Улалзах цонж говийн шаргал наранд улайран харагдана. Их говьд наран мандах, жаргахад энэ цонж цог шиг улалзан харагддаг санж. Тиймээс Улалзах цонж гэж нэрлэжээ. Зүүн талд нь загийн шугуй харагдана. Энэ бол Баян загийн хөндий юм. Загийн шугуй алсаас талд ургасан бут, сөөг мэт үзэгдэх. Дэргэд нь очвол хүнээс өндөр юм гэнэ лээ. АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейн судлаач, Төв Азийн шинжилгээний ангийн ахлагч Рой Чэпмен Эндрюсийн удирдсан экспедиц Улалзах цонжоос 1923 онд үлэг гүрвэлийн ховор олдвор илрүүлснээр нэр нь дэлхий дахинд алдаршсан. Үлэг гүрвэл өндгөөр үрждэг байсныг уг газрын олдворууд нотолсон гэдэг билээ.
Өмнөговь аймгийн төвөөс хойш 100 км зайд, Булган сумын нутагт орших үлэг гүрвэлийн өлгий гэгддэг, палеонтологийн үүц болсон газраа орон нутгийн засаг, захиргаа нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор хөрөнгө хаяжээ. Өмнөговь аймгийн төсвөөс 600 гаруй сая төгрөг гаргаж, тэндхийн олдворуудаас гадна идээшин нутагладаг ан амьтан, Ази, Европыг холбосон алдарт цайны зам дэргэдүүр нь дайран өнгөрч асан үүх түүхийн мэдээллийг дэлгэсэн төв байгуулжээ. Улалзах цонж руу явахаас өмнө “Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” төрийн бус байгууллагын уул уурхайн сэтгүүлчдийг мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан бид тус мэдээллийн төвд очиж, үлэг гүрвэл олон сая жилийн өмнө тэнд хэрхэн нутаглаж байсан түүхийг сонсон, Рой Чэпмен Эндрюс Улалзах цонжид малтлага хийсэн үеийн тухай баримтат кино үзсэн юм.
Мэдээллийн төв байгуулахаас гадна Улалзах цонжийн ойр орчмыг хамгаалах, хамгийн гол нь тээврийн хэрэгсэл зорчуулахгүйн тулд шонгууд босгосон байв. Мөн жуулчид цонжийн үзэсгэлэнг сонирхон зорчих зам, шат тавьж, тавцан байгуулсан байлаа. Хөтчийн хэлснээр Улалзах цонжийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох хөрөнгө оруулалт, хийх ажлууд нь дуусаагүй гэнэ лээ. Орон нутгийн засаг, захиргааныхан уг төвийн үйл ажиллагааг “Баянзаг-Улалзах цонж” төрийн бус байгууллагад менежментийн гэрээгээр хариуцуулсан байна. Энэ нь төр болон төрийн бус байгууллага аялал жуулчлалын салбарт хамтран ажилласан анхны тохиолдол аж.
Улалзах цонжоор аялж буй нь
Аймгийн удирдлагууд 2016 онд “Аялал жуулчлал-өрхийн орлого” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд Мухар шивэрт, Хонгорын элс, Шар цав, Баянзаг зэрэг байгалийн үзэсгэлэнт болоод түүх, палеонтологийн дурсгалт газруудаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх төлөвлөгөө баталжээ. Газар нутагт нь Оюутолгой, Тавантолгойн ордыг түшиглэсэн мега төслүүд хэрэгжүүлж буй уг аймаг өндөр орлого олдог. Энэ жил гэхэд 240 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон. Үүний 52 тэрбум төгрөгийг улсын төсөвт илүүчилнэ. Мэдээжийн хэрэг тэднийх орлогынхоо дийлэнхийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. 21 аймгаас уул уурхай хөгжсөн Орхон, Өмнөговь л улсын төсвөөс татаас авдаггүй. Бусад нь бүгд улсаас “угжуулдаг”. Өмнөговийнхон “Аялал жуучлал-өрхийн орлого” хөтөлбөрт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ. Тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр “Орон нутгийн төсвөөс аялал жуулчлал, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бага, багаар хөрөнгө оруулж байна. Ёлын амыг аялал жуулчлалын тэргүүлэх бүтээгдэхүүн болгох зорилго тавьсан ч Дархан цаазат газар учраас аймгийн эрх мэдэл хүрэхгүй юм билээ” гэв.
