ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт нийт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр халдвар авсан тохиолдлын талаар тодруулж хэлбэл, 10-р сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээ, 10-р сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрсэн юм.
Сүүлийн өдрүүдэд ачаа тээврийн жолооч нараас халдвар олноор илэрч байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч иргэн эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн байна.
Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан нийт тохиолдол 352 боллоо. Үүнээс 314 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 38 хүний биеийн байдлыг үнэлбэл, 30 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 68 хүн эмчилгээ, ажиглалтад байна" гэв.