Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн баасан гарагт нээснийг Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээлэв. Юутай ч тууз хайчилж, цэцэг дэвссэнгүй. Уг чиглэлийн 204.1 км замыг шинэчлэн засахын тулд хуучныг нь хуулж хаяад хоёр жил гаруй хугацаа өнгөрсний эцэст нэгээхэн хэсгийнх нь ажлыг арай гэж л дуусгав бололтой. Өнгөрсөн хоёр жилд “там” болсон эл зам дээр олон хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, зарим нь хохирлоо барагдуулахаар Зам, тээврийн хөгжлийн яамыг шүүхэд өгсөн билээ. Эргэн сануулахад, Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээтэй болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэр гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажлыг 2019 оны арваннэгдүгээр сард дуусгах байв. Харамсалтай нь, төлөвлөсөн хугацаа өнгөрөөд нэг жилийн нүүр үзсэн ч засварын ажлыг олигтой урагшлуулсангүй. Дээрх чиглэлийн 204.1 км авто замыг таван багцад хуваан засварлаж буй.
Одоогоор тус замын нэгдүгээр багцын 37 км замыг асфальтаар хучжээ. Гурав болон тавдугаар багцын замыг хучих ажлыг хүйтэрсэн учир зогсоосон аж. Харин хоёр болон дөрөвдүгээр багцын 90 гаруй км замын асфальт болон бетон хучилтыг хуулсан байна. Ийм байдалтайгаар өмнө нь түр хаасан замын хөдөлгөөнийг аргагүйн эрхэд нээчихээд, ажил дууссан мэтээр нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахдаа Засгийн газар ичсэнгүй. Тодруулбал, хүйтний эрч чангарсан учир замын хучилтыг технологийн дагуу зогсоож буйг салбарын сайд нь “баяртайгаар” мэдэгдсэн. Улмаар уг замын ажлыг ирэх оны гуравдугаар сарын 15-наас үргэлжлүүлэх гэнэ. Ийм байдлаараа ирэх хавар ч амжих, эсэхийг таашгүй. Үнэндээ зам засварыг цагтаа амжиж гүйцэтгэж чадаагүйгээс өвлийн улиралтай золгож, аргагүйн эрхэд түр зогсоосноо ийнхүү нээлт нэрээр эвтэйхэн хайцаалаад дахин хэдэн жил гацаах бол гэдгээс иргэд айж байна.
2018 онд эхлүүлсэн ажил 2021 оны босго давах нь хэдийн тодорхой боллоо. Бүр 2022 оны өдийд бүрэн дуусгахаар төлөвлөснөө дарга нар нь ам уралдан ярьсан. 204.1 км авто замыг барих, шинэчлэх гэж дөрвөн жил зарцуулдаг улс манайхаас өөр бий болов уу. Зам засаж дуусах хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зохион байгуулалтыг Авто тээврийн үндэсний төв болон Зам, тээврийн хөгжлийн төвийнхөн Тээврийн цагдаагийн албатай хамтран хариуцах гэнэ. Өвлийн улиралд халтиргаа, гулгаатай “халгаатай” замаар иргэдээ төр, засаг зорч гэлээ. Авто замын дийлэх хэсэгт асфальт бетон хучилтгүй байгаа тул хурд хэтрүүлэхгүй, шороон далангаар зорчих үед үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй учир автомашин хооронд аюулгүйн зайг баримтлахыг “хичээнгүйлэн” захихаа ч албаныхан мартсангүй.