Тэд аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж эхэлсэн нь угтах хаалганых нь “төрх”-өөс харагдана. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн угтах хаалганыхаа өнгө, хийцэд хүртэл онцгой анхаарчээ. Говь гурван сайхан уулынхаа домгоор бэлгэдэн гурван бүсгүйн баримал босгож, дэргэд нь буурын хөшөөгөөр чимсэн байв. Мөн аймгийнхаа түүхт, үзэсгэлэнт газруудыг танилцуулах мэдээллийн самбар байршуулжээ. Цаашдаа ч энэ хэсгийг засаж тохижуулан, Өмнөговийн талаарх мэдээллийг бүрэн авах боломжтой төв болгох гэнэ.
Өмнөговь аймгийн төвд барьж буй театр болон музейн барилга
Тус аймгийн төвийн хамгийн өндөр зэрэглэлийн “Хан-Уул” зочид буудлын ресторанд Засаг даргын орлогч С.Мөнхбаяртай бид уулзсан юм. Тэндхийн рестораны үйлчлэгч цай авах хүсэлтэд “Хоол гаргаад завгүй байна” гэж хариулсан. Өмнөговийн үйлчилгээний газрынхан ийм аж. Үйлчлүүлэгч өөрөө л “гүйхгүй” л бол тэд таныг тоохгүй. “Ийм үйлчилгээтэй газар аялал жуулчлал хөгжих үү” гэсэн асуултад С.Мөнхбаяр “Би ч өөрөө гайхдаг. Манай аймгийн соёлтой, боловсролтой залуус бүгд уул уурхайн компанид ажиллаж байна. Үйлчилгээний газарт ажиллавал сард 500-600 мянган төгрөгийн цалин авна. Харин уурхайд ажиллавал 1.5 сая төгрөгийн цалинтай. Үүнээс болоод толгой сайтай хүүхдүүд нь уул уурхайд ажиллахыг боддог” гэж тайлбарлав. Ийм үйл явцыг эдийн засгийн судлаачид “баялгийн хараал” гэж нэрлэдэг. Хаана илүү мөнгө олох боломж байна, түүн рүү бүгд хошуурахаар эдийн засгийн бусад салбар нь хоцрогддог жамтай.
Аймгийн төвд байх Өмнөговь политехникийн коллежид жилд 1000 орчим хүн урт, богино хугацаагаар суралцдаг. Тэдний 90 хувь нь Өмнөговь аймгийн харьяат гэнэ. Тус коллежийг төгсөгчдийн 85 хувь нь ажлын байртай болдог аж. Уг коллеж гагнуурчин, цахилгаанчин, хүнд машин механизмын жолооч, мужаан гэх мэт голцуу уул уурхайн компаниудад шаардлагатай мэргэжлийг залууст эзэмшүүлдэг юм байна. Сүүлийн үед охид эл коллежид элсэх нь нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, бүсгүйчүүд уурхайд ажиллах сонирхолтой болсон гэсэн үг. Гагнуурчин болохоор суралцаж буй эмэгтэй хүүхэдтэй бид тэнд таарсан. Уул уурхайн компаниуд ч “Эмэгтэйчүүд няхуур нямбай” гээд ажилд авах дуртай гэнэ. Өмнөговь ирээдүйд уурхайчдын аймаг болох нь эргэлзээгүй аж.
