Улаанбаатарын утаа багасах үед халааг нь авч, урин дулааны цагт хотынхныг байж суухын аргагүй болтол өмхий үнэрээрээ “дарамталдаг” Төв цэвэрлэх байгууламж олны анхаарлаас гарав. Тус байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүй болгох төсөл хэрэгжүүлсний үр дүн юм. Төслийн зөвлөх, химич Э.Гансүх “Тэндээс ялгардаг үнэр багаж, төхөөрөмжөөр хэмжих аргагүй өндөр үзүүлэлттэй байсан. Одоо 52.8 хувьтай байна. Огт үнэргүй болгох буюу 100 хувь дарах боломжгүй” гэв. Тэнд хуримтлагдсан задгай лагийг цэвэрлэн, өмхийг нь дарж, мөн өдөр тутамд үүсдэг бохирын хэмжээ, үнэрийг зургаа дахин бууруулснаа тэд тайлагналаа. Ямартай ч нийслэлчүүд хамар сэтлэх шахдаг эвгүй үнэрийг хэсэгтээ мартах нь. Гэвч жинхэнэ аюул цаана нь хэвээр байна.
Өвчтөнийг эмчлэхийн тулд суурь шалтгааныг тогтоон, зөв оношлох нь юу юунаас чухал. Ингэж чадахгүй, шинж тэмдгийг нь дарах төдийхнөөр аргацаавал улам дордуулна. Цаг хугацаа алдана. Тэр хэрээр эрсдэлтэй, эдийн засагт хохиролтой. Төв цэвэрлэх байгууламжийн асуудал үүнтэй яг ижил. Угтаа өмхий үнэр нь шинж тэмдэг төдий зүйл. Жинхэнэ аюул нь хүнд металлын бохирдол. Үнэрийг нь дарсан ч хлор, мөнгөн ус зэрэг хүнд металлаар бохирдуулсан усаа тийшээ нийлүүлдэг үйлдвэрүүдийг цэгцлээгүй цагт тус байгууламж иргэдийн эрүүл мэнд, аминд аюул учруулж, хотын ус, хөрс, агаарын бохирдлын гол эх үүсвэр хэвээр үлдэнэ. Иймд цэвэрлэх байгууламжийн одоогийн нөхцөлийг дан ганц дээрх төслийн үр дүнгээр, эсвэл үнэрийн хэмжээгээр дүгнэх нь дэндүү өрөөсгөл.
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх төслийг хааж, дүгнэх арга хэмжээ хэд хоногийн өмнө болсон юм. Албаныхан “Засгийн газрын 73 дугаар тогтоолын дагуу лагийг цэвэрлэж, үнэргүй болгох төсөл хэрэгжүүлж, амжилттай дуусгалаа. Хоногт 250 000 шоо метр лаг усгүйжүүлэх байгууламж шинээр барьж, ашиглалтад оруулсан. Мөн тус байгууламжид хуримтлагдсан 800 000 шоо метр лагийг байгальд ээлтэй технологиор үнэргүй, хоргүй болгох ажлыг үе шаттай гүйцэтгэлээ” гэж дүгнэсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгэн мэргэжилтэн энэ үеэр “Цэвэрлэх байгууламжид жилд дунджаар 530 000 кг ахуйн хог, 60 000 кг үс ноос хуримтлагддаг. Үүнээс болоод тус байгууламжийн үйл ажиллагаа доголдож, эвдэрдэг” гэв. Товчхондоо бол “Төслийг амжилттай хэрэгжүүллээ, иргэд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг доголдуулж байна” гэдэг мессеж өгөв. Харин төслийг хэрэгжүүлсэн хүмүүс “Үнэрийг дарахаас илүү том, чухал асуудал цаана нь үлдлээ” хэмээн толгой сэгсэрнэ лээ.
Засгийн газар Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулах, тоног, төхөөрөмжийг нь шинэчлэх, хуримтлагдсан лагийг үнэргүй, хоргүй болгож, ашиглах зорилготой цөөнгүй төсөл, хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Улс, нийслэлийн төсөвт Улаанбаатарын утаанаас дутахгүй дарамт учруулж, багагүй хөрөнгө “идсэн” нь энэ байгууламж. Дэлхийн олон орны жишгээр лагийг шатааж, бордоо хийх гэж хүртэл оролдсон. Гэтэл бордооны гол түүхий эдэд хлор, мөнгөн ус зэрэг хүнд металл, гэдэсний савханцар болон бусад төрлийн өвчин үүсгэх нян стандартаас 10-20 дахин их агуулагдаж байсан нь микробиологийн шинжилгээгээр тодорхой болжээ. Иймд дээрх төслийнхөн “Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн лагийг шатаахаас өөрөөр ашиглах боломжгүй” гэж дүгнэсэн юм байна.
