Сайн санаж байна. Нийслэлчүүд өнгөрсөн жилийн өдийд “Музейгээ аваръя” хэмээх уриалгад нэгдэж, залуус хөдөлгөөн өрнүүлэн, төв талбайд жагсаал, суулт зарлахдаа тулж, олон нийтийн сүлжээгээр давлагаа үүсгэснийг. Зарим хүн энэ асуудлаар хууль, хяналтын байгууллагад хүртэл хандсан. Гэвч Засгийн тогтоол, шийдвэр иргэдийн эсэргүүцэл, тэмцлийг эрслэн зогссоноор Монгол Улсын их түүхийн гэрч, нийслэл Улаанбаатарын амин сүнс, хотын чимэг болсон Байгалийн түүхийн музейн барилгыг газартай нь тэгшилсэн билээ. Үүнээс хойш илүү ч үгүй, дутуу ч үгүй яг нэг жил боллоо. Нийслэлчүүд хотынхоо голомтод байрлаж асан музейгээ мартав. “Цаашид ашиглах боломжгүй учраас нурааж, шинийг байгуулахаас аргагүй” гэж учирлаж, иргэдийнхээ эсрэг ажилласан Монголын төр музейн шинэ барилга барихаар төлөвлөсөн газар (Их тэнгэрийн ам)-таа ганц тоосго ч аваачсангүй.
Харин музейн утга учир, зориулалтын барилгатай байхын шалтгаан болсон үнэт олдвор, цуглуулгууд энэ зуурт хөсөр хаягдаж, гэмтэх, сүйдэх аюулд ойртжээ. Үүн шиг бараан, харамсалтай мэдээ бий сэн бил үү.
95 жилийн түүхэн ойгоороо байраа “булаалгасан” тус музей Монгол орны газар зүй, геологи, ашигт малтмал, ургамал, амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 12 000 гаруй үзмэртэй. Олдворын төрөл зүйлээс хамаараад газар зүйн, амьдралын үүслийн, сансар судлалын, геологи, ашигт малтмалын, шувууны, ургамлын, хорхой шавжийн, говийн бүсийн амьтны, тэмээний, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын гэсэн үзэсгэлэнгийн тусгай танхимтай байв. Харин 2013 онд музейн барилгыг нурааж, суурин дээр нь шинийг барих шийдвэр гаргаснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа доголдсон. Өөх ч биш, булчирхай ч биш байдалтай зургаан жилийг үдсэн юм. Харин өнгөрсөн жил нураахдаа шинэ музейг хуучин газарт нь бус, Их тэнгэрийн аманд байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Ингээд байр савгүй болсон ажилтнууд болон үнэт олдвор, цуглуулгыг түр байлгах нэрийдлээр өөр “айл”-ын газар дээрэмдэв. Тэр нь хуучнаар Лениний, хүмүүсийн нэрлэж заншсанаар Үлэг гүрвэлийн төв музей. 2019 оны зун Засгийн газрын тогтоолоор татан буугдсан тус музейн байранд Байгалийн түүхийн музейнхэн өдгөө төвхнөжээ. Энэ талаар мэдээлэлгүй иргэд гаднах хаягийг нь хараад, “Энэ музейг нураачихсан биз дээ. Аль нь юм бэ” хэмээн гайхаж, төөрөлдөж явна гэнэ билээ.
Байгалийн түүхийн дурсгалт зүйлс, олдворууд нь олон зуу, мянган жилийн өмнөх цаг үед холбогддог учир сэргээн засахад хүндрэлтэй, хэлбэр, төрхийг нь тэр хэвээр нь хадгалж, өвлүүлэхэд ярвигтай, байнгын арчилгаа тордлогоо, анхаарал шаарддагийг судлаачид онцолдог. “Үзвэл үнс, харвал хальс болчихож мэдэхээр зүйл музейд олон” хэмээн ярьдаг нь ч учиртай. Тиймээс тухайн үзмэрийн төрөл зүйлээс хамаараад хадгалах, хамгаалах орчин, олон нийтэд дэлгэн үзүүлэх танхимыг хүртэл тодорхой стандартын дагуу байгуулдаг. Хууль, журам ч бий. Энэ үүднээсээ Үлэг гүрвэлийн музей бол зөвхөн палеонтологийн дурсгал хадгалах, хамгаалах, агуулах зориулалттай орчин. Гэтэл одоо үүнийг Байгалийн түүхийн музейнхэнд зориулалт бусаар ашиглуулж буй нь соёлын өв, түүхэн дурсгалд харшилсан, халгаатай үйлдэл гэдгийг мэргэжлийн судлаачид онцолж байна.
