Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт “гацлаа” гэх улигт яриа хөврөх болов. Алт, зэсийн “Оюутолгой”, нүүрсний “Тавантолгой”, Дорнод дахь “Алтан Цагаан овоо”, Баянхонгорын “Хөндий”, Дорноговийн ураны “Зөөвч-Овоо”-г эс тооцвол Монголын уул уурхайд шинээр хөрөнгө оруулалт татаж буй төсөл алга. Хөрөнгө оруулагчид уул уурхайн салбар луу хэзээ их хэмжээний мөнгө урсгадаг вэ. Шинэ ордууд нээгдсэн тохиолдолд хөрөнгө оруулагчдын “гижиг хүрдэг”. Ашигт малтмалын арвин нөөцтэй орд нээгдвэл тэдний “инээд”-ийг улам хүргэнэ. Өөрөөр хэлбэл, шинэ орд нээгдэх нь хөрөнгө оруулагчдын мөнгийг соронзоддог юм.
Канадын “Айвенхоу майнз” компани Оюутолгойн ордыг 2001 онд нээснээс хойш Монгол Улс “моод”-нд орсон. Толгойтой бүхэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авч, түүнийгээ гадаадын хөрөнгө оруулагчдад дамлан зарж байсан үе Монголд бий. Ийм явдал 2008-2011 онд улам гаарсныг түүхийн хуудас гэрчлэн үлджээ. Гадаадын хөрөнгө оруулагчид ашигт малтмалын хайгуулын салбарт эрчимтэй хөрөнгө оруулж байсан үед дээр дурдсан “Алтан Цагаан овоо”, “Хөндий” зэргээс гадна алт, зэсийн Хармагтай, хагас коксжих нүүрсний Цагаан овоогийн зэрэг томоохон ордыг нээж, нөөцийг нь тогтоосон юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 онд хайгуулын лиценз олгохыг түр хугацаагаар зогсоосон. Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс лиценз олгохыг тойрсон авлигын сүлжээ, хууль бус үйлдлийг таслан зогсоохоор ийм арга хэмжээ авсан гэдэг. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах эл шийдвэр хөрөнгө оруулагчдыг Монголоос нүүр буруулахад хүргэсэн ч байж мэдэх юм. Засгийн газар өнгөрсөн хугацаанд ашигт малтмалын хайгуулын салбарыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт татах зохистой агаад оновчтой зохицуулалт хийж чадаагүй нь ч үүнд нөлөөлсөн нь дамжиггүй.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2015 оноос цахимаар түрүүлж дугаар авсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснийг бид мэднэ. Үүнийг 2017 онд илүү боловсронгуй болгон, цахимаар түрүүлж дугаар авсан ч салбартаа ажилласан туршлагатай, санхүүгийн чадамжтай компанид лиценз олгохоор өөрчилсөн. Авлига өгч, түрүүлж цахим дугаар авах явдал гарснаар өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдлийг зогсоосон билээ. Улмаар 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тушаал гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох болсон. Өөрөөр хэлбэл, илүү мөнгөн төлбөр төлснийг нь харгалзаж, лиценз олгодог болсон гэсэн үг.
Ашигт малтмал, газрын тосны газраас лиценз олгож эхэлснээс хойш буюу 2015 оноос 45 удаа оноосон 357 талбайд сонгон шалгаруулалт хийжээ. Ингэхэд хөрөнгө оруулагчид 171 талбайд нь л хайгуул хийхээр лиценз авсан байна. Бусдыг нь аж ахуйн нэгжүүд сонирхоогүй хэрэг. Тэгэхээр сүүлийн таван жилд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ердөө дээрх хэмжээгээр нэмэгджээ. Эдгээр лицензийг олгосноор улсын төсөвт 57.7 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрүүлснийг тус газрынхан дуулгав.
Тэгвэл хайгуулын лицензийн тоо сүүлийн таван жилд хэрхэн буурсныг харьцуулъя. Дээрх газрын статистикаас харахад 2016 оны эцэст ашигт малтмалын нийт 3580 тусгай зөвшөөрөл олгосон байв. Үүний 1558 нь ашиглалтын, 2022 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байжээ. Тус газар энэ оны эхний есөн сард ашигт малтмалын 2645 лиценз олгоод байна. Үүний 1689 нь ашигт малтмал ашиглалтынх, 956 нь хайгуулынх аж. Сүүлийн таван жилийн хугацаанд ашиглалтын лиценз 131-ээр нэмэгджээ. Харин хайгуулынх 1066-гаар буурсан байв.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо яагаад ийн буурсан бэ. Дийлэнх лицензийн хугацаа нь дууссантай холбоотойгоор цөөрч байгааг албаныхан тайлбарладаг. Хайгуулын лицензийг 12 жилийн хугацаатай олгодог. Тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрынхан 2006-2010 онд олон лиценз олгосон түүхтэй. Тэдгээрийн хугацаа 2018 оноос дуусаж эхэлсэн нь хайгуулын лицензийн тоо огцом цөөрөхөд нөлөөлж байгаа юм санж. Төр, засаг аж ахуйн нэгжүүдийн одоо эзэмшиж буй хайгуулын лицензийн хугацааг дахин сунгах эрх зүйн орчин бүрдүүлээгүй. Тиймээс аж ахуйн нэгжүүд хугацаа нь дуусангуут эзэмшиж буй лицензээ буцааж өгөхөөс өөр арга алга. Уул уурхайн шинжээчид “2022 оны эцэс гэхэд 2010 оноос өмнө олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа дуусна. Тэгэхээр 2022 онд Монгол Улс 300 орчим хайгуулын лицензтэй үлдэнэ” гэсэн тооцоолол хийжээ. Ингэвэл Монгол Улсын ашигт малтмалын хайгуулын салбар үндсэндээ царцана гэсэн үг.