Төсөлд хамтрагчаар оролцсон “Science consulting” компанийнхан ч “Хүнд металлыг уснаас ялгах боломжтой ч лагаас ангижруулах аргагүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, хэчнээн өндөр чадалтай, дэвшилтэт технологи байгаад ч лагаас хүнд металлыг ялгаж салгах боломжгүй аж. Тиймээс ийм бодисоор бохирдсон усыг хүлээж авахгүй байх, иймийн тулд аж ахуйн нэгжүүдийн, ялангуяа арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих нь чухал гэж тэд онцолсон.
Манай улс Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн. 262.7 сая ам.долларын санхүүжилттэй, БНХАУ-ын томоохон хоёр компанийн оролцоотой хэрэгжүүлэх тус төсөл коронавирусийн улмаас удааширч, төлөвлөгөөт хугацаандаа буюу 2024 онд дуусах, эсэх нь бүрхэг байна. “Цар тахлын улмаас барилга угсралтыг хугацаанд нь эхлүүлж чадаагүй ч шахуу төлөвлөгөөтэй ажиллаж буй. Одоогоор биологи цэвэрлэгээний барилгын нэгдүгээр блок барих хэсгийн хөрсийг хуулах, суурь цутгах, арматур зангидах ажлыг дотоодын инженер, техникийн ажилтнууд гүйцэтгэж байна” гэж БХБЯ-ныхан мэдээлэв.
Одоогийн байгууламж өдөрт 170 000 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд үүнээсээ 20 орчим хувиар давсан ачаалалтай ажилладаг. Харин шинэ нь 250 мянган шоо метр ус цэвэршүүлэх юм. Гэвч үүнийг зөвхөн ахуйн бохирдол “шүүх” боломжтойгоор төлөвлөжээ. Шинэ үйлдвэртэй болсон ч хүнд металлын бохирдлоо шийдэж чадахгүй гэсэн үг. Түүнчлэн лаг шатаах, хатаах үйлдвэр барихаар төлөвлөсөн нь ч асуудлыг шийдэх гарц биш гэнэ. Судлаачид “Шатаах, хатаах үйлдвэртэй болсноор лагийн үнэрийг тодорхой хэмжээнд бууруулах ч бүрмөсөн шийдэхгүй” гэж үзэж байна.
“Шинэ барилга, тоног, төхөөрөмжтэй болсноор цэвэрлэх байгууламжийн хор уршиг багасахгүй, харин үйлдвэрүүдийн нийлүүлдэг бохирт стандарт тогтоох нь зүйтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Үүнд хэрхэн анхаарч, ямар бодлого баримталж байна вэ” хэмээн БХБЯ-ны холбогдох мэргэжилтнээс асуухад “Үүнийг хянах тогтолцоо манай улсад одоогоор алга. Энэ чиглэлийн хяналтын систем нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдийг давхар шүүлт буюу жижиг оврын цэвэрлэх байгууламжтай болгох зорилготой төслийг ЖАИКА-тай хамтран хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээ хийж байна” гэлээ.
Өнгөрсөн даваа гарагт болсон “Ус хангамж, хэрэглээ ба мега төслүүд” эрдэм шинжилгээний бага хурлын гол сэдвүүдийн нэг нь төв цэвэрлэх байгууламжийн тухай байв. Эрдэмтэд “Бохир усанд хүртэл стандарт бий. Монголынход энэ стандарт үйлчилдэггүй. Хэтэрхий “нүнжигтэй”. Бүрэн цэвэршүүлэхийн тулд Германы цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай” хэмээн ярьсан. “Нүнжигтэй” гэсэн нь өөх тос ихтэйг егөөдсөн хэрэг. Энэ нь цэвэршүүлэх үйл явцад ихээхэн төвөг учруулдаг аж.
Цэвэрлэх байгууламжийн хор нөлөөг бууруулахын тулд нэн түрүүнд юу хийх ёстойг судлаачдаас асуув. Усны судалгааны төвийн захирал Д.Басандорж “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай. Ямар байгууллага хэр хэмжээний бохир нийлүүлж байгааг тогтоож, түүнд нь тохирсон төлбөр ногдуулах ёстой. Өөрөөр хэлбэл, ус бохирдуулагчдад хариуцлага тооцох механизм чухал” гэсэн бол судлаач Н.Гантогтох “Ноос, арьс, шир зэрэг ахуйн болон хүнсний үйлдвэрүүдийг хотоос гаргах хэрэгтэй. Үгүй бол хууль, журмаа чангатгаж, хариуцлагын тогтолцоог сайжруулах замаар шийдэх боломж бий” гэв.