Харин Байгалийн түүхийн музей болон Соёлын яамныхан эсрэг зүйл ярьж сууна. Эл музейн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга Т.Дашбат “Татан буугдсан музейн барилга, үзмэрүүдийг манай байгууллагад шилжүүлсэн. Бид 325 ам метр талбайд 500-гаад үзмэр дэлгэж байршуулан, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Олон нийтэд танилцуулж буй нь музейн нийт үзмэрийн өчүүхэн хэсэг нь” гэв. Түүхэн олдвор, дурсгалт зүйлсийг хэрхэн хадгалж, хамгаалан, ямар стандарт баримталдгийг түүнээс лавлахад “Үзмэр дэлгэх зай талбай хангалттай бий. Гэхдээ стандарт, журмаа дагана гэвэл маш их зүйл хийх шаардлагатай. Байшин дотор байшин барих болчихоод байна. Тиймээс ихэнх үзмэрээ стандартын дагуу хадгалж буй” гэсэн юм. Харин Соёлын яамныхантай хоёр өдөр муур, хулгана болсны эцэст “Нийт үзмэрийн 30 гаруй хувийг дөрвөн танхимд дэлгэсэн. Үлдсэнийг нь музейн 60 гаруй ажилтан стандартын дагуу, найдвартай хадгалж, хамгаалж байгаа” гэсэн хариулт сонслоо.
Музейн үзмэрийг хадгалах, хамгаалахтай холбоотой эрх зүйн баримт бичиг манай улсад хангалттай бий. Соёлын тухай хууль, Музейн үзмэрийг хадгалж, хамгаалах заавар, Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS 5634:2006 стандартад энэ төрлийн байгууламж хийгээд түүний дотор агуулагдах дурсгалт зүйлсийг ямар орчинд хадгалж, дэлгэж болохыг маш тодорхой тусгажээ. Дотоод орчны буюу өрөөний чийг, дулаан, агаарын бохирдол, тоос шороо, гэрэлтүүлэг, цонх хүртэл музейн үзмэр гэмтэх, сүйдэх шалтгаан болдог. Жишээлэхэд, манай музейнхэн хувцас хэрэглэл, амьтны хатаамал, цуглуулга зэргийг нарны шууд тусгалтай газар удаан хугацаанд байршуулснаас болж цөөнгүй үзмэр гэмтэж, гандаж, хэлбэр, төрхөө өөрчилснийг Соёлын өвийн үндэсний төвийнхний хийсэн нэгэн судалгаанд онцолжээ. Соёл, шинжлэх ухааны, тэр дундаа байгалийн түүхийн дурсгалт зүйлсийг ийм л нарийн дэг, стандартын дагуу хадгалах, хамгаалах учиртай аж. Гэтэл манай төр, засаг сан хөмрөгийг нь хаашаа шилжүүлэхээ шийдээгүй атлаа музейн барилгаа нураадаг, нэгийнх нь байрыг булааж, нөгөөд нь шилжүүлдэг, түр байлгах нэрийдлээр ийш тийш нүүлгэж “нааддаг” жишиг тогтоов. Музейн үзмэрийг хадгалах, хамгаалах, аюулгүй байлгах гэдэг нь байгууламжийн зай талбайгаар, ажилтнуудын тоогоор хэмжигддэг зүйл биш билээ.
