мөрддөг Эмнэл зүйн олон улсын платформыг нэвтрүүлээд буй. Гэвч уг удирдамжийн дагуу хөнгөлөлттэй эмийн энэ удаагийн жагсаалтыг шинэчилсэн нь эмч, үйлчлүүлэгчдийн аль алинд нь “хүнд цохилт” болжээ. Өөрөөр хэлбэл, эмч нар өвчтөнүүдэд нэг төрлийн эм байнга санал болгох, эсвэл ижил өвчинд өөр өөр эм, тариа бичиж, эмчилгээг олон янзаар хийдэг байж. Энэ нь иргэд олон эмд дасах үндэс болж, илаарьших нь ч удааширсан гэнэ. Уналт, таталтын эсрэг дефакин хороно гэх эмийг манайхан Ж-40 оношийн дагуу бичдэг байсан юм билээ. Харин олон улсад уг эмийг Ж-43, 44 өвчний ангиллын дагуу хэрэглэдэг болсон байх жишээтэй. Тиймээс бүх шатлалын эмнэлгийнхэн хөнгөлөлттэй эмийн жор бичихдээ дэлхийн эмнэл зүйн удирдамжийг баримтлах шаардлага энэ мэт тулгарчээ. Иргэдийн удаан хугацаанд уудаг, дасал болсон зарим эмийг хаана ч ашиглахаа больсныг ташрамд дурдъя. Энэ мэт шаардлагыг харгалзан хөнгөлөлттэй үнээр өмнө нь олгодог байсан 812 нэр, төрлийн эмийг өдгөө 522 болгон цөөлж, 30-70 хувиар хямдруулжээ. Гэхдээ өргөн хэрэглээний, шаардлагатай эмүүдийг хасаагүй, ижил найрлагатайг нь цөөлсөн тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан хэлсэн.
Улс орнууд хөнгөлөлттэй эмийн жагсаалт батлахдаа зах зээл дэх эмийн борлуулалт, хүн амын дундах өвчлөл, зорилтот бүлгийнхний тоог харгалздаг байна. Манайх эдгээрээс хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан, эдийн засгийн хямралд өртүүлэх магадлалтай өвчний үед хэрэглэдэг эмийг хөнгөлөлтийн жагсаалтад хамруулдаг аж. Энэ жилийнхийг гаргахын тулд жишээ нь, өнгөрсөн онд бүртгэгдсэн 111 оношийн 3.6 сая өвчлөлийг үндэслэжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт хязгаартай тул эдгээр өвчний эсрэг хэрэглэдэг бүх эмийг мэдээж хөнгөлөх боломжгүй гэсэн.
Албаныхан ярьж байгаа шигээ стандартаа мөрдөж, ДЭМБ-ын зөвлөмж, Эмнэл зүйн олон улсын удирдамжийг дагасан бол нийлмэл найрлагатай нэг ч эмийг хөнгөлөлтөд хамруулахгүй байсан. Эхэндээ ийм найрлагатай эмүүдийг бүгдийг нь жагсаалтаас хасаж, 300 гаруй болтол цөөлсөн ч иргэд, эм ханган нийлүүлэгчдийн хатуу тэмцэлтэй тулгарсан. Ингээд тэдэнд бууж өгснөөр хөнгөлөлттэй эмийн тоог буцаад 522 болтол нэмсэн гэсэн. Мөн Эмнэл зүйн олон улсын удирдамжид зааснаар бүх шатлалын эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эмийн жорыг А, B, C, D ангиллын дагуу бичих ёстой. Тодруулбал, өрхийн эмч нар анхны үзлэг хийж, оношийн дагуу энгийн буюу 2-3 төрлийн эм бичнэ. Харин II шатлалынхан давтан үзлэг хийн, шаардлагатай тохиолдолд шинжилгээнд хамруулж, оношийг баталгаажуулах аж. Тэгвэл нарийн мэргэжлийнхэн хавдар, элэг, зүрх, тархины эмгэг гэхчлэн хүнд өвчний үед үзлэг, шинжилгээ хийн, хөнгөлөлттэй эмийн жорыг нь бичих байлаа.