Өмнөговь аймгийн төв 10 жилийн өмнө Зүүн сайхан уулын бэлд армаг тармаг харагдах таван давхар хэдхэн байшинтай жижигхэн суурин байлаа. Одоо танихын аргагүй болтол өөрчлөгдсөн. Тэнд дээд тал нь 16 давхар орон сууц сүндэрлэж, хаус хороолол нь тэлжээ. Өмнөговьчууд орон сууцаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ барилга олныг барьжээ. Зам, дэд бүтэц ч эрс сайжирсныг нутгийнхан хэлэв. Сүүлийн жилүүдэд аймгийнхаа төвд 20 гаруй км авто зам тавьсан гэнэ. Аймгийн төв нь 10 жилийн өмнө 14 мянган хүн амтай байсан бол одоо байнгын оршин суудаг 24 мянган иргэнтэй болсон гэнэ. Түр оршин суугч нь 6-7 мянга хүрдэг аж. Уул уурхай хөгжиж, ажлын байр олноор бий болсноор Өмнөговийн хүн ам ийнхүү өсжээ. Хүрээгээ тэлэн, хөгжиж буй Даланзадгад сумыг чимэх архитектурын шийдэлтэй театр, музейн барилгын ажил өдгөө үргэлжилж байна. Бусад аймагт бүү хэл, Улаанбаатарт байхгүй архитектурын шийдэлтэй барилгуудыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Өмнөговь политехникийн коллежид хүнд машин, механизмийн жолооч мэргэжил эзэмшихээр суралцаж буй эмэгтэй
Музейн барилгыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” 6.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа аж. Уг санг “Оюутолгой” компани Өмнөговь аймгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2015 онд байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх сан гэсэн үг. Тус сан байгуулагдсан цагаасаа хойш 46.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймагт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүгээр хүн амын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барих, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх оюутанд сургалтын тэтгэлэг олгох, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Тус сангийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат “Өмнө нь улирал бүр төсөл шалгаруулах замаар санхүүжүүлдэг байсан. 130 төсөл ирүүлсэн тохиолдол бий. Үүнээс 15-20-д нь л санхүүжилт олгодог. Тэгэхээр бусад нь гомддог. Иймээс 2018 оноос сум бүрт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилаад, үлдсэнээр нь Даланзадгадад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг болсон” гэв. “Оюутолгой” компани дээрх сангаар дамжуулж, жил бүр таван сая ам.долларын санхүүжилтийг Өмнөговьд хийх гэрээтэй. Энэ гэрээ 2033 он хүртэл үргэлжлэх юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани ч “Оюутолгой”-н жишгээр жил бүр гурван тэрбум төгрөгийн санхүүжилт Өмнөговьд хийх сан байгуулах санаачилга гаргаад буй гэнэ. Харин тэдний баруун уурхайнууд гэж нэрлэдэг, Нарийнсухайтын бүлэг ордоос нүүрс экспортолдог компаниуд мөнгө өгдөггүй гэнэ. Ялангуяа МАК компани Өмнөговийн иргэдэд зориулсан хөрөнгө оруулалт хийдэггүйг орон нутгийн удирдлагууд ярьж байна. Тэд МАК компани руу мөнгө “нэхсэн” албан бичиг явуулаад, “Авлигатай тэмцэх газарт өгчихнө шүү” гэсэн хоржоонтой хариу авсан гэнэ лээ. Нутгийн удирдлагууд Өмнөговь аймгийн газар нутгийн 66 хувийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Энэ нь дахин уул уурхайн хайгуул хийлгэхгүй байх зорилготой нь холбоотой аж. Мөн тэд Өмнөговиос ашигт малтмал олборлож буй компаниудын нөөц ашигласны төлбөрийг аймагтаа үлдээж, захиран зарцуулах сонирхолтой байдгаа нуугаагүй. Ингэвэл тэднийг давраасан хэрэг болно гэдгийг монголчууд мэдэж байгаа. Өмнөговьчууд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвтөө авч үлддэггүй ч бусад аймгаас өндөр орлого олж, санхүүжилтийн дэмжлэг авч байна. Тиймээс ингэж өөрчлөгдөхөөс ч аргагүй.