Байгалийн түүхийн музейн цомхон хувилбар ШУА-ийн Биологийн хүрээлэнд бий гэж хэлж болно. Амьтан, ургамлын аймгийн мянга мянган үзмэр тэнд хадгалагддаг. Тэдгээр нь ямар онцлогтой, хадгалж, хамгаалах орчныг хэрхэн бүрдүүлэх ёстойг тус хүрээлэнгийн доктор Ч.Гантигмаагаас лавлалаа. Тэрбээр “Унгар, Герман, Америк зэрэг хэд хэдэн орны Байгалийн түүхийн музейд зочилж байлаа. Тэд үзмэрээ манайх шиг ил тавьдаггүй. Хүн хүрэх нь байтугай хорхой шавж нэвтрэх боломжгүй, агаарын хэмийн хэлбэлзэлгүй вакуум орчинд хадгалдаг. Хүмүүс нь шилэн хорго шиг тусгаарласан зүйлийн цаанаас үздэг. Америкийн музей үзмэрийн танхимаа ил, олдвор, эд өлгийн зүйлсээ хадгалдаг сан хөмрөгөө 20 метрийн гүнд байгуулсан. Дэлхийн орнууд шинэ, дэвшилт технологийг музейн үйл ажиллагаанд ийнхүү нэвтрүүлж байхад Монголынх зориулалтын байр савгүй нь харамсалтай. Музейн стандартыг чанд мөрдөх ёстой. Тэгж байж үзмэрүүдээ он удаан жил хадгална. Гэтэл манай улсад хууль, стандартыг бараг л хэрэгжүүлдэггүй” гэсэн юм. Байгалийн түүхийн музейд ажилладаг мэргэжилтнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг гэнэ лээ. Гэхдээ олонх нь хоолноосоо салах вий хэмээн болгоомжлохдоо энэ талаар ил ярьдаггүй аж.
“Урбан иргэдийн оролцоо” төрийн бус байгууллагын зохицуулагч Э.Одбаяр “Тус музейн 12 000 үзмэрийн талаас илүү буюу 60-70 хувь нь “шороо болох” магадлалтай. Тодруулбал, амьтан, ургамлын шилэн хорготой хатаамал, цуглуулгуудын дийлэнх нь зөөвөрлөх явцад доргиж, шороо тоосоор бохирдож, сүйдэх эрсдэлтэй гэж үнэлсэн. Шинэ байр байгууллаа ч зөөх, тээвэрлэх явцад ийм эрсдэл үүснэ. Тиймээс сан хөмрөгөө баяжуулах шаардлагатай гэдгийг эл музейд олон жил ажилласан, Үлэг гүрвэлийн музейн захирал асан Н.Жавзмаа хэлсэн. Тус музейд одоо ажиллаж буй, Орос зэрэг оронд сурч, мэргэшсэн хүмүүс ч ингэж ярьж байна. Тэд бидэнтэй хамтран ажиллаж, мэдээллээр хангадаг ч нэрийг нь нууцлахыг хүссэн” гэж өгүүлэв.
Байгалийн түүхийн музейн үнэт үзмэр, цуглуулгуудын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Зориулалтын, тусгай орчин даруй бүрдүүлэх шаардлага тулгарч буй ч шинэ барилгын ажил нь урагшлах шинж огт алга. БСШУСЯ (хуучнаар)-ныхан барилгын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг хоёронтоо зарласан ч шалгуурт нь нийцэх компани тодроогүй юм гэсэн. Соёлын яамныхан “Барилгын зураг, төсөл боловсруулан, Худалдан авах ажиллагааны газарт хүсэлт гарган, тендер зарласан” гэж мэдээлсэн ч АСЕМ-ын үеэр үйлчилгээний зориулалт (баар, ресторан)-аар тухайн хэсэгт зөвшөөрөл авч, барилгын араг яс босгосон компанийн зүгээс газрын маргаан үүсгээд буй гэх мэдээллийг өөр эх сурвалж өглөө. Байгалийн түүхийн музейнхэн ийнхүү “бадарчилж” явсаар үнэт үзмэрүүдээ сүйдэлж, барах вий гэсэн халаглал эрхгүй төрөв.