Геологи, хайгуулын салбарын хөгжил уул уурхайнхаасаа 20 жилээр түрүүлж явах учиртай гэж ярьдаг. Тэгвэл манай хайгуулын салбар уул уурхайн хөгжлөөсөө хэдэн жилээр хоцрох гээд байна вэ. Хайгуулын лиценз олон, хөрөнгө оруулалт их байх тусам шинэ орд нээх магадлал өсөх нь гарцаагүй. Лицензийн тоо цөөрч буй нь ирээдүйд шинэ орд нээх магадлалыг хумих нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, нийт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг ч хумина.
“Гацсан” хайгуулаа хэрхэн сэргээж, уул уурхайн хөгжлөө дэмжих вэ. Энэ асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй” гэж хариулсан. Тийм ээ, бодлогын шинэчлэл хийх хэрэгтэй. Гэхдээ зохистой хийгээд оновчтой зохицуулалтын шинэчлэл хийхгүй бол гацаанаас гарахгүй. О.Батнайрамдал “Хайгуулын нэг лиценз олгоход 35 хоногийн хугацаа зарцуулж байна. Үүнийг багасгах шаардлагатай” гэв. Үнэн хэрэгтээ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын нэг лиценз олгоход 50 хоног зарцуулдаг. Сонгон шалгаруулалт зарлах хугацаа нь гэхэд 30 хоног байдаг аж. Цаашлаад материал хүлээж авах, үнэлэх, шалгаруулах, төлбөр тооцоог нь хүлээж авах, лиценз олгох гэх мэт бичиг цаасны ажилд 20 орчим хоног зарцуулдаг байна.
Ашигт малтмал, газрын тосны газрынхан сонгон шалгаруулалт зарлах хугацаагаа 15 хоног болгож богиносгох санал гаргажээ. Мөн үнэлэх, лиценз олгох хугацаагаа богиносгох зохицуулалт хийх бодолтой аж. Тэдний саналыг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд тусгасны дараа ажил хэрэг болно. Ингэвэл хайгуулын нэг тусгай зөвшөөрлийг 30 хоногт багтаан олгох боломж бий гэнэ. Үүнээс гадна нэг удаа 10 талбайд сонгон шалгаруулалт явуулах төсөөлөл гаргажээ. Энэ маягаар улиралд зургаан удаа сонгон шалгаруулалт явуулах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, улиралд 60 талбайд сонгон шалгаруулалт хийнэ гэсэн үг. Сонгон шалгаруулалт зарласан талбайн 50 хувьд нь аж ахуйн нэгжүүд лиценз авна гэж тооцвол улиралд 30-аар нэмэгдэнэ. Улиралд 30 юм бол жилд 120 талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тэд үзжээ. Сүүлийн жилүүдэд сонгон шалгаруулалт зарласан талбайн 50 хувьд л тусгай зөвшөөрөл олгож чадаж буйг үндэслэн тэд ийн төсөөлсөн байна.
Сонгон шалгаруулалт зарласан талбайнуудын талыг нь л хайгуулын салбарт хөрөнгө оруулагчид сонирхож байгаа нь ямар учиртай вэ. Ашигт малтмалын нөөц илрэх магадлал маш багатай талбайг хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа аж. Мөн нөөц илэрлээ гэхэд эдийн засгийн үр ашиггүй нь тодорхой харагдаж буй бол ойшоохгүй байгаа гэнэ. Үүнээс гадна тухайн орон нутгийн иргэдийн уул уурхайд хандах хандлагаас их зүйл шалтгаалдаг юм байна. Жишээ нь, Хөвсгөл аймгийн газар нутагт зарласан сонгон шалгаруулалтын талбайд лиценз авахаас хөрөнгө оруулагчид татгалздаг аж.
Лиценз олгох хугацааг богиносгохын зэрэгцээ “юмтай” газарт сонгон шалгаруулалт зарлах, тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан талбайнуудыг дахин “эргэлт”-д оруулах гэх мэт зохицуулалт хийх шаардлагатай нь харагдаж байна. Засгийн газраас 8.4 сая га газар нутагт хайгуулын лиценз олгохыг зөвшөөрсөн. Үүн дээр лицензийн хугацаа нь дууссан талбайг нэмж батлуулах хэрэгтэй бололтой. Засгийн газар сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт оруулна гээд өнгөрсөн оны наймдугаар сараас хойш лиценз олгохыг бүтэн жил зогсоосон. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжүүд хэт өндөр үнийн дүн санал болгочихоод лицензээ авахгүй “зугтаж”, ажил удах тохиолдох байнга гарах болсныг зохицуулах гэж жил “хэвтсэн” гэдэг. Эцэст нь өрсөлдөгчийнхөө үнийн дүнгийн 50 хувиас илүү мөнгө санал болгосон хуулийн этгээдэд лиценз олгох нь бүү хэл “хар жагсаалт”-д оруулна гэсэн нэмэлт, өөрчлөлт хийсэн юм. Журмын ганц цоорхойг нөхөх гэж бүтэн жил “гацаж” байгаа учраас хайгуулын салбарын хөгжил ухарсаар л байна. Одоо яарах хэрэгтэй.