Гэтэл манайх олон улсын эл жишгээр ажиллаж чадсангүй. Учир нь иргэд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэж II, III шатлалын эмнэлэг рүү явууллаа гэж бухимдсан, олон нийтийг турхирсан. Үр дүнд нь ЭМЯ, ЭМДЕГ-ынхан болон бусад холбогдох албаныхан иргэдэд “ялагдаж”, бодлогоосоо ухарлаа. Тэд олны хэл амнаас айж, залхсан юм байлгүй, хөнгөлөлттэй үнээр олгодог бүх эмийг өрхийн эмч нараар буцаагаад бичүүлдэг болгочихож. Энэ нь юу гэсэн үг болохыг мэдэх үү. Хуучин шигээ хэн дуртай нь хүссэн эмээ хөнгөлөлттэй үнээр авч болох нь. Тухайлбал, элэгний архаг өвчтэй хүнд өрхийн эмч юу ч бодож, саналгүй жор бичиж байна. Хавдартай үйлчлүүлэгч ийм эмийг төдөн сар уух шаардлагатай, жор бичээд өг гэвэл хамаагүй, тэд биелүүлнэ. Өмнө нь уусан тухайн эм үйлчилсэн, эсэх, цаашид тунг нь хасаж, нэмэх шаардлагатай, үгүйг өрхийн эмнэлгийнхэн мэдэж, оношлох чадамжгүй. Тэгэхээр хөнгөлөлттэй эмийн жорыг өвчний олон улсын ангиллын дагуу бичих ойлголт үндсэндээ үгүй болжээ. Нөгөөх л эмийн замбараагүй хэрэглээ, донтолт, дасал хэсэгтээ арилахгүй.
Ижил найрлагатай, нэг өвчинд хэрэглэдэг хэрнээ өөр өөр улсад үйлдвэрлэсэн, үйлчилгээ муутай эмүүдийг иргэд замбараагүй хэрэглэж ирснийг Баянзүрх дүүргийн VI хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Балжинням хэлсэн. Тэрбээр “Хөнгөлөлттэй эмийн шинэ жагсаалттай холбоотой зарим зүйлийг иргэд буруу ойлгосон юм шиг санагдсан. Тодруулбал, олон төрлийн эмийг хөнгөлөлтөөс хассан хэмээн бухимдаж байна. Цөөн хэдийг эс тооцвол хамрах хүрээг нь л хумьж, цэгцэлсэн болохоос нэр, төрлөөс нь бол хасаагүй. Ерөнхий нэрээр нэрлэгддэг боловч зах зээлд олон хэлбэрээр борлуулж буйг нь л цөөлсөн гэсэн үг. Жишээ нь, 16 төрлийн амоксициллиныг хөнгөлөлттэй үнээр олгож байсан. Эдгээрийн үйлчлэх хүрээ, чанар, үнэ зэргийг нь харгалзаж, тав болгон цөөлсөн юм билээ. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас ижил найрлага, үйлчилгээтэй, шаардлагагүй эмийг хасах нь зөв. Предизин бол үүний нэг нь. Уг эмийг зүрхний архаг дутагдал, хэм алдалттай, стент суулгуулсан хүмүүс уух ёстой атал иргэд үүнийг талх, чихэр шиг хэрэглэдэг болсон. Олон найрлагатай, дааврын эмийг өрхийн эмч нарыг далайлгаж, бичүүлээд л байх уу. Ахмадууд цусны даралт бууруулах нийлмэл найрлагатай эм байнга ууж байна. Дан найрлагатайг нь хэрэглэж хэвшээгүйн гор энэ. Олон найрлагатай, үйлчилгээ өндөртэй эмийг уг нь тартагтаа тулсан хойноо уух заалттай. Гэтэл иргэд энэ талаарх ойлголтгүй, өмнө нь ууж байсан эмээ байнга хэрэглэх сонирхолтой. Эмийн замбараагүй хэрэглээг танаж, хяналт тавих боломж уг нь энэ удаад бүрдсэн юм сан” хэмээн